Дэлхий нийтээр..
Хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хяналтын сонсголоор хэлэлцэв
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2023 оны долоодугаар сарын 05-ны өдөр Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан хүүхдийн хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулав. Хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа удирдан явууллаа.
Хяналтын сонсголд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, тус яамны Гэр бүлийн бодлого хэрэгжүүлэх зохицуулах газрын дарга Баярмаа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, ахлах мэргэжилтэн Г.Амаржаргал, тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Э.Энх-Эрдэнэ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг, Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн бодлого зохицуулалтын хариуцсан мэргэжилтэн Ж.Азжаргал, Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Н.Нарангэрэл, Ерөнхий боловсролын бодлогын удирдлагын зохицуулалтын газрын дарга Б.Гантулга, Цахим хүчинд харилцаа холбооны яамны Хуулийн хэлтсийн дарга С.Нямдорж, мэргэжилтэн Э.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын Хүүхэд, өсвөр үеийн тусламж үйлчилгээ хариуцсан ахлах шинжээч Ө.Энхмаа, Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Хунан, Судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Золжаргал зэрэг албаны хүмүүс, НҮБ-ын Хүүхдийн сангийн хүүхэд хамгааллын мэргэжилтэн С.Болорцэцэг, хүүхдийн эрхийн судлаач С.Энхтуяа, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын “Хүүхэд хамгаалал, оролцоо” хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Даваасүрэн, “Монголын сургуулийн нийгмийн ажилтны холбоо” ТББ-ын тэргүүн Б.Мөнхжаргал, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төлөө “Галт шувуу” холбооны тэргүүн Э.Дуламсүрэн, Өсвөр үеийнхний хөгжлийн төвийн тэргүүн Д.Энхтуяа, “Саран ээж” нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Бат-Очир, Монгол Улсын Боловсролын их сургуулийн ахлах багш Х.Өлзийтунгалаг, “Манай гэр” асрах төвийн тэргүүн Н.Гаамаа, Анар зуслангийн Ариунбат, Болорцэцэг, Арсланбат зэрэг олон улсын болон иргэний нийгмийн төлөөлөл, хувь хүмүүс оролцлоо.
Хяналтын сонсголын эхэнд Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Хунан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр нар мэдээлэл хийсэн юм.
Хүний эрхийн Үндэсний комисс жил бүр гаргадаг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-дээ хүүхдийн эрхийн талаарх санал, зөвлөмж тусгаж ирсэн байна. Энэ онд Улсын Их Хуралд хүргүүлсэн 22 дахь илтгэлд, стандарт хангахгүй ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг шинэчлэх, гадна болон дотор орчны аюулгүй байдал, хоол хүнс, цэвэр усны хэрэглээнд эцэг, эхийн оролцоотой хөндлөнгийн хяналт тавих, шаардлагатай санхүүжилтийг орон нутгийн төсөвт тусгах, дотуур байрын багшийг ерөнхий боловсролын сургуулийн багштай дүйцүүлэх, туслах, эмч, сэтгэл зүйч, тогооч, жижүүр, үйлчилгээний ажилтны орон тоог баталж, цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэднийг тусгайлан чадавхжуулах, орон нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг сайжруулах зэрэг санал, зөвлөмж өгсөн байна. Мөн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны төсвийг шийдвэрлэх, холбогдох төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлэх, хорих ялыг хойшлуулсан хүүхдийн боловсрол эзэмших эрхийг хангах, хяналт тавих горимыг тодорхой болгох, гэрч, хохирогч хүүхдийн ар гэртэй ажиллах асуудлаар санал, зөвлөмж өгчээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хүний эрхийн Үндэсний комисс хүүхдийн хамгаалуулах эрхийн хүрээнд хамтарсан багийн үйл ажиллагаа, нэг цэгийн үйлчилгээ, хамгаалах байр, хүүхдийн эрхийн Хууль зүйн хороо, ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, дүгнэлтийг Улсын Их Хуралд өргөн барьсан байна. Тус комисс хяналт шалгалтынхаа дүнд хүүхэд орхигдсон, хамгаалуулах эрх нь зөрчигдсөн, хүүхэд хамгаалах тогтолцоо ажиллахгүй, үр дүнгүй, яаралтай өөрчлөх шаардлагатай байна гэсэн дүгнэлт хийжээ.
