Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Зурхайч, АУ-ы магистр Д.САЙНСАЙХАН: Жилийн засал номоо жилийн эхээр, эсвэл ес эхлэхэд дараа жилийн өнгө ордог гэдэг утгаараа хийлгэх нь бий

Огноо:

,

Сэтгүүлч:

Сар гаруй хугацааны дараа монголчуудын бэлгэшээлт баяр Цагаан сар болно. Үүнтэй холбоотой бид Бусдад Туслахуй Анагаах Ухааны “Манба Дацан” хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхантай ирэх “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн өнгө, засал номын талаар ярилцсанаа хуваалцаж байна. 
 
-Сар гарны дараа Цагаан сар болох нь дээ. Хоёулаа яриагаа XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн үр, онцгойлох жилтнүүдийн засал номын талаар эхлэх үү?
-Дорнын зурхай 12 жилийг 5 махбодоор хувилган 60 жил байх бөгөөд үүнийг жаран хэмээн нэрлэдэг. Энэхүү жаран жил нь тус бүрдээ нэртэй бөгөөд тухайн ямар жил болох нь утга учиртай байдаг.
Энэ жилийн хувьд “Хилэнт эх” хэмээх Модон луу жил гарч байгаа нь зурхайн шүн номлол судар 60 жилийн онцлогоос үзвэл: Өлсөж ундаасах зовлон болон мэсний аюулаас сэрэмжлэх учиртай жил гарч байна. Мөн жилийн өнгө хур бороо, ургац, хүн ардын байдлыг шинждэг шороон үхрийн зурлагаар улирлын эхээр салхи шуурга ихтэй, хур бороо элбэг, тариа будаа ургац  элбэг сайтай байна. Жилийн нуруу төлөв төвшин ихэс дээдэс ардыг энэрэн улс орноо тэтгэнэ.
- Луу жилтнүүд жил орж байна. Тэд юуг анхаарч, ямар засал ном уншуулах хэрэгтэй вэ?
-Луу жилтнүүд буюу гадаад жил монголчууд “Жил орох” гэж нэрлэдэг “Рангэг” буюу “Өөрийн тотгор” 2012, 1952 онд төрсөн 13, 73 насанд хүү махбодтой жил: Хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Зүгээр нэг өвдөх биш, хүнд хэлбэрээр өвдөх, ужиг өвчинтэй болох магадлалтай. 13-ны жил дээрээ өвдөөд насан туршдаа тэр өвчнөөр өвдсөн, унах, татах гэх мэт өвчтэй болсон хүүхдүүд байдаг. Тиймээс 13-тай хүүхэд, 73-тай хөгшдийг сайн бие эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Засал нь: Найман гэгээн, Банзрагч, Лхам тахиул.
2000, 1940 онд төрсөн 25, 85 насанд нөхөр махбодтой жил: “Жаргал зовлон ээлжилдэг жил” гэдэг. Ажил үйлсэд нь их нөлөөлдөг. 25-ны жил нь орсон хүмүүсээс “Ажил үйлс нь бүтэж байна уу” гэж асуухаар нь үгүй ч юм шиг, бүр бүтэхгүй байна уу гэхээр бүтэх гээд ч байгаа юм шиг гэлцдэг. Энэ жил буг зэтгэр босох гэм бий. Засал нь: Догсом, Цэнд, Доржнамжимын жавтий айлтга.
1988, 1928 онд төрсөн 37, 97 насанд дайсан махбодтой жил: Хийморь доройтох, бие өвдөх болон гарз гарлага гарах гэм буй. Засал нь: Ширнэн, Догсом, Усан балин, Саа-юм, Цэвэгмэдийн чого уншуул.
1976 онд төрсөн 49 насанд эх махбодтой жил: “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг. Сүлд нь хүний амь настай холбоотой учраас амь насны зэтгэр хөдөлдөг буюу амь насанд хорлол хөнөөл учрах магадлалтай. Тиймээс 49-ний жил дээр хол газар явах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, биеэ энхрийлэх хэрэгтэй. Засал нь: Нити, Хийморийн сан айлтга.
