Дэлхий нийтээр..
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсад авлигын дагнасан шүүх зайлшгүй шаардлагатай гэж Ерөнхий сайдын хувьд үзэж байна
Монголд Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улсын шилжилтийн хэмээх тодотголтой өнгөрсөн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформын асуудалд үндсэн анхаарлаа хандуулсаар ирлээ.
Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр жил гаруйн хугацаанд ажиллахдаа эхний жил хагасыг цар тахлыг даван туулахад, хоёрдахь жилийг бүхэлд нь авлигатай тэмцэхэд зориуллаа.
21 аймгаар ард иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, улс орны 30 жилийн дүгнэлт, өнөөдрийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагын талаар илэн далангүй ярилцлаа.
Үг хэлсэн хүмүүсийн дундаж нас 60 байлаа. Нэг үгээр хэлбэл, 30 жилийн өмнө тэд 30 гаруй насны залуучууд байжээ.
30 жилийн тэртээ хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахаар хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн гарсан нэгэн үеийнхэн өнөөдөр улс төрчид, тэднийг тойрсон хэдхэн хүн баяжиж, эсрэгээрээ ард иргэдийн амьдрал уруудан доройтсонд бухимдаж байна.
Усны эх булингартай бол адаг булингартай гэдэг. Авлигын голомтыг таслахгүйгээр бид шинэ 30 жилийг цогцлоох боломжгүй гэдгийг тэд илэрхийлж байна.
Дунджаар 8-10 цаг үргэлжилсэн уулзалтын үеэр иргэд өмч хувьчлал, газрын наймаа, ашигт малтмалын лиценз олголт шударга бусаар хэдхэн хүний хүрээнд явагдсан нь нийгмийн тэгш бус байдлын суурь болж, өнөөдрийн бухимдал, эмх цэгцгүй, хуулийн өмнө эрх тэгш бус нийгмийн суурь шалтгаан болсон гэж дүгнэж байна.
Нийслэлийн утаа, түгжрэл, газрын наймаа, түүнийг тойрсон стандартгүй барилгажилт зэрэг өнөөдрийн тулгамдаж буй асуудал ч өөрсдөө баяжихын тулд ард иргэддээ үлдээсэн авлигачдын өв гэдгийг ч ард иргэд гүнзгий ойлгосон байна.
Авлигажсан тогтолцоо тэдний хүсэл мөрөөдлийг хулгайлсныг хэлж байна. Авлига ард иргэдийн шударгаар хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлийг мохоож байна.
Гэвч иргэд өөрсдөдөө гэхээсээ үр хүүхдийнхээ амьдрах шинэ 30 жилд илүү санаа зовж байна.
Авлигын эсрэг тэмцлийн үр дүнд шинэ 30 жил бодитоор эхлээсэй хэмээн нийгмээрээ хүсэж байна.
Нэг үгээр хэлбэл, аалзны тор мэт сүлжилдсэн 30 жилийн авлигын цайзыг нураах ард түмний хүсэл эрмэлзэл үерийн ус мэт тал талаас цутгаж, усны түвшин өдөр өдрөөр дээшилсээр байна.
30 жилийн тогтолцоо гурав хүрэхгүй жилд бүтэн нурахгүй ч авлигыг үл тэвчих үзэл санаа бүрэлдэн бий болж, нийгмийн сэтгэлзүй болон төлөвшиж байгаад Ерөнхий сайдын хувьд сэтгэл хангалуун байна.
Өнгөрсөн хугацаанд авлигын олон асуудлыг Засгийн газар үе шаттай гаргаж тавьсан. Зарим хүмүүс нийгмийг бухимдуулж байна хэмээн надад шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ би зөв зүйл хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байна.
Идээг шахахгүй нууж аргацаасаар байвал нэг л өдөр буглаж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай байсан.
Амжилтаасаа илүү алдаагаа ярьж, түүнийгээ засаж чаддаг нь нээлттэй ардчилсан нийгмийн амин чухал үнэт зүйл билээ.
Би энэхүү тэмцлийг эхэлж байхдаа “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид журмын нөхөдтэйгээ, өөрсөдтэйгээ, нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ.
Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад зогслоо.
Шүүхийн шатанд бүлэглэлийн гар хөлүүд авлигын асуудлыг хэрхэн гацаан удаашруулж байгааг ч, “сонгууль хүртэл тэсчихвэл Оюун-Эрдэнэ зайлчихна, тэгээд бүх зүйл сайхан болно” гэж хилийн чанадад оргон зайлсан “шувууд” маань томилсон шүүгч нартаа захиж байгааг ч мөн мэдэж байгаа. Гэхдээ үүнийг зөвхөн ордон дотор биш, олон нийт ч гярхай олж харсан байна.
Малчны хотонд гаанс нэрэн шинжих нүүдэлчин хөх өвгөдийн гярхай нүд, чонон мэдрэмж, хэрсүү зангаас Та бүхэн удаан бултаж чадахгүй гэдгийг хэлье.
Тэр мэдрэмжүүдийн нийлбэр нийгмийн нэхэл хатуу дүгнэлт болон төлөвшдөг юм шүү.
Энэ л мэдрэмжийг Санжаасүрэнгийн Зориг “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж илэрхийлсэн биз ээ.
Чамлахаар чанга атга гэдэг шиг авлигын эсрэг тэмцэл үр өгөөжөө өгч эхэлж байна. Далд эдийн засаг ил болсоор эдийн засгийн өсөлт нэмэгдэж байна.
“Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэж монголчууд бид ярьдаг. Эдийн засгийн эхний үр дүнг Засгийн газар удаан хуримтлагдсан гадаад өрийг төлөхөд зарцуулсан.
Өнгөрсөн хугацаанд “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг төллөө.
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 1.5 их наяд хүрч, “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг саяхан, аравдугаар сарын 23-нд бүрэн төлж барагдуулсан.
Одоо арванхоёрдугаар сарын 25-нд “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын төлбөрийг төлснөөр Монгол Улс дампуурлын эрсдэлээс 12 жилийн дараа ийнхүү гарч байна.
Бондуудын төлбөрийн ард валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар хэвээр байх тул хувийн хэвшлийнхэн санаа зовох шаардлагагүй. Мөн төлбөрийн тэнцэл эерэг хэвээр байх болно.
Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл дахин давтагдах ёсгүй ээ!
Өрийн гинжин хэлхээнд хүлэгдэж, авлигын өргөст тороор баглагдсан эдийн засаг одоо л эрүүлжиж, амьсгал нь жигдэрч эхэлж байна.
Ерөнхий сайд Пунцагийн Жасрай гуай нэгэн цагт “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэж хэлсэн шиг Монгол Улсын эдийн засагт 2012 оны үед байсан эдийн засгийн огцом өсөлт эргэн ирж байгааг олон судлаач хэлж байна.
Жил гаруйхны өмнө бид хил нээх тухай, улс дампуурахгүй байх тухай ярьдаг байсан бол өнөөдөр бид эдийн засгийн өсөлт өрхөд хэрхэн хүртээмжтэй байх тухай мэтгэлцдэг болжээ.
Мэдээж эмнэлэгт удаан хэвтсэн хүнийг шууд босгож, хүнд туухайтай дасгал хийлгэж болохгүй шиг эдийн засгийн өсөлт өрхийн түвшинд бүрэн мэдрэгдэхэд тодорхой хугацаа орно.
Өр тавьж улсаа дампууруулаад өнөөдөр өргүй Монгол гэж хэлбэрдэх, шударга ёс ярьчихаад авлигын бүлэглэлийн хоргодох байр болж, тэднээс санхүүжиж байгааг одоо ард иргэд ялгаж салгаж чадна.
Эдийн засгийн макро тэнцвэр бүс нутагт үнэлэгдэж, олон улсын нэр хүнд өсөж, хөрөнгө оруулагчид Монгол Улсыг дахин эергээр харж эхэлж байна.
Харин бид 2012 оны боломжийг алдсандаа нийгмээрээ дүгнэлт хийх учиртай.
Энэ л агуулгаар Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн холимог тогтолцоог сонгон авсан нь худал амлалт, хэт популизмаас Монгол Улсын хөгжлийн бодлого, эдийн засгийг хамгаалахыг хүссэн үйлдэл байсан гэдгийг дахин тэмдэглэж хэлэх нь зүйтэй.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Муу нуухаар сайн илчил гэдэг. Авлигатай хийх тэмцэл эрчимжиж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сэргэж байгаа ч, авлигачдад эцсийн хариуцлага тооцох ажил шүүхийн шатанд удааширч байгааг дахин онцолж байна.
Энэ байдлыг зөвхөн олон нийт ч биш, олон улсад ажиглаж, Монгол Улсын гадаад орчны зарим үнэлгээнд сөргөөр нөлөөлсөөр байна.
Шүүх засаглалыг бид авлигач шүүгчдээс нь, тэднийг томилсон бүлэглэлээс нь хамгаалж, хараат бус шүүх засаглалыг бүрдүүлэх, шударга шүүгчдийг дэмжихэд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлэх цаг болжээ.
Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачийг 20 саяар торгоно гэдэг авлигын эсрэг шийтгэл үү, эсвэл авлига авах нь зөв шүү гэдэг урамшуулал уу?
Улс орноо дампуурлын ирмэгт аваачсан нөхдүүд шүүхийн гадна баяр тэмдэглэж байгаа нь хариуцлага тооцож байгаа хэлбэр үү эсвэл зээл аваад төлөхгүй ч байж болно гэдэг сэдэл үү?
Үзэл бодлоо илэрхийлсэн залууст төмөр нүүр харуулчихаад, авлигын хэрэгтнүүдийн даралт ихсэж, тулай нь сэдрэхэд улсаараа халаглаж, хүмүүнлэгийн байгууллага шиг эрхлүүлсээр байх уу?
Энгийн хэргүүд гурван сар дотор гурван шатны шүүхээр шийдэгдэж байхад, дуулиант авлигын хэргүүд анхны шатны шүүх дээр долоон жил гацаж байгааг хэрхэн тайлбарлах вэ?
Энэ мэт олон асуудалд ард түмэн эргэлзэж шударга ёсыг шаардаж байна. Ард түмнээс сонгогдож байгуулагдсан төлөөллийн төв байгууллага Парламент энэ асуудлыг ярихгүй бол өөр хаана ярих билээ.
Бид хэнийг ч хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй, бас хэрэг албаар дарж цаг хождоггүй, бүлэглэлд үйлчилдэггүй, шударга, мэргэшсэн хараат бус шүүх засаглалыг төлөвшүүлэх учиртай.
Авлигын асуудал шүүхийн шатанд ийнхүү замхарсаар байвал, асуудал энэ хэвээр үргэлжилсээр байвал ард иргэдийн хилэн асаж, эрхзүйт төрд эрсдэл учрах нийгмийн бухимдал бодитоор хуралдан бий болсныг Ерөнхий сайдын хувьд Улсын Их Хурлын индэр дээрээс хариуцлагатайгаар илэрхийлье!
Шүүхийн зарим удирдлага Ерөнхий сайдыгаа огцруулах санал хураалт хийж, шүүхэд шүүмжлэлтэй хандсан бүхэнд бухимдан хилэгнэхийн оронд өөрөө өөрийгөө шинэчлэх цогц реформыг цаг алдалгүй эхлүүлж, олон улсын түвшинд ёсзүй, ур чадвар, хүний нөөцийн хувьд хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Ард түмний төлөөлөх эрхийн илэрхийлэл болсон эрхэм гишүүд ээ,
Авлигын эсрэг ялын бодлогыг чангатгах Засгийн газрын эрхзүйн цогц реформыг дэмжсээр ирсэнд талархаж байна.
Өнгөрсөн хугацаанд:
· Авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх,
· Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдэд аливаа төрлийн өршөөл, уучлал үзүүлэхгүй байх,
· Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хялбаршуулсан журам үйлчлэхгүй байх,
· Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээд магадлангаар хугацаанаасаа өмнө суллагдахгүй байх,
· Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн төрийн албанд ажиллах эрхийг нь бүх насаар хасах,
· Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхийг хасах,
· Улс төрчид, түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд, хамаарал бүхий этгээдүүд нь төрөөс болон төрийн өмчит компани, төртэй хамтран хэрэгжүүлж буй олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрөөс санхүүжих бүх төрлийн тендерт оролцохыг хориглох,
· Дээрх албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд төрөөс санхүүжих сургалтын тэтгэлэгт хамрагдахыг хориглох зэрэг авлигын гэмт хэргийн эсрэг хуулийн өөрчлөлтүүдийг баталжээ.
Хаврын чуулганыг “Авлигын эсрэг” хэмээн тодотгож, дэмжиж ажилласан Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Танд болон Улсын Их Хурлын гишүүд, парламентад суудалтай улс төрийн намын удирдлагууд Та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Энэхүү эрхзүйн цогц шинэчлэл цоо шинэ улс төрийн соёлыг төлөвшүүлэх эхлэл цэг болж чадна гэдэгт итгэл төгс байна.
Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр авлигын эсрэг тэмцлийн хүрээнд Шүүх байгуулах тухай хуулийг өргөн барьж байна.
Энэ хууль хараат бус шударга шүүхийг бүрдүүлэх нийгмийн мэтгэлцээний эхлэл байгаасай хэмээн хүсэж байна.
Энэ мэтгэлцээн гэм бурууг шүүх биш, харин шүүх байгууллагыг институтийн хувьд төгөлдөржүүлэн бэхжүүлэхэд чиглэгдвэл хүний эрх, авлигын тэмцэл зэрэг олон асуудалд чухал билээ.
2021 оны зургадугаар сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаар Авлигын эсрэг тунхаглал гаргасан байдаг.
Тус тунхаглалаар мөнгө завших, мөнгө угаах, шударга ёсыг тогтооход саад учруулах тохиолдолд эрүүгийн гэмт хэрэгт тооцох амлалтаа хэрэгжүүлэхийн тулд холбогдох хууль тогтоомж, дүрэм журамдаа өөрчлөлт оруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нэмэлт арга хэмжээ авахыг улс орнуудад уриалсан билээ.
Мөн системийн авлига, хил дамнасан мөнгө угаалт зэрэг гэмт хэрэгт олон улсын байгууллагууд цогц байдлаар хамтран ажиллах, мөрдөн шалгах, хууль сахиулах, шүүн таслах бүх түвшний байгууллагын мэргэшсэн байдлыг сайжруулах асуудлыг хөндөн хэлэлцсэн байдаг.
Улс орон бүрийн эдийн засгийн бүтэц, түүнээс улбаалсан авлигын асуудал өөр өөрийн онцлогтой бөгөөд мэргэшсэн бүтэц, чадварлаг хүний нөөцийг шаарддаг.
Хар тамхи дагасан авлигын сүлжээ зарим газар эрхзүйт төрөөсөө хүчтэй болж, дотооддоо хэрэг шийдвэрлэх боломжгүй болж, олон улсын эрхзүйн түвшинд өөр улсад хэрэгтэн шилжүүлсэн тохиолдлууд ч олон бий.
Зэвсэглэл тойрсон лобби бүлгүүд, үндэстэн дамнасан улс төрчдийн бүлэглэлүүдийн өмнө олон улсын байгууллагууд тэр чигтээ хүч дутаж байсан ч түүх бий.
Авлига гэдэг өөрөө хамгийн эрх мэдэлтэй, хамгийн нөлөө бүхий бүтцийг тойрч ургадаг ургамал.
Манай улсын экспортын 93 хувь нь уул уурхай, нийт хүн амын талаас илүү нь нийслэлд амьдардаг. Энэ нь манай авлигын голомт уул уурхай, нийслэлийн газрыг дагаж цэцэглэсэн гэсэн үг.