Дараа нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг мэдээлэл хийв. Түүний мэдээлснээр, 2022 онд гэмт хэргийн улмаас 2014 хүүхэд хохирч, 1258 гэмт хэрэгт хүүхэд оролцож, 1540 хүүхэд гэмт хэрэгт холбогдон, 92 хүүхэд гэмт хэргийн улмаас амь насаа алдсан байна. Мөн 205 хүүхэд бэлгийн, 117 хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болжээ. Хүүхдийн эрхийн Хууль зүйн хороогоор 1491 хүүхэд үйлчилгээ авсан байна.
2021-2022 онд хүүхэд хамгааллын үйлчилгээний журам, норматив зардал, санхүүжүүлэх аргачлалыг батлуулж, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагын магадлан итгэмжлэх журмыг шинэчилсэн байна. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны журам, Хүүхэд асрах хувь хувилбарт үйлчилгээ үзүүлэх журмыг шинэчилж, холбогдох хуулиудыг дагалдаж гарсан 50 орчим дүрэм, журам, найман стандартын хэрэгжилтийг хангаж байгаа талаар тэрбээр танилцуулав.
Хүүхэд хамгааллыг Шуурхай тусламжийн, Хамгаалах, нөхөн сэргээх, Урьдчилан сэргийлэх гэсэн гурван түвшний үйлчилгээгээр явуулж буй юм. Хүүхдийн тусламжийн 108 утсанд 2022 онд нийт 111326 дуудлага ирснээс Зорилтот хүүхэд хамгааллын дуудлага 9294, шийдвэрлэсэн кэйс 6670 бол 2023 оны эхний хагас жилд нийт дуудлага 74923, Зорилтот хүүхэд хамгааллын дуудлага 6894, шийдвэрлэсэн кэйс 3942 байна
Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр мэдээлэлдээ 2023 оны эхний хагас жилд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн 960 гэмт хэрэгт одоо 990 хүүхэд хохирсон талаар дурдлаа. Тэдний 33 нь нас барж, 364 хүүхэд гэмтсэн байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 717 гэмт хэрэг үйлдэгдсэнд зургаан хүүхэд холбогдож, 77 хүүхэд хохирсноос 3 хүүхэд нас барж, 44 нь гэмтжээ. Сураггүй алга болсон гэх 599 хүүхдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжлилж, 585 хүүхдийг олж тогтоон, ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн байна.
Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, цагдаагийн байгууллагын судалгаа, хяналтын санд бүртгэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид тавих хяналтыг сайжруулах зорилгоор хүүхэд хамгаалал ерөнхий арга хэмжээг зохион байгуулж, хүүхдийн нэгдсэн мэдээллийн сангийн бүртгэлд 1572 хүүхдийг бүртгэсэн байна. Улмаар эрсдлийг арилгах хүртэл хяналтыг хэрэгжүүлжээ.
Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгааллын 21 түр байр, 14 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж, энэ оны эхний зургаан сарын байдлаар 960 иргэнд үйлчилсний 148 нь насанд хүрсэн эмэгтэй, 811 нь хүүхэд, нэг нь насанд хүрсэн эрэгтэй байна.
Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран ЕТусламж системээр хяналт шалгалтыг бол зохион байгуулж байгаа бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хүүхдийг бэлгийн аливаа хүчирхийллээс өөрийгөө хамгаалах чадвар эзэмшүүлэх, цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн 1-3 дугаар ангийн сурагчдын сургалтын хөтөлбөрт хүрэхүйн тухай ойлголт, өөрийгөө хамгаалах мэдлэг олгох, 9-12 дугаар ангийн сурагчдад бэлгийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр нэмэлтээр оруулахаар ажиллаж байна. Мөн бага насны хүүхдийг хүчиндэх, хүн худалдаалах, залилах зэрэг гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдүүдийн талаарх хувийн мэдээллийг агуулсан веб хуудас нээж, иргэд, олон нийтэд ил болгох, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, захиргааны хяналт тавих ажилд ашиглаж, ял шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусахад тухайн веб хуудаснаас мэдээлэл устгадаг байх ажлыг зохион байгуулахаар судалж байгаа аж.
