Тод индэр
Миний Монголыг харийнхан санаархаад...
Нэгэн цагт дэлхийн талыг эзэгнэн байсан Монголын их гүрэн... “ Могой гурав хуваагдсан ч гүрвэлийн чинээ үлдэнэ” гэгчээр Өвөр монгол, Буриад монголоо хойд, урд хоёр хөршдөө алдсан ч Ар монгол гэх бидний өлгий нутаг Монгол улс газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд эхний хорин улсын жагсаалтанд өлхөн /уг нь арван долоод.../ багтаж байгаа билээ.
”Монгол мориор давхиад гүйцэмгүй, уудам дэлгэр орноо” хэмээн ардын уран зохиолч, төрийн соёрхолт С.Дашдооров “Монгол” хэмээх алдарт найраглалдаа бахархан дуулсан нь бий.
Гэтэл одоо юу гээчийн аюул занал нүүрлэх нь энэ вэ? Мориор давхиад барамгүй уудам дэлгэр эх орондоо явгаар явах ч аргагүй аюул нүүрлэж тэр ч атугаа хэтдээ гишгэх газаргүй болчих юм биш биз ээ гэсэн айдас эх нутгаа гэсэн монгол хүн зоны зүрхийг түгшээж эхэллээ.
Анхаар! Хятадууд Монголоо авна гэнэ.Энэ нэг дэл сул яриа зөвхөн эдүүгээ ч яригдаж байгаа юм бишээ.2040-2050 оны хооронд Хятад улс Монголыг авна гэх утга учир бүхий дэл сул яриа дэлхий дээгүүр дэгдсээр удаж байгаа биш билүү?
Харин энэ үг одоо бүр эрээ цээрээ алджээ.2020 оны 9 дүгээр сарын 14 –ны Цахимаар:/фс-д/ Хятадын Ардын Их Сургуулийн ОУХС-ийн орлогч эрхлэгч Жин Шан гэгч хижээл насны хятад эр хэрхэн юу гэж ярьсаныг сонордуулая!!!
“МОНГОЛЫГ БИД БУЦААН АВАХ БОЛНО.
Хятадаас алс буй өвөг дээдсийн Чин гүрний өгсөн улсыг Орос улс буцааж өгөх болно.Өөрийн 1 сая 500 мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийг хэрхэн авах вэ? Яаж авбал болох вэ?
Хятад хүмүүс зүүн хэсэгтээ багтаж шингэхгүй болоод байна.Буцаан авах асуудлыг шийдэх гарц байна.Гадаад монголын тусгаар байгаа гол шалтгаан бол орос улс.ОХУ-тай тохирч буцааж авах боломжийн талаар хөндөх байх гэж би итгэлтэй байна” гэжээ
Монголыг Манж Чин улс эзлэн түрэмгийлж ард олныг нь тамлан тарчлааж, зусар зулгуйч, урвагч, ноёдод эрх ямба,хэргэм цол сайшаан шагнаж, тэднийг өөрийн талд морь нохой мэт зүтгүүлснийхээ хүчинд монголыг захирч ард олныг нь залхаан тарчлааж байсан түүхийн улбаа бий. Тэгэвч монголчууд манжийн дарлалыг устган чөлөөлөгдөж, улмаар ардын хувьсгал ялж ардын эрхэт төр улсаа байгуулсан азийн анхны социалист улс болоод нэгэн зууныг үдэж байгаа атал Чин гүрний өгсөн улсаа авна гэж бурж байгаа нь аюул занал айсуй гэдгийг хүн бүхэн цочирдон эмзэглэх цаг нэгэнт тулаад иржээ
Манж Чин улс монголыг эзлэхдээ ч зэр зэвсэг агсаж, цус урсгасан дайн тулаан хийж эзэлсэн биш билээ. Монголчууд өөр хоорондоо тэрсэлдэж, баруун зүүнээрээ талцаж, ноён урваач нохой шарваач гэдгийн үлгэрээр зарим ноёд нь Манжид ая тал засаж, ар өвөрт нь гарч урваж хөрвөж, яс горьдсон гөлөг шиг зусардаж зулгуйдсаны гай ланчигаар Манжийн эрхэнд нь орсоныг түүх гэрчлэнэ.
Яг л өнөөгийн энэ улсаа зарж үрж, байгалийн баялагаа үнэгүйдүүлж, эсвэл хээл хахууль авсан болоод харь газрын хар элэгтэнд ая тал засаж монгол эх орноо самардаж буй нүгэлт нөхдийн үйлдэлд л дулдуйдан Хятад улс монголоо авна гэж ам бардам ярьж байгаагийн учир шалтгаан оршиж буйг нуух юун.
Хэрэв монголчууд газар нутгаа лиценз нэртэй алга дарам цаасан дээр тамга тэмдэг тавьж баталгаажуулсан болоод хэн дуртай, эдийн шуналтай, арга зальтай, албан тушаалтангууд нь зарж үрээгүйсэн бол эдүүгээ Манж Чин улсын бидэнд өгсөн 1,5 сая хавтгай дөрвөлжин газраа авна гэж хэн нэгэн хятад хэл амаа билүүдэж сууна гэж үү?
Монголыг хятадад өгсөн мэт хэлээд байгаа тэр Манж Чин улс гэдэг нь хаана байна. Манж гэх хэл ч байхгүй /хятадад ууссан/,Манжийнх гэх хил ч байхгүй, Манж Чин улс ч гэж байхгүй байтал сөнөсөн галт уул хэзээ мөдгүй дэлбэрнэ гэх шиг дэмий солиорохын хэрэг юун билээ. Тэгэвч энэ үг эх орноо эзэгнэж чадахгүй энд тэндээс нь өм цөм таслан харийн хүмүүсийн хараа хяналтанд өгч хашаа хүрээ бариулан,хашаа нь хятад харуултай хятад эзэнтэй, газар нутгийг нь эзэгнэн гарсан баялагийг нь гадаад руу зөөгөөд байгаагийн халхамж үг гэж хэлж болмоор. Энэ бүхнийг эрэгцүүлэн бодвоос Жин Шан гэгч хятадын хэлсэнчлэн Чин гүрэн ар монголыг хятадад өгөө ч үгүй.Өгөх гэсэн ч Ар монгол Чин гүрний харяалалд үлдээ ч үгүй! Ар монголд 1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж Манж Чин гүрнийг төлөөлж суусан манжийн амбаныг эдүүгээгийн Завхан нутгаас хөөж гарган, улмаар 1921 онд ардын хувьсгал ялснаар Азийн анхны ардчилсан бүгд найрамдах улс болсон.1961 онд НҮБ-ын гишүүн улс гэдгээ дэлхий даяханаар баталгаажуулсан миний монголыг Оростой тохиролцоод авч өгдөг эд бараа шиг эндүүрч ярих нь яршиг л санагдана.
Харин монголчууд бид “ Ардчилал, хүний эрх,эрх чөлөө” гэх сайхан үгсийн далбаан дор дайгдан юу гээчийг хийчихэв дээ гэж халаглан хэн нэгнээ хардаж сэрдэхээс өөр аргагүй байдалд хүрч байна.
Хаана амьдарах нь хүний эрх гэж атар зэлүүд хөдөөдөө амар тайван аж төрж байсан нүүдэлчин монголчууд хувьчлалаар авсан хэдийгээ үрэн таран хийчихээд, улсын нийслэл Улаанбаатарын зүг их нүүдэл эхлүүлж эсгий гэр. модон амбаараар нийслэл хот маань хаяагаа тэлжээ. Хот хөдөөд зорчиход зам явах, оршин суугаа газраасаа засаг захиргааны зөвшөөрөл авсан тохиолдолд шилжих хөдөлгөөн хийх нөгөөх хууль дүрмээ хуучин нийгмийн хүнд суртал гээд гээгдчихсэн.
Зах хязгаар нутгийнхан төврүүгэээ нүүдэллэж төвхнөөд авсан.Цөөхөн монголчуудын цомхон бөөгнөрөл гэмээр амьдрал эхлэж зах хязгаар нутаг үндсэндээ эзгүйрсэн ч гэж хэлж болмоор.
Бурхангүй газар бумба галзуурна гэгчээр эзгүй зэлүүд газар шаахайтай Дааяа, Шанхан хамартай шар царайтай үг хэл нь үл ойлгогдох хүмүүс газрын наймаа хийнэ гэж гүйлдсэн.Ганзагын наймаа л хийж бор ходоодоо борлуулах санаатай орос хятадын хил гаталж богц үүрч хувцас хунар борлуулсан гэх хэдэн доншуур наймаачдаа л баян гэж эндүүрсэн хэрэг биз.Газрын наймаачингууд бол ганзагын наймаачдаас их дээгүүр зиндааныхан байж гэдгийг одоо хагас хугас ч билээ ойлгож эх орон газар нутгаа зарчихсан байна гэж халаглан давалгаалж байх шиг./ Цахим ертөнцөд иймэрхүү хэрүүл, хэн нэгнийгээ дайрч давшилсан хэл ам тасрахаа больсон байна/
Тэр цагт газрыг эргэлтэнд оруулж улс орон хөгжинө, баяжина гэж ухуулан таниулагчид ч мундахгүй олширсон л доо.Тэгэхдээ тэр нөхдийг эдүүгээ нэрлэж хэрүүлийн бузар шуурга дэгдээхээ ч хүлээзнэе.Аягүй бол хоолойн дээр хутга, хошногон дээр жад гээч юм болох байлгүй.
Газрын наймаа эхлэсэн үед эх оронч О.Дашбалбар,М.Зэнээ нараас авахуулаад монголынхоо газар шорооны төлөө тэмцэгч иргэний хөдөлгөөний олон шудрага хүнийг нэрлэж болно.О.Дашбалбарын “ Газрын төлөө тулаан эхэллээ” , М.Зэнээгийн “Монголоороо л үлдэх юмсан” хэмээх номнууд бол болж өнгөрсөн буруу, зөвийг тунгаах үнэнч шудрага эх орнчдийн хийсэн тэмцэл, хэлж захиж үлдээсэн гэрээслэл гэлтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, газрыг эргэлтэнд оруулж байж хөгжих тухай ухуулга таниулганд учраа олохгүй мансуурсан тухайгаа эргэн дурсах ч бас л оройтжээ.Тэртэй тэргүй монголын газар нутгаас гаднынханы гарт оржээ гэдгийг өөрт олдсон ганц нэг жишээ баримтаар ойлгуулахыг хичээе.
Хэн дуртай бурдаг хятадын амнаас” Монголоо авах болно” гэж итгэлтэйгээр дайжигнаад байгаагийн хамаг учир энд л байгаа юм биш биз хэмээн болгоомжлуулахын үүднээс энэ тухай чадах ядахаараа хөндөхөөр шийдсэн хэрэг.
Тэгэхдээ аль үнэтэй цэнэтэйн нь бүр тодруулж хэлвээс алт мөнгө,аринжин зэс, асдаг занар, ус шиг оргилох нефт, уулс тэр чигтээ төмрийн хүдэр, эрдэнэсийн чулуу гэх эд баялагаа, орд газруудаа сорчлоод лиценз гэх нэрээр гадныханд гараа сарвайж, алгаа дэлгэжээ.
Могойн голын нүүрсний орд. Могойн голын чулуун нүүрсний орд нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт оршино.Уурхайн ордын үндсэн талбайд 66 мянган га газрыг эзэлдэг. Байгалийн үзэсгэлэнт Хөвсгөл аймгийн нутагт орших энэ ордыг түшиглэн 60 мгвт-ын хүчин чадалтай дулааны станцыг Хятадын хөрөнгө оруулалттай” Шинэ Ази Манинг” групп байгуулахаар 2011 онд Төрийн Өмчийн Хороотой Концессын гэрээ байгуулан зөвшөөрүүлжээ.
Тодруулга хийхэд томоохон нүүрсний ордыг хэсэгчлэн хувааж лиценз олгосон явдал монголоор дүүрэн гэж хэлж болохоор үйлдэл хийсээр өнөөг хүрчээ.Энэ хүү зөрчилтэй давхцалууд нь стратегийн ордод нэр дэвшсэн 39 орд газарт түгээмэл болжээ. Тухайлбал социализмийн үед тогтоосон нөөцтэй хэсгийг тойроод олгосон лицензийн талбай дээр их хэмжээний нөөцтэй ордууд илэрсэн тохиолдол түгээмэл болжээ.Тэдний нэг нь Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” компанийн Овоот төсөл юм. Австралийн бирж дээр ASX-AKM кодоор үнэт цаасаа арилжаалж буй энэ компанийн мэдэлд монгол дахь эзэмшилийн 11 лиценз байдаг ажээ. Харийн нутагт миний монголын газар шороог эзэмшилдээ авчихаад үнэт цаасаар арилжаалж байна гэдэг юу гэсэн үг вэ?
Үүнээс үр дүнгээ өгсөн нь ганцхан Овоот юм. Овоот нь Мөрөнгөөс баруун тийш 160км–т орших бөгөөд 500 гаруй км талбайг хамарсан З лицензтэй ажээ.Төслийн хамрагдсан газрын нэг хэсэгт нь л гэхэд JORC стандартаар тогтоогдсон 330.7 сая тонн коксжих нүүрсний нөөцийг тодорхойлсон бөгөөд 275.7 сая тонн нь баттай бөгөөд бодитой ангилалд багтдаг.Энэхүү овоотын орд газрын нилээд хэсгийг улсын төсвөөр хайгуул хийж тогтоосон хэмээн Могойн гол орон нутгийн өмчит компанийнхан шийдүүлэхээр зарга хийдэг ч эзэмшилдээ авч чадахгүй байгаа ажээ.Гадныханд лиценз олгоод нэгэнт өгчихсөн л бол буцааж авна гэдэг бараг үгүй гэдгийн нэг бодит жишээ баримтаараа энэ гэж хэлж болох .
Зээгтийн хүрэн нүүрсний орд. Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт оршино.Социализмын үед улсын хөрөнгөөр анх хайгуул хийсэн.Орон нутгийн чанартай ашиглагдаж байсан. Одоо”Гоби коул энд энержи” компани үйл ажиллагаа явуулж байгаа.Энэ нь гадаадын хөрөнгө оуулалттай компани юм байна.Вержинийн арал дээр бүртгэлтэй тус компани Зээгтийн нүүрсний орд дээр1997 онд 905А ашиглалтын лиценз авчээ.Мөн тус ордын Шар хоолойн хэсэгт 11965А,14217А гэсэн хоёр лиценз нэмж авсан байна.ЖОРК –оор 93 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй орд.мөн энд хайгуулын лицензтэй хэд хэдэн компани байна. Зээгтийн өвөрт . га газарт ХҮ-016740 хайгуулын лицензтэй бол лицензийн тоогоороо тэргүүлдэг “Тефис майнинг” компани хайгуулын 4 лиценз эзэмшиж байгаа .
Баргилтын төмрийн хүдрийн орд Хэнтий аймгийн Дархан сумын нутагт байдаг.Монгол оросын “Монголросцветмет”нэгдлийн эзэмшилд байдаг. Харин хүдрийн биетийн зүүн хэсэг Y-С, YI-С блокуудад “Голден зүен интернешнл”ХХК хайгуул явуулж байгаад ашиглалтын тусгай зөвшөөрлөө хятадын хөрөнгө оруулалттай “Лут чулуу” компанид шилжүүлсэн байна.
Төмөртолгойн төмрийн хүүдрийн орд. Дархан-уул аймгийн Хонгор суманд оршдог.Дарханы ган төмөрлөгийн үйлдвэрийн гурван орд газрын нэг нь юм.1960 онд оросын геологчид хайгуул хийсэн “Хар мөрөн Монгол” нэртэй хятадын компанид эхлээд хайгуулын лиценз өгөөд сүүлд нь ашиглалтын леценз болгочихсон маргаатай байх үед АМХЭГ-ын дарга Лу.Болд 2005 онд Төмөртолгой уулын лецензийг цуцалж Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн мэдэлд шилжүүлсэн.Анхнаасаа энэ ордыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн түүхий эдийн баз болгохоор төлөвлөсөн байсан хэдий ч хувийн ашиг сонирхолтой хүмүүсийн явцуу эрх ашигт зохицуулагдан хятадын компанид шилжсэн удаатай гэх.2009 оноос ил аргаар олборлож эхэлсэн. Олборлосон хүдрээсээ Хятадруу гаргадаг гэсэн мэдээлэлтэй.
За тэгээд цааш нь но-той ,ноцтой мэдээ мэдээлэл олох гэсэн боловч мөхөс надад олдох янзгүй. Ер нь газар нутгаа гаднынханд үрж зарах ажлыг монголчууд өөрсдөө оройлон гүйцэтгэдэг болох нь ч тодорхой .Нийтэд тодорхой орд газруудын талаар бага сага мэдээлэл олдовч хувийн компаниуд леценз авч гадныханд шууд зардаг тогтолцоо нэг үе газар авсан явдал өнөөгийн монгол улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ноцтой уршиг уджээ
Энэ бүхэн хөл хөөр болж арилжаа наймаа хийж, ашиг хонжоо олох гэж нүдээ ухаж өгөх нь холгүй улайрсан, улаан луйварчингуудад эх нутгаа алга дарам цаасан дээр “Лиценз” гэх нэрээр харийнханд зардаг, өгдөг хуудуутай нь аргагүй хуультай болсны хар гай.
Өнөөгийн монголчуудын өвлөж үлдсэн энэ газар нутгийн төлөө бидний өвөг дээдэс халуун амиа үл хайрлан, үйл тамаа эдэлж явсан ганцхан жишээг дурдахад яс яайрах шиг болж,элэг эмтрэх бусуу. Тухайлбал манжийн дарангуйлалын эсрэг зэвсэгт бослого удирдан боссон эх оронч Чингүнжавыг хэрхэн зовоон тарчлааж тамласныг л дурьдахад хангалттай юм шиг санагдана.Манж нар Чингүнжавыг 1756 оны 11 сарын 26-нд одоогийн Хөвсгөл аймгийн нутаг Халхын эх Жангаст гэдэг газраас баривчлан Бээжинд аваачиж 81 зоосны нүхээр сүвлэн арьс махыг нь сийчин сэглэж, амьдаар нь өвчүүг нь хадаж, хамгийн сүүлд толгойг нь тас чавчин алжээ.
Эдүүгээ Улсын нийслэл Улаанбаатар хотноо 4 дүгэээр хороолоолд “Эх оронч Чингүнжавын хөшөөнд “Төр үр хоёр минь мөнх оршиг” хэмээн бичсэн буй.Тэгэвч эцгээ алдаад өнчирч үлдсэн хоёр хүү нь II богд Жэбзүндамба хутагтад найдлага тавьж ивээл халамжинд нь амь хоохойлж суусныг Түшээт хан аймгийн Сүжигт гүний хошуу*-ны засаг ноён Сандувдорж Манжид мэдүүлснээр түүний хоёр хүү болох Цэсүрэндорж нарыг баривчилж ,хэдийгээр II Богд амь өршөөх тухай захидал хамт дайсан ч Манжийн хаан “Төрийн цаазнаас амь хэлтрүүлж чадахгүй,сүнсийг нь харин аварч болно гэсэн хариу өгч Чингүнжавын хоёр хүүг цаазалсан эмгэнэлт түүхийг мартсан гэж үү? Эх орон газар нутгийнхаа төлөө бидний өвөг дээдэс үеийн үед үхэл сөрж, үр хүүхдээ ч зольж үйл тамаа үзэж, үлдээж өгсөн газар нутгаа гадныханд зарж, үрж ганцхан өөрөө баяжина гэсэн бодолтой ухар мөчид урвагчдаар улс орон минь төр засгаа түшүүлсэн хэрэг үү?.
Манжийн дарангуйлалын эсрэг ил, далд элдэв аргаар тэмцэж, оросын цагаан хаанаас тусламж гуйх ажлыг ч зохион байгуулж явсан Чин Ван Ханддорж манж нарын араанд зуугдан занаанд орж, нялх балчир хүүгийнхээ цааздагдаж тасдуулсан толгойг тэврээд эх нутгийнхаа зүг элэг зүрхээ сэглэн аргамаг хүлгийнхээ туурайнаас очис маналзуулан замгүй газрын заагийг барьж хад чулуун дээгүүр харвасан сум шиг эрчлүүлж явахдаа:
“Жагар, түвдийн орноос ширээний лам залахгүй
Жанж - хүүгийн даваанаас нааш шаахайны мөр гаргахгүй” хэмээн тангарлаж явсныг дэмжихээ болиг гэхэд марталгүй санаж, анхааралтай хандаж болдоггүй юм уу?
Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг!! Эзэн дээдсийн зарлиг мэт энэ эрхэм үг үеийн үед, үргэлжийн мөнхөд монгол хүн бүрийн чандлан сахих тангаргийн үг биш гэж үү.Газар нутагтай байж улс орон оршин тогтноно. Эмжиж захалсан дархан хилтэй, эрх дархаа баталгаажуулсан үндсэн хуультай,дээрээ ноёнгүй, дэргэдээ зарцгүй,гудамжиндаа гуйлгачингүй,нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн чинь сэтгэлтэй амар тайван аж төрж явсан ард олноо үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнуулсан тэр цагаас хойш 30 жил өнгөрчээ.
Зах зээл гэх сайхан нэртэй,ардчилал шинэчлэл гэх уяхан уриатайгаар шудрага энэрэнгүй төр засаг байгуулна гэж хуучин нийгмийн үйлдвэр,завод, хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйг хувьчлах нэрээр зальтай зайтай, танилтай талтай, индэр дээр гарч илтгэх, их үйл хэргийн төлөө гэж урилж донгодох дуртай нөхөд үндсэндээ эзэн суучихсан гэж бичээд байгааг энэ цаг үед эргэн дүгнэж, нэхэн санаж болмоор ч юм шиг.
“Босоо хөх монголчуудын нэгдсэн групп” сайтад “90-д оны өмч хувьчлал бол зүгээр л нийтийн өмчийн дээрэм байсан! Одоо тооцоо хийх цаг болсон # гэнэ# Санал нэг байна уу? хэмээн тодруулжээ.Монголын ард түмэн үүнд ямар хариулт өгөх юм бол. Тэр үед хяналтгүйгээр хувааж авах нөхцөл бололцоог бүрдүүлж байсан ч юм шиг санагддагаа нуухгүй ээ би.
Эрх дархыг алдаж ч болно авч ч болно.Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай.Эд юмсыг идэж ууж, аргыг нь олж ашиглаж шамшигдуулсан юм ч гэж бодьё.Бодохгүй гээд ч яалтай бодсон бодоогүй болоод өнгөрсөн юмыг.
Төр засгийн бодлого шийдвэр буруу байжээ, Хятадууд монголоо авна гээд байна хэмээн хэлбэл ардчилалын эсрэг үзэлтэн,хуучин коммунистын үлдэгдэл гэж адлана. Би тэгэхдээ хэзээ ч коммунист байгаагүй л дээ.
Тэгэвч ад үзээд байдаг социализмын үед хуримтлуулсан улсын өмч хөрөнгийг ардчилал нэрийн дор авч идсэн, үрж шамшигдуулсан гэдгийг хэзээ ч бол хэлэх л хүний нэг би мөн гээд болж өнгөрсөн нэгэн үйл явдлыг биеээр үзсэн хүний хувьд эргэн дурсмаар санагдчихлаа..
Ардчилсан хувьсгал өрнөсөн цагаан морин жил би Монгол телевизийн сурвалжлагч байлаа. “Сэтгүүлчийн индэр” нэртэй өмч хувьчилалын алдаа оноог сэтгүүлчдээр хэлэлцүүлдэг нэвтрүүлгийг миний бие хариуцдаг байв.Эдүүгээгээс олон жилийн тэртээх тэр нэгэн өдөр УИХ-ын эрхэм гишүүн М.Зэнээ надтай яаралтай уулзмаар байна гэж утасдсанаа удсан ч үгүй ажил дээр хүрэээд ирлээ.Тэрээр надтай уулзуут бараг л мэндийн ч солиогүй:
-За хө энэ монголд чинь самуун цаг нүүрэлжээ Цаашдаа чухам юу гээч булай булхай илрэх юм бол. Өчигдөр ерөнхий сайд /Д.Бямбасүрэн гуайг хэлсэн хэрэг/ Улсын их хурлын гишүүдэд маш ноцтой мэдээлэл хийлээ. Монгол улс 100 сая доллараа диллер тоглоод алдчихсан гэнэ. 4 тонн алтаа Англи руу ачуулчихсан гэнэ.Ямартай ч монголын ард түмэн З жил өлөн зөлмөн аж төрж бүсээ чангалах аюул нүүрэлжээ.Энэ ер нь юу гээч юм болоод байгаа юм бэ? Мэдэхгүй. Хамаг валютаа хоосолчихсон төр засаг ард түмнээ картын бараанд очерлуулахгүй гээд ч яалтай гэж хэлээд толгой сэгсрэн халаглалаа.Ерөнхий сайд цааш нь битгий энэ тухай зарлаад байгаарай, зөвхөн их хурлын гишүүдэд л дуулгаж байгаа юм гэж сануулга өгсөн. Би ийм муухай луйврыг яасан ч тэвчихгүй.Диллер тоголдог байсан бол нэг намтай байхад тоглоод тэр их алтан валютыг алдаад туучих нь яагаав. Энэ бол эзэнгүй төрийн жудаггүй хуйвалдагсадын жинхэнэ учир битүүлэг луйвар гэж би бардам хэлэх байна. Энэ тухай нэвтрүүлэг хийлгэж ард түмний сонорт хүргэх шаардлагатай л байна даа гээд аргаа ядсан байдалтай өмнөөс ширтэж суусан билээ.
Зэнээ минь одоо даанч алга даа.Хэрэв байсансан бол “Энэ алт диллерийн хэрэг Монгол улсын валютыг хуйгаар нь цөлмөсөн хамгийн анхны, хамгийн дуулиантай, ард түмнийг өлөн зөлмөн байдалд хүргэсэн мянган жил болсон ч мартахын аргагүй луйвар байсан юм” гэдгийг ээдрээтэй эгзэгтэй энэ цаг үед эзэнтэй, нэртэй устай нь дэлгэх байсан биз ээ.
Алт диллерийн тухай нэвтрүүлгийг ч би хийчихсээн. Үнэн юмны төлөө бол хэнээс ч юунаас ч буцахгүй хэмээн О.Дашбалбар, М.Зэнээ бид бие биесдээ ам өчгөө өгч ил далд тэмцэж, эх орон ард түмнийхээ эрх ашгийн төлөө сэтгэл шулуудаж явсан үе л дээ. Уг нэтрүүлэг эфирт цацагдмагц бөөн асуудал үүсэж бүсийн чуулган гээд хөдөө аймагт явсан сайд, дарга нар сандуу мэндүү буцаж ирж, засгийн газрын телевиз засгийн газрын үйл ажиллагааны эсрэг нэвтрүүлэг хийлээ гэж хэвлэлийн бага хурал хийлгэж бөөн дуулиан дэгдсэн юмдаг
. Радио, Телевизийн Улсын Хорооны даргаар тавигдаад удаагүй байсан Х.Цэвлээ гуай намайг өрөөндөө дуудаад “Яагаад ийм нэвтрүүлэг хийчихэв дээ.УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж, Л.Дашням нараас гадна сэтгүүлч С.Сүхбаатар уг нэвтрүүлгийг эсэргүүцсэн ийм мэдэгдэл ирүүлжээ. Өнөө оройны эфирт уншуулах гэж байна гээд намайг үз гэж өглөө.Тэр мэдэгдэл нь” Монгол телевизийн сурвалжлагч Ч.Дамдиндорж нь М.Зэнээ мэтийн бэртэгчингүүдээр хөгжлийнхээ замыг ухралт буцалтгүйгээр сонгосон зах зээлийн харилцааны дагуу тулгамдсан асуудлыг эсрэгээр сурталчлуулж, монголын ард түмнийг хагарган бутаргах үйлдэл хийлээ” хэмээн эсэргүүцэл илэрхийлсэн байсан бөгөөд уг мэдэгдлийг тэр орой нь цагийн хүрдээр нэвтрүүлэгч Бямбаа уншиж олон түмэнд танилцуулж байж билээ.
Уг нэвтрүүлгийн талаар жаахан тодруулах гээд үзье.Алт диллерийн асуудлаар хийх нэвтрүүлгийн бичлэгт Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч асан Б.Галарид, Уланбаатарын мэдээ сонины сурвалжлагч Бат-Очир бид гурав оролцох гэж байтал Ц.Элбэгдорж, эрдэмтэн зохиолч Л.Дашням, сонин сурвалжлагч Долгорын Сүхбаатар нар урилгагүй бөгөөд заллагагүй орж ирсэн нь Алт диллерийн асуудлыг хамгаалахаар хань хамсаатнуудаасаа албан даалгавартай ирээд үнэний өмнө үг нь бүдэрч, уур нь шатаж, уушиг нь сагсайгаад буцсан юм л даа. Тэгээд даалгавраа биелүүлж чадаагүйн учир дарамтлах маягтай тийм мэдэгдэл уншуулж өөрсдийгөө үнэд хүргэх гэсэн хэрэг билээ./Л.Дашням нь эрдэмтэй, боловсролтой бас өөрийн гэсэн бодлогтой хүн тул олон юм яриагүй шиг санагдана/
М.Зэнээ монголын ард түмний ариун цагаан хөдөлмөрөөр бүтсэн,монголын ард түмний сайн сайхан амьдралын төлөө зарцуулагдах улсын хөрөнгө тэр их валютыг үрэн таран хийж, монголчуудыг элгээр нь хэвтүүлэх нүгэл хилэнц, дор хаяж гурван жилийн гунигт үйлдэл боллоо гэхчилэн сэтгэл сэмэрч ухаан балартмаар ярьж байсныг тэр үед нэвтрүүлэг үзсэн хүмүүс одоо ч мартаагүй дээ.
Алт диллерийн хэрэг гэж сүр бадруулан ярьж байснаас бус орон шоронд орсон арга хэмжээ авагдсан хүнгүй авсан хүмүүсийн зол, алдсан монгол улсын хохь бодоод өнгөрсөн байх шүү.Одоо эргээд санахад луйвар л байсан байх шүү. Их жанжин Сүхбаатарын зээ хүү ч бил үү, Сүх-Эрдэнэ гээд нөхөр гол хүмүүсийн нэг гээд л яригдаж байсан тэгс ингэс хийгээд ял зэм ч үгүй хөрөнгөт өртөнцөд хөл тавиад сураг тасарсан байх аа.
Алт диллерийн хэргийн халуун мөрөөр нь мөрдөж мөшгөх нь холгүй явсан М.Зэнээ тухайн үед
“Улсын Их Хурлын гишүүн Б.Чимэдийн охин диллер тоглож хөрөнгө сүйтгэсэн Ч.Сайнсанаа ямар гээч гавъяатны далавчин дор далдран нэр нь ч гарахгүй байна вэ? гэж нэр цохон асуухын дээр алт диллерийн булхай дээрмийг мэдсээр байж өөгшүүлсэн удирдах албан тушаалтан нарт оногдох хариуцлага гэж байна уу? хэмээн асуумаар байна гэж бичсэн бодит баримт өнөөдөр ч цагаан цаасан дээр хараар бичигдэж үлдчихээд эзнээ төлөөлж цагийн хуулинд хариулт өгсөөр байх юм
...Бид ард түмний төлөө гэж яриад ард түмний эсрэг үйл ажил явуулагчдаар төр,засгийг удирдуулж болохгүй.Монгол орны эдийн засгаар тоглосон этгээдүүд өнөөдөр Монголыг хөгжлийг дэмжих сан,Төв азийн хөгжлийн сан мэтийг байгуулж, гадаад дотоодоос мөнгө цуглуулж, түүнийгээ үржүүлж, цаг ямагт цайллага дайллага хийж, гавъяат,ардын баатар болох тухай сонин хэвлэлд өөрсдийнхөө санаа бодлыг цухалзуулж, оны хүн, оны алдартан хэмээн бие биесээ хөхүүлэн шагнаж, явцууран хуйвалдаж, бүжиглэн жүжиглэж, тансаг сайхнаар архидан наргиж байхад Монгол Улс хэрхэн яаж хөгжихсөн билээ” гэж бичиж байлаа
( АЭ.сонин. 1994.3.24.дугаар 57 ). Монголын ард түмэн бид энэ үед энх тунх,амар тайван, элбэг дэлбэг,аз жаргалантай шинэ нийгэм байгуулах гэж ядаж цөхөж яваа алдартай гавъяатай улс гэж энэ хүмүүсийг өргөмжлөн хамгаалж хайцаалсаар өнөөдрийг хүрсэн ч эцсийн үр дүн нь 35 тэр бум америк долларын өртэй,Оюу толгойн орд гэж өгөөш байхгүй өрөнд өехийдүүлсэн гаднын хөрөнгө оруулагчтай, газар нутгийнх нь алт эрдэнэс, аринжин зэс,өөдтэй өнгөтэй нь гадаад улсын нэр шошиг бүхий лицензтэй, улс монголыг нь урд хөршийнхөн авна гэсэн айдас хүйдэстэй болчихсон энэ үед эргэж мөрөө мөшгөж, идэж уусан,алдаж гээсэн, алдсан эндсэн юмаа хянаж шалгах цаг болсон бус уу?
Мөхөс намайг алт диллерийн тухай энэхүү нэвтрүүлэг хийж амь наана, там цаана арга хэмжээ авахуулдагийн даваан дээр Сэтгүүлчийн индэр гэх өмч хувьчилалын тухай нэвтрүүлгийг минь хийлгэхийг болиулж хаалгаж байх үед өмч хувьчлал нэртэй дээрэм эхэлчихсэн, Ц.Элбэгдорж,Долгорын Сүхбаатар мэтийн нөхөд луйврын тэр үлдлээ хамгалах гэж миний хийж байсан нэвтрүүлгэнд оролцож, дараа нь УИХ-ын гишүүний нэр барьж эсэргүүцсэн мэдэгдэл гаргаж байсныг дараах баримтаар тайлбарлахыг оролдоё.
Тэр үед улсын нийслэлд гурав, дөрөвхөн том зочид буудал байсан даа.Улаанбаатар зочид буудал, Хангай зочид буудал,Баян гол зочид буудал баригдаж дуусаагүй Чингэс зочид буудал гэхчилэн.Улаанбаатар зочид буудлыг ч яахав Ц.Балдарж гэдэг хүн хувьчлаад авчихсан.Ямар үнээр,ямар замаар яаж авсан тухай нь одоо ч мэдээлсэн юмыг мөхөс миний бие олж үзээгүй.
Харин Улаанбаатарын яг төв дунд сүндэрлэх сүр бараатай “Хангай” зочид буудлын тухай тэр алт диллерийн асуудал хөндсөн нэвтрүүлэгт би өөрөө сурвалжилж оруулж байсны хувьд ярих л болно .Тэр үед намайг сурвалжлагаар Хангай зочид буудалд очиход хариуцлагатай дежур нь Дүүвээ гэдэг нас тогтож намба суусан эмэгтэй байсан.Намайг ороод “-энэ Хангай зочид буудал маань яагаад ийм эль хуль,эзэнгүй болчихсон юм бэ гэж асуухад тэрээр:
-Хувчилал нэртэй хуйвалдаан болсон байх аа. Манай энэ зочид буудал чинь 432 ажилчин, албан хаагчтай, Гадаадын мэргэжилтэнд үйлчлэх газар нэртэй сайхан албан байгуулага байсан юм.Нэг л өдөр эзэнтэй болсон.Тэр олон хүн ажилгүй болсон. Энэ зочид буудлыг нэг төгрөгний ч үнэгүйгээр Шийтэр гэдэг хүнд өгчихсөн юм билээ. Тэр хүн нь хийсэн тохижуулсан юм байхгүй. Харин доторх тавилга, хивс эд юмсыг нь үрж зарж эхлээд байна. Энэ зочид буудал монголд хамгийн үнэтэй зарагдаж байсан Румин улсын иж бүрэн мебель тавилгаар хангагдсан, Улаанбаатар хивс өрөө тасалгаанд нь битүү дэвссэн монгол улсад байхгүй хамгийн тансаг зочид буудал.. Алтыг нь аваад адврыг нь хаяна гэдэг шиг ажилчин албан хаагчдыг нь гудманд гаргачихлаа шүү дээ. Азтай одтой, албан тушаалтай хүмүүст энэ хувьчилал гэдэг чинь хувьтай хэн нэгнийх нь хуйвалдаан юм биш үү гэж их л цухалдангуй ярьж байсан юм даг.
Эдүүгээ цахим ертөнцөөр “ 90-д оны өмч хувьчилал бол нийтийн өмчийн луйвар байсан гэж бичээд байгаагийн зах сэжүүрээс мэддэг гэрч нь би биш юм уу ч гэж бодогдох шиг.
Буудлын эзэн Шийтэр гэгч үнэгүй авсан зочид буулынхаа үнэтэй эд юмсыг нь үрж зарж байхтай би таарч л байсан.Баахан юм зарж мөнгөтэй болж аваад Таквандо-гийн холбооны тэргүүлэгч байсан Ганзориг гэдэг залууг бие хамгаалагчаа болгоод Германаас үнэтэй машин худалдаж аваад ирэх замдаа Польш, Чехийн хил дээр онхолдож хэмхэрсэн машиныхаа сэгийг тэндээ хаяаад амь наана там цаана буцаж ирсэн юм даг./Би бас тэр холбоог байгуулалцсан тэргүүлэгч нь байсны хувьд мэдсэн гэх үү дээ/
Хангай зочид буудлын хувьчилал гэгч хамаг юмыг нь зарж завшаад хагархай цонхтой, хайрлах эзэнгүй хаягдсанаар өнөөдрийг хүрч байх шив дээ.
Харин Чингэс зочид буулал Югаславуудыг нь гаргаснаар эзэнгүй болж хамаг юм нь хулгайн замаар орж тоногдон авах эзэнгүй байхад Сү.Батболдод худалдсан гэдэг.Тэр үед Монгол Импекс гэдэг улсын компанид ажиллаж байсан гадаад худалдааны ихээхэн туршлагатай, зах зээлийн өндөр мэдлэг боловсролтой хэдэн залуус нийлж хувиараа ноолуур, арьс шир малын гаралтай түүхий эдийг европт өндөр үнээр зарж ашиг орлого олж хөрөнгөжсөн гэж яригдаж байсан үе. Тэр зах зээл гэгчийг жинхэнэ мэдэрсэн хүмүүсийн нэг нь Сү.Батболд байсан гэдэгтэй маргах хүн бараг үгүй л болов уу. Монголд Чингэс зочид буудлыг авчих гадныханд алдчихгүй эзэмшээд үлдэх хөрөнгөтэй хүн хэн байж болох вэ гэж ерөнхий сайд Жасрай гуай өөрөө судалж сурж байж Сү.Батболдод өгсөн тухай нь телевизээр ярьж байхыг сонсож байсан юм би. Чингэс зочид буудлыг бас нэг Шийтэр шиг нөхөр авчихсан бол нэг бол балгас нэг бол нэг хятадын мэдэлд оччихсон Улаанбаатар хот дахь Хятадын Чингэс буудал болчих байж дээ гэж бодож байсан үе надад бий.
Сү.Батболд гэдэг хүнтэй уулзаж ч үзээгүй мөртлөө эдүүгээ ч би түүнийг хятад дагаж далдаганадагуудын нэг лав биш л гэж боддог юм.Энэ бол хувь хүн миний л бодол юм шүү.Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг үгийг би их үнэ цэнтэй үг гэж бодож явдаг аа. Би ийм бодолтой явдаг гэж бичиж байх явцдаа, цахимаас “Bayarsaikhan Sharav” гэсэн хаягаар америкаас Сү.Батболдын тухай “Шуламын багийнхан” гэсэн дайрлагын шинжтэй,зүйл бичсэнийг олж уншлаа. Тэгээд би бас олон талаас нь бодож үзлээ.Тэгснээ өөрийн бодол өөртөө зөв хэмээн санасан бодсоноо цааш нь үргэлжлүүлэхийн тулд бичиж буй зүйлээсээ бага зэрэг хадуурч Сү.Батболдын талаарх өөрийнхөө бодлыг илэрхийлж Шуламын тойргийн сонгогч болсноо зөвшөөрөхгүйн тулд хэдэн үг хэдэрлэхээр шийдчихлээ.
Ерөнхийдөө УИХ-ын энэ жилийн сонгуулийн сонголтыг буруу хийсэн гэж Баярсайхан гэгч сонгогч түмнийг дайрч давшилсан, тэгэхдээ Сү.Батболдыг гаргасан сонгогч түмэнд хонзогносон аястай болохыг нь ч ойлгоодохлоо.
Тодруулбал: “2020 оны сонгуулиар ... Монголыг олон арван жил хорлосон мэнгэтэй чөтгөрөөс салсан ч бусдын гараар могой бариулж гаршсан Сү шулам дүрээ хувиргаад үлдчихлээ.Тэр бол нийслэлийн Сүхбаатар дүүргээс дүрвэж Дундговиос сонгогдсон Сүхбаатарын Батболд.Түүнийг болон тойрон хүрээлэгчдийг нь улс төрд амьд үлдэх боломжийг нь Сүхбаатар дүүрэг,Увс,Дундговь, Сэлэнгийн сонгогчид олгосоор иржээ.Эдгээрийг Шуламын тойог гэвэл зохилтой гэжээ.
Монгол улсын иргэн сонгох сонгогдох эрхээ эдлэх нь эх орноосоо дүрвэсэн ч юм уу, луйвар дээрэм хийж харь газрын хатавч бараадах хар мөнгөтэй болсондоо монголоосоо дүрвэсэн ч юм уу хэн нэг үл ойлгогдох тэнүүлчин монгол улсын их хурлын сонгуулийн тойргийг “Шуламын тойрог, Мэнгэтийн тойрог ч гэх шиг дайрч давшлах ямар эрхтэй вэ? Шуламын тойргийнхон гэх бид бүхэн тэгээд бас бүгд шулам болох уу? Аймаг сумааар нь ард олноор нь хамруулан шулам чөтгөр гэж баалж суух үхээнц чи өөрөө хэн юм бэ? Тийм буянтай, ачтай тустай, монголдоо элэгтэй, хэрэгтэй хүн юм бол америкт очиж аяга таваг угаадаг нь юу вэ? Аль эсвэл монголоо цөлмөгсөдийн нэг луйварчин хараар олсон ногооноо тэнд очиж үрэхээс өөр аргагүй болчихсон дээрэмчин юм уу? Бузгай сүрхий амьтан юм бол буцаж монголдоо ирээд иргэнийхээ эрхийг эдлээд “Бурханы тойрог” гэж байдаг юм бол тэндээ очиж саналаа нэмэрлэхгүй яасан юм бэ?
Сэгсгэр ч гэсэн эх минь, сиймхий ч гэсэн гэр минь гэж нэг үг бий дээ.Ээж чинь тэр тойрогт таараад саналаа өгчихсөн бол чөтгөрийн тойргийн чөтгөр болох уу?
Үзэл бодол таарахгүй байж болно,өөр хоорондын өс хонзон ч байх болно Сү.Батболд та хоёрын хооронд зөрчил байж ч болох л байх л даа.Тэгэхдээ бусдыг дайруулан дайжигнахдаа бодитой, баримт нотолгоотойгоор ярьж хэлэх хэрэгтэй гэж бодож байна.
Оюу толгойг харийнханд бэлэглэх ажлын гол зохион байгуулагч нь гэж Сү. Батболдын нэрийг цохоод “Орд газар зарж амташсан түүний хоёрдугаар хоол нь Оюу толгой байлаа. Нөгөө С.Баяр,Ц.Элбэгдорж,Ц.Баярцогт,Ч.Сайханбилэг нар бол “ Зөвхөн хувь хүртэгчид байсан юм” гэж мэдэмхийрчээ.Авилгатай тэмцэх газраас нэгэнт шалгаж байгаа, зарим нь авах ял зэмээ авчихсан, зарим нь чам шиг хүний газар гүний нутагт зугтаж толгой хоргодож яваа дээрх нөхдийг гэм зэмгүй болгож харин тэдний жинхэнэ толгойлогч нь Сү.Батболд гэж байгаа нь миний дургүй зэвүү хоёрыг хүргэчихлээ.Тэгээд ч наад гүтгэлэг чинь монголчууд өр зээлэнд боймлуулах, газар нутгаа харийнханд алдчих аюул нүүрэлсэн үед энэ бусар булай зүйлийн эхлэл нь хаанаас вэ гэдгийн талаар бичих гэж ядаж цөхөж байхад хэзээ хойно улс төрд орж ирсэн Сү.Батболдоор халхавч хийж тэд бол “Зөвхөн хувь хүртэгчид” хэмээн тэдний гэм хорыг цайруулах гээд байгаад л миний дургүй хүрсэн хэрэг.Ер нь шүүхээр эцэслэн тогтоогоогүй зүйлээр бусдын нэр төрийг гутаан доромжилсон бол хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг өөрөө мэдэхийн дээдээр мэдэх байлгүй.
Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, сангийн сайд нарыг Сү.Батболдоос хувь хүртэгчид хэмээн дамшиглаад сууж байгаа өөрийг чинь эрүүл хүн гэх үү? Эсвэл солиорлын ертөнц гэх үү? Хүнээс хувь хүртэх нь байтлаа алтан валютаа монголдоо багтаахгүй Швицарын банкинд зарим нь хадгалсан гээд байгаа биз дээ.
Та бас “Шуламын багийн шунал Таван толгойг ч тойрсонгүй” гээд... Хулгай нь илрэнгүүт тэд лицензээ улсдаа буцааж өгсөн нэрээр нэг хэсгийг нь бизнесийн хамтрагч “Эм СИ Эс”-т үлдээсэн нь өнөөдрийн “ Энержи ресурс” гэжээ. Тэгвэл Өмнөговь, Дундговь, Дорноговийн өчнөөн ордын леценз нь хятадын компаниудад зарагдчихсан байхад эх орныхоо газар нутгаас харийнханд зарсан луйварчдын талаар амаа хамхичихаад монгол улсынхаа сан хөмрөгт орлого оруулж буй ганц Таван толгойн ордыг хадгалж, харийнханд алдчихалгүй авч үлдэж улсдаа өгсөн Сү. Харин Шулам Сү.Батболдын харгайгаар Дундговийнхон шулам, Сэлэнгэ, Батболдыг харааж зүхээд байдаг нь ямар учиртай юм бол оо.
Баярсайхан гэгч таны хэлсэнчлэн Сү.Батболдын хувь хүртэгч төдий Ц.Элбэгдоржийг монгол улсын ерөнхийлөгч байх, мөн нөгөөх нэг хувь хүртэгч Ч.Сайханбилэгийг ерөнхий сайд байхад Сү.Батболдын улсдаа буцааж өгсөн гээд байгаа Таван толгойн ордыг Хятадуудад 100 жилийн хугацаатай өгөх гэж байхад нь УИХ-ын дарга З.Энхболд эх орон ч сэтгэл өвөрлөн авч үлдсэн хэрэв Энхболд байгаагүй бол тавиад туух байсан гэж хэвлэл мэдээлэлээр олон түмний сонорт хүргэж байсныг Ш.Батсайхан гэгч та яагаад хацайлж нуугаад байгаа юм бэ?
Хэрэв Сү.Батболд Тавантолгойн ордыг авч хадгалж байгаагүй бол өнөөдөр Таван толгойн асуудал монголд хамааралгүй болчихсон бол хэнийг хэл үгээр доромжлох вэ?.
За энэ ч яах вэ? Таван толгойн орд монгол улсын мэдэлд Сү.Батболдын идэвхи зүтгэлийн үр дүнд үлдсэн гэдэгтэй эрүүл ухаантай хүн маргахын аргагүй юм чинь.
Увсынхан шулам, Сү.Батболдын ээж,аав, Эгч дүүс бүгд шулам болж байдаг мөн хэцүү еэ.
Эцэст нь хэлэхэд хэн хүнд алдаа дутагдал байдаг л байх. Өнөөдөр Оюу толгой, Таван толгой хоёроо урд хөршдөө тавиад туучихсан бол энэ хэцүү цаг үед монголчууд бид яахсан билээ. Монгол улсын төрийн мэдэлд байгаа ганц амь зогоож байгаа Таван толгойн орд газраа авч үлдэж улсдаа өгсөн Сү.Батболд таныг миний хувьд баалах нь байтлаа бахархахаас өөр аргагүй л гэж хэлэх гэсэн хэрэг ээ.Тэгээд ч та л ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ Монгол нутгийн 27 хувьд нь лиценз олгогдсон байсныг хоёр дахин багасгаж лицензүүдийг нь цуцалсаар 14 хувь болгож газар нутгаа хамгаалсан Монгол улсын ерөнхий сайд байсан гэдгийг тань монгол түмэндээ сонордуулчих юмсан гэж бодож л явсан билээ.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Тод индэр
Г.Довчиндорж: Баавгайн төрлийн амьтдын эмэгчинүүд хоёр жилд нэг удаа үржилд ордог
-Мазаалай баавгайн хамгааллын ажил хэр хийгдэж байна. Одоо тоо толгой хэд орчим байгаа вэ?
-Мазаалай баавгай монгол орны нэн ховор амьтан. Анх шинжлэх ухаанд нээгдэж, манай оронд мазаалай гэдэг амьтан байгаа гэдгийг мэдсэнээс хойш албан ёсоор нэг л удаа тооллого зохион байгуулсан. Энэ тооллогын 2004 онд хийж, 20-22 мазаалай байна гэсэн тоо гарч байв. Бусад тоон мэдээлэл нь тооллогын үр дүн гэхээс илүү судлаачдын урт хугацааны ажиглалт, дэвшилтэд технологи ашигласан судалгааны үр дүнгүүд юм. Судлаачдын тоо харилцан адилгүй байдаг нь тэдний хэрэглэж байгаа арга зүйтэй холбоотой. Зарим нь ул мөрөөр, биеэр үзэгдсэн байдлыг үндэслэж гаргасан тоо байхад, зарим нь автомат камерын судалгаанд үндэслэж гарсан байх жишээтэй. Хамгийн сүүлд Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай хамтарч мазаалай хамгаалах чиглэлээр ажилласан судалгааны багийн 2022 онд гарсан тоогоор 52-55 мазаалай баавгай байна гэж бүртгэгдсэн. Энэ тоог мазаалайн үсний дээжийг урхи ашиглан цуглуулж, генетикийн мэдээлэл ялгаж гаргасан байдаг. Ийм мэдээллээр хэчнээн баавгай байгааг мэдээд зогсохгүй тэдгээрийн нас, хүйс, удам төрлийн холбоог тодорхойлох боломжтой. Байгаль хамгааллын хувьд мазаалай баавгайн тоо толгой хэд байгаа нь номер нэг чухал асуудал биш. Харин тухайн популяци хэр эрүүл бүтэцтэй байгаа нь өөрөөр хэлбэл эр, эм бодгалийн болоод эх төлийн тооны харьцаа хэр зөв байгаа эсэх нь илүүтэй сонирхол татдаг.
-Манай улс мазаалай баавгай хамгаалах тал дээр ямар ямар чухал ажлууд хийж байсан бэ?
Мазаалай баавгай болон хавтгай тэмээний амьдрах орчныг хамгаалах зорилгоор Говийн Их Дархан Цаазат Газрыг А, Б хэсэгтэйгээр 1975 онд байгуулсан. Ирэх жил 50 жилийн түүхэн ой тохионо. Тус дархан газар нь хамгаалж буй нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд эхний 15 -д багтдаг. Энэ бол миний бодлоор мазаалай хамгаалах талаар монголын төрөөс авч хэрэгжүүлсэн хамгийн далайцтай ажлын нэг байх. Дараа нь 1987 оноос мазаалай баавгайд нэмэлт тэжээл тавьж өгөх ажлыг хийж эхэлсэн. Ингэснээр ган гачигтай жилүүдэд баавгайг өлбөрч үхэхээс сэргийлэхэд чухал ажил болж чадсан. Мөн мазаалай амьдарч байгаа бүс нутагт ус цэгийн тоог нэмэгдүүлэх, шинээр гаргах, хөв байгуулах гэх мэт биотехникийн шинжтэй ажлууд олноор хийгдэж байгаа. Сүүлийн жилүүдэд автомат камерын судалгааг түлхүү хэрэглэж байгаа.
-Ховор амьтдыг өсгөж үржүүлэх, хамгаалах ажлыг хэрхэн хийж байж, тоо толгойг нь нэмэгдүүлэх вэ. Судалгааны ажил хийгдэж байгаа юу?
-Мазаалай дэлхий дээр байгаа бусад баавгайн зүйлүүдтэй харьцуулахад говь цөлд амьдардгаар онцлогтой. Мөн тоо толгойн нэн цөөн. Манай орны хувьд мазаалай баавгайг 2023 онд “Монгол орны бахархалт амьтан” болгож зарласан. Манай улсын хууль эрх зүй болон нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцоор эрх зүйн хувьд нэлээд сайн хамгаалагдсан.
Судалгааны тухайд сансрын болон радио дохиолол бүхий хүзүүвч зүүх ажил хийгдэж байгаа. Одоогоор 30 орчим мазаалайд хүзүүвч зүүж мэдээлэл цуглаад байна. Сүүлийн 2 жилд хоёр мазаалай баавгайд шинээр хүзүүвч зүүсэн. Мөн автомат камер, генетикийн судалгаанууд хийгдэж байгаа.
-Тоон толгойн яагаад өсөхгүй байна вэ?
-Байгаль дээр үржил явагдсаар байгааг автомат камер болон шууд ажиглалтаар бүртгэж байгаа бамбаруушнууд харуулж байна. Жил бүр шахуу нялх бамбарууш автомат камерт бүртгэгддэг.
Өөрөөр хэлбэл төл бол авч байгаа. Гэвч тухайн бамбаруушнуудаас хэчнээн нь 2-3 нас, цаашлаад бие гүйцэж байгаа эсэх нь тодорхойгүй. Баавгай төрлийн амьтад бага насандаа их хорогддог судалгаа бий. Үнэндээ бол мазаалай баавгайн тоо толгой бидний хүссэн шиг өсөөгүй байна.