1964 онд төрсөн 61 насанд өөрийн махбодтой жил: Гадны хөнөөл ирэх гэм буй. Засал нь: Ширнэн, Сац талби, Цэвэгмэдийн чого айлтга.
Эрэгтэй хүн жилээ угтах ширүүн, эмэгтэй хүн жилээ дагах ширүүн учраас дээрх шинжүүдээс ажиглан жил орохын өмнө болон жил орсны дараа жил засал ном, эргэл мөргөл шамдаж анхаарал болгоомжтой байна. Жишээ нь энэ жил луу жилтэй эрэгтэй хүмүүс нь сар шинэ болохоос өмнө туулай жилд юмуу луу жилдээ, эмэгтэй хүн луу жилдээ юмуу могой жилд жил орох магадлалтай юм.
- Бусад жилтнүүдийн тухайд анхаарах шаардлагатай ямар зүйл байна вэ? Тухайлбал урвасан жил гэж байдаг.
- Урвасан жил нь огторгуйн үүд нээгдэх, гарзын үүд нээгдэх, яс тасрахын үүд нээгдэх, хагацахын үүд нээгдэх, үгүйрлийн үүд нээгдэх, олзны үүд нээгдэх юм. Хагацахын үүд нээгдсэн хүмүүсээс “Уур чинь хүрч байна уу” гэж би асуудаг юм. Тэр хүмүүс уур хүрч байна, ууртай байна гээд чин үнэнээ хэлдэг. Тэдгээр хүмүүст “Таны уурын үүд нээгдчихэж” гэж хэлдэг. Би үүнийг “Уурын үүд” гээд нэрлэчихсэн. Хүмүүс “Хагацахын үүд” гэхээр их айдаг. Үхэж хагацах юм болов уу, хэнээс хагацах гээд байгаа юм бол гэдэг. Хүн уурлахаараа хамгийн ойр дотны хүнээсээ холдож салдаг шүү дээ, түүнийг л хагацахын үүд гээд байгаа юм.
Хагацахын үүд буюу уурын үүд нь нээгдсэн хүмүүст хагацахын үүдийг хаалгах Дашдондов, Доржнамжил, Алтангэрэл гэсэн гурван номыг уншуулахаас гадна өөрөө сахиж явах хоёр зүйлийг хэлж өгье. Нэгдүгээрт, тухайн хүн өөрөө хэл ам, хэрүүл тэмцлээс хол явах, хоёрдугаарт, өрөөл бусдын хэл ам, хэрүүл тэмцлээс зайлсхийх хэрэгтэй. Энэ хоёр зүйлийг сахихгүй бол тухайн хэл амны нөлөө тэр хүнд гай үсэрч байгаа юм шиг нөлөөлдгийг би мэдсэн. Тиймээс хүн аливаа засал ном хийлгэсэн ч өөрөө сахих зүйлийг мөрдөж дагахгүй бол засал ном хийлгэсний хэрэг гардаггүй. Хойшоо харсан амтай агуйд нарны гэрэл тусдаггүй нь нарны буруу биш агуйн буруу шүү дээ.
Үгүйрлийн үүд буюу гарзын үүд гэж монголчууд нэрлэдэг энэ үүд нээгдвэл эд баялаг тогтохгүй, сэтгэл санаа тавгүй болдог. Тиймээс эд зүйлдээ хямгатай эмх цэгцтэй байх нь чухал. Гарзын үүдийг хаах засал ном нь Дашдондов, Дашзэвэг, Сахиусны ганшиг, Алтангэрлийн даллага.
Хамгийн сайн үүд нь олзны үүд. Олзны үүд нээгдвэл тухайн хүний ажил үйлс, санасан сэдсэн томоохон үйл бүтдэг учраас олон жил бодсон зүйлдээ зориглох хэрэгтэй.
Яс тасрахын үүд нээгдвэл хэл аманд орох, хулгай дээрмээс болгоомжлох хэрэгтэй. Засал нь: Дорждэрэм, Хамчунагво, Цагаан шүхэрт, Чойжоо дүгжү уншуулж байх.
Газрын үүд нээгдвэл шороо ухах, ургаа мод таслах, ан амьтан агнах, ус булаг бохирдуулах догшин газар оронд үл очих зэрэг газар лусын үйлээс болгоомжлох хэрэгтэй. Засал нь: Саяннинбу, Нанжид, Лусын сан уншуулах.
Огторгуйн үүд нээгдсэн хүн уул хад, өндөр зүйл дээр гарахыг цээрлэхээс гадна нохой шинээр авч тэжээж болдоггүй. Засал нь: Намхайнямбу, Ямбийдончир, Цагаан шүхэрт, Лхамын ганшиг уншуулж байх.  Хэрэв эдгээр үүдийн аль нэг нээгдсэн бол ганц нэг удаа уншуулах биш жилийн турш эдгээр тус тусын үүд хаалгах номыг тогтмол уншуулж хаалгаж байхыг онцгой анхаарах хэрэгтэй.

1992 ОНЫ УСАН БИЧ ЖИЛТНҮҮДЭД 33-НЫ МӨЧЛӨГ ТОХИОЖ БАЙНА

-33 мөчлөгийг асуухгүй өнгөрч боломгүй юм. Энэ жил хэдэн оныхон мөчлөг таарч байна вэ?
- Эрэгтэй хүн эхээсээ төрөхдөө гал, эмэгтэй хүн усан суудал дээр суудаг. 33-ны мөчлөг дээр төрөхөд анх суусан суудал дээрээ суудаг. Харин жил орж байсан мөчлөгүүдийг харахад эрэгтэй хүн 13 насан дээрээ ус, эмэгтэй нь гал дээр суудаг. Тэгэхээр суудлаа сэлгэх болон суудал дээрээ суух үед хатуу нөлөөлөлтэй байдаг. Энэ 33-ны мөчлөг буюу эхийн хий нь суудлын гүймигтэй давхцдаг. Насны болон суудлын, ясан махбодын гэсэн гурван төрлийн гүймиг байна. 9 насны мөчлөгтэй 1, 9, 18, 27, 36, 45, 54, 63 гэх мэтчилэн насанд насны гүймигийн заслыг хийлгэх ёстой. Суудлын гүймиг нь эрэгтэй хүн гал, эмэгтэй хүн усан суудал дээр сууж байгаа энэ мөчлөгийг хэлж байгаа юм.
33-ны мөчлөгийн талаар бид учир утгыг мэдэх, мэдэхгүй, итгэх, итгэхгүй дом засал арга гэж хийнэ гэж явахаар хүн өөрөө байгалийн, сэтгэлийн амьтан учраас тухайн жилийн эхээс төрөхөд суудаг суудлын гараг эрхэсийн нөлөөг арилган суудлын гүймигийн заслаа сайн хийлгээд ээжийнхээ ачийг санаж баярлуулаад хариуд нь сайн сайхан ерөөл хэлүүлж үнсүүлэх нь зөв гэж зөвлөнө өө. Ингэхээр хүмүүс их гайхдаг л даа. Ном асуух гэж ирсэн чинь ээжийгээ баярлуул гэж хэлдэг ямар сонин юм бэ гэдэг. Хүмүүс айдас, сэжиг ихтэй. 33-ны мөчлөг орох гэж байна, орж байна, заслаа хийлгэхгүй бол болохгүй гэнэ ээ гээд ирдэг. Ажиглаад байхад энэ нь үнэний ортой харагддаг. Одоо жил өнгөрөх гэж байхад 33-ны мөчлөгийн заслаа хийгээгүй хэл ам, хэрэг зарганд орооцолдсон, амьдрал нь бараг муу тал руугаа хөмөрчих гээд байна гэсэн залуучууд ирдэг нь харамсалтай санагддаг. Тиймээс 33-ны мөчлөгийн хамгийн том засал нь ээжийгээ баярлуулах юм шүү дээ. Бид эцэг, эхийгээ баярлуулах хамгийн том зүйл бол сайн явж, сайхан зөв амьдарч, бусдад тустай нэр бүтэн явах л гэж би боддог. Хөхүүл хүүхэдтэй эх хүн горьдчихоор ямар ч эмнэлэг, ямар ч мундаг ном горьдоог нь гаргаж дийлдэггүй. Харин горьдоог нь гаргасан хойно сэтгэлзүйн хувьд сайхан болоод хөх нь чинэрч зовуурилж байсан маш хүнд эмгэг нь эдгэчихдэг шүү дээ. Энэ сонин хэрэг шүү. Үүнийг одоо болтол шинжлэх ухаан тайлбарлаагүй байна. Түүнтэй адил ээжийгээ баярлуулж чадвал илүү сайн. Энэ бол том нөлөөг засах засал юм. 33-ны мөчлөг нь энэ жил 1992 онд төрсөн усан бич жилтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүст тохиож байгаа. Энэ хүмүүс бусад засал номоо хийлгэхээс гадна энэхүү 33 мөчлөгт хамаарах суудлын гүймигийн заслыг анхаарч хийлгэж, ээжийгээ л баярлуулаарай.
- Модон луу жилийн харш жилтнүүд ямар засалтай байгаа вэ?
- Нохой жилтэн их харш, Үхэр, Хонь жилтэн бага харш, Хулгана, Бич жилтэн ивээл жилийн харш, Могой жилтнүүд цагаан жил буюу нэгнийгээ ороох харш.
Нохой жилтнүүд “Дүнсэр” буюу “Их харш жил” жил гарч байгаа тул Амь насны зэтгэр хөдлөдөг ба аливаа үйлдсэн ажил үйлд саад гардаг. Жадамба, Цагаан шүхэрт, Жанцанзэмүвүнжан, Банзрагч, Чойжилын ганшиг, Их харшын засал, аян замд явбал Чойжоо дүгжү гаргавал сайн.
Үхэр,  Хонь жилтнүүд “Шишид” буюу “Бага харш жил” гарч байгаа тул Үхэр жилтэн хэл ам, бие өвдөх хямрах, Хонь жилтнүүд сэтгэл санаа хямрах, гарз гарахаас сэрэмжлэх. Засал нь Жадамба, Ногоон дарь эх уншуул, бага харшын засал, Амин золиг гаргуулбал сайн.
Хулгана, Бич жилтнүүд “Ивээл жилийн харш” буюу “Түнсүм” засалтай. Хийморь доройтдог тул бусдын хөнөөл, гарз гарах, хол газар явах, их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, дарцаг хийсгэ, Цагаан шүхэрт, Сахиусны ганшиг, 13 сан уншуул.
Могой жилтнүүд Луу, могой хоёр ороолдох харш учраас “Цагаан жил” буюу “Логар” нь сэтгэл санаа тавгүйрхэх, санаа зовоох асуудлууд гарч ирэх, бие өвдөх, яр шарх гарах гарах гэм буй.  Засал нь: Маналын чого, 3 гүрэм,  Сахиусны ганшиг уншуул.
Үүнээс гадна  энэ жил 3 хөх мэнгэтэй хүмүүс мэнгэ голлосон 2015, 1979, 1943 оны хонь, 2006, 1970, 1934 оны нохой, 1997, 1961, 1925 оны үхэр, 1988, 1952 оны луу жилтнүүд хэрүүл тэмцлээс зайлсхийж, гарз гарахаас сэрэмжил. Засал нь: Мэнгэний засал хийлгэ, Жанаггагдог, Далха тахиулж, Алтангэрэл, Цэвэгмэдийн чого уншуулна.
Мөн Гахай, Хулгана, Үхэр, Луу, Хонь, Нохой жилтэнгүүд Дүршүг буюу үхээрт орших жилийн Нашидүрсүмийн засалтай тул үхээрт орших гэсэн нэр биш юм. Цаад утгандаа хүний хэл ам, хэрүүл тэмцэл, гадны муу шалтгаанаас болгоомжлон хэрүүл маргаанаас хол явахыг сануулж байна.  9 хар, 9 цагаан чулуу бэлтгээд Нашидүрсүмийн засал заавал хийлгээрэй. Нашидүрсүм гэдэг нь На буюу өвдөх, ши буюу үхэх, дүр буюу үхээрт орших гэсэн 3 үгийн нийлбэр бөгөөд Гурван жил дарааллан тохиодог нь энэ шууд утгаараа биш өвдөх гэдэг нь гарз гарахаас болгоомжил, үхэх гэдэг нь ажил үйлсдээ анхаарах, үхээрт орших гэдэг нь хэл ам хэрүүл тэмцлээс сэрэмжлэхийг анхааруулж байдаг. Жилийн нашидүрсэмээс гадна суудлын нашидүрсүмийн заслаа зурхайчаас асууж засал номондоо шамдаарай.
- Жилийн засал болон онцгой засал номыг яг хэдийд, ямар давтамжтай хийлгэхэд тохиромжтой юм бэ?
-Жил орж байгаа, урвасан жилийн үүд, их, бага харш, логор жил гарсан хүмүүс засал номоо жилд аль болох олон уншуулбал сайн. Яагаад гэвэл хүнд нөлөөлж байгаа нөлөөллийг багасгах гэж байгаа учраас олон уншуулах тусмаа л сайн. Ер нь жилийн засал номоо жилийн эхээр юмуу, эсвэл 12 дугаар сарын сүүлээр ес эхлэхэд дараа жилийн өнгө ордог гэдэг утгаараа энэ үед их хийлгэдэг.
Хүмүүс сонин, интернэтээс хараад засал номоо хийлгэхээс илүүтэй зурхайчид үзүүлж, гэр бүлийн гишүүн бүр тухайн жилд юуг анхаарч, юу хийж болох, болохгүйгээ мэдэж авч, ямар засал номыг ямар давтамжтайгаар хийлгэхээ мэдэж, ойлгох хэрэгтэй. Зурхайчид хандалгүй заслаа хийлгэсэн, эсвэл өөрөө заслаа хийлгээгүй, эмээ, өвөө юмуу эхнэр, нөхөр нь өмнөөс нь ном уншуулчихсан хүмүүс жилийн дундуур юмуу, сүүлээр асуудал тулгараад ирдэг. Засал номонд ингэж хөнгөн хандаж болохгүй. Жилд нэг удаа хийлгэж байгаа жилийнхээ засал номыг хийлгэхдээ хүмүүс чухалчлах ёстой. Үүнийг үл тоомсорлосон, ээж аавдаа найддаг хүмүүс элдэв барцад саад, асуудал үүсээд ирдэг нь олонтаа.
Мөн жилийн заслаас гадна нууц жилийн харш, мэнгэ, махбодын таарамж тохиромж муу мөртлөө нэг гэр бүл болоод амьдарч байгаа хүмүүс тухайн харшийнхаа заслыг жилд нэг удаа хийлгэх хэрэгтэй. Түүнчлэн эхнэр, нөхөр, хүүхдүүдийнхээ дэмбэрэл буюу төөргийн зурхайг зуруулж өөр өөрсдийн онцлог зан чанар хоорондын таарамж тохиромж, хүүхдийн хань ижлийн заяа сайн муу эсэх, авъяас чадвар ажил мэргэжил, хэд хэдэн насан дээр нь барцад саадтай байгааг нь урьдчилан танин мэдэх боломжтой байдгаараа монгол зурхайн үр хүүхдээ бага наснаас нь чиглүүлэх онцлог давуу талтай уламжлал байдаг.
-Тантай уулзсаных. Ярианыхаа төгсгөлд Дэмбэрлийн зурхайн талаар асуумаар байна. Ач холбогдлын талаар бидэнд тайлбарлаж өгөөч.
-Уг нь энэ дэмбэрэл буюу төөргийн зурхайг хүүхэд анх төрөхөд зурхайчаар зуруулж сайн зан чанар амьдралыг нь бэлгэдэн ерөөж нэрийг нь өгөх, улмаар өөрийн давуу тал өгөгдлөөрөө мэргэжлээ сонгох, хань ижил ямар хүн тохирох, эсвэл хүнтэй суухгүй байгаа бол хань ижлийн тал дээрх хатуу жил, сар, өдөр, цагаар хатуу хувь заяанд төрсөн эсэх гэх мэт алдаа дутагдлаа нас биед хүрэхээсээ өмнө ном заслаар юм уу өөрийн зан чанар, ертөнцийг үзэх үзэл бодол хандлагаараа засах гэх мэт олон төрлийн өндөр ач холбогдолтой зурхайн зурлага юм. Одоо 1900 онд төрсөн хүнээс дөнгөж төрж байгаа хүүхдүүд хүртэл бүх хүмүүс гаргуулж байна. Төрөхөд нь энэ уламжлалыг мэдэхгүй өнгөрөөснөөс одоо хүмүүс амьдралдаа илүү их алдаж амьдарч байх шиг байна. Амьдрал нь болохгүй ямар нэгэн асуудалтай байгаа насанд хүрсэн хэдэн ч насны хүмүүс ирж энэ төөрөг дэмбэрлийн зурхайг их зуруулж байгаагаас харагдаж байна. Бурханы сургаалд хүртэл өөрийгөө танин мэдэж байж төгс гэгээрэлд хүрдэг шүү дээ. Бид бүхэн аливаа зовлон бэрхшээлийн уг шалтгааныг гаднаас хайх биш өөрсдийгөө таньж мэдэж, засан залруулж байж арилгана гэдийг ухаарах хэрэгтэй. Тиймээс энэ мартагдах гээд байгаа маш хэрэгтэй уламжлалт зурхайн ухааны уламжлалуудыг сэргээх тал дээр би залуу хүн, уламжлалт зурхайч хүний хувьд анхаарч, амьтанд туслах болов уу гэх үүднээс ажилладаг юм.
-Ярилцсанд баярлалаа. Таны буян, номын ажилд амжилт хүсье.
 