АНУ-д сураггүй алга болсон болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүдэд туслах төвийн үйл ажиллагаанд ашиглагддаг Сайпер тип системийг Цагдаагийн ерөнхий газар ашиглаж эхэлжээ. Үүний үр дүнд энэ оны эхний хагаст давхардсан тоогоор нийт 7202 мэдээлэл бүртгэснээс цахим орчинд хүүхдэд садар самууныг сурталчилсан, уруу татсан агууламж бүхий контентыг хадгалсан, түгээсэн, борлуулсан, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нийт 269 мэдээлэлд шалгалтын ажиллагаа явуулж байна.
Хяналтын сонсголд тавьсан Хүний эрхийн Үндэсний комисс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, П.Анужин, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Батлут нар асуулт асууж үг хэлэв. УИХ-ын гишүүд, хүүхэд хамгааллын анхан шатын нэгж болох хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах, үр дүн гаргах, эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдүүдийн судалгааг сайжруулж, боловсролд нь анхаарах, хүхдийн эрхийг хамгаалахын тулд гэр бүлд нь байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлдэг байх, төрийн байгууллагуудыг дахин инженерчлэхэд хүүхэд хамгааллын асуудлыг хамруулах, нийгмийн ажилтан бэлтгэх, ажиллах нөхцлийг сайжруулах, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, хувь иргэний байгуулсан асрамж, халамжийн төвүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, асрамжийн газраас насанд хүрээд гарч байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хүүхэд хамгааллыг өөрсдөө манлайлж, үлгэрлэж ажиллах, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эцэг, эхийг үүрэгжүүлэх, энэ асуудлыг хариуцсан байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зэрэг өргөн хүрээний асуудлыг хөндөв. Мөн Улсын Их Хурал, бусад хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагын ажлыг үр дүнд чиглүүлэх, төсөв санхүү, бүтэц зохион байгуулалтын талаар дорвитой өөрчлөлт хийх, хяналтын сонсголоос бодитой шийдэл гаргах талаар зарчмыг саналууд дэвшүүлсэн юм.
Анар хүүхдийн зуслан ажиллуулдаг, боловсролын байгууллагад 50 гаруй жил ажилласан Арсланбат гуай, хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамж, халамжийн үйлчилгээнд хөрөнгө санхүүгийн хүндрэл, татвар шимтгэлийн дарамт их байгаад ярьсан юм.
Үүний дараа Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Байнгын хорооноос сонсголд оролцохоор бүртгүүлсэн иргэд, төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн зарим асуултыг хяналтын сонсгол даргалагч танилцуулав. Иргэн А.Жавхлантөгс, хууль тогтоогчид шийтгэл гэх үгийг хуульд оруулахдаа ямар утгаар хэрэглэдэг тухай, Монголын Саран ээж нийгэмлэгийн ерөнхий менежер Бат-Очир, хүүхдийн төлөө хөрөнгө хуримтлуулах хөдөлмөрийн баатруудын нэрэмжит сайн дурын санаачилгын тухай, хөдөлмөр амралтын зуслангийн дүрэм журам зааврыг аль яам хариуцах, хүүхдийг шагнаж урамшуулах ямар бодлого чиглэл байгаа тухай, хүүхдийн гэх тодотголтой 100 гаруй барилга байгууламж, зуслан үрэн таран болсныг хэрхэн шийдвэрлэх, Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ойг хэрхэн хийх зэрэг асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авав.
Мөн хяналтын сонсголыг даргалан явуулсан УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Гандантэгчинлэн хийдийн ламхай нар хүчирхийлэл, дарамтанд өртсөн асуудал үүссэн даруйд хүүхийн эрхийн талаар ажилладаг байгууллагууд ямар арга хэмжээ авч, хэрхэн ажилласан, одоо энэ асуудал аль шатандаа яваа талаар асууж тодрууллаа.
