Дэлхий нийтээр..
Төмөр зам, эрчим хүчний томоохон төслүүдийн хэрэгжилтийн явцтай танилцав
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр болж, Төмөр зам, эрчим хүчний томоохон төслүүдийн хэрэгжилтийн явцтай танилцав.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 09 дүгээр сарын 3-4-ний өдөр Дорноговь, Өмнөговь аймагт ажиллан газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, Тээвэрчдийн үйлчилгээний цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан. Энэ талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан:
- Тавантолгойн нүүрсний ордын гадаргуугийн ерөнхий төлөвлөгөөг энэ ордод түшиглэсэн аж үйлдвэр, дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан гаргах
- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар танилцуулж, тусгай зориулалтын компани байгуулах, хувь эзэмшлийг нь тогтоох, шаардлагатай үлдэгдэл хөрөнгийг санхүүжүүлэх тухай хэлэлцүүлэх
- Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станц барих талаар холбогдох арга хэмжээ авах, шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргуулах
- Өмнийн говийн бүтээн байгуулалтад гадаргын болон гүний усыг байгаль, экологийн танцвэрийг алдагдуулахгүйгээр зохистой ашиглах нөхцөл, боломжийн талаарх эдийн засаг болон эрх зүйн үндэслэл, танилцуулга хийх
- “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгө оруулсан, санхүүжүүлсэн төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, зарцуулалтад хяналт шалгалт хийх зэргийг холбогдох сайд, агентлаг болон аймгуудын Засаг дарга нарт даалгав.
Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр зам
Сайншанд-Баруун-Урт, Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт” чиглэлийн 846 км төмөр замыг барихад 1,1 тэрбум ам. доллар шаардлагатай. ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон зүүн бүсийн босоо тэнхлэгийн энэ төмөр замыг барих бэлтгэл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Газрын тос боловсруулах үйлдвэр
Талбайн тэгшлэгээний ажлыг ирэх сарын дундуур дуусгахаар төлөвлөсөн. Хүхэр, устөрөгч ялгах байгууламжийг барихаар Франц, Итали, Шведийн дэлхийд нефть-химийн салбарт тэргүүлдэг компаниуд материалаа ирүүлсэн байна.
Эдгээр лицензтэй технологийн байгууламжуудыг 2022 оноос, лицензгүйг ирэх оноос барьж эхлэх юм. 549 айлын орон сууц, оффис үйлчилгээ, үйлчилгээний төв, ажилчдын хооллох газар, сургууль, цэцэрлэг бүхий хотхоныг 2019 оноос барьж байгаа. Ирэх 11 дүгээр сард заримыг нь, 2024 оны зун бүрэн ашиглалтад хүлээн авахаар төлөвлөөд байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам
Бүтээн байгуулалтад дотоодын 94 аж ахуйн нэгж, 6000 гаруй инженер, техникийн ажилчин, 2900 техник оролцож байна. Доод бүтцийн газар шорооны ажил 99 хувь, хоолойн ажил 97, зөрлөгийн барилга 73, өртөөний барилга 41 хувийн явцтай. Дээд бүтцийн 54 км-ын ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН, 15.8 км-ыг Зэвсэгт хүчний жанжин штаб гүйцэтгээд байна.
Төмөр замын 27 байршилд тавих 2500 орчим метр урт гүүрийн ажлын явц 73, эрчим хүчний шугамын ажил 60 хувь хүрчээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН 11 дүгээр сарын 30-ны дотор дээд бүтцийн барилга, угсралтаа дуусгахаар төлөвлөсөн байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр зам
Төмөр зам баригдсанаар жилдээ 30 сая тонн нүүрс тээвэрлэх бөгөөд энэ нь автомашинаар тээвэрлэснээс дөрөв дахин бага зардал гаргана гэсэн үг юм. Замын доод бүтцийн газар шорооны ажил 95, хоолой 98.5, гүүр 37, дээд бүтцийн ажил 32 хувьтай. Одоогоор 73 км зам тавиад байна.
Тээвэрчдийн хотхон
Тавантолгойн нүүрсний уурхайн аман дээр үүсдэг тээврийн хэрэгслийн урт дараалал, эмх замбараагүй байдал, жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2018 оны 07 дугаар сараас барьж эхэлсэн.
1000 автомашины зогсоолтой, 500 хүнд нэг зэрэг үйлчлэх хүчин чадалтай, иж бүрэн цогцолборын “Ачилт хүлээлгийн талбай”, шатахуун түгээх гурван станцын ажил үндсэндээ дууссан. Жолооч нарын амрах байр, халуун ус, эмнэлэг, зоогийн газар, худалдаа, ахуйн үйлчилгээний төв зэрэг барилгын ажил 67, захиргаа, зочид буудал, авто оношлогоо, авто засварын газрын ажил 70 хувьтай байна.
“Тайван зогсоол” цогцолбор
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг 14 мянга гаруй жолооч эрүүл, аюулгүй орчинд амрах, хооллох, төрийн үйлчилгээг нэг дороос авах, амралт, чөлөөт цагаа зөв өнгөрөөх зорилгоор 2018 оны 09 дүгээр сараас цогцолборыг барьж эхэлсэн. Цогцолбор ашиглалтад орсноор том оврын 2500 тээврийн хэрэгсэл /60 км урт дарааллыг хүлээн авах боломжтой, камерын хяналтын систем, харуул хамгаалалттай, бүрэн гэрэлтүүлэгтэй/ байрлах авто зогсоолтой болно.
Зам талбай, гэрэлтүүлэг, гэрэлт цамхаг, уурын зуух, цахилгаан дамжуулах шугам, цэвэр усны шугам, өндөр хурдны шилэн кабель зэргийг ашиглалтад оруулсан. Мэс засал, сэхээн амьдруулах, үзлэгийн өрөө, эмийн сан, ЭХО, хэвтэн эмчлүүлэх тасаг зэргээс бүрдсэн 34 өрөөтэй эмнэлэг, 418 ортой зочид буудал, нэг зэрэг 40 хүнд үйлчлэх халуун ус, саун, угаалгын газар, хоногт 5000 хүнд үйлчлэх зоогийн газар, төрийн нэг цэгийн үйлчилгээ, ахуйн үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех зэрэг барилгын ажлыг энэ онд дуусгаж цогцолборыг ашиглалтад хүлээн авах юм.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2021/07/05
Саун, бассейн, фитнес, амралтын газруудтай Хариуцлагын гэрээ байгууллаа
-
Дэлхий нийтээр..2025/10/24
“Гермес” төвийн нүхэн гарцыг барихдаа их бие буюу туннелийг түлхэж оруулах т...
-
Үйл явдал2020/10/09
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
-
Чөлөөт бүс2021/09/03
Хэзээд залуугаараа...