 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн дэвшүүлсэн саналыг сонсож зарим асуудлыг шийдвэрлэв.

Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр танилцууллаа. 

Хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих тооцоолол гаргажээ.

COP-17 хурлаас өмнө цэнэглэх 40 станц байгуулна. 2030 он гэхэд Монгол Улсад 50 мянган цахилгаан машины эрэлт бий болно.

Таван жилд 300 сая литр шатахууны хэрэглээг халж, 200 сая ам.доллар хэмнэх тооцоолол гарчээ.

Тиймээс энэ ажлыг ганц компани биш хувийн хэвшлүүд хамтран хэрэгжүүлэх нь чухал. Сонирхсон аж ахуйн нэгж, компаниудад бүрэн нээлттэй. Улаанбаатар хотын худалдааны  танхим холбох гүүр, платформ нь болж ажиллана гэж тус танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ хэлэв. 

Тус хөтөлбөрийн хүрээнд энэ жил Улаанбаатарт 80, орон нутагт 30  байршилд цахилгаан машины цэнэглэх станц суурилуулахаар төлөвлөжээ.  Нийслэл болон орон нутагт аль байршлуудад цэнэглэх станцаа суурилуулахаа шийдвэрлэх шаардлагатайг хэллээ. 

Цахилгаан машинтай иргэдийн 95 хувь нь гэртээ цэнэглэж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цэнэглэх 500 станц байгуулчихвал шөнийн цагаар цэнэглэхэд хямд үнэтэй байх ухаалаг төлбөрийн системийг нэвтрүүлэх юм байна. Цахилгаан машинтай жолооч нэг жилд долоон сая орчим төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо хийжээ. 

            Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хувийн хэвшлээ дэмжинэ, өвөлжилтийн бэлтгэлийг зундаа хангана гэдгийг онцлоод Сангийн яам татварын нэг хувийн хөнгөлөлтөөр санхүүжилтийг шийдэх, зургаадугаар сарын 5-ны дотор гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, Нийслэл болон Зам, тээврийн яам  80 байршлаа яаралтай тогтоож өгөхийг тус тус үүