Тод индэр
Б.Одсүрэн: Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн мэдээлэл худлаа
Олон нийтийн сүлжээнд буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэх мэдээлэл гарсан. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээс энэ талаар тодрууллаа.
-Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Арваннэгдүгээр сарын 4-нд хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, хотын төвлөрлийг задлах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдсан. Тус хуралдаанаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээ болоод зорилгоо танилцуулсан. Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдэг бол худал, ташаа мэдээлэл. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо 652 мянгад хүрсэн. Он гарахад энэ тоо ойролцоогоор 700 мянгад хүрэх тооцоо бий. Зохицуулалт хийхгүй энэ байдлаараа үргэлжлэх юм бол Улаанбаатар хотын автомашины тоо гурван жилийн дараа 900 мянгаас нэг саяд хүрэх төлөв ажиглагдаж байна. Автомашины тоо нэмэгдэж байгаагаас үүдэн замын хөдөлгөөний дундаж хурд 2019 онд 13 км цагийн хурдтай байсан бол саяхан тооцоо хийж үзэхэд 10 км цагийн хурдтай болж буурсан байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд 2028 оноос эхлэн баруун гарын дүрэмд 100 хувь шилжье гэсэн саналыг оруулж байна. Тэр болтол автомашинууд замын хөдөлгөөнд хэвийн байдлаар оролцоно. Импортоор орж ирж буй автомашины 90 гаруй хувь нь долоогоос дээш жилийн насжилттай байдаг. Тиймээс эдгээр автомашины татварыг нэмэх талаар ярьж байгаа. Мэдээж дээрх асуудлуудаар иргэдээс санал, асуулга аван, уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлэнэ.
-Хотын төвлөрөл, замын ачааллыг бууруулахын тулд 420 тэрбум төгрөг төсөвлөж байгаа. Ямар ажлууд хийж, мөн хийхээр төлөвлөж байна вэ?
-420 тэрбум төгрөгийг хотын түгжрэлийг цогцоор нь бууруулахад зарцуулах тухай шийдвэр Засгийн газрын 146 дугаар тогтоолоор гарсан. Уг төсвийн хүрээнд нийт 12 төсөл, хөтөлбөр хэрэгжинэ. Тухайлбал, Яармагийг “ТЭЦ-4”-ийн замтай, цаашаагаа Энхтайваны гудамжтай холбох 650 метр урттай гүүр нийтийн тээврийн сүлжээ, төлөвлөлтийг нэмэгдүүлэх зорилготой гол гудамж, замуудын төсөл, ажлуудыг хийнэ. Түүнчлэн явган болон дугуйн зам, нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой ажлуудыг төлөвлөсөн.
-Яармаг орчмын түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажил хийх вэ?
-Яармагаас хотын төв рүү чиглэх авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлөх судалгааг хийж дууссан. Дараагийн долоо хоногт Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна. Эхний ээлжид нийтийн тээврийг чөлөөтэй явуулах шийдэл гаргахаар ажиллаж байна.
Тод индэр
Л.Оюун-Эрдэнэ: Төрийн өмчит компанийн засаглалд өмнө хийгдэж байгаагүй далайцтай реформ хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,
“Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, цар тахлаас хойш хурдтай өсөж буй эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахын тулд Засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулахад үндсэн анхаарлаа хандуулсаар байна.
2021 онд 43 их наяд төгрөг байсан Монгол Улсын эдийн засгийн багтаамж, 2024 онд 82 их наядад хүрч хоёр дахин тэлсэн нь чамлахааргүй өсөлт боловч цаашид эдийн засгийн шинэ бүтцийг бүрдүүлэхийн тулд хүний нөөц, хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологи, ногоон шилжилт хийж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах шаардлагатай байна.
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Бизнест ээлтэй Монгол” буюу “Business Friendly Mongolia” хөтөлбөрийг хэлэлцэж, Бахрейн улсын жишгээр эдийн засгийг төрөлжүүлсэн сайн туршлагад үндэслэн хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах Засгийн газрын тогтоол баталж, Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлд олон улсын экспертүүдийг урьж ажиллуулах шийдвэр гаргалаа.
Дэлхийд үнэлэгдсэн шилдэг мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж ажиллуулахад алт, мөнгө, хүрэл Гэрэгэ өгч байхаар энэхүү тогтоолд туссан болно.
Өмнө нь бид Эстони улсын цахим шилжилтийн сайн туршлагад үндэслэн E-Mongolia хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадсан шиг хөрөнгө оруулалт, татварын орчин, бизнес эрхлэхэд бүртгэлээс эхлээд дампуурах хүртэлх эрх зүйн орчин, маргаан шийдвэрлэх процесст цогц байдлаар дүн шинжилгээ хийж, Улсын Их Хурлын хаврын чуулганд хэлэлцүүлэхээр бэлтгэл хангаж байна.
Бизнесийн орчныг сайжруулах нэгдсэн зорилтын хүрээнд төрийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж байна.
2012 оноос хойш OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл болон бизнес төлөвлөгөө, санхүүгийн гүйцэтгэлийн оновчгүй байдал, улс төрийн нөлөө бүхий томилгоо, хүний нөөцийн бүтээмжгүй байдал зэргээс шалтгаалж төрийн өмчит нийт компанийн 44 хувь нь засаглалын хямралд орж, төрийн өмчит 120 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа боловч 10 компани нь л нийт ашгийн 85 хувийг бүрдүүлж байна. 43 нь алдагдалтай ажилласан байна.
Өмнө нь төслөг хуулиуд гурван ч удаа боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан боловч төрийн өмчийн компаниудын лобби-д хөтлөгдөж, эрхзүйн орчныг шинэчлэх реформ бүтэлгүйтэж байсан гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.
Холимог тогтолцоогоор бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламент хөгжлийн томоохон төслүүдийг гацаанаас гаргаж, хөдөлгөж чадсан шиг энэ удаа төрийн өмчит компанийн засаглалд өмнө нь хийгдэж байгаагүй далайцтай реформ хийх түүхэн үүргээ гүйцэтгэж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Энэ хууль батлагдсанаар Төрийн өмчит компанийн засаглалд тавигдах шаардлагыг OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зарчимд нийцүүлж, уул уурхайн компаниуд “Эрдэнэс Монгол” нэгдэл, уул уурхайн бус компаниуд “Эрчист Монгол” нэгдэл байдлаар зохион байгуулагдаж, олон улсын удирдлагын тогтолцоонд шилжүүлж, компаниудын үр ашиг, үнэлгээ сайжирна.
OECD буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зарчимд нийцээгүй бол нэгтгэх, татан буулгах, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, эсвэл нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн зохион байгуулна.
Энэ зохион байгуулалт хийгдсэнээр төрийн өмчит хуулийн этгээдийн бүтэц, чиг үүргийн давхардал, зардлыг бууруулж, цаашид төрийн өмчит компанийн тоог хоёр дахин бууруулна.
Нэг үгээр хэлбэл, үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөхүйц стратегийн хувьд ач холбогдолтой, хувийн хэвшилд шилжүүлэх боломжгүй төрийн өмчит компаниудыг олон улсын засаглалын зарчимд нийцүүлж, бусад компанийг энэ хуулиар өөрчлөн зохион байгуулна.
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж өгнө үү” гэлээ.
Тод индэр
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв
Монгол Улсын эрхэм иргэд ээ,
Монголчуудын оюун санаа, эв нэгдэл, их зөвшилцлийн бүтээл-ардчилсан Үндсэн хууль батлагдсан 33 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
“Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй” хэмээн эх орноо эрхэмлэн нандигнадаг Монгол түмэн 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 35 минут анхны ардчилсан Үндсэн хуулиа баталж, эх орон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлж, эх нутагтаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон даяар олноо тунхагласан билээ.