Эцэст нь УИХ-ын гишүүн П.Анужин, хяналтын сонсголын үйл ажиллагаа мэдээлэл солилцох байдлаар өрнөж байгааг дүгнээд, манай улс хүний хөгжил, ухамсар, ард иргэдээ соён гэгээрүүлж, төлөв төвшин зан байдлыг нийгэмд төлөвшүүлэх талаар онцгой анхаарах цаг нь болсныг дурдан, Нийгмийн бодлогын байнгын хороо оюун санаа, ухамсрын өөрчлөлтөд суурилсан сайн хуультай нийгмийг бий болгох асуудлыг авч хэлэлцэнэ, энэ талаар идэвхтэй ажиллахыг Засгийн газраас шаардаж ажиллана гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, бид том асуудлыг ирмэгээс мэрэх төдийгөөр өнгөрч байна гээд, тодорхой асуудлуудаар шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.
Хяналтын сонсголыг дүгнэж хэлсэн үгэндээ уг сонсголыг даргалагч УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа хүүхэд хамгаалах асуудлаар хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг онцолж, хяналтын сонсголын тайланг Байнгын хорооны хуралдаанд танилцуулан, санал, дүгнэлт боловсруулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ гэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
АНУ Европын авлигатай тэмцэх байгууллагаас гарлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа олон улсын болон олон талт байгууллагуудаас татгалзах бодлогоо эрчимжүүлж буй энэ үед АНУ-ын Европын зөвлөлийн авлигатай тэмцэх тэргүүлэх байгууллага болох Авлигатай тэмцэх улсуудын бүлэг (GRECO)-ээс гарчээ. АНУ-ын Төрийн департамент уг шийдвэрийг баталгаажуулж, GRECO-ийн гишүүнчлэлийг хадгалахын тулд жил бүр санхүүгийн хувь нэмэр оруулах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь “АНУ-ын үндэсний аюулгүй байдалд бодитой үр өгөөж үзүүлэхгүй” гэж мэдэгджээ.
2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр АНУ тус байгууллагаас гарах тухай шийдвэрийн талаар албан ёсоор мэдэгдсэн байна. Өмнө нь ОХУ, Беларусь улс гарч байсан түүхтэй. АНУ өмнө нь НҮБ-ын олон талт хэд хэдэн байгууллагаас, тухайлбал ДЭМБ болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарсан бөгөөд цаашид ижил төстэй арга хэмжээ авах эсэхийг мөн авч үзэж байна.
GRECO-ийн Европын зөвлөл 1999 онд авлигатай тэмцэх стандартын хэрэгжилтийг хянах зорилгоор байгуулагдсан. Байгууллагын гишүүнчлэл нь Европын холбооны гишүүн орнуудаар хязгаарлагддаггүй бөгөөд АНУ 2000 онд GRECO-д нэгдэж байжээ.
Дэлхий нийтээр..
АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээхийг уриалав
Крипто хөрөнгө холигч үйлчилгээ (crypto mixer буюу Convertible Virtual Currency mixing service) нь криптовалютын гүйлгээний эх үүсвэр, хүлээн авагч болон гүйлгээний дүнг нуун далдлахад ашиглагддаг үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг ransomware буюу барьцаалагч програм ашигладаг кибер гэмт хэргийн бүлэглэлүүд, олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийгчид, авлигад автсан албан тушаалтнууд болон мансууруулах бодисын хууль бус наймаачид өргөнөөр ашиглаж байна.
АНУ-ын хууль тогтоомжийн дагуу харилцагчийн хөрөнгийг хяналтдаа авч үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний алба (FinCEN)-нд бүртгүүлж, харилцагчийн мэдээллийг баталгаажуулах зэрэг үүрэг хүлээдэг. Эдгээр шаардлага нь гүйлгээний эх үүсвэр болон оролцогчдыг нуун далдлах зорилготой крипто хөрөнгө холигч үйлчилгээний үндсэн шинж чанартай шууд зөрчилддөг байна. Үүний улмаас АНУ-д ийм төрлийн үйлчилгээг нууцаар эрхэлсэн этгээдүүдийг мөнгө угаах болон холбооны бусад гэмт хэрэгт буруутган, эрүүгийн хариуцлагад татсаар иржээ.
Хэдийгээр олон улс орон крипто холигч үйлчилгээнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоож байгаа боловч эрх зүйн зохицуулалт нь дэлхий даяар ижил түвшинд байж чадахгүй байна. Үүний улмаас АНУ-ын иргэд гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг холигч үйлчилгээг ашиглан криптовалютын гүйлгээнийхээ эх үүсвэр, чиглэлийг нуун далдлах боломж нээлттэй хэвээр байна.
Байдены засаг захиргааны үед FinCEN-ээс хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг крипто хөрөнгө холигч үйлчилгээг ашигласан байж болзошгүй гүйлгээнд хяналт тавих дүрмийн төсөл боловсруулжээ. Уг төсөлд АНУ-ын санхүүгийн байгууллагууд гадаадын ийм үйлчилгээтэй холбоотой сэжигтэй гүйлгээг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор мэдээлэх үүрэг хүлээхээр тусгасан байв. Гэвч 2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Трампын засаг захиргаа уг дүрмийн төслийг албан ёсоор татан авчээ. Үүний зэрэгцээ 2020 оноос хэлэлцэгдэж ирсэн, хэрэглэгч өөрөө хянадаг крипто хэтэвч (self-hosted wallet)-ээр хийгдэх гүйлгээг тайлагнаж, мэдээлэхтэй холбогдуулан өөр нэг дүрмийн төслийг мөн ийнхүү цуцалсан байна.
Үүнтэй холбогдуулан “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын АНУ дахь салбараас 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр FinCEN-д албан бичиг хүргүүлж, цуцлагдсан хоёр дүрмийн төслийг сэргээх, мөн дижитал хөрөнгийг хууль бус зорилгоор ашиглахтай тэмцэх аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авахыг уриалжээ.
Дэлхий нийтээр..
АВСТРАЛИ: Тэрбумтнуудын хөрөнгө ардчилсан улс төрийн тогтолцоог гажуудуулж байна
Австралид улс төрийн санхүүжилтийн шинэ хуулиар хандив болон сонгуулийн сурталчилгааны зардалд анх удаа дээд хязгаар тогтоохоор боллоо. Хэдий тийм боловч эдгээр хязгаарлалт нь хэт өндөр, журам нь нарийн төвөгтэй байгаагаас гадна хэрэгжих хугацааг хоёр жилээр хойшлуулсан нь томоохон намуудад давуу тал олгох магадлалтай байна.
Австралийн уул уурхайн салбарын тэрбумтан Жина Райнхарт болон түүний хамаарал бүхий этгээдүүд өнгөрсөн жилд “Нэг үндэстэн” (One Nation) намд 3 сая гаруй австрали долларын (ойролцоогоор 7.5 тэрбум гаруй төгрөг) хандив өгсөн гэх мэдээлэл байна. Тэд энэ дэмжлэгээ мөнгөн хэлбэрээр олгохоос гадна хувийн нисэх онгоц бэлэглэх замаар гүйцэтгэсэн гэж мэдээлжээ. Гэвч Австралийн сонгуулийн хуулийн дагуу эдгээр хандивыг 2027 оны 2 дугаар сар хүртэл олон нийтэд албан ёсоор тайлагнах үүрэггүй тул одоогоор мэдээлэл бүрэн ил тод болоогүй байна.
Бизнесмен Клайв Палмер сүүлийн гурван удаагийн холбооны сонгуулийн сурталчилгаандаа 260 сая австрали долларын (ойролцоогоор 655 тэрбум гаруй төгрөг) хөрөнгө зарцуулжээ. Энэ нь Австрали Улс өөрийгөө тэгш боломжийг эрхэмлэдэг орон хэмээн үздэг ч бодит байдал дээр баячуудын мөнгөөр далайлган улс төрийн үйл явцад үлэмж хэмжээний нөлөө үзүүлэх боломжтойг харуулж байна.
