Тод мэдээ
“Парламентын ардчиллын тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг болов

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Парламент бол ард түмний хүсэл зоригийг илэрхийлдэг, ард түмний засаглах эрхийг амьдралд бодитоор хэрэгжүүлдэг байгууллага. Тийм ч учраас 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дараа Улсын Их Хурал стратегийн баримт бичгээ баталж, Улсын Их Хурлын эрхэм зорилго бол ард түмний засаглах эрхийг хангах явдал гэдгийг тодорхойлсон талаар тэмдэглээд энэхүү засаглах эрхийг хангахын тулд гурван D парламент байх зорилтыг дэвшүүлснийг онцолсон. Өөрөөр хэлбэл Democratic буюу ардчилсан, хүний эрх, хууль дээдлэх ёсыг хангасан, ард түмний оролцоотой парламент, Digital буюу орчин үеийн технологийн дэвшлийг ашиглаж ард иргэдийнхээ дуу хоолойг ард иргэдэд хүндрэлгүйгээр сонсдог парламент, Deliberative буюу тэнцвэртэй мэдээллээр иргэдийг хангаж, ухамсартай ардчиллын арга хэлбэрийг хөгжүүлсэн, ард иргэдтэйгээ зөвлөлддөг парламент байх зорилтыг дэвшүүлж, эдгээр зорилтыг хууль тогтоомжууддаа тусган, хэрэгжүүлж буйг дурьдаад, парламентын ардчилалд тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд гурван D парламент байх зорилт дэвшүүлсэн нь тодорхой үр дүнд хүрч буйг тэмдэглэв. Мөн Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэхэд гүн туслалцаа үзүүлж буй Фридрих-Эбертийн сан, Азийн сан зэрэг олон улсын байгууллагуудад талархал илэрхийллээ.
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Фридрих-Эбертийн сан нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй бөгөөд хэлэлцүүлэгт Фридрих-Эбертийн сангийн ерөнхийлөгч Мартин Шульц оролцлоо. Тэрбээр мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ Монголын парламент түүхэн уламжлалдаа суурилсан ард иргэдийн оролцоог хангасан төлөөллийн парламент байх зорилт дэвшүүлэн ажиллаж буйд баяр хүргээд, парламентын ардчилалд тулгарсан асуудлыг шийдвэрлэж байсан өөрийн туршлага, түүхээ хуваалцлаа.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг “Улс төрийн намын төлөвшил, үүрэг оролцоо” сэдвээр, аюулгүй байдал судлаач Л.Бадамханд “Геополитикийн нөхцөл байдал ба парламент” сэдвээр илтгэл тавьсан. Улсын Их Хурлын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид хэлэлцүүлэгт оролцов. Оролцогчдын асуултад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Фридрих-Эбертийн сангийн ерөнхийлөгч Мартин Шульц нар хариулт өгч, оролцогчдын саналыг сонссоноор өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Тод мэдээ
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,
- Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
- Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.