Энэхүү эрхэм зорилго дор хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалаа нандигнан, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж эх орноо хөгжүүлэх нь Та бидний нэр төртэй үүрэг мөн.
Үндсэн хуулиар хүн бүрийн хүн ёсны эрхэм чанарыг хүндэтгэх, эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, төрийн эрх мэдэл хуваарилах, хяналт-тэнцэлтэй байх зарчмыг тулгуур болгон тусгасан нь Монголчууд бидний гарцаагүй бахархах, нандигнах үнэт зүйл юм.
Үндсэн хуулийн эрхэм зорилго, эдгээр суурь зарчим, тогтолцоо нь нийгмийн суурь зарчим, үнэт зүйл болохын хувьд он цагийн урсгалд тогтвортой байх ёстой. Үүний зэрэгцээ бид үндсэн хуульт ёсны хөгжилд нээлттэй хандаж, ард түмнийхээ нийтлэг эрхэм зорилгын төлөө нэг зүгт хөгжих учиртай.
Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөд тусгагдсан сонгуулийн холимог тогтолцоо нь төлөөлөх чадварыг өргөжүүлэх замаар парламентын дархлааг бэхжүүлэхийг зорьсон. Энэ зорилго хэрэгжиж өнөөдөр Монгол Улсын Их Хуралд таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүн сонгогдож, олон салбар чиглэлээр мэргэшсэн, нас насны төлөөллийг хангасан бүрэлдэхүүнтэй болж, олон ургалч үзэл өргөн хүрээнд хангагдах нөхцөл бүрдлээ.
Орчин үед дэлхийн улсуудын хөгжлийн хэмнэл хурдсаж мэдээллийн солилцоо эрчимжих, нийгмийн шинэ харилцааны хэрэгцээнд тулгуурлан эрх зүйн зүй ёсны зохицуулалтыг цаг алдалгүй нэвтрүүлэх, иргэдийн бодит дуу хоолойнд мэдрэмжтэй байх, үр дүнтэй оролцоог хөхиүлэн дэмжих зэрэг төрийн үйл ажиллагаанд шинэ хандлагаар хандах хэрэгцээ шаардлага бий болсоор байна.
Иргэдийн хувьд шинээр бүрдсэн парламент эрх зүйн орчныг сайжруулах замаар улс орны хөгжлийг түргэтгэж ахиц авчирна гэсэн өндөр хүлээлттэй байгаа. Тиймээс олон парламент дамнан яригдсан, эдийн засгийн хөгжилд бодит түлхэц өгөх байгалийн баялгийг одоо ба ирээдүйн тусын тулд ашиглаж, ард түмэн үр өгөөжийг хүртэх төслүүдийг Монгол Улсын Их Хурал нээлттэй хэлэлцэж хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд байна.
Эрхэм ард иргэд ээ,
Өнөөдөр тохиож буй Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр бол Монголчууд бид тусгаар тогтносон, бүрэн эрхт эх орон, түүх, соёлоороо бахархах, үндсэн хуульт ёсыг нандигнан цэгнэх өдөр юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг тайлбарлан таниулах, түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдол чухал хэвээр байна.
Энэ зорилгын хүрээнд Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” тогтоол баталж, Үндсэн хуулиа төрийн бүх байгууллага дээдлэн залахыг даалгаж, иргэн бүр судлан мэдэхийг уриаллаа.
Монгол Улсын Үндсэн хуульд “Мэдэгтүн, сахигтун!” гэснийг даяар олноо бүрэн хэрэгжүүлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх Та бидний үйл хэрэг улам дэлгэрэн батжихын ерөөл дэвшүүлье.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН
2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр
Тод индэр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ахмадын үндэсний чуулганыг нээж үг хэллээ
Эх орныхоо өнцөг булан бүрээс мянга мянган нөхдөө төлөөлөн энэ танхимд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт ахмадууд Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бүхэндээ айлчлан ирсэн шинэ оны мэндийг дэвшүүлж, 2025 ондоо эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхыг Улсын Их Хурлын нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсэн ерөөж мэндчилж байна.
Ахмадууд хэзээний эртэч, ажил хэрэгч зангаараа энэ удаагийн Үндэсний чуулганаа оны эхэнд хийх саналаа ирүүлснийг Улсын Их Хурлын даргын зөвлөл баяртай хүлээн авч, дэмжсэнээр Та бид өнөөдөр энэхүү танхимд чуулж байна.
2025 онд Монголын парламент болон Засгийн газрын хувьд эрх зүйн төгөлдөршил, эрүүл монгол хүн, мега төслийн бүтээн байгуулалт, алдагдалгүй төсөв зэрэг алсдаа үр өгөөжөө өгөх амбицтай томоохон зорилтыг дэвшүүлсэн. Тэр хэмжээгээр Та биднээс зүтгэл чармайлт, бас тэвчээр хүлээлт шаардах их сорилтын жил байх болно.
Иймд эх орныхоо XX зууны их бүтээн байгуулалт, 1990 ээд оны нийгэм, эдийн засгийн шилжилт, зах зээлийн үеийн баяр жаргал, бэрхшээл сорилтыг биеэрээ туулж яваа ахмадууд Та бүхний нийгмийн оролцоо, дуу хоолой, санал санаачилга, бүтээлч хөдөлмөр урьдын адил чухал хэвээр байна.
Тийм учраас энэ удаагийн Үндэсний чуулган ахмадуудын нийгмийн асуудлын зэрэгцээ ахмад настны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн олон талт оролцооны талаар түлхүү хэлэлцэнэ гэж итгэж байна. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль анхлан батлагдснаас хойш 20 жил, мөн Ахмад настны тухай хуульд өнгөрсөн онд оруулсан шинэчилсэн найруулгын хэм хэмжээний томоохон нэмэлт, өөрчлөлтүүд хэрэгжиж эхлэх цаг хугацаатай энэ чуулган давхцаж байгаагаараа онцлог юм.
Чуулганы зочид, төлөөлөгчид өө
Аль ч цаг үе, аль ч нийгэмд ахмад үеийнхний нийгмийн үүрэг оролцоо нэн чухал байсан, байсаар ч байх болно. “Ахмадын сургаал алт, өвгөдийн эрдэм өв” хэмээн хэлэлцдэг монгол ухаан үүнийг нотолж байна. Ахмад үеийнхэнд амьдралын туршлага хэмээх нийгмийн үнэт капитал буюу баялаг нөөц бий. Ахмадын туршлага бол тэдний туулж өнгөрүүлсэн амьдралын ухаарал сургамж, ажил мэргэжлийн ур чадвар, амьдрах ухааны хуримтлал байдаг. 2023 оны байдлаар манай улсын нийт хүн амын 10.1 хувь буюу 385.3 мянга нь ахмад настан байна. Ахмадууд Та бүхний туршлага, мэдлэгийн хүч нөөцийг улс орныхоо хөгжилд хэрхэн үр өгөөжтэй ашиглах нь аливаа улс орны Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тогтвортой хөгжлийн нэг үзүүлэлт, нэгэн шалгуур болж байна.
Дэлхий нийтэд ч сүүлийн жилүүдэд төрөлт буурч, дундаж наслалт нэмэгдэж, үүний улмаас ажиллах хүчний хомсдол, тэтгэврийн сангийн хямрал, эдийн засгийн хүндрэлтэй асуудал тулгарч байна. Энэ бүхэн манайд ч тулгамдсан асуудал болж байна. Үүнийг даван туулахын тулд улс орон бүр өөрийн өөрийн арга барилаар тодорхой бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд ахмад настны эрхийг хамгаалах, эрүүл, идэвхтэй насжилт руу чиглэсэн байнгын сургалтад хамруулах, технологид суралцуулах, эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгалын системийн тогтолцоонд шинэчлэлт хийх, асаргаа сувилгаа, сэргээн засал болон ахмадын тусламж үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх зэрэг шинэлэг арга хэмжээг авч хэрэгжүүлж, ажиллаж байна. Бид ч мөн адил цаг алдалгүй зөв зохистой бодлого барьж ажиллах ёстой.
Иймд ахмад настны нийгмийн асуудлыг өнөөгийн байдал, ирээдүйн хандлагын үүднээс иж бүрэн, цогцоор нь харж шийдэх зорилгоор дараах 5 чиглэлд нэн түрүүнд анхаарч ажиллах шаардлагатай.
Нэгдүгээрт, эрүүл мэнд. Энэ нь хүн бүрд нэн чухал, тэр дундаа, ахмад настны эрүүл мэндийн асуудал нийгмийн бодлого, халамж, үйлчилгээний нэг гол чиглэл байх ёстой. Ахмад үеийнхэн маань улс орон, өрх гэрийнхээ өнөөгийн амьдралыг бий болгохын төлөө залуу нас, эрүүл мэндээ зориулсан бас золиосолсон хүмүүс юм. Одоо тэдэнд анхаарал халамж, асаргаа сувилгаа нэн чухал. Ахмадууд эрүүл мэндийн бүх төрлийн тусламж, үйлчилгээг авах онцгой, бүрэн эрхтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Эрүүл Монгол” хөтөлбөрийн хүрээнд үндэсний хэмжээнд ахмад настны эрүүл мэндийн цогц үнэлгээ хийж, тэднийг урьчилан сэргийлэлт, эрт илрүүлэгт хамруулах замаар эмнэлгийн яаралтай тусламж, сэргээн засалт, асрахуй сувилахуйн болон эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг олон улсын жишиг, орчин үеийн шаардлагын түвшинд хүргэх нь нэн тэргүүний зорилт болж байна. Энэ бүхэнд чиг үүргийн яамд болон холбогдох бүх шатны байгууллага, албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлж ажиллахыг анхааруулъя.
Хоёрдугаарт, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийн асуудал. Энэ талаар Улсын Их Хурал, Засгийн газраас өнгөрсөн хугацаанд боломж бололцоондоо нийцүүлсэн шийдвэрүүдийг гаргасаар ирсэн. 2016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хувь тэнцүүлсэн болон тэтгэврийн доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэн бөгөөд ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 2016 онд 285.2 мянган төгрөг байсан бол 2025 оны 01 сарын 01-ний өдрийн байдлаар 848.0 мянган төгрөг болсон. Тэтгэвэр авах хүний тоо 2016 онд 376.5 мянга байсан бол 2024 оны байдлаар 499.2 мянга буюу бараг хагас саяд хүрчээ. Үүнийг дагаад тэтгэвэрт зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн бөгөөд 2025 онд 5.4 их наяд төгрөгийг төсөвлөж баталсан. Энэ онд инфляцын түвшинтэй холбогдуулж тэтгэврийг 6 хувь нэмсэн. Энэ бодлогыг цаашид тууштай, баримталж, хэрэгжүүлэх болно. Ингэснээр ахмад настны авч буй тэтгэврийн худалдан авах чадвар буурахгүй байх нөхцөл боломж бүрдэж байгаа төдийгүй инфляцын түвшинтэй уялдаж тэтгэвэр нэмэгдэж байх тогтолцоонд шилжиж байгаа юм.
Гуравдугаарт, ахмад настны хөдөлмөр эрхлэлт. Статистикийн мэдээллээр манай орны хөдөлмөрийн насны иргэд ба ахмад настны тооны харьцаа одоогоор 10:1 байна. 2040 он гэхэд 4:1 болж, ажиллах хүчний насжилт эрчимтэйгээр нэмэгдэхээр байна. Хэдийгээр ахмадууд маань нийгмийн амьдралын бүхий л салбарт хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэврийн насанд хүрч, гавьяаны амралтаа эдэлж байгаа ч тэдэнд хөдөлмөрлөх чадамж бололцоо, хүсэл эрмэлзэл их байгаа.
2024 оны байдлаар 55-69 насны эмэгтэй 203.779, 60-69 насны эрэгтэй 83.336 байна. Тэдний ихэнх нь хөдөлмөрийн чадвартай, ажлын туршлагатай. Хөдөлмөрийн зах зээлд хүний нөөцийн хомсдол үүссэн энэ цаг үед Та бүхний маань хувь нэмэр нэн чухал юм. Судалгаагаар 87.8 мянга буюу нийт ахмад настны 22.8 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа гэдэг мэдээлэл байна.
“Халамжаас хөдөлмөрт” гэсэн бодлогын хүрээнд ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн орчин үндсэндээ бүрдсэн. Энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа Ахмадын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа үндсэндээ тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн. Одоо харин хуулиа хэрэгжүүлэхэд хаана хаанаа хүчин чармайлт гаргах ёстой. Төр хувийн хэвшлийн бүх байгууллага хуулиар хүлээсэн үүрэгтэй гэдгийг ч сануулж хэлье. Ахмадууд өөрсдөө ч дангаараа болон хамтрах, хорших хэлбэрээр шинээр ажлын байр болон ажиллах боломж бүрэн нээлттэй байна.
Ингэж ажиллаж сайн туршлага, үлгэрлэл, манлайлал үзүүлж байгаа олон ахмадууд байгаа. Тэдэндээ энэ индрээс чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Дөрөвдүгээрт, ахмад настны хөгжил, идэвхтэй амьдрал. Шинжлэх ухаан, технологийн эрчимтэй өөрчлөлт бүхий шинэ цаг үе нь ахмадын амьдрал, хөгжил, аж төрөх ёсыг шинэчилж байна. Нийгэмд хүүхэд, залуусын шинэ үе ирж байдгаачлан ахмадын шинэ үе ирж байна. Насан туршийн суралцахуй, эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг нь шинэ үеийн ахмадуудын нийтлэг дүр төрх болж байна. Манай ахмадууд ч энэ жишгийг дагаж амьдралын хэв маягаа өөрчилж байна.
Өөрийн хүсэл, сонирхол, ур чадварт тохирсон ажил төрөл эрхлэх, шинэ ур чадварт суралцах, шинэ технологи эзэмших болон эрүүл хооллолт, идэвхтэй хөдөлгөөн, сэтгэл зүй ба амирхахуйн дасгал бясалгал, спортын санаачилга, биеийн тамирын хөдөлгөөнүүдэд хамрагдах нь ахмад настны хөгжил, тэдний эрүүл насжилт, идэвхтэй амьдралын үндсэн нөхцөл юм.
Тавдугаарт, ахмадын эрхийг хамгаалах тэдний нийгмийн оролцоог дэмжих нь ахмад настны талаар баримтлах бодлогын нэг анхаарах чиглэл байх болно. Хуулийн энэ зарчмыг аливаа иргэн, асран хамгаалагч, аж ахуйн нэгж, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан хэн боловч хэрэгжүүлж байх үүрэгтэй. Бидний амьдрал, ахуйд ахмад настны эсрэг нийгмийн хүчирхийлэл янз бүрийн хэлбэрээр гарсаар байгаа нь сэтгэл түгшээсэн асуудлын нэг болоод байна. Ахмад настны тэтгэвэр тэтгэмжийг өөрт нь зориулахгүй байх, тэдний эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, улмаар эрүүл мэнд, бие махбод, сэтгэл санаанд нь гэм хор учруулах, учруулахаар заналхийлсэн үйлдлүүд нь хүний эрхийн ноцтой зөрчлүүд мөн. Иймд холбогдох байгууллагууд онцгой анхааралдаа авч, Хүний эрхийн Үндэсний Комисс энэ тухай тайлангаа ирэх жилүүдэд Улсын Их Хуралд танилцуулбал зохино.
Эрх нь хангагдсан ахмадууд нийгмийн дунд идэвхтэй амьдрах боломж бүрдсэнээр тэдний нийгмийн оролцоо аяндаа өргөжих юм.
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан олон хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монголын нийт ахмадуудын нийгмийн оролцоо нэн чухал. Манай парламентын насаар ахмад гишүүн Д.Рэгдэл гуайгаар ахлуулсан “Ахмад настны оролцоог дэмжих” бүлэг байгуулагдан ажиллаж байгааг дуулгахад мөн таатай байна. Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэлд амжилт хүсье. Оролцоог нь нийтээрээ дэмжье, урамшуулъя. Хамтдаа иргэндээ ээлтэй, шинэ нийгмийг байгуулж ажиллахыг бүх иргэдэдээ уриалъя.
Чуулганы зочид оо,
Ахмад настны нийгмийн асуудлаарх дээр дурдсан бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд бүх шатандаа хүчин чармайлт гаргаж, үйл ажиллагаагаа нэгтгэж, эрчимжүүлж, үр дүн гаргах нь чухал байна.
Үүний төлөө Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу Ахмад настны тухай хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж, хангаж ажиллахыг Засгийн газраас шаардах төдийгүй хууль, бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах үүргээ хэрэгжүүлж ажиллахыг ямагт хичээж ажиллана.
Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй, ахмадын төлөөлтэй манай парламент хүн төвтэй хуулийн үзэл баримтлалын хүрээнд Ахмад настны тухай болон түүнтэй холбогдох бусад хууль, журмуудын зохицуулалтыг иж бүрнээр боловсронгуй болгох чиглэлээр санаачилгатай ажиллах болно.
Энэ цаг үед мөн ахмад настны нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг улсын хэмжээнд төлөөлөх үүрэг бүхий ахмадын байгууллагын үйл ажиллагаа ч шинэчлэгдэх шаардлагатай.
Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, орлогын баталгааг хангах, идэвхтэй насжилтыг дэмжих, оролцоонд суурилсан ахмад настны цогц тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, тэдний эсрэг, нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хүчирхийллийг гаргуулахгүй, газар авхуулахгүй байх чиглэлээр бүх шатны төв орон нутгийн байгууллага, иргэн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах шинэ эрэл хайгуул нэн чухал юм.
Ахмадын холбоод маань харилцан сайн туршлагаа солилцож, улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажиллаж, хууль, журмын хэрэгжилт практикт хэрхэн бууж байгаа талаар тухай бүр мэдээ, мэдээллээр хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг хангаж, байнгын хяналт тавьж ажиллахыг уриалж байна.
Энэхүү чуулганаас 2023 онд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор болсон “Шинэ сэргэлт: Ахмадын оролцоо” сэдэвт чуулганы үр дүнгээ хэлэлцээд цаашид бид хэрхэн хамтран ажиллах, ямар арга барилыг нэвтрүүлэх талаар үнэтэй санал, зөвлөмж гарах болно гэсэн хүлээлттэй байна.
Өмнөх чуулганаас гаргасан зөвлөмжид тусгагдсан Улсын Их Хуралд хамаарах 5 арга хэмжээ үндсэндээ бүрэн биелсэн болохыг Та бүхэндээ дуулгахын ялдамд энэ чуулганаас гарах санал, зөвлөмжийг бүрэн дэмжиж, хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлье.
Ахмадуудынхаа зөвлөмж, дэмжлэг, нийгмийн оролцоотойгоор Та бид хамтдаа илүү тав тухтай, эрх тэгш, хүртээмжтэй нийгмийг цогцлооно гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм хүндэт ахмадууд, чуулганд оролцогч зочид, төлөөлөгчид Та бүхэндээ болон Монголынхоо нийт ахмадууддаа гарч байгаа шинэ он, ирж буй могой жилдээ эрүүл энх, эрч хүч, амжилт ололтоор дүүрэн байхыг ерөөж, чуулганы ажиллагаанд амжилт хүсье.
2025.01.08
Улаанбаатар хот