Хэн юу хэлэв...
Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай холбоотой дайны асуудлаарх шүүмжлэлийг үгүйсгэж, энэ нь түүний сонгуулийн кампанит ажлын үеэр хэлж байсан “шинэ дайн эхлүүлэхгүй” гэх байр суурьтай зөрчилдөхгүй гэж мэдэгдлээ.
Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, Трамп NBC телевизийн “Meet the Press” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагынхаа үеэр хэрэв дахин Ерөнхийлөгчөөр сонгогдвол дайн гарахгүй гэж баталгаа өгөөгүй хэмээн тайлбарласан байна. Уг ярилцлага 2026 оны зургаадугаар сарын 5-нд Висконсин мужид бичигдэж, зургаадугаар сарын 7-ны ням гарагт олон нийтэд цацагджээ.
Трамп Ирантай хийж буй дайныг “эцэс төгсгөлгүй дайн биш” гэж тодорхойлоод, энэ мөргөлдөөн гурван сарын турш үргэлжилж байгааг дурдсан байна. Тэрбээр Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх нь АНУ төдийгүй дэлхий нийтийн эрх ашигт нийцсэн алхам байсан гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Мөн тэрбээр анхны бүрэн эрхийн хугацаандаа Барак Обамагийн засаг захиргааны үед байгуулсан Ираны цөмийн хэлэлцээрээс АНУ-ыг гаргасан шийдвэрээ хамгаалсан байна. Трампын хэлснээр, илүү сайн хэлэлцээр байгуулахад олон жилийн хугацаа шаардлагатай аж.
Ярилцлагын үеэр Трамп Калифорни мужийн санал тооллоготой холбоотойгоор сонгуулийн луйвар гарсан гэх мэдэгдлээ дахин давтжээ. NBC-ийн хөтлөгч Кристен Уэлкер уг мэдэгдэлд нотолгоо шаардахад тэрбээр бухимдсан байна.
Түүнчлэн Трамп татварын мэдээлэл нь алдагдсантай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэх хүрээнд байгуулахаар яригдаж байсан 1.8 тэрбум ам.долларын сангийн төлөвлөгөөг хамгаалжээ. Уг сан нь Трампын холбоотнуудад нөхөн төлбөр олгох зорилготой байсан ч АНУ-ын Хууль зүйн яам төлөвлөгөөг цуцалсан байна.
Ярилцлагын төгсгөлд Калифорнийн санал тооллого болон дээрх сангийн талаар дахин асуухад Трамп хэвлэл мэдээллийг шүүмжилж, ярилцлагыг гэнэт дуусган, микрофоноо тайлаад явсан гэж Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлжээ.
Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд СОР17 бага хурлын бэлтгэл, төслийн талбай дахь бүтээн байгуулалтын явцтай танилцав
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Ерөнхий сайд Н.Учрал тус хурлын бэлтгэл болон төслийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцлоо.
СОР 17 нь Монгол Улсад дэлхий нийтийн анхаарал, хөрөнгө оруулалт, туршлага, дэвшилтэт технологийг татах, цөлжилттэй тэмцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал арга хэмжээ юм.

Уг бага хурлыг Ногоон болон Цэнхэр бүс гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан, тус бүрийг өөр өөр агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн 190 орчим орны 2,000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд буй СОР17 бага хурлын ач холбогдлыг иргэдэд таниулах ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайдН.Учрал үүрэг болголоо. Мөн бага хурлын зохион байгуулалттай холбоотой санхүү, төсвийн мэдээллийг олон нийт болон шийдвэр гаргагчдад ил тод, нээлттэй байлгахыг холбогдох албаныханд даалгав.

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэл, сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвийн ажиллах хуваарь зэрэг шаардлагатай мэдээллийгнаймдугаар сарын 1-нээс өмнө иргэдэд хүргэж ажиллахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриатай СОР17 бага хурал нь Монгол Улсын Засгийн газрын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилтуудыг олон улсын түвшинд уялдуулах чухал алхам болох юм.
Малчдын төлөөллийг тус хуралд оролцуулж, тэдний санал, хүсэлтийг олон улсад хүргэх ёстой гэсэн саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлж байлаа.










Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






Хэн юу хэлэв...
Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.
Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.
Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
-
Үйл явдал2021/06/07
Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын явуулын 12, суурин 41 цэг ажиллана
-
Дэлхий нийтээр..2024/02/14
“Экспортод гаргах зэсийн баяжмалын цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлэг...
-
Тод зураг2020/01/31
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
-
Дэлхий нийтээр..2023/04/06
Б.Энх-Оргил "ONE championship"-ийн анхны тулаанаа Филиппиний Адонис Се...