Системийн авлигын улс төр болон эдийн засгийн бүлэглэл, олон улс дамнасан сүлжээний өмнө жирийн шүүгчид маань хүчин мөхөсдөж байхыг үгүйсгэхгүй ээ.
Монгол төр энэ дархлааг хамгаалах эрхзүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх учиртай.
Тийм ч учраас Монгол Улсад авлигын дагнасан шүүх байгуулах нь зайлшгүй шаардлагатай хэмээн Ерөнхий сайдын хувьд үзэж байна.
Зөвхөн шүүх засаглал ч биш, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын Ерөнхий Прокурорын Газар зэрэг авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын ажилтнуудыг олон улсын түвшинд сургаж дадлагажуулах, мэргэшсэн экспертүүдтэй олон улсын эрхзүйн хүрээнд хамтран ажиллах, авлигын эсрэг шударгаар ажилласан төрийн албан хаагчдын нийгмийн болон насан туршийн аюулгүй байдлын баталгааг бүрдүүлэх шаардлагатай байна.
Улс орон бүхэн өөр өөрийн тулгамдсан асуудлаар дагнасан шүүх байгуулдаг нь нийтлэг жишиг. Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр дэлхийн 27 улс Авлигын дагнасан шүүхтэй байна.
Авлига бидний тулгамдсан асуудал мөн л бол нэрэлхэлгүй тулгамдсан асуудлаа шийдвэрлэдэг байх учиртай.
Энэ нь шүүхэд итгэж буй итгэл бөгөөд авлигын эсрэг мэргэшсэн бүтцийг өөрсдөө бүрдүүлэх боломж бөгөөд дээд шүүхэд өгч буй эрх мэдэл биш хариуцлага хэмээн хүлээж авна гэдэгт итгэж байна.
Мөн Шүүх засаглалын цалин хангамжийн асуудлыг Улсын Их Хурлын аль нэг Байнгын Хороо шийддэг байж болохгүй гэсэн байр суурьтай байна. Харин итгэлцүүрийн дагуу засаглалууд өөрсдөө шийдвэрлэдэг байх нь олон улсын жишиг юм.
Шүүгчидтэй аль нэг улс төрч, бизнесийн нөлөө бүхий хүмүүс протоколгүй, албан бусаар уулзахыг ч хуульчлан зохицуулах ч шаардлагатай байна.
Шүүх, Хууль тогтоох, Гүйцэтгэх засаглал байршлын хувьд салангид байх, Дээд шүүхийн байрыг Шударга ёсны ордон хэмээн нэрлэх зэрэг ёс зүйн болон хэм хэмжээний олон асуудлыг бид нээлттэй ярилцах цаг болжээ.
Ерөнхий сайдын хувьд шударга ёсны зарчмын байр суурийг илэрхийлж байгаа болохоос аль ч шатны, ямар ч шүүгчтэй тухайлсан асуудлын талаар ярилцаж байгаагүй, цаашид ч тийм үйлдэл гаргахгүй гэдгээ хариуцлагатайгаар илэрхийлье!
Энэ хуулийг хэлэлцэх явцад шүүн таслах үйл ажиллагаа явуулах өрөө тасалгаа, цахимжилт, сургалт судалгаа, хүний нөөцийн асуудлыг олон улсын түвшинд хүргэх зэрэг цогц асуудлыг тогтоолд тусгах нь зүйтэй гэж үзэж байна.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Нүүрсний хэргүүд шүүхэд шилжсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдлуудтай уялдуулж, нүүрсний сонсголын хэлэлцүүлэг ирэх долоо хоногт эрчимжнэ. “Шударга ёсны хуулийн илд байна” хэмээн амласан Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайд Б.Энхбаяр Таны анхны томоохон ажил ийнхүү эхэлж байна.
Танд болон түр хорооны гишүүдэд амжилт хүсье. Иргэдийн мэдэх эрхийг хангаж, цаашид алдаа гаргахгүйн тулд эрхзүйн, тогтолцооны шийдэл гаргах нь туйлын чухал юм.
Олон жил дуншин гацсан дуулиант хэргүүд ийнхүү шүүхийн шатанд шилжлээ. Өнөөдөр өргөн барьж буй энэхүү хуулийн өөрчлөлт улс төрд томоохон донсолгоо үүсгэж, олон талын шүүмжлэлтэй тулахыг үгүйсгэхгүй ээ.
Системийн авлигын эсрэг тэмцэл аль ч улсад улс төрчдийн чин эрмэлзэл, эр зориг, иргэдийн дэмжлэг, хууль сахиулах болон шүүх засаглалын чадвараас ихээхэн хамаардаг.
Монголд шударга ёсны тэмцэл машинаар бол хүнд араандаа залгаж, усаа халаан уухилсаар уулын оройд нэлээд ойртлоо. Оргил өөд дөхөх тусам замын бартаа нэмэгдэж, хад чулуу ихсэх нь ойлгомжтой. Давж ард нь гарах уу эсвэл уулын бэлд хүч алдан унах уу гэдэг сонголтын өмнө бид удахгүй тулж ирнэ.
Хэрэв “машин” буцаж онхолдвол авлигын эсрэг тэмцэл энэ түвшинд эргэж иртэл нэлээдгүй урт хугацааг туулах байх, магадгүй хэзээ ч эргэж ирэхгүй ч байж мэднэ.
Авлигын гинжээ тасалж чадалгүй, популизмдаа идэгдэж, гадаад өрийн гинжин хэлхээний чөтгөрийн тойрогт 50, 100, 150 жил болсон, одоо ч байгаа дэлхийн олон улсын жишээг бид мэднэ.
Улс орон урагшлан хөгжих, уруудан доройтох нь гагцхүү авлигыг ялж, жам ёсны эрүүл эдийн засгийн тогтолцоог бүрдүүлж чадсан эсэхээс л хамаардаг.
Авлигын далайдаа хэдэн үеэрээ, хэдэн зуун жилээр дарлуулан амьдарч буй олон улсын харамсалтай жишээг бид үр хүүхдийнхээ төлөө давтаж болохгүй. Тиймээс бид өрөвдөж болохгүй, өршөөж болохгүй, бууж өгч болохгүй.
Өнөөдөр авлигатай хатуу тэмцэх нь Монголын ирээдүйн төлөө хайр юм.

Энэ цаг үеийн эрхэм түшээд ээ,
Шинэ үеийн удирдагч нартаа хөгжлийн төлөө ажиллах илүү боломжийг үлдээхийн төлөө өнөөдөр эс үйлдэл хийхгүй байхыг уриалж байна.
Тэтгэвэрт гараад ард түмнийхээ дунд инээмсэглэн алхах эрх чөлөөний төлөө өнөөдөр Та бид хамтдаа авлигыг ялах ёстой.
Улс төрчид та бүхнийг үнэн байхыг би уриалж байна. Телевизийн камерын өмнө нэг өөр, хөшигний ард бас өөр биш. Дотоод итгэл үнэмшилдээ чин сэтгэлээсээ авлигын эсрэг тэмцэлд нэгдээсэй гэж хүсэж байна. Энэ цаг үеийн бидний эрхэм үүрэг энэ билээ.
Баярлалаа гэлээ.
Дэлхий нийтээр..
АНУ Европын авлигатай тэмцэх байгууллагаас гарлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа олон улсын болон олон талт байгууллагуудаас татгалзах бодлогоо эрчимжүүлж буй энэ үед АНУ-ын Европын зөвлөлийн авлигатай тэмцэх тэргүүлэх байгууллага болох Авлигатай тэмцэх улсуудын бүлэг (GRECO)-ээс гарчээ. АНУ-ын Төрийн департамент уг шийдвэрийг баталгаажуулж, GRECO-ийн гишүүнчлэлийг хадгалахын тулд жил бүр санхүүгийн хувь нэмэр оруулах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь “АНУ-ын үндэсний аюулгүй байдалд бодитой үр өгөөж үзүүлэхгүй” гэж мэдэгджээ.
2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр АНУ тус байгууллагаас гарах тухай шийдвэрийн талаар албан ёсоор мэдэгдсэн байна. Өмнө нь ОХУ, Беларусь улс гарч байсан түүхтэй. АНУ өмнө нь НҮБ-ын олон талт хэд хэдэн байгууллагаас, тухайлбал ДЭМБ болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарсан бөгөөд цаашид ижил төстэй арга хэмжээ авах эсэхийг мөн авч үзэж байна.
GRECO-ийн Европын зөвлөл 1999 онд авлигатай тэмцэх стандартын хэрэгжилтийг хянах зорилгоор байгуулагдсан. Байгууллагын гишүүнчлэл нь Европын холбооны гишүүн орнуудаар хязгаарлагддаггүй бөгөөд АНУ 2000 онд GRECO-д нэгдэж байжээ.
Дэлхий нийтээр..
АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээхийг уриалав
Крипто хөрөнгө холигч үйлчилгээ (crypto mixer буюу Convertible Virtual Currency mixing service) нь криптовалютын гүйлгээний эх үүсвэр, хүлээн авагч болон гүйлгээний дүнг нуун далдлахад ашиглагддаг үйлчилгээ юм. Энэхүү үйлчилгээг ransomware буюу барьцаалагч програм ашигладаг кибер гэмт хэргийн бүлэглэлүүд, олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийгчид, авлигад автсан албан тушаалтнууд болон мансууруулах бодисын хууль бус наймаачид өргөнөөр ашиглаж байна.
АНУ-ын хууль тогтоомжийн дагуу харилцагчийн хөрөнгийг хяналтдаа авч үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээний алба (FinCEN)-нд бүртгүүлж, харилцагчийн мэдээллийг баталгаажуулах зэрэг үүрэг хүлээдэг. Эдгээр шаардлага нь гүйлгээний эх үүсвэр болон оролцогчдыг нуун далдлах зорилготой крипто хөрөнгө холигч үйлчилгээний үндсэн шинж чанартай шууд зөрчилддөг байна. Үүний улмаас АНУ-д ийм төрлийн үйлчилгээг нууцаар эрхэлсэн этгээдүүдийг мөнгө угаах болон холбооны бусад гэмт хэрэгт буруутган, эрүүгийн хариуцлагад татсаар иржээ.
Хэдийгээр олон улс орон крипто холигч үйлчилгээнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоож байгаа боловч эрх зүйн зохицуулалт нь дэлхий даяар ижил түвшинд байж чадахгүй байна. Үүний улмаас АНУ-ын иргэд гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг холигч үйлчилгээг ашиглан криптовалютын гүйлгээнийхээ эх үүсвэр, чиглэлийг нуун далдлах боломж нээлттэй хэвээр байна.
Байдены засаг захиргааны үед FinCEN-ээс хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг крипто хөрөнгө холигч үйлчилгээг ашигласан байж болзошгүй гүйлгээнд хяналт тавих дүрмийн төсөл боловсруулжээ. Уг төсөлд АНУ-ын санхүүгийн байгууллагууд гадаадын ийм үйлчилгээтэй холбоотой сэжигтэй гүйлгээг илрүүлснээс хойш 30 хоногийн дотор мэдээлэх үүрэг хүлээхээр тусгасан байв. Гэвч 2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Трампын засаг захиргаа уг дүрмийн төслийг албан ёсоор татан авчээ. Үүний зэрэгцээ 2020 оноос хэлэлцэгдэж ирсэн, хэрэглэгч өөрөө хянадаг крипто хэтэвч (self-hosted wallet)-ээр хийгдэх гүйлгээг тайлагнаж, мэдээлэхтэй холбогдуулан өөр нэг дүрмийн төслийг мөн ийнхүү цуцалсан байна.
Үүнтэй холбогдуулан “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын АНУ дахь салбараас 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр FinCEN-д албан бичиг хүргүүлж, цуцлагдсан хоёр дүрмийн төслийг сэргээх, мөн дижитал хөрөнгийг хууль бус зорилгоор ашиглахтай тэмцэх аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авахыг уриалжээ.
Дэлхий нийтээр..
АВСТРАЛИ: Тэрбумтнуудын хөрөнгө ардчилсан улс төрийн тогтолцоог гажуудуулж байна
Австралид улс төрийн санхүүжилтийн шинэ хуулиар хандив болон сонгуулийн сурталчилгааны зардалд анх удаа дээд хязгаар тогтоохоор боллоо. Хэдий тийм боловч эдгээр хязгаарлалт нь хэт өндөр, журам нь нарийн төвөгтэй байгаагаас гадна хэрэгжих хугацааг хоёр жилээр хойшлуулсан нь томоохон намуудад давуу тал олгох магадлалтай байна.
Австралийн уул уурхайн салбарын тэрбумтан Жина Райнхарт болон түүний хамаарал бүхий этгээдүүд өнгөрсөн жилд “Нэг үндэстэн” (One Nation) намд 3 сая гаруй австрали долларын (ойролцоогоор 7.5 тэрбум гаруй төгрөг) хандив өгсөн гэх мэдээлэл байна. Тэд энэ дэмжлэгээ мөнгөн хэлбэрээр олгохоос гадна хувийн нисэх онгоц бэлэглэх замаар гүйцэтгэсэн гэж мэдээлжээ. Гэвч Австралийн сонгуулийн хуулийн дагуу эдгээр хандивыг 2027 оны 2 дугаар сар хүртэл олон нийтэд албан ёсоор тайлагнах үүрэггүй тул одоогоор мэдээлэл бүрэн ил тод болоогүй байна.
Бизнесмен Клайв Палмер сүүлийн гурван удаагийн холбооны сонгуулийн сурталчилгаандаа 260 сая австрали долларын (ойролцоогоор 655 тэрбум гаруй төгрөг) хөрөнгө зарцуулжээ. Энэ нь Австрали Улс өөрийгөө тэгш боломжийг эрхэмлэдэг орон хэмээн үздэг ч бодит байдал дээр баячуудын мөнгөөр далайлган улс төрийн үйл явцад үлэмж хэмжээний нөлөө үзүүлэх боломжтойг харуулж байна.
Гэвч тэрбумтнуудын хувийн санхүүжилтээс өмнө ч Австралийн улс төрд мөнгөний нөлөө хэт өндөр байсаар иржээ. Эрх барьж байсан Хөдөлмөрийн нам болон Либерал нам бизнесийн форум, сүлжээ нэрийн дор арга хэмжээ зохион байгуулж, гишүүнчлэлийн төлбөрт 100,000 австрали доллар (252 сая гаруй төгрөг) авдаг байна. Ингэснээр бизнесийн төлөөлөгчид засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай тогтмол уулзаж, лобби хийх боломж бүрддэг. Австралийн Сонгуулийн хороо эдгээр төлбөрийг “тодорхой үйлчилгээний хураамж” гэж үзэн, олон нийтэд мэдээлэх ёстой хандивын тайланд тооцоогүй нь шүүмжлэл дагуулсаар ирсэн. Гэтэл иргэдийн дийлэнх нь улстөрчидтэй мөнгө төлж уулзах энэхүү тогтолцоог ардчилсан үйл явцыг гажуудуулж байна гэж үздэг.
Одоогийн холбооны түвшний зохицуулалт олон улсын жишигтэй харьцуулахад сул хэвээр байна. Хандивын мэдээллийг ил тод болгох систем нь 1980-аад оны цаасан бүртгэлд суурилсан хуучирсан загвартай бөгөөд жилд 17,300 австрали доллар (43.6 сая төгрөг)-оос давсан хандивыг л тайлагнадаг журамтай байв. Муж, нутаг дэвсгэрийн ихэнх зохицуулалтаас ялгаатай нь холбооны түвшинд хандивын дээд хязгаар байхгүйн дээр гадаадын эх үүсвэрээс хандив авахыг хориглосон заалт саяхнаас хэрэгжиж эхэлсэн байна. Мөн холбооны сонгуулийн сурталчилгаанд зарцуулах хөрөнгийн дээд хязгаар байгаагүй юм.