Цаашид бид энэ ховор амьтны тоо толгойг өсгөе гэвэл хамгаалалын шинэ менежмент авч хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу гэж судлаачдын хувьд үздэг.Сүүлийн жилүүдэд хийгдсэн генетикийн судалгааны үр дүнгээс харахад мазаалай баавгай цөөн тооны бодгалиудад цус ойртолт маш өндөр гарсан байдаг. Цус ойртолт их байгаа нь нялх төлийн мэнд үлдэлтэд сөргөөр нөлөөлж магад учир түүний цусыг сэлгэх хэрэгтэй болов уу. түүний хамгийн ойрын цусан төрөл нь Гималайн хүрэн баавгай гэсэн судалгааны үр дүн ч бий. Энэ ажлыг лабораторийн нөхцөлд эсвэл тусгай бэлтгэсэн зориулалтын орон зай үүсгэж туршиж үзэх боломжтой. Онолын болон процессын хувьд бүрэн боломжтой гэж бодож байна.
БААВГАЙН ТӨРЛИЙН АМЬТДЫН ЭМЭГЧИНҮҮД ХОЁР ЖИЛД НЭГ УДАА ҮРЖИЛД ОРДОГ
-Таны ярианд баавгай бага насандаа хорогдох тохиолдол байдаг гэлээ. Шалтгааныг судалж байгаа юу?
-Ер нь энэ амьтны талаар маш олон зүйлийг бид одоог хүртэл таньж мэдээгүй байна. Судлахад ч тийм хялбар амьтан биш. тун цөөхүүлээ, алс зэлүүд газар амьдардаг. Судлаачдын ажиглалт, судалгааны үр дүн болон бусад баавгайн зүйлүүд дээр хийсэн үр дүнгээс харахад нялх төрлийн хорогдол өндөр байдаг гэдгийг түрүүн дурдсан. Үүнд зан төрхийн нөлөө ч байгаа байх.
Баавгайн төрлийн амьтдын эмэгчинүүд хоёр жилд нэг удаа үржилд ордог. Бамбаруушаа хоёр жил дагуулж өсгөдөг. Мал шиг жил бүр төллөдөггүй гэсэн үг. Үржилд орох нас бас хожуу. Гэтэл эр баавгайн хувьд жил бүр ороо ордог. Энэ үед эр баавгай нялх бамбарууштай эмэгчинтэй таарвал түүний үр төлийг устгадаг. Хэрэв нялх бамбаруушийг үгүй хийвэл эмэгчин баавгай тухайн жил дахин үржих боломжтой болно.
Эр баавгайны хувьд өөрийнхөө үр төлийг үлдээх нь хамгийн чухал. Арсланд ийм зан төрх байдгийг хүмүүс их сайн мэддэг дээ.Нөгөө талаараа Алтайн өвөр говийн байгалийн нөхцөл эрс тэс. Бага залуу амьтан дасан зохицож амьдрахад хүнд. Мазаалай баавгайн бамбарууш хоёр нас хүрээд эхээсээ салж, бие даан амьдарч эхэлдэг. Энэ үед аль ч төрлийн амьтанд хорогдол их гардаг. Учир нь эхийн хамгаалалт, нөмөр байхгүй болно гэсэн үг. Бие дааж хоол ундаа идэх чадвар дадлаас болдог байж болно.
-Манай оронд мазаалай баавгайг нутагшуулах ажил хийгдэж байсан уу?
-Одоогийн байдлаар тийм ажил хийгдээгүй. Харин мазаалай баавгайн үржүүлэх ажлыг хийх гэж оролдож байсан түүх бий. 2000 оны эхээр монголд анх мазаалай баавгай үржүүлэх төвийг ГИДЦГ-ын А хэсгийн орчны бүсэд байгуулж байсан. Байшин сав, хашаа хороо нь одоо хүртэл байгаа. Гэвч үржүүлгийн төвөө байгуулсан боловч баавгайгаа барьж авчраагүй.
-Яагаад?
Тухайн үед бидний зөвлөгөө авч байсан олон улсын судлаачид “мазаалай баавгайн талаар хангалттай мэдлэг мэдээлэл цуглаагүй гэж үзсэн. Иймд шууд байгалиас зэрлэг амьтныг авч ирээд үржүүлгийн төвд тэжээх нь өөрөө эрсдэл ихтэй гэж үзээд болгоомжилж энэ ажил зогссон.
-Одоо хийх боломжтой юу?
-Тухайн үед барьсан байшин барилга, хашаа саравчны тухайд бол 20 гаруй жил болсон учраас хуучирсан. Тэгээд ч өнөө үеийн амьтан үржүүлэх, өсгөх орчны стандарт шаардлагад нийцэхгүй болсон.
-Мазаалай баавгай ихэвчлэн хаагуур нутаглаж байна вэ?
-Мазаалай баавгайн тархац Монгол орны баруун өмнөд хэсэгт Говь-Алтай, Баянхонгор аймгийн хил залгаа таван сумын нутгийг дамнан оршдог. Үүнд: Говь-алтай аймгийн Алтай, Цогт, Эрдэнэ, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумд хамрагдана. Сүүлийн үеийн хүзүүвч зүүсэн мазаалай баавгайн мэдээллээс харахад тархац нь зүүн тал руу буюу Өмнөговь аймгийн баруун хэсэгт нэлээд гүн явсан үр дүн харагдаж байгаа.
Баавгай хоёр нас хүрээд өөрөө бие дааж амьдарч эхлэхдээ өөрийн эзэмшил нутгаа тэлэх оролдлого хийдэг бололтой. Хэдэн жилийн өмнө Говь -Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт мазаалай баавгай тохиолдож байв. Энэ нь үндсэн байршлаас 150-200 км-ын алсад явж байсан гэсэн үг. Мөн хүзүүвч зүүсэн баавгай улсын хил давж байсан тохиолдол ч гарч байсан.
МАЗААЛАЙ БААВГАЙ БАЖУУНА БУЮУ НАМХАН ГИШҮҮН ГЭДЭГ УРГАМЛЫН ҮНДСЭЭР ИХ ХООЛЛОДОГ
-Мазаалай баавгай голчлон юугаар хооллодог вэ?
-Баавгай төрлийн амьтад ангилал зүйд хувьд махчид. Гэхдээ идэш тэжээлийн хувьд холимог идэштэн. Мазаалай баавгай бажууна буюу намхан гишүүн гэдэг ургамлын үндсээр их хооллодог. Энэ ургамал түүний идэш тэжээлийн 60 орчим хувийг эзэлдэг. Дараагийн чухал хоол нь хармаг юм. Говийнхон их сайн мэднэ. Энэ ургамлын жимсээр түлхүү хооллодог. Мөн хөмүүл, зээргэнэ, хялгана, сухай зэрэг ургамлаар хооллодог. Тэр болгон амьтан барьж иддэггүй. Баавгайд баригдах амьтан ч ховор. Цөөхөн тохиолдолд жижиг мэрэгчид, шувуу, өндөг, гүрвэл, могой, царцаа бусад шавьж зэргээр хооллодог гэсэн судалгаа бий. Мөн хааяахан ховор тохиолдох сэг зэмээр хооллосон байдаг.
–Сүүлийн үед мазаалай хамгаалах тал дээр ямар ажлууд хийгдсэн бэ?
-Монгол улсын Засгийн газраас 2023 онд мазаалай баавгай “Үндэсний бахархалт амьтан” –аар зарлаж 2024 оныг “Мазаалай хамгаалах жил” болгосон. Энэ хүрээнд МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэд ажлын хэсэг байгуулан олон ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Тухайлбал,
- Мазаалай баавгайн тухай богино хэмжээний шторкуудыг бэлтгэн телевизүүдээр цацаж эхлээд байна.
- Мазаалай баавгайн нутгаар аялсан нь хүүхдэд зориулсан комикс ном гаргалаа
- Мазаалай баавгайн тухай баримтат кино хийгдэж байна
- Мөн судалгааны ажлыг дэмжих зорилгоор нэмж автомат камер худалдан авах ажлыг зохион байгуулж байна.
- Хамгийн ойрын ажил гэвэл 12.09 өдөр болох “Мазаалай баавгайн судалгаа хамгаалал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байгаа
- Хуралд мазаалай баавгайн тухай 10 орчим илтгэлийг үндэсний судлаачид болон АНУ, БНХАУ-ын судлаачид хэлэлцүүлнэ.
хурлын үйл ажиллагаа онлайнаар шууд олон нийтэд хүрэх тул эндээс иргэд мазаалай баавгайн тухай шинэ соргог мэдээлэл авах бүрэн боломжтой.
-Хурлаас ямар үр дүн гарахыг хүлээж байна вэ?
Бид үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайн талаарх мэдлэгээ хуваалцах сайхан завшаан болно. Нөгөө талаар цаашид төрөөс авч хэрэгжүүлэх хамгааллын төлөвлөгөөг гаргахад хуралд оролцож буй эрдэмтэн судлаачид, иргэний нийгэмийн төлөөлөл, олон нийтийн саналыг авах сайхан боломж бүрдэнэ гэж найдаж байна.
Танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Тод индэр
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Төрийн өмчит компани үр ашиггүй ажиллаж байгаа бол асуудлыг удирдлагын багтай нь ярих учиртай
Тод индэр
Х.Баасанжаргал: Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийн төсөлд олон нийтийн санал бодлыг тусгах үйл ажиллагаа эхэлж байна
Хоёр дахь өдрөө (2024.12.08) үргэлжилж буй, эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтад Глоб интернэшнл төвийн судлаач, хуульч Л.Галбаатар “Технологи ба хүний эрх” сэдэвт хичээл заав. Тэрбээр технологи нь эерэг, сөрөг нөлөөтэйг дурдаад, эдгээрийг хүний эрхийн талаас нь тайлбарласан. Хүн цахим орчинд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Харин эдгээр эрхийг хэрэгжүүлэхийн тулд интернэтэд холбогдох, төхөөрөмж хүртээмжтэй байх шаардлагатай. Дэлхийн хүн амын 50 хувь нь интернэт хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг бол Монгол Улсын хувьд харьцангуй өндөр буюу нийт хүн амын 90 гаруй хувь нь интернэт хэрэглэдэг байна. Үргэлжлүүлэн хуульч Л.Галбаатар монголчуудын интернэтийн хэрэглээ, цахим орчин дахь хүний эрхийн асуудал, энэ талаарх эрх зүйн зохицуулалт, олон улсын чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Интернэт орчинд иргэдийн эдэлж болох олон давуу талын нэг нь төр, шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэх бөгөөд Улсын Их Хурал үйл ажиллагаандаа технологийг нэвтрүүлэн нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг хүлээн авах D-Petition талбарыг хөгжүүлснээр Монгол Улсын иргэд аливаа хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, олон нийтийн анхаарал татсан асуудлаарх санал асуулгад оролцох боломж нээгдсэн болохыг хэлээд хэд хэдэн жишээ дурдав. Мөн төрийн аливаа үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангахад цахим орчин нэн чухал түшиц болж байгаа гээд иргэд идэвхтэй, үр ашигтай ашиглах нь олон талын ач холбогдолтой талаар мэдээлэл өгсөн.
Цахим орчин дахь халдашгүй байх эрхийн талаар танилцууллаа. Цахим орчинд нээгдэж буй боломжуудтай зэрэгцэн бий болсон эрсдэлүүд, тэдгээрийн талаарх зарим баримт, тохиолдол, бусад орны жишээ, эдгээрээс сэргийлэхийн тулд технологийн компаниудаас эхлэн хувь хүн хүртэлх үүрэг, сэрэмж, арга хэлбэрийн талаар мэдээлэл өгсөн. Мөн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулиуд дахь онцлог зохицуулалтуудын талаар тайлбарлав. Түүнчлэн хүний интернэттэй байх эрхийг баталгаажуулсан олон улсын баримт бичгүүдийн талаар нэгбүрчлэн дурдаж, тус бүрд нь тайлбарлав.
Технологийн сөрөг нөлөөний талаарх танилцуулгадаа тэрбээр Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдлыг жишээ болгосон. Хүний давтагдашгүй өгөгдлийн сан бүрдүүлж, янз бүрийн зорилгоор хэрэглэж байгаа нөхцөл байдал, түүнээс үүдэх сөрөг үр дагавар, бусад орны жишээг хуваалцсан. Технологийн хэрэглээ, хөгжил нь хүний эрхийн зөрчил үүсгэж байгаа олон жишээг дурдаад, энэ чиглэлээр бусад улс орон хэрхэн шийдвэрлэж, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг Л.Галбаатар хуульч “Бидний эрх, бидний оролцоо” сургалтын оролцогчдод танилцуулав.
Сургалтад их, дээд сургуулиудын 100 гаруй оюутан оролцож байгаа бөгөөд “Технологи ба хүний эрх” хичээлийн дараа хэлэлцүүлэг өрнүүлж Л.Галбаатар хуульчаас сонирхсон асуултуудаа асууж, хариулт авсан юм.
Сургалт "Хүний эрхийн сургалтыг төлөвлөх, заах арга зүй” сэдэвт хичээлээр үргэлжиллээ. Хүний эрхийн хамгаалагч болохоор суралцаж буй оюутан, залууст хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаа, сургалтыг хэрхэн бие даан төлөвлөх, гүйцэтгэх талаар Энхийг цогцлоох хүрээлэнгийн захирал, энэхүү сургалтын чиглүүлэгч Б.Болорсайхан заасан юм. НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар буюу НҮБ-ын тогтолцоонд хүний эрхийн асуудлыг дагнан хариуцдаг байгууллагын дэргэд хүний эрхийн боловсрол олгох сургалтын нэгж ажилладаг байна. Тус байгууллага “Өөрийн амьдарч байгаа нийгэмдээ хүний эрхийг бодит болгох нь хамтын, дундын хариуцлага” хэмээн хүний эрхийн боловсролыг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл аль тив, ямар улсад амьдарч байгаагаас үл хамааран хүн бүр оршин буй орчин, нийгэмдээ хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангахад хувь нэмрээ оруулах үүрэгтэйг онцлов.
Монгол Улсын залуучууд хүний эрхийн мэдрэмжтэй байж, хаа байгаа газартаа, эх орондоо, гадны улс оронд ч хүний эрхийг хүндэтгэдэг, хамгаалдаг, хангадаг байхын ач холбогдлыг дурдаад, хэн нэгэн хүний эрх зөрчигдөж байгааг, хэн нэгний эрхэд халдаж байгааг таслан зогсоож, хамгаалдаг байхын чухлыг тайлбарласан. Мөн хүний эрхийн чиглэлээр ямарваа нэгэн арга хэмжээ авах, шийдвэр гаргах үйл явцад оролцож, нөөцийг хуваарилахад дуу хоолойгоо хүргэх нь хүний эрхийг хангах үйл явцад оролцож байгаа хэлбэр гэдгийг тодотгов. Энэ агуулгаараа оролцогчид хөтөлбөрийн хүрээнд суралцсан мэдлэг, мэдээлэлдээ тулгуурлан байгаа орчныхоо, өөрийн хүрээллийн нөхцөл байдалд үнэлгээ хийх, тухайн нөхцөл байдалтай хүний эрхийн асуудлыг холбон тодорхойлж, шаардлагатай агуулга, чиглэлээр хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаагаа явуулах боломжтойг хуваалцаж, холбогдох арга зүйг хуваалцав.
“Хүний эрхийн сургалтыг төлөвлөх, заах арга зүй” сэдэвт хичээлийнхээ төгсгөлд сургалтын чиглүүлэгч Б.Болорсайхан “Сургууль, хамт олон цаашилбал нийгмээ өөрчлөх, хүний эрхийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах бид бүгдийн хамтын ажиллагаа эхэлж байна. Монгол Улсын парламентын зүгээс бодлого боловсруулах, шийдвэр гаргахдаа оюутан, залуусын оролцоог хангах, дуу хоолойг тусгахад бэлэн байгаагаа илэрхийлэн энэхүү хөтөлбөрийг зохион байгуулж байгааг дахин хэлэхэд таатай байна” гэв.
Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ач холбогдлын талаар таниулан сурталчлах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох арга хэмжээ зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдын ахалж буй энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, М.Ганхүлэг, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара, Г.Очирбат, М.Сарнай, Г.Уянгахишиг, С.Цэнгүүн, М.Энхцэцэг нар ажиллаж байгаа юм.
“Бидний эрх, бидний оролцоо” сургалтын энэ өдрийн хичээлд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүн Х.Баасанжаргал оролцсон. Тэрбээр хоёр өдрийн сургалтын төсгөлд хэлсэн үгэндээ “Та бүхний сайн дурын санал, санаачилгад тулгуурлсан энэхүү хөтөлбөрийг Улсын Их Хурал дэмжин ажиллаж байна. Хоёр өдрийн сургалтаар та бүхэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, мэргэжилтэн, судлаачдаас хүний эрхийн талаарх дэлгэрэнгүй, сургалт, хичээл сонсож, суралцлаа. Цаашид та бүхний санал, санаачилгад суурилж хүний эрхийн боловсрол түгнэ. Энэхүү үйл ажиллагаатайгаа холбоотойгоор бидэнд нээлттэй хандаарай, дэмжин ажиллах болно” гэлээ. Мөн тэрбээр Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидээр ахлуулсан хамт олон боловсруулж, 2003 онд Улсын Их Хурал баталж байсныг дурдав. Үүнээс 21 жилийн дараа Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийг боловсруулж, энэхүү хөтөлбөрийн төсөлд олон нийтийн санал бодлыг тусгах үйл ажиллагаа “Бидний эрх, бидний оролцоо” сургалтын оролцогчдоор эхэлж байгааг Х.Баасанжаргал гишүүн онцлоод “Энэ танхимд суугаа оюутан та бүхэн нэг талдаа Монгол Улсын парламентын түвшинд залуучуудыг төлөөлөх, дуу хоолойг хүргэх, шийдвэр гаргалтад оролцох өндөр хариуцлага, итгэл хүлээж байгаа" хэмээгээд хүний эрхийг хангах, хамгаалах, энэ төрлийн боловсролыг түгээх чиглэлээр нээлттэй хамтран ажиллахыг уриаллаа.
Их, дээд сургуулийн 100 гаруй оюутан, залуус хамрагдаж буй “Бидний эрх, бидний оролцоо” хөтөлбөрийг Улсын Их Хурлын даргын 2024 оны 287 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс санаачлан Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран зохион байгуулж байна. Хүний эрхийн хамгаалагчдыг бэлтгэх зорилготой энэхүү сургагч багшийн хөтөлбөр нь 9, 10-ны өдрүүдэд үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.