Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын чуулганы 2024 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдрийн  нэгдсэн хуралдаан Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр эхэлсэн юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хуралдааны эхэнд өнөөдөр тохиож буй Монголын Ардчилсан намын ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ гэж заасныг 2027 оны наймдугаар сарын 01 болгож хойшлуулахаар тусгаад байгаа юм. Хуулийг төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн Э.Одбаяр, Г.Уянгахишиг нар ажилласныг дурдаж, Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед тус ажлын хэсгээс нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хугацааг 2025 оны 12 дугаар сарын 31-ний дотор болгон өөрчлөх, мөн уг хуулийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр заасныг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болгон өөрчлөх зэрэг зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ч.Анар, Ж.Алдаржавхлан, С.Амарсайхан, Б.Батбаатар, Ж.Баярмаа, А.Ундраа, Ө.Шижир, Б.Жаргалан нар асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Засгийн газарт намууд хамтран ажиллаж байгаа боловч төрийн албаны дунд, доод шатанд АН болон ХҮН намын төлөөллийг томилох ажил удаашралтай явагдаж байгаад анхаарал хандуулж, хамтын ажиллагааг иж бүрэн болгох шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Харин Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир нар улс төрий намын төлөвшлийг удаашруулах үр дагавартай гэж үзэн хуулийн төслийг дэмжихгүй байх бүлгийнхээ байр суурийг илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Ч.Анар, Б.Жаргалан нар улс төрийн шалтгаан, учир холбогдолтойгоор хуулийн хэрэгжилтийг хойшлуулах гэж байгааг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, ажлын хэсэг болон Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд санаачилга гарган хуулийн хэрэгжилтийг хойшлуулах хугацааг нэг жил болгон богиносгох санал гаргасныг дэмжиж байна гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан хууль хэрэгжиж эхэлснээс хойших жил хагасын хугацаанд дүрмээ шинэчилж, дотоод зохион байгуулалтаа өөрчлөн, төлөвшлийн ажлыг эхлүүлж чадаагүй намууд ирэх нэг жилийн хугацаанд энэ ажлаа амжуулж хийхийг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан энэ асуудал улс орны амьдралд ихээхэн чухал тул аль болон улс төржихгүйгээр шийдвэрлэж, намуудад цаг хугацаанд шахагдахгүйгээр дүрэм журам, дотоод байгууллаа шинэчлэх ажлыг чанартай хийх боломж олгох нь зүйтэй гэсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Улстөрийн намын тухай хуулийг бүхэлд нь дахин эргэж харж, парламентад суудалгүй жижиг намуудын саналыг тусгаж шинэчлэн батлах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа хууль хэрэгжээд жил гаруй болж байхад дүрмээ шинэчилж, Улсын дээд шүүхэд бүртгүүлж чадаагүйнхээ төлөө хуульд өөрчлөлт оруулж байгаа нь зохисгүй явдал гэж үзэж буйгаа илэрхийлээд, хуулийн төслийг санаачлагчид нь буюу Засгийн газарт буцаах саналтай байгаагаа хэлэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан улс төрийн намуудыг бодлогын нам болгон төлөвшүүлэх үүднээс дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлэн шинэчлэх, бүртгэх асуудал ихээхэн чухал учир энэ талаарх боломж бүх намуудад тэгш байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Ажлын хэсэг боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хууийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Үүний дараа нь “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшинг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очирыг Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр тус тус батлахаар тусгасан байна. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тогтоолын төслийг уншиж танилцуулсны дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул батлагдсанд тооцлоо. Улсын Их Хурлын тогтоол батлагдсан тул эцсийн найруулгыг сонгов.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн 11, Улсын Их Хурлын тогтоолын дөрвөн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хууль, тогтоолын төслүүдийн талаарх  хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, төсөв хооронд үе шаттай, оновчтой зохицуулалт хийх зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд олон нийтийн болон хараат бус, хөндлөнгийн хяналтыг өргөжүүлж, сахилга бат, хариуцлагыг сайжруулж, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн боловсруулах үйлдвэрүүдийг татварын бодлогоор дэмжих зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төслийг дэмжих зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, төсвийн урсгал зардлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйл, хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Зөрчлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Соёлын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулах авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг, Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээл дэх арилжаанд оролцогчдын эрэлтийг нэмэгдүүлэх, жишиг хүүг тогтоох, хоёрдогч зах зээл дэх үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах зорилгоор “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах, байгаль, цаг уурын болон бусад болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус боловсруулжээ.
Эдгээр хууль, тогтоолын төслүүд батлагдсанаар бүсүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх татварын ялгаатай бодлогыг 2025 оноос эхлэн хэрэгжүүлж, бүс, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх, урсгал зардлыг бууруулах боломж бүрдэнэ гэж Сангийн сайд танилцуулгадаа тэмдэглэв.
Дээрх хууль, тогтоолын төслүүдийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг танилцуулсан юм. Байнгын хороо төслүүдийг өнөө өглөөний хуралдаанаар хэлэлцэж, эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож, төсөв хооронд үе шаттай оновчтой зохицуулалт хийн, импортыг орлох, экспортыг дэмжсэн татварын бодлогыг хэрэгжүүлэх, төсвийг алдагдалгүй байлгах зарчимд нийцүүлэн хэрэгжиж эхлээгүй байгаа зарим төсөл арга хэмжээг зогсоох, мөн Засгийн газрын дотоодын үнэт цаасны анхдагч зах зээл дэх арилжаанд оролцогчдын эргэлтийг нэмэгдүүлэх, жишиг хүүг тогтоох, хоёрдогч зах зээлд үнэт цаасны арилжааг эхлүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдийн засаглалыг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, бүс нутгийн хөгжлийг дэмжих, Ургамал хамгааллын тухай хууль батлагдсантай холбогдуулан Төрийн захиргааны байгууллагуудын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид өөрчлөлт оруулах, урсгал зардлыг бууруулж байгаатай холбогдуулан төсөвт хэмнэлт хийх арга хэмжээ авах зэрэг зорилгын хүрээнд боловсруулсан байх тул үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг үг хэлж, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулий төслийг хэлэлцэхээс татгалзахыг уриалсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хэрэгжилт болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээний талаар асуулт асууж, хариулт авсан юм. Сангийн сайд Б.Жавхлан түүний асуултад хариулахдаа хуулиуд амьдралаар шалгагдаж, болох, болохгүй нь ялгарч байдгийг онцлоод Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь өмнө хэрэгжиж байсан Концессын тухай хуулиар хувийн хэвшлийнхнийг ихээхэн хашраасан нь нөлөөлж байна гэсэн юм. Энэ талаар Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлж, өмнө алдаа гарсан байж болох ч түүний сөрөг үр дагаварыг одоо хэр нь төр засаг, хувийн хэвшилтэйгээ үүрээд байж болохгүй. Алдааг засах ёстой. Үүний тулд холбогдох саналыг боловсруулан Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэн, засаж залруулаад явах нь зүйтэй гэв.
Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төсвийн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарим зүйл, хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Соёлын тухай хуулийн зарим хэсэг, заалт хүчингүй болсонд тооцох тухай, Кино урлагийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзлээ. Иймд эдгээр гурван хуулийн төслийг хууль санаачлагчид буцаахаар шийдвэрлэж, тогтоол гаргав.
Харин хэлэлцэхийг дэмжсэн хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн эцсийн найруулгыг сонсгов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Огноо:

,

Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.

Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.

Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.

Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.

ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.

Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана

Огноо:

,

Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.

Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.

Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.

Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.

Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна

Огноо:

,

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.

Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.

Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.

Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.

Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.

АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.

Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Хэн юу хэлэв...2026/09/03

УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна...

Үйл явдал2026/09/03

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй б...

Үйл явдал2026/09/03

Монгол - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүү...

Үйл явдал2026/09/03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Үйл явдал2026/09/03

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Үйл явдал2026/09/03

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролц...

Үйл явдал2026/09/03

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Дэлхий нийтээр..2026/09/02

Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав

Үйл явдал2026/09/02

Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд з...

Үйл явдал2026/09/02

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцо...

Үйл явдал2026/09/02

Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Үйл явдал2026/09/02

Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга У...

Үйл явдал2026/09/02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэ...

Үйл явдал2026/09/02

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын ...

Үйл явдал2026/09/02

Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно...

Үйл явдал2026/09/02

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Үйл явдал2026/09/01

Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй б...

Үйл явдал2026/09/01

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашигл...

Үйл явдал2026/09/01

Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана

Үйл явдал2026/09/01

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Үйл явдал2026/09/01

Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Үйл явдал2026/09/01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Үйл явдал2026/09/01

Сэрэмжлүүлэг: Баавгайнаас болгоомжил

Үйл явдал2026/09/01

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Үйл явдал2026/08/31

Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл...

Үйл явдал2026/08/31

Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авр...

Үйл явдал2026/08/31

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулн...

Үйл явдал2026/08/31

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьд...

Үйл явдал2026/08/31

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор Киргиз Улсад ай...

Үйл явдал2026/08/31

С.Бямбацогт Монголын иргэдийн ЕХ-нд зорчих визийн нөхцөлийг хөнгөвчл...

Санал болгох