Дэлхий нийтээр..
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.
Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 1 дүгээр захирамжийг үндэслэн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан гэлээ.
Энэхүү төслийн зорилго нь Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэг болж буй авто замын дэд бүтцийг сэргээн сайжруулах, улмаар улсын тогтвортой хөгжлийн тулгуур болох хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн бүтээгдэхүүний тээвэр логистикийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн гэв. Төслийн хүрээнд нийслэл хотыг баруун бүс, зүүн бүс болон хойд бүс нутагтай холбосон улсын чанартай авто замын сүлжээн дэх нийт 361 км хатуу хучилттай авто зам, 8 байршил дахь нийт 1205 метр урт төмөр бетон гүүрийг шинэчлэн сайжруулах, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нутгийн зам” төслийн хүрээнд хэрэгжих зарим сумдыг авто замаар холбох ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөжээ. Энэхүү төсөлд улсын чанартай гол авто замын сүлжээний насжилт өндөртэй, аюулгүй байдлын үзүүлэлт буурсан Улаанбаатар-Арвайхээр, Арвайхээр-Баянхонгор, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Чойбалсан, Булган-Мөрөн чиглэлийн замын хэсгүүд болон тус чиглэл дагуух Хэрлэн, Орхон, Тамир, Гичгэнэ, Хануй, Бэлх, Лүн, Түргэн зэрэг голуудын төмөр бетон гүүрүүдийн ажил хамарч байгаа ба төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээний аюулгүй, үр ашигтай зорчих нөхцөл дээшилж, тээвэр ашиглалтын зардал буурах, цаг хугацаа хэмнэх чухал ач холбогдолтой гэж үзжээ. Төслийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгох 100 сая ам.доллар, Олон улсын хөгжлийн ассоциациас олгох 7.3 сая Зээлжих тусгай эрх буюу нийт 110 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлнэ гэлээ.
Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх эсэх асуудлыг өмнө нь Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд саналаа ирүүлсэн бөгөөд тус Байнгын хороодоос ирүүлсэн саналуудыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нэгтгэн хэлэлцээд Засгийн газарт есөн санал бүхий санал, дүгнэлтээ хүргүүлсэн гэдгийг Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан хэлэлцүүлгийн өмнө онцолсон.
Тэрхүү санал, дүгнэлтэд, төсөл нь тээвэр логистикийн дэд бүтцийн сүлжээг сайжруулан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээний алдагдлыг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэнэ гэсэн боловч эдийн засгийн үр ашгийн шалгуур тооцоо, судалгаа үнэлгээг нарийвчлан гаргаагүй байгааг анхаарах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх үүднээс шинэчлэх, засвар хийх улсын чанартай 311 км авто замын болон засвар хийх 8 бетон гүүрний үнэ өртгийг нарийвчлан гаргаж тооцох талаар тусгажээ.
Мөн авто замыг олон улсын болон бүсийн тээвэр логистикийн нэгдсэн сүлжээ баруун болон зүүн босоо тэнхлэгийн авто зам, хөрш орнуудын сүлжээтэй холбоход анхаарах, жишиг логистикийн төвийг байгуулах, боомтын нэвтрэх чадварыг сайжруулах, гадаад худалдааг нэмэгдүүлэх ажлын хүрээнд автомашины жин хэмжүүр ариутгалын болон холбогдох тоног төхөөрөмжийг шинэчлэх сайжруулах ажлыг цогц байдлаар шийдвэрлэх, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, жишиг логистикийн төвөө барих хамгийн боломжтой газрыг оновчтой тогтоох асуудлыг холбогдох яамтай тохирч Засгийн газрын хуралдаанаараа нэг мөр шийдвэрлэх зэрэг асуудлыг тусгасан байна. Түүнчлэн төсөлд тусгасан эмэгтэй малчдыг платформын үйл ажиллагаанд оролцох цахим хэрэгсэл, ур чадвар, мэдлэгээр дэмжих сургалттай холбоотой үйл ажиллагааны талаар, гэрээний албан ёсны орчуулга бүрэн хийгдээгүй зэрэг асуудлыг санал, дүгнэлтэд хөнджээ. Байнгын хорооноос хүргүүлсэн есөн саналтай холбогдуулан ямар арга хэмжээ авсан талаар Байнгын хорооны дарга тодрууллаа.