Гэвч тэрбумтнуудын хувийн санхүүжилтээс өмнө ч Австралийн улс төрд мөнгөний нөлөө хэт өндөр байсаар иржээ. Эрх барьж байсан Хөдөлмөрийн нам болон Либерал нам бизнесийн форум, сүлжээ нэрийн дор арга хэмжээ зохион байгуулж, гишүүнчлэлийн төлбөрт 100,000 австрали доллар (252 сая гаруй төгрөг) авдаг байна. Ингэснээр бизнесийн төлөөлөгчид засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай тогтмол уулзаж, лобби хийх боломж бүрддэг. Австралийн Сонгуулийн хороо эдгээр төлбөрийг “тодорхой үйлчилгээний хураамж” гэж үзэн, олон нийтэд мэдээлэх ёстой хандивын тайланд тооцоогүй нь шүүмжлэл дагуулсаар ирсэн. Гэтэл иргэдийн дийлэнх нь улстөрчидтэй мөнгө төлж уулзах энэхүү тогтолцоог ардчилсан үйл явцыг гажуудуулж байна гэж үздэг.
Одоогийн холбооны түвшний зохицуулалт олон улсын жишигтэй харьцуулахад сул хэвээр байна. Хандивын мэдээллийг ил тод болгох систем нь 1980-аад оны цаасан бүртгэлд суурилсан хуучирсан загвартай бөгөөд жилд 17,300 австрали доллар (43.6 сая төгрөг)-оос давсан хандивыг л тайлагнадаг журамтай байв. Муж, нутаг дэвсгэрийн ихэнх зохицуулалтаас ялгаатай нь холбооны түвшинд хандивын дээд хязгаар байхгүйн дээр гадаадын эх үүсвэрээс хандив авахыг хориглосон заалт саяхнаас хэрэгжиж эхэлсэн байна. Мөн холбооны сонгуулийн сурталчилгаанд зарцуулах хөрөнгийн дээд хязгаар байгаагүй юм.
Австралийн тэрбумтан Жина Райнхарт, Клайв Палмер болон улс төрийн намуудын бизнесийн сүлжээнүүд хуулийн цоорхойг ашиглан сонгуулийн санхүүжилтийг хууль ёсны хүрээнд босгосоор иржээ. Холбооны түвшний улс төрийн намууд улсаас санхүүжилт авдаг байсан ч энэхүү мөнгө нь хувийн хандив, зардлыг хязгаарлах хэрэгсэл болохын оронд намуудын орлогыг улам нэмэгдүүлдэг нэмэлт эх үүсвэр төдий байв. Харин энэ зохицуулалт ирэх жилүүдээс өөрчлөгдөхөөр байна. Шинэ хуулиар холбооны сонгуульд нэр дэвшигч улс төрийн намууд болон лобби бүлгүүдийн сонгуулийн сурталчилгааны зардалд дээд хязгаар тогтоож, хандивын хэмжээг хязгаарлахаар тусгажээ. Түүнчлэн хандивын мэдээллийг ил тод тайлагнах, босго дүнг бууруулж, бодит цаг хугацаанд мэдээлдэг болох зохицуулалт хэрэгжинэ.
Ойролцоогоор 250 хуудас бүхий шинэ зохицуулалтыг 2024 онд өрнөсөн урт хугацааны хэлэлцээний үр дүнд боловсруулж, 2025 оны эхээр эвслийн намуудын дэмжлэгтэйгээр баталжээ. Сонгуулийн тогтолцооны энэхүү шинэчлэлийг хоёр том нам хамтран дэмжсэн нь хандивын хязгаарлалт болон ил тод байдлын зарчмыг цаашид тууштай мөрдөхөд чухал ач холбогдолтой алхам болсныг нийтлэлд онцолсон байна.
Гэсэн хэдий ч шинэ зохицуулалт төгс биш юм. Ногоон нам шинэчлэлийн үндсэн үзэл баримтлалыг дэмжиж байгаа ч хандивын хязгаарыг хэт өндөр тогтоосныг шүүмжилжээ. Шинэ хуулиар нэг улс төрийн этгээдэд өгөх хандивын дээд хэмжээг 50,000 австрали доллар (125 сая төгрөг) байхаар тусгасан боловч донорууд үндэсний хэмжээний намын салбар нэгжүүд, хэд хэдэн нэр дэвшигч болон тухайн намыг дэмждэг лобби бүлгүүдэд тус тусад нь хандив өгөх боломжтой хэвээр байна. Үүний улмаас нэг донорын жилийн нийт хандивын хэмжээ бодит байдал дээр 1.6 сая австрали долларт (4 тэрбум төгрөг) хүрч болзошгүй байгаа юм.
Үүнээс гадна улс төрийн нэг намын сонгуулийн сурталчилгааны зардлын дээд хязгаарыг 90 сая австрали доллар (225 тэрбум төгрөг) байхаар тогтоосон нь тэрбумтан Клайв Палмерын өмнөх сонгуулиудад хувиараа зарцуулж байсан хөрөнгөтэй дүйцэж байна. Мөн намуудын зорилтот, өрсөлдөөн ширүүн сонгуулийн тойрог тус бүрд явуулах сурталчилгааны зардал 800,000 австрали доллар (2 тэрбум төгрөг) хэтрэхгүй байх хязгаарлалтыг тогтоожээ.
“Teals” хэмээн нэрлэгддэг бие даан нэр дэвшигчид шинэ хязгаарлалтуудыг дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж, уламжлалт намуудад давуу байдал олгож байгааг шүүмжилжээ. Учир нь намын нэр дэвшигчид тухайн намын үндэсний хэмжээний сурталчилгаанаас ашиг хүртдэг бол бие даан нэр дэвшигчдэд ийм боломж хязгаарлагдмал байдаг. Түүнчлэн улс төрийн намууд нэг донороос олон төрлийн сувгаар хандив авах боломжтой байхад бие даасан нэр дэвшигчдэд ийм давуу тал байхгүй. Ийм нөхцөлд шинэ зохицуулалт нь улс төрийн тогтсон намуудыг зохиомлоор хамгаалж, улс төрийн өрсөлдөөнийг хязгаарлах эрсдэлтэй байна.
Лобби бүлгүүдийн сонгуулийн сурталчилгааны зардалд 11.25 сая австрали долларын (ойролцоогоор 28.1 тэрбум төгрөг) дээд хязгаар тогтоохоор болжээ. Гэсэн хэдий ч “Teals” бүлгийг дэмжигч томоохон хандивлагчид шууд бус хэлбэрээр сурталчилгаа явуулах боломжтой хэвээр байна. Мөн ашиг сонирхлын бүлгүүд тодорхой бодлогын асуудлыг дэмжсэн кампанит ажил явуулахдаа улс төрийн нам, нэр дэвшигчийг шууд дэмжих, эсвэл эсэргүүцэхгүй байвал зардлын хязгааргүй үйл ажиллагаа явуулах боломжтой аж.
Зохиогч шинэ хуулийг төгс бус боловч өмнөх зохицуулалтаас дээр гэж үнэлжээ. Улс төрийн намууд санхүүжилтгүй болж, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох нь зохистой үр дүн биш юм. Харин тэрбумтнууд өөрсдөө шууд сонгуулийн кампанит ажилд асар их хөрөнгө зарцуулахаас илүүтэй санхүүжилтийг улс төрийн намын тогтолцоогоор дамжуулах нь авлигын эрсдэлийг бууруулах боломжтой гэж үзсэн байна. Учир нь улс төрийн нам нь урт хугацааны нэр хүнд, олон нийтийн итгэлийг хадгалах сонирхолтой байдаг бол хувь улстөрчийг хувийн ашиг сонирхлын үүднээс нөлөөлөлд оруулах нь харьцангуй хялбар байж болно.
Шинэ зохицуулалтаар компани болон үйлдвэрчний эвлэлээс ирэх их хэмжээний хандивт тулгуурлах боломжийг хязгаарлахын зэрэгцээ төрийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ. Санал тутамд олгох төрийн санхүүжилтийг 5 австрали долларт (12,500 төгрөг) хүргэхээр төлөвлөсөн бөгөөд сонгогчид Төлөөлөгчдийн танхим болон Сенатын сонгуульд тус тус санал өгдөг тул нэг сонгогчид ногдох санхүүжилт нийт 10 австрали доллар (25,000 төгрөг)-тай тэнцэх боломжтой. Мөн холбооны парламентын гишүүдийн тоонд үндсэн улс төрийн намууд болон бие даасан гишүүдэд захиргааны үйл ажиллагааны нэмэлт санхүүжилт олгоно.
Гэвч шинэ хуулийн өөр нэг сул тал нь хэт нарийн төвөгтэй байдал юм. Улс төрийн санхүүжилтийн урсгалыг зохицуулах нь өөрөө төвөгтэй боловч шинэ хууль жижиг болон шинээр байгуулагдсан намуудын хувьд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байж болзошгүй. Эдгээр намууд орон нутгийн түвшинд сайн дурын ажилтнуудад түшиглэдэг бөгөөд бүгд хууль зүйн зөвлөгөө авах санхүүгийн боломжтой биш. Иймээс Сонгуулийн хороо жижиг намуудын санамсаргүй алдаа дутагдлыг шийтгэхээс илүүтэй хангалттай нөөц, мэргэжлийн зөвлөгөөтэй томоохон хандивлагчид болон байгууллагын зохицуулалтыг тойрч гарах үйлдэлд анхаарах шаардлагатай гэж зохиогч үзжээ.
Шинэ хуулийн хэрэгжилтийг хоёр жилээр хойшлуулсан шалтгаан мөн эргэлзээ дагуулж байна. Албан ёсны тайлбараар Сонгуулийн хороо шинэ мэдээллийн системийг бэлтгэх, тайлагналын шинэ журмыг хэрэгжүүлэх, холбогдох байгууллага болон иргэдийг шинэ зохицуулалттай танилцуулахад хугацаа шаардлагатай аж. Гэвч зохиогчийн үзэж байгаагаар өөр шалтгаан байж болзошгүй. Жина Райнхарт “Нэг үндэстэн” намд их хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж, тус намын сонгуулийн дэмжлэг нэмэгдэж буй энэ үед томоохон намууд 2027 оны сүүл, эсвэл 2028 оны эхээр болох холбооны сонгуулийн өмнө хандив, санхүүжилтээ нэмэгдүүлэх хугацаа авахыг зорьсон байж магадгүй гэж таамаглажээ.
Мөн шинэ хуулийг хэрэгжүүлэх явцад урьдчилан тооцоолоогүй үр дагавар гарч болзошгүй. Тухайлбал, Клайв Палмер өөрийн намд өгөх хандив нь хязгаарлагдвал компанийн бүтцийг ашиглан шууд бус хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах магадлалтай. Үйлдвэрчний эвлэл болон бизнесийн бүлгүүд ч Хөдөлмөрийн нам, эвслийн намуудыг дэмжих зорилгоор шууд сурталчилгаа явуулах боломж хайж магадгүй. Түүнчлэн олон нийтийн бие даасан санаачилга мэт харагддаг боловч цаанаа улс төрийн болон бизнесийн ашиг сонирхлоор санхүүждэг бүлгүүд бий болж, хуулийн зохицуулалтыг тойрч гарах эрсдэлтэй байна.
Зохиогчийн дүгнэснээр улс төрийн үйл явц дахь мөнгөний нөлөөг зохицуулах төгс тогтолцоо гэж байхгүй. Шударга байдлын зарчим, улс төрийн тэгш байдал, эрх чөлөө, улс төрийн намуудын үйл ажиллагааг санхүүжүүлэх бодит хэрэгцээг харилцан тэнцвэржүүлэх шаардлагатай. Улс төрийн санхүүжилтийн зохицуулалт нь байнга өөрчлөгдөж байдаг нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэгдэх ёстой тул Австралийн шинэ хуулийг арван жилийн эцэс гэхэд дахин хянах шаардлага гарах нь гарцаагүй гэж үзжээ.
Эх сурвалж: Graeme Orr, “Australia’s Billionaire Problem and the ‘Corruption of the Democratic Process’,” The Diplomat, 2026 оны 10 дугаар сарын 12
