Тод мэдээ
Сүүлийн 4 хоногт халтирч унаж бэртсэн 282 хүн тусламж үйлчилгээ авчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт энэ сарын 17-20-ны өдөр буюу сүүлийн 4 хоногт зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн 282 хүн тусламж үйлчилгээ авчээ.
Үүнээс төв эмнэлэгт 251, салбар эмнэлэгт 31 хүнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд амралтын өдрүүдээр халтирч унаж, бэртсэн иргэдийн тоо 2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Тухайлбал, энэ сарын 17-ны өдөр 71, 18-ны өдөр 58 байсан бол, 19-ний өдөр 83, 20-ны өдөр 70 хүн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэл гэмтэл авч, ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн байна.
Мөн дээрх өдрүүдэд осголт, хөлдөлтийн шалтгаант найман тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ сарын 3-ны өдрөөс буюу цас орсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 39 тохиолдол бүртгэгджээ.
Иймд иргэд та бүхэнд эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа хангах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг ГССҮТ-өөс зөвлөж байна.
Тод мэдээ
ЗГ: Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 23-нд болж, Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцжуулалт, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа.
Тус Ажлын хэсгийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахална.
Засгийн газар, Монголбанк хамтран 2013 оноос “Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 9.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 132 орчим мянган зээлдэгчдэд олгожээ. Үнэт цаасанд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бүрдсэн ч урт хугацааны тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, зардлыг бууруулах, гаднын хөрөнгө оруулагчдыг татах зэрэг ажил дутагдалтай хэвээр байна.
Сүүлийн дөрвөн жилд хөтөлбөрөөс гадна зах зээлийн нөхцөлтэй зээлийн хэмжээ нэмэгдэж, шинээр олгосон зээлийн хэмжээ хөтөлбөрийн зээлтэй харьцуулбал 1.5 дахин өндөр байгаа нь энэ зах зээл хөгжих орон зай байгааг илтгэж байна.
Ганц хөтөлбөрийн санхүүжилтэд анхаарах бус орон сууцны урт хугацааны санхүүжилтийн тогтолцоо бий болгох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, нэгдсэн бодлогоор хангах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Иймд бусад улс орны жишгийн дагуу Орон сууцны санхүүжилтийн тухай хуулийг баталж, эрх зүйн зохицуулалтаар хангах, хуулийн хүрээнд Орон сууцны санхүүжилтийн корпорацыг шинээр үүсгэн байгуулах, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан болон барьцаат үнэт цаасыг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэж Ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ.
Тод мэдээ
ЗГ: Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 23-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын наймаа нь НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцод заасанчлан үндэстэн дамнасан, нарийн зохион байгуулалттай, нууц, далд аргаар үйлдэгддэг гэмт хэрэг юм. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх арга, зохион байгуулалт боловсронгуй болж, манай улсын үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулах шинжтэй болж байна. Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэх арга хэмжээний талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
1.Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор УИХ-аас 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай эцэслэн боловсруулж, энэ оны наймдугаар сард багтаан танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нарт тус тус даалгав. Энэ ажлын хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл болон бусад обьектив талыг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангатгана.
2.Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг таслан зогсоох, хязгаарлах зорилгоор Бүгд Найрамдах Турк, Бүгд Найрамдах Солонгос Улс, Америкийн Нэгдсэн Улс, Оросын Холбооны Улс, Тайланд, Вьетнам Улс болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
3.Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан, хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа ирэх сард багтаан Засгийн газарт танилцуулах;
4.Мансуурах донтой иргэдийг эмчлэх, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх төвийг Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулах асуудлыг судалж Засгийн газарт танилцуулах, Монгол Улсад хориглосон, хязгаарласан, хяналтад байх шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтыг шинэчлэн батлах;
5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний тархалтын тандалт, судалгаа хийж, бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.
Мөн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чиглэлээр соёл, спортын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, манай улсад ургадаг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт ургамлын тархцыг хумих ажлыг эрчимжүүлж, бүрэн устгах арга хэмжээ авахыг Цагдаагийн ерөнхий газарт үүрэг болгов.
Тод мэдээ
Дунд гол орчмын хог хаягдлыг долоодугаар сарын 24, 25-нд цэвэрлэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар есөн дүүргийн удирдлага болон холбогдох хэлтсийнхэнтэй уулзаж, хот орчмын Туул, Сэлбэ, Дунд, Наран, Толгойт, Улиастайн гол зэрэг голын ай савын хогийг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх үүрэг даалгаврыг өгсөн.
Энэ хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтсүүд болон цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан компаниуд хамтран энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Дунд голыг цэвэрлэнэ.
Ингэхдээ,
- Дүүргийн 26-р хороо буюу Энхтайваны гүүрний доороос “Нарны хороолол”, 24-р хороо буюу “Алтай хотхон”-ы урдуур урсдаг Дунд голын ай савыг,
- Дүүргийн 20-р хороо буюу “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн урд хэсэг, Сонсголонгийн гүүр орчимд Дунд гол Туул голтой нийлдэг хэсгийг самнаж цэвэрлэх юм.
Цэвэрлэгээг дүүргийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан байгууллагууд гаргасан хуваарийн дагуу цэвэрлэх бол “Баянгол Шинэ Өргөө” хог тээвэрлэлтийг бүрэн хариуцаж ажиллана.
-
Өнөөдөр2021/08/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ
-
Тод мэдээ2022/04/13
Зургаадугаар сарын 1-нээс эхлэн барилгын зөвшөөрлийг цахимаар олгохыг зорьж байн...
-
Өнөөдөр2022/08/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
-
Тод мэдээ2024/08/05
Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” Үндэсний музейд з...