Австралийн тэрбумтан Жина Райнхарт, Клайв Палмер болон улс төрийн намуудын бизнесийн сүлжээнүүд хуулийн цоорхойг ашиглан сонгуулийн санхүүжилтийг хууль ёсны хүрээнд босгосоор иржээ. Холбооны түвшний улс төрийн намууд улсаас санхүүжилт авдаг байсан ч энэхүү мөнгө нь хувийн хандив, зардлыг хязгаарлах хэрэгсэл болохын оронд намуудын орлогыг улам нэмэгдүүлдэг нэмэлт эх үүсвэр төдий байв. Харин энэ зохицуулалт ирэх жилүүдээс өөрчлөгдөхөөр байна. Шинэ хуулиар холбооны сонгуульд нэр дэвшигч улс төрийн намууд болон лобби бүлгүүдийн сонгуулийн сурталчилгааны зардалд дээд хязгаар тогтоож, хандивын хэмжээг хязгаарлахаар тусгажээ. Түүнчлэн хандивын мэдээллийг ил тод тайлагнах, босго дүнг бууруулж, бодит цаг хугацаанд мэдээлдэг болох зохицуулалт хэрэгжинэ.
Ойролцоогоор 250 хуудас бүхий шинэ зохицуулалтыг 2024 онд өрнөсөн урт хугацааны хэлэлцээний үр дүнд боловсруулж, 2025 оны эхээр эвслийн намуудын дэмжлэгтэйгээр баталжээ. Сонгуулийн тогтолцооны энэхүү шинэчлэлийг хоёр том нам хамтран дэмжсэн нь хандивын хязгаарлалт болон ил тод байдлын зарчмыг цаашид тууштай мөрдөхөд чухал ач холбогдолтой алхам болсныг нийтлэлд онцолсон байна.
Гэсэн хэдий ч шинэ зохицуулалт төгс биш юм. Ногоон нам шинэчлэлийн үндсэн үзэл баримтлалыг дэмжиж байгаа ч хандивын хязгаарыг хэт өндөр тогтоосныг шүүмжилжээ. Шинэ хуулиар нэг улс төрийн этгээдэд өгөх хандивын дээд хэмжээг 50,000 австрали доллар (125 сая төгрөг) байхаар тусгасан боловч донорууд үндэсний хэмжээний намын салбар нэгжүүд, хэд хэдэн нэр дэвшигч болон тухайн намыг дэмждэг лобби бүлгүүдэд тус тусад нь хандив өгөх боломжтой хэвээр байна. Үүний улмаас нэг донорын жилийн нийт хандивын хэмжээ бодит байдал дээр 1.6 сая австрали долларт (4 тэрбум төгрөг) хүрч болзошгүй байгаа юм.
Үүнээс гадна улс төрийн нэг намын сонгуулийн сурталчилгааны зардлын дээд хязгаарыг 90 сая австрали доллар (225 тэрбум төгрөг) байхаар тогтоосон нь тэрбумтан Клайв Палмерын өмнөх сонгуулиудад хувиараа зарцуулж байсан хөрөнгөтэй дүйцэж байна. Мөн намуудын зорилтот, өрсөлдөөн ширүүн сонгуулийн тойрог тус бүрд явуулах сурталчилгааны зардал 800,000 австрали доллар (2 тэрбум төгрөг) хэтрэхгүй байх хязгаарлалтыг тогтоожээ.
“Teals” хэмээн нэрлэгддэг бие даан нэр дэвшигчид шинэ хязгаарлалтуудыг дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж, уламжлалт намуудад давуу байдал олгож байгааг шүүмжилжээ. Учир нь намын нэр дэвшигчид тухайн намын үндэсний хэмжээний сурталчилгаанаас ашиг хүртдэг бол бие даан нэр дэвшигчдэд ийм боломж хязгаарлагдмал байдаг. Түүнчлэн улс төрийн намууд нэг донороос олон төрлийн сувгаар хандив авах боломжтой байхад бие даасан нэр дэвшигчдэд ийм давуу тал байхгүй. Ийм нөхцөлд шинэ зохицуулалт нь улс төрийн тогтсон намуудыг зохиомлоор хамгаалж, улс төрийн өрсөлдөөнийг хязгаарлах эрсдэлтэй байна.
Лобби бүлгүүдийн сонгуулийн сурталчилгааны зардалд 11.25 сая австрали долларын (ойролцоогоор 28.1 тэрбум төгрөг) дээд хязгаар тогтоохоор болжээ. Гэсэн хэдий ч “Teals” бүлгийг дэмжигч томоохон хандивлагчид шууд бус хэлбэрээр сурталчилгаа явуулах боломжтой хэвээр байна. Мөн ашиг сонирхлын бүлгүүд тодорхой бодлогын асуудлыг дэмжсэн кампанит ажил явуулахдаа улс төрийн нам, нэр дэвшигчийг шууд дэмжих, эсвэл эсэргүүцэхгүй байвал зардлын хязгааргүй үйл ажиллагаа явуулах боломжтой аж.
Зохиогч шинэ хуулийг төгс бус боловч өмнөх зохицуулалтаас дээр гэж үнэлжээ. Улс төрийн намууд санхүүжилтгүй болж, үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох нь зохистой үр дүн биш юм. Харин тэрбумтнууд өөрсдөө шууд сонгуулийн кампанит ажилд асар их хөрөнгө зарцуулахаас илүүтэй санхүүжилтийг улс төрийн намын тогтолцоогоор дамжуулах нь авлигын эрсдэлийг бууруулах боломжтой гэж үзсэн байна. Учир нь улс төрийн нам нь урт хугацааны нэр хүнд, олон нийтийн итгэлийг хадгалах сонирхолтой байдаг бол хувь улстөрчийг хувийн ашиг сонирхлын үүднээс нөлөөлөлд оруулах нь харьцангуй хялбар байж болно.
Шинэ зохицуулалтаар компани болон үйлдвэрчний эвлэлээс ирэх их хэмжээний хандивт тулгуурлах боломжийг хязгаарлахын зэрэгцээ төрийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ. Санал тутамд олгох төрийн санхүүжилтийг 5 австрали долларт (12,500 төгрөг) хүргэхээр төлөвлөсөн бөгөөд сонгогчид Төлөөлөгчдийн танхим болон Сенатын сонгуульд тус тус санал өгдөг тул нэг сонгогчид ногдох санхүүжилт нийт 10 австрали доллар (25,000 төгрөг)-тай тэнцэх боломжтой. Мөн холбооны парламентын гишүүдийн тоонд үндсэн улс төрийн намууд болон бие даасан гишүүдэд захиргааны үйл ажиллагааны нэмэлт санхүүжилт олгоно.
Гэвч шинэ хуулийн өөр нэг сул тал нь хэт нарийн төвөгтэй байдал юм. Улс төрийн санхүүжилтийн урсгалыг зохицуулах нь өөрөө төвөгтэй боловч шинэ хууль жижиг болон шинээр байгуулагдсан намуудын хувьд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байж болзошгүй. Эдгээр намууд орон нутгийн түвшинд сайн дурын ажилтнуудад түшиглэдэг бөгөөд бүгд хууль зүйн зөвлөгөө авах санхүүгийн боломжтой биш. Иймээс Сонгуулийн хороо жижиг намуудын санамсаргүй алдаа дутагдлыг шийтгэхээс илүүтэй хангалттай нөөц, мэргэжлийн зөвлөгөөтэй томоохон хандивлагчид болон байгууллагын зохицуулалтыг тойрч гарах үйлдэлд анхаарах шаардлагатай гэж зохиогч үзжээ.
Шинэ хуулийн хэрэгжилтийг хоёр жилээр хойшлуулсан шалтгаан мөн эргэлзээ дагуулж байна. Албан ёсны тайлбараар Сонгуулийн хороо шинэ мэдээллийн системийг бэлтгэх, тайлагналын шинэ журмыг хэрэгжүүлэх, холбогдох байгууллага болон иргэдийг шинэ зохицуулалттай танилцуулахад хугацаа шаардлагатай аж. Гэвч зохиогчийн үзэж байгаагаар өөр шалтгаан байж болзошгүй. Жина Райнхарт “Нэг үндэстэн” намд их хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж, тус намын сонгуулийн дэмжлэг нэмэгдэж буй энэ үед томоохон намууд 2027 оны сүүл, эсвэл 2028 оны эхээр болох холбооны сонгуулийн өмнө хандив, санхүүжилтээ нэмэгдүүлэх хугацаа авахыг зорьсон байж магадгүй гэж таамаглажээ.
Мөн шинэ хуулийг хэрэгжүүлэх явцад урьдчилан тооцоолоогүй үр дагавар гарч болзошгүй. Тухайлбал, Клайв Палмер өөрийн намд өгөх хандив нь хязгаарлагдвал компанийн бүтцийг ашиглан шууд бус хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах магадлалтай. Үйлдвэрчний эвлэл болон бизнесийн бүлгүүд ч Хөдөлмөрийн нам, эвслийн намуудыг дэмжих зорилгоор шууд сурталчилгаа явуулах боломж хайж магадгүй. Түүнчлэн олон нийтийн бие даасан санаачилга мэт харагддаг боловч цаанаа улс төрийн болон бизнесийн ашиг сонирхлоор санхүүждэг бүлгүүд бий болж, хуулийн зохицуулалтыг тойрч гарах эрсдэлтэй байна.
Зохиогчийн дүгнэснээр улс төрийн үйл явц дахь мөнгөний нөлөөг зохицуулах төгс тогтолцоо гэж байхгүй. Шударга байдлын зарчим, улс төрийн тэгш байдал, эрх чөлөө, улс төрийн намуудын үйл ажиллагааг санхүүжүүлэх бодит хэрэгцээг харилцан тэнцвэржүүлэх шаардлагатай. Улс төрийн санхүүжилтийн зохицуулалт нь байнга өөрчлөгдөж байдаг нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэгдэх ёстой тул Австралийн шинэ хуулийг арван жилийн эцэс гэхэд дахин хянах шаардлага гарах нь гарцаагүй гэж үзжээ.
Эх сурвалж: Graeme Orr, “Australia’s Billionaire Problem and the ‘Corruption of the Democratic Process’,” The Diplomat, 2026 оны 10 дугаар сарын 12
-
Дэлхий нийтээр..2024/05/13
Зудын улмаас зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ...
-
Дэлхий нийтээр..2020/06/26
СОНГУУЛЬ 2020: 25-р тойрог /Чингэлтэй дүүрэг/
-
Үйл явдал2024/02/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
-
Үйл явдал2020/12/16
Өнөөдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг
