Тод мэдээ
Covid-19: Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зөвлөж байна!

Онцгой байдалд редакцын баримтлах ёс зүйн зарчим
COVID-19 онцгой нөхцөл байдлын үед иргэдэд худал мэдээлэл тарахаас сэргийлэх, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагыг хэвлэлийн эрх чөлөөнд халгүйгээр үйл ажиллагаагаа саадгүй явуулахыг дэмжих зорилгоор Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс дараах зөвлөмжийг хүргэж байна.
Онцгой нөхцөлд хэвлэл мэдээллийн редакцууд мэргэжлийн түвшинд, ёс зүйн зарчмаа баримтлан ажиллаж, бодит мэдээлэл түгээснээр олон нийтийг зөв үйлдэлд чиглүүлнэ. “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг өдөр тутмын сэтгүүл зүйн үйл ажиллагаандаа чанд сахин мөрдөхөөс гадна дараах ёс зүйн зарчмуудад онцгойлон анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.
- Үнэн бодит байдлыг эрхэмлэх: Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийн үнэн зөвийг таних эхний алхам нь мэдээллийг түгээгч нь найдвартай, баталгаатай эх сурвалж мөн эсэхийг нягтал. Мэдээллийг түгээхдээ хүнлэг байх, олон нийтийг айдас, хүйдэс, эрсдэлт таагүй нөхцөл байдал руу хөтлөхөөс болгоомжилж, зөвхөн үнэнд нийцсэн мэдээллийг түгээхэд анхаарна.
- Олон ургальч мэдээллээр хангах: Албан ёсны эх сурвалжийн мэдээллээс гадна эрүүл мэндийн чиглэлийн эрдэмтэн судлаачдын байр суурь, халдвар судлалын шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл зэрэг баримт бичгүүд, халдварт өвчин нь нийгмийн бусад салбарт хэрхэн нөлөөлж буй талаарх судлаачдын ажиглалт, тандалтыг олон нийтэд түгээж, тэдний шийдвэр гаргалтад зөвөөр туслахыг хичээнэ.
- Мэдээллийг дахин дахин нягтлах: Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Баталгаатай, найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч, уг мэдээллийг үнэн бодитой эсэхийг ердийн үеэс ч илүү давтан нягтал. Мэдээллийг нягталж шалгахдаа олон талын эх сурвалжаар харилцан баталгаажуулах, тохирох гол эх сурвалжийг сонгоход онцгой анхаар.
- Ялгаварлан гадуурхахгүй, доромжлохгүй байх: Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, эрүүл мэнд, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгож болохгүй. Ялангуяа коронавируст халдварыг хэн ч тусах эрсдэлтэй нөхцөл байдалд халдвар туссан, сэжигтэй, эмчлэгдсэн тохиолдлууд болон гадны иргэд, гадаадаас ирсэн Монгол иргэдийн талаар мэдээлэхдээ ялгаварлан гадуурхсан, гутаан доромжилсон, үзэн ядсан, буруутгасан өнгө аяс, үг хэллэгийг ашиглахгүй байхыг эрмэлзэнэ.
- Хувийн нууцад хүндэтгэлтэй хандах: Бие болон сэтгэл санааны эмгэг, эрүүл мэндийн тухай мэдээлэл нь хувийн нууцад хамаарах тул тухайн хүний болон асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхийг цээрлэнэ. Ялангуяа коронавируст халдвараар өвчилсөн, сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн хүмүүсийн овог нэр, гэрийн хаяг, сургууль, ажлын газрын байршил, гэр бүл зэрэг тухайн хүнийг таниулах мэдээллийг олон нийтэд түгээхээс түдгэлзэнэ.
- Залруулга хийх, уучлал гуйх: Өдөр тутмын мэдээлэл тогтмол шинэчлэгдэж, олон нийтийн анхаарал нэг асуудалд чиглэсэн онцгой нөхцөлд сэтгүүлчид ажиллаж буй тул мэдээ, сурвалжилгадаа баримтын ямар нэг алдаа гарсан бол тэр даруйд нь шуурхай засч, залруулгыг нийтэлж нэвтрүүлэх, хэн нэгний нэр төрд санамсар болгоомжгүйн улмаас халдсан, буруу ташаа мэдээлэл түгээсэн бол уучлал гуйх нь урьд урьдынхаас ч илүү чухал болоод байна.
Ёс зүйн зарчмаа баримталцгаая!
Хэвлэл мэдээллийн зөвлөл
Тод мэдээ
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,
- Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
- Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.