Тод мэдээ
Хилийн боомтын менежментийг хувийн хэвшилд хариуцуулна
Боомтыг хөгжүүлэх нь эдийн засагт маш том үр өгөөжөө үзүүлнэ гэдгийг өнгөрсөн хугацаан дахь хийсэн ажлуудын үр дүн баталсан.
Боомтуудын хөгжлийг дараагийн шатанд хүргэхийн тулд менежментийг хувийн хэвшилд даатгах зохицуулалтыг Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Боомтын менежментийг хувийн хэвшилд даатгаснаар богино хугацаанд хөрөнгө оруулалтууд хийгдэж, хүчин чадал нь сайжирч хөгждөг шилдэг туршлагууд Гүрж, Турк зэрэг улсуудад бий. Монгол Улсын хувьд ч энэ бол цоо шинэ зүйл биш. Тодруулбал, Чингис хаан нисэх онгоцны буудлын менежментийг хувийн хэвшил хариуцаж маш амжилттай, ашигтай ажиллуулж байгаа.
Тиймээс Боомтын сэргэлтийн үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа хувийн хэвшилд зарим боомтуудын менежментийг өгөх хууль эрхзүй, дүрэм, талуудын хүлээх үүрэг зэргийг “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХК”-ийн туршлага дээр суурилан гаргах уулзалтыг хийлээ.
Энэхүү уулзалтад тус компанийн Нисэх буудлын үйл ажиллагаа зохицуулалтын хэлтсийн дарга А.Баасандагва мэдээлэл өгсөн юм гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа
Нийслэлд сүүлийн нэг жилийн хугацаанд 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаж, тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд олгох ажлыг зохион байгуулсан байна. Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэвээс тодрууллаа.

Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төв ОНӨААТҮГ-ын дарга Э.Ниндэв “Улаанбаатар хотод 550-600 мянган тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлд бүртгэх тээврийн хэрэгслийн дээд хязгаарыг тогтоосонтой холбоотойгоор улсын дугаарыг сонголтоор олгодог байсныг болиулж, шинээр олгохыг зогсоосон. Тухайлбал, 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын дугаар огт олгохгүй байгаа. Энэ арга хэмжээг нэг жилийн хугацаанд авч хэрэгжүүлэхэд иргэдийн тээврийн хэрэгслийн чанар сайжрах зэрэг эерэг нөлөөг үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд иргэд автомашиныг гар утас шиг ашиглаж байсан. Харин одоо ашиглахаа больсон тээврийн хэрэгслээ хасуулдаг болсон. Бид нэг жилийн хугацаанд 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан. Шалгуураар улсын дугаар олгож байгаа энэ арга хэмжээ нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, агаарын чанарыг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа олон төсөл, хөтөлбөртэй уялдаж хэрэгжиж байгаа юм. 2025-2026 онд бүртгүүлэх цахилгаан тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байна. Өнгөрөгч онд 79 мянган тээврийн хэрэгсэл орж ирсэн байна. 2024 онд улсын хэмжээнд 170 мянган импортын бүртгэлийг хийжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд нийт тээврийн хэрэгслийн тоо өсөөгүй бөгөөд олгосон байгаа дугаарын хүрээнд тээврийн хэрэгслийн чанарыг сайжруулж байна. Улаанбаатар хотод авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээтэй холбоотойгоор том аймгуудад автотээврийн захтай болсон мэдээллүүд ирж байгаа. Орон нутгийн иргэд үүнийг мөн сайшааж байгаа юм” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, эх орондоо бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутнуудад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сурлагын өндөр амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа.
Тэр бээр олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглан, ажил, амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь гагцхүү оюутан залуусын хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарна гэдгийг хэллээ.
Олон улсын түвшинд өрсөлдөх боловсрол эзэмшиж, оюуны ганзага дүүрэн эргэж ирэх оюутнууд эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагч нар гэдгийг тодотголоо.
“Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” хөтөлбөрийн хүрээнд 1,052 оюутан АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Япон, Солонгос, Унгар, Литва, Турк, Энэтхэг, Вьетнам, Лаос, Куба, Казахстан гэсэн 21 улсын их, дээд сургуульд суралцаж байна.
Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.
Тод мэдээ
Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Израилын парламентын бүлгийн дарга О.Саранчулуун Израил Улсын Кнессетийн гишүүн, Кнессет дахь Израил-Монголын парламентын бүлгийн дарга Д.Илоүзтэй цахим уулзалт хийлээ.
Бүлгийн дарга О.Саранчулуун уулзалтын эхэнд энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, Монгол Улс Ойрхи Дорнодын улс орнууд, түүний дотор Израил Улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагаандаа ач холбогдол өгч, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа харилцан хүндлэл, ардчиллын үнэт зүйлс дээр тулгуурлан амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Израилын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд өндөр, дээд түвшинд болон яам, агентлагийн түвшинд төлөөлөгчдөө харилцан айлчлуулж, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол зэрэг салбаруудад хамтран ажиллаж ирснийг тэмдэглэлээ.
Түүнчлэн хууль тогтоох байгууллага болон парламентын гишүүд нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чухал гүүр болдог бөгөөд цаашид Израил Улстай хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, эрчим хүч, технологи, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, инноваци зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлов.
Бүлгийн дарга Д.Илоүзийн зүгээс хоёр талын парламентын бүлэг хоорондын анхны танилцах уулзалт амжилттай болсныг сайшааж, цаашид энэ харилцааг үргэлжлүүлэн хууль тогтоох байгууллага хооронд сайн туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байгаагаа тэмдэглэв. Мөн хоёр улсын хооронд болон Улаанбаатар, Тель Авив хотноо зохион байгуулагдах олон улсын хурал чуулганд Израилын тал идэвхтэй оролцоход бүлгийн даргын зүгээс онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
-
Тод зураг2019/10/29
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
-
Тод мэдээ2019/09/12
Ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар боллоо
-
Тод мэдээ2022/03/17
Улсын хэмжээнд 2022 онд нийт 32358 иргэнд 3937.3 га газрыг гэр бүлийн хэрэгцээни...
-
Тод индэр2025/05/26
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа













