Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд
Монгол улсын зургаадахь ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын чуулган дээр ярьсан нэг тэрбум мод тарих санаачилгыг нийгмийн сүлжээнд үгүйсгэн шүүмжилж, бас өргөнөөр талархан дэмжиж байна. Бүхнийг үгүйсгэн харлуулах нь өнөөгийн нийгмийн тааруухан өнгө тусгал бөгөөд халуун биеээс хүйтэн бие рүү энерги шилжих хуультай энергийн сарнилын орон зайд амьдардаг манай гараг ертөнцийн (замбараагүй байдлын ихсэх чиглэл рүү тэмүүлсэн ) байгалийн хуулийн үйлчлэлтэй зарим талаараа холбоотой ч аливаа зүйлийг зөв өнцгөөс нь үнэлэх ухаарах байдал, ойлгож мэдэх хүсэл хандлага эрмэлзэл нэн суларсан нийгмийн оюун санааны эмх цэгцийн хөгжлийн доогуур түвшинтэй ч холбоотой юм. Буруугаар мушгин тайлбарлагчид 1 секундэд 4 мод тарих боломжгүй гэхчлэн өчнөөн л гаргалгаа, тайлбар гаргаж байна.
Харин зөв талаас нь тайлбарлавал: Нэг тэрбум гэдэг их тоо биш ээ. 1 ш модыг хааш хаашаа 3 метр буюу 9м2 / шоо дөрвөлжин метр/ талбайд тарина гэвэл 9000 км2 /шоо дөрвөлжин километр/ буюу 100 км урттай 90 км өргөнтэй талбай болох бөгөөд манай улсын нутаг дэвсгэрийн 0,0057 хувь болох юм. Энэ нь Монголынхоо зүүн захаас баруун зах хүртэл ойролцоогоор 2500км газар 3,6км-ийн өргөнтэй мод тарьсан ногоон хэрэм байгуулах хэмжээний л санаачилга юм. Даяаршин буй, байгаль цаг уур нь бие биенээсээ улам бүр хараат харилцан шүтэлцээтэй болж буй дэлхий дахин, ногоон хувьсгалыг дэмжигч хөгжингүй улс орнууд гар сунган туслах нь лавтай. Эх орондоо элгэн халуун хайртай нийгмийн хариуцлагатай томоохон аж ахуйн нэгжүүд, бүтээлч иргэд, иргэний нийгмийн байгууллагууд уухайлан дэмжих нь гарцаагүй буйзаа.
Мод тарих чадвартай таван зуун мянган (500000) хүн байгаа гэж тооцоё. Нэг хүн жилд 200 мод тарихад 10 жилд нэг тэрбум мод болно. Хүн бүр өөрт хариуцагдах 200 модоо тарихад хавар намрын улиралд ээлжийн амралтынхаа 10 өдрийг л зарцуулья. Үүний тулд өдөр бүр ердөө 20 мод тарихад л үүргээ биелүүлнэ. Алив зүйлийг хийе гэвэл аргаа боддог хийхгүй гэвэл шалтагаа эрдэг гэсэн үг бий. Энд гараар мод тарих тухай бүдүүн баараг төсөөлөл дэвшүүллээ. Гэхдээ шинжлэх ухаан техник, технологи хөгжсөн өнөө цагт нэгэн зэрэг 4 эгнээгээр тарьц суулгадаг дунд оврын мод тарих ганц машин гэхэд өдөрт 20000 мод тарих боломжтой ажээ. Ингэвэл ердөө 125 ширхэг мод тарих машинаар жил бүр 40 хоног ажиллах тооцоо гарч байна. Юмыг болох талаас нь тооцвол иймэрхүү л дүр зураг гарч байна.
Насны эрэмбээрээ амьдарч буй нийгмийнхээ тэн ачааг үүрч буй өнөө үеийнхэн маань цөлжилтийг зогсоож, ногоон хэрмээр бэхлэгдсэн Монгол сайхан эх орноо хойч үедээ хүлээлгэн өгвөл олон зуунд дуурсах сайхан гавьяат үйлс болмуй
Мод тарих асуудлыг ач холбогдол, үр дагавар талаас нь тайлбарлавал асар өргөн утгыг агуулна. Ой мод нь усыг цуглуулах, урсгахгүй тогтоон барих, үндэс ёзоортой хураан хуримтлуулж, жигд хуваарилах зэргээр усны урсацын бүхий л горимийг зохицуулахын зэрэгцээ хөрсний гулгалт болоод хүчтэй аадар борооноос газрын хөрсийг нурж эвдрэх, урсахаас хамгаалах , мөнх цэвдгийг гэсэхээс хамгаалах зэрэг онцгой үүрэгтэй ажээ. Эх газрын эрс тэс уур амьсгалтай, далай тэнгисээс алс хол орших, өндөр уул нуруудаар тусгаарлагдсан Төв Азийн цээжинд орших Монгол сайхан орны маань амь амьдралыг тэтгэгч есөн мөрний сав газрын ус мөрнүүд олон мянган жил тасралтгүй урсаж ирсний далд эх үүсвэр нь нөгөө л цэвэр усны худаг хэмээн нэрийдэж болох харьцангуй багааханд тооцогдох хайрлан гамнууштай ой мод минь билээ.
Манай орны ойн сангийн үндсэн хэсгийг бүрдүүлдэг шинэс, нарс, хайлаас,хуш, жодоо зэрэг модод ойролцоогоор 150-400 хүртэл насалдаг. Идэвхтэй үйлчлэлтэй насыг нь 100 гэж бодвол ганцхан ширхэг модны амьдралынхаа туршид ялгаруулах хүчилтөрөгч, нүүрстөрөгчийг шингээж агаар цэвэршүүлэх экологийн болоод хөрсний эвдрэлээс хамгаалах үйлчилгээ, усыг эргэлтэнд оруулах ач тус зэргийг тоймлон тооцоход эрдэмтэн судлаачид 400 сая орчим төгрөгөөр үнэлэгдэнэ гэсэн тооцоог гаргасан байх юм. Тэгвэл дөрвөн зуун сая төгрөгийг нэг тэрбум модоор үржүүлэхэд дөрвийг үржих нь арвын арван долоон зэрэгт (4х1017) буюу дөрвөн зуун квадриллион (монгол нэршил нь дөрвөн ингүүмэл) гэсэн тоо гарна. Ийм хэмжээний мөнгөөр тус бүр 10 тэрбумын өртөгтэй 40 сая цогцолбор сургууль, эсвэл нэг км нь 1 тэрбум төгрөгийн өртөгтэй 400 сая километр буюу дэлхийг 9524 удаа бүтэн ороох хэмжээний дээд зэрэглэлийн, өндөр хурдны зам барьж болно. Мөн нэг грамм нь 55000 доллар ( 1доллар= 2850 төгрөг)-ын үнэтэй 2552 тонн цэвэр алмаз худалдан авч болно гээд төсөөлөл дөө. Ингээд бодохоор амьд байгаль түүний нөхөн сэргээгдэх баялаг, амьдралыг тэтгэгч ус, агаарыг үйлдвэрлэгч ногоон алт ой мод бөгөөс хүний бүтээсэн зүйлстэй харьцуулашгүй агуу, яндашгүй баян ажээ.
800 жилийн тэртээ Өгэдэй хааны байгуулсан дэлхийг хэрсэн морин өртөөний зам хоёр талаараа тарьсан модтой байсан гэх яриа буй. Үнэний ортой л байх. Дорно дахины ард түмэн модыг ”Их амь” гэдэг. “Их амь” бат тогтвортой оршиж байж л “бага амь” болох амьтан, хүн амьдарна, оршино, амьд бүхнийг оршоосон шим мандал цэцэглэнэ, дэлгэрнэ. Буддын гүн ухааны сургаальд мод тарих, хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлэх, эрдэм ном туурвих гурвыг буяны дээд хэмээжээ. Ингээд бодохоор Монгол төрийн тэргүүн маань эх орныхоо байгаль хамгаалах “Их амь”-ийг өнө бат оршоох алсын хараатай, агуу сайн үйлсийг санаачилжээ. Энэ санаачилга бодитоор биежин хэрэгживээс жинхэнэ ногоон хувьсгал, ирээдүйд ач тусаа үзүүлэх сайн үйлсийн сүмбэр оргил, ач буяны дээдийн дээд болмуй. Мэдээж модыг тарих, арчлан тордож ургуулах гэхчлэн бүхий л ажилд шинжлэх ухааны судалгаа тооцоо, асар их хүч хөдөлмөр, өндөр зохион байгуулалт , сайн менежмент, ихээхэн хөрөнгө санхүү, цаг хугацаа шаардагдах нь ойлгомжтой. Ирээдүй хойчдоо зориулан байгалын нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялаг, ашигт малтмалаас хураан хуримтлуулах баялгийн сан гэгчийг яг ийм том үйлсэд зориулан зарцуулууштай санагдана.
Төлөвлөх нь хийхийн хагас, зориглох нь бүтээхийн хүч болдог. Их үйлсийн мөрт эхлэл санаачилга туйлаас үнэ цэнэтэй. Урьд өмнө гарч байгаагүй ийм зоригтой, далайцтай санаалчилга гаргасан улс гэрийн тэргүүнээ угтан шүүмжлэх бус ард нийтээрээ ухаан далайг онож олон уралдуулж “өгье гэвэл ганцаасаа” хэмээх ардын мэргэн ухаанаар уухайлан дэмжиж, тосож бэлтгэх, тэсч магад гарах, гэгээн үйлс бүтээж цоо мөр ил гарч бадрахад нь онцгойлон дэмжүүштэй санагдана. Газар шилгээж, ус цалгихийн айх аюулгүйгээр мөнх тэнгэрээс заяагдсан, өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн Монгол сайхан эх орныхоо “их амь”-ийг өнө бат оршоох сайхан үйлс, сайн санаачилга бүр мандах нарны туяа мэт машид дэлгэрэх болтугай.
Ахмад багш: Баруун хотгойд Жамъянжавын Жамъянтив
(Боловсрол судлалын доктор)
Намрын дунд улаагчин тахиа сарын хорин тавны найралт эх одтой, алтан туурт морь өдөр
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2020/09/15
Франкфуртаас 245 иргэн эх орондоо ирнэ
-
Дэлхий нийтээр..2023/03/06
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
-
Дэлхий нийтээр..2023/04/17
Монгол Улс, Уругвай Улсын Гадаад харилцааны яамд хоорондын анхдугаар зөвлөлдөх ...
-
Дэлхий нийтээр..2024/01/26
“МонПЭН санаачилга”-ыг Баянгол дүүрэгт хэрэгжүүлж байна
