Дэлхий нийтээр..
Их тэнгэрийн амны хадны зургийн орчны тохижилтын ажил дууслаа
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тэдгээрийн нэг болох Их тэнгэрийн амны хадны зургийн орчны тохижилтын ажлын нээлт энэ сарын 27-ны өдөр боллоо. Тодруулбал, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран Их тэнгэрийн амны улаан зосон болон хар бэхэн зургийн түүх, соёлын дурсгалт газрын орчны тохижилтын ажлыг хийсэн юм.
Хот орчмын түүх, соёлын дурсгалуудыг түшиглэн Улаанбаатар хотод ирж буй гадаад, дотоодын жуулчдыг татах, хотын аяллын шинэ бүтээгдэхүүнийг бий болгож, зорин очих газрыг нэмэгдүүлэх, түүх, соёлын дурсгалыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор тус ажлыг гүйцэтгэжээ.

Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг “Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Найрсаг Улаанбаатар-2” хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилт тавин, 2020 онд хот орчмын түүх соёлын дурсгалт газруудын судалгааг хийн 47 байршлыг илрүүлсэн юм. Эдгээрээс ач холбогдол бүхий таван байршлыг сонгон, тохижилтын ажлыг шат дараатайгаар хийж байна. Тэдгээрийн нэг нь Их тэнгэрийн амны хадны зураг. 3000 жилийн өмнөх үед хамаарах дурсгалт өвийг сэргээн тохижуулахдаа яг тухайн үед нь очсон мэт байгальд ээлтэй байдлаар тохижуулахыг зорьсон. Бид дурсгалт өвөө арчлан хамгаалж, түүнийгээ аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилт тавин ажиллалаа. Уг зорилтын хүрээнд үлдсэн байршилд тохижилтын ажлыг шат дараатайгаар хийнэ” хэмээсэн юм.

Их тэнгэрийн амны хадны зургийг 1960 онд ОХУ-ын нэрт эрдэмтэн А.П.Окладников илрүүлэн, судалж байсан бөгөөд Хүрэл зэвсгийн үед холбогдох хадны зосон зураг болон 13-р зууны үед холбогдох бэхэн зураг, Монгол, Хятад, Төвд бичээс нь Монголын түүх, соёлын үнэт өв юм.

Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “Улаанбаатар хотын 300 гаруй байршилд 1500 орчим археологийн дурсгал байдаг. Энэ тоо судалгааны үр дүнд нэмэгдэх боломжтой. Гэвч эдгээр археологийн дурсгал дунд хадны зураг тун цөөн бий. Хамгийн алдартай нь Их тэнгэрийн ам, Гачууртын ам, Бурхант уулын хадны зургууд юм. Их тэнгэрийн амны хадны зураг нь хэд хэдэн үеийг хамарсан цогцолбор дурсгал гэж хэлж болно. Тухайлбал, 3000 жилийн өмнөх буюу Хүрэл зэвсгийн үед холбогдох хадны зосон зураг, 13-14 дүгээр зууны үед хамаарах хар бэхэн зураг, бичээс бий. Мөн 18-19 дүгээр зууны үеийн бурхны шашны төвд бичээс, монгол бичиг зэрэг байдгаараа онцлог. Энэ дундаас 13-14 дүгээр зууны үед холбогдох хар бэхэн дүрслэлүүд нь Монголын нутгаас маш цөөхөн олдсон. Ялангуяа монгол эмэгтэй хүн богтог малгайтай, дээл өмсчихсөн дүрслэл бол маш ховор байдаг. Хадны зургийг олон нийтэд үзүүлэх боломжтой болж байгаа нь сайхан байна. Өмнө нь аялагч, жуулчдад эдгээр археологийн дурсгалаа танилцуулахад зориулалтын шат байхгүйн улмаас хад руу авирч гарах зэргээр хүндрэлтэй зүйл нэлээдгүй байсан. Тиймээс НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, ШУА-ын Археологийн хүрээлэн хамтраад хадны сүг зургийн тохижилтын ажлыг хийж, олон нийтэд нээлттэй үзүүлэх боломжийг олгож байгаа нь тун сайхан санагдаж байна. Олон нийтэд зориулсан хадны зургуудыг цаашид илүү сайн хамгаалж, хойч үедээ өвлүүлэн таниулах учиртай. Тиймээс уг хадны зургийг үзэж, сонирхох иргэд, жуулчид маань археологийн дурсгалт өвдөө хүндэтгэлтэй хандаж, хадан дээр бичиж сараачин, гэмтээхгүй байх үүрэгтэй юм шүү” гэв.

“Найрсаг Улаанбаатар-2” хөтөлбөрийн хүрээнд таван байршлыг тохижуулахаар төлөвлөснөөс өнөөдөр ийнхүү Их тэнгэрийн амны хадны зургийн тохижилтын ажил дууслаа. Үргэлжлүүлэн Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш, Тоорил хааны орд, Ар гүнт дэх дөрвөлжин булш, Гачууртын амны хадны зургийг шат дараатайгаар тохижуулан, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх юм.



Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2019/06/16
УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2021/03/19
Миссуригийн их сургуульд монгол залуус хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой бол...
-
Тод зураг2020/05/15
ОХУ-ын Дээд шүүхээс авлигын талаарх статистик мэдээллийг танилцуулав
-
Үйл явдал2024/09/19
"Дөлгөөн нуур" худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто зам...
