Дэлхий нийтээр..
НББХ: Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн заримыг дэмжлээ
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд Үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчдийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гишүүдийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөхөөр заасан. Нэр дэвшигчийн сонсголыг Нийгмийн бодлогын байнгын хороо Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай, Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу гуравдугаар сарын 15-ны хуралдаанаараа товлож, энэ сарын 10-нд зохион байгуулсан юм.
Нэр дэвшигчийн сонсгол явуулсан талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан, Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Б.Алтанхуяг нарыг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ш.Зоригоо, Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Гэрэлмаа нарыг, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөлийн гишүүн Н.Одонгуаг тус тус нэр дэвшүүлснийг сонсголоор хэлэлцэхэд оролцогчид тэдний хөтөлбөр, зорилтын талаар асууж, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой, үр ашигтай, эрсдэлгүй зарцуулах, сангийн техникийн хороог байгуулж ажиллуулах, иргэдийн эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн дарамтыг хуваалцах бодлогын зохицуулалт, хэрэгжилтийг хангах зэрэг олон асуудлаар санал илэрхийлсэн юм.
Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийн талаар мэргэжлийн, хараат бус шинжээч, доктор Л.Мөнх-Эрдэнэ ажлын хангалттай туршлагатай, тус тусын давуу тал, онцлог чанартай, мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүйн шаардлага хангасан, ашиг сонирхлын зөрчилгүй хэмээн дүгнэсэн бол тэднийг албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлал тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг АТГ-аас хувийн ашиг сонирхлын урдчилсан мэдүүлгүүдэд нь үндэслэн хийжээ. Харин Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ш.Зоригоог УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ж.Чинбүрэн, сонсголд оролцсон иргэн н.Батбаяр нар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Нэр дэвшигчийн сонсгол явуулсан тухай танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Б.Саранчимэг, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Д.Батлут нар асуулт асууж, үг хэллээ. Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж буй гүйцэтгэлээр санхүүжүүлэх тогтолцооны дутагдалтай талыг засах, хэрэгжилтийн явцад гарч буй алдаа эндлийг залруулах, даатгалын сангийн тэнцлийг хангах, хяналтыг чангатгах, хуулийн хэрэгжилтийг сайжруулах зэрэг асуудлыг УИХ-ын гишүүд хөндөв. Мөн Үндэсний зөвлөл болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагааг сайжруулах, нийтээр дагаж мөрдүүлж буй журам, дүрмийг иргэд, олон нийтэд ойлгуулах гэх зэрэг асуудлаар нэр дэвшигчид тус тусын байр суурийг илэрхийлж, холбогдох журам, зохицуулалтыг сайжруулах, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлж, санхүүжилтийг оновчтой төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэх талаар гарц, шийдлүүдээ хэлсэн юм.
Энэ сарын сүүлээр Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тайланг хэлэлцэнэ гэж тус Байнгын хорооны дарга П.Анужин танилцуулаад зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалаа. Хуралдаанд оролцон гишүүдийн олонх нь нэр дэвшигч С.Эрдэнэбат, Б.Алтанхуяг, Ж.Гэрэлмаа, Н.Одонгуа нарыг дэмжиж, Т.Баясгалан, Ш.Зоригоо нарыг дэмжсэнгүй. Үндэсний зөвлөлд шинээр томилох гишүүдийг дэмжсэнээр одоо ажиллаж буй гишүүдээс Ц.Цолмонгэрэл, Х.Амгаланбаатар, Д.Чимэддагва, Ц.Ганхүү нарыг чөлөөлөгдсөнд тооцож буй юм.
Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулсан тухай Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2024/04/15
"Булевиртид" эмийг НӨАТ болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай х...
-
Дэлхий нийтээр..2023/11/10
“Ханжоу-2022” Азийн пара наадмаас медаль хүртсэн тамирчин, дасгалжуу...
-
Үйл явдал2021/02/22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн
-
Дэлхий нийтээр..2022/03/07
Гэрээний үүргээ биелүүлээгүй зам засварын зарим компанид хариуцлага тооцлоо