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Засгийн газар ирүүлсэн саналуудыг зөвшилцөн, Засгийн газрын хуралдаанаар дахиж хэлэлцэн шийдвэрлэсэн. Тухайлбал, Өвөрхангай аймагт жишиг логистикийн төв байгуулахаар төлөвлөсөн байсан. Энэ нь эдийн засгийн үр ашиг муутай, үүнийг хувийн хэвшил хийж хэрэгжүүлэх бололцоотой гэсэн гишүүдийн байр суурьтай сайд нар санал нэгдэн тэр үйл ажиллагааг хассан. Түүний оронд Дорнод, Хэнтий аймгийн дунд байдаг “Тамын 50” гэж нэрлэгдсэн, хамгийн их эвдэрсэн 50 км замыг сайжруулахаар тусгасан. Зам, гүүрүүдийн өртөг зардлын тооцоог нарийвчилж гаргасан. Жишиг логистикийн төвийг байгуулах, боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, гадаад худалдааг нэмэгдүүлэх ажлын хүрээнд автомашины жин хэмжүүр, ариутгалын болон холбогдох тоног төхөөрөмжийг шинэчлэх тухайд хилийн үр бүтээмжийг сайжруулж, тогтвортой худалдааг дэмжих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эмэгтэй малчид гэж онцолсон арга хэмжээг хассан гэсэн хариулт өгсөн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Мөн хуралдаанаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулсан.
Монгол Улс нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагад 1968 онд гишүүнээр элсэн орсон. Манай улс Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2014 онд нэгдэн орсныг, энэхүү конвенцод 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг УИХ 2019 онд тус тус соёрхон баталсан. Швейцарь улсын нийслэл Женев хотноо 2016, 2018 онуудад зохион байгуулагдсан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын бага хурлаар тус конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд одоогоор нийт 90 гаруй улс энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөд байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр далайчдын эрхийг хамгаалах үүднээс хөлөг онгоц дээрх ялгаварлан гадуурхалт болон дарамтыг багасгах, далайн дээрэм болон хөлөг онгоцны эсрэг зэвсэглэсэн дээрэм тонуул гэсэн нэр томьёог шинээр тусгаж тус нөхцөл байдлын улмаас олзлогдсон үеийн далайчны хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг нэмсэн. Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцод 2016, 2018-д оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталснаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоц дээр ажиллаж буй далайчны хөдөлмөрлөх эрхийг хангах, хөлөг онгоц эзэмшигчийн зүгээс далайчинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн хариуцлагыг өндөржүүлэх ач холбогдолтой юм гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Энхболд өнөөдрийн байдлаар манай улсын далбаатай хэдэн онгоц байгаа, тэрхүү хөлөг онгоцуудад хэдэн далайчин ажиллаж байгааг тодруулаад, манай улсын далбаатай онгоц далайн дээрэмчдийн халдлагад өртсөн, конвенцод заасан хүчирхийллийн аливаа халдлагад өртсөн тохиолдол бий юу хэмээн тодруулсан.
Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, өнөөдрийн байдлаар 26 улсын 281 хөлөг онгоц Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлтэй байгаа аж. Нийтдээ 650 гаруй далайчин манай улсын далайн асуудал эрхэлсэн байгууллагаас гэрчилгээ аван дээрх хөлөг онгоцууд дээр ажиллаж буй юм байна. БНСУ-ын нэг хөлөг онгоц 2010 оны 04 дүгээр сард энэ Оманы эрэг орчимд дээрэмчдэд барьцаалагдаад, 2011 оны 01 дүгээр сард чөлөөлөгдсөн байна. БНСУ-ын эзэмшигч компаниас барьцаалагчид 10 сая ам.доллар нэхэж, солонгосын талаас 4 сая ам.доллар өгч онгоцоо чөлөөлж авчээ. Конвенцод оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хөлөг онгоцонд тохиолдсон аливаа зүйлээс учирсан төлбөр, далайчдын цалин хөлсийг зөвхөн хөлөг онгоц эзэмшигч бүрэн төлөх зохицуулалтыг оруулж өгч байгаа юм байна.
УИХ-ын гишүүн Х.Баделхан Монгол Улсын далбаатай, бүртгэлтэй хөлөг онгоцны ямар асуудлыг манай улс хариуцдаг, хэрхэн хяналт тавьдаг тухай болон улсын төсөвт төвлөрүүлдэг нийт ашиг, Далайн захиргааны байгууллагын жилийн төсөв, бүтэц, орон тооны талаар асуулт асууж, хариулт авсан.
Эцэст нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016, 2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах нь зүйтэй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Дараа нь УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы 12 дугаар сард Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
Тус Байнгын хороо энэ сард Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлуулахаас гадна “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хорооны болон чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалангаар ахлуулан байгуулж, Байнгын хорооны тогтоолыг баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Хэн юу хэлэв...2020/09/03
Монгол Улс Олон Улсын нарны эрчим хүчний холбоонд гишүүнээр элсэнэ
-
Дэлхий нийтээр..2021/05/20
Автобус цэвэрлэх үйлчилгээг гурван байршилд ажиллуулж байна
-
Дэлхий нийтээр..2025/03/19
Хамтарсан хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа
-
Тод зураг2020/01/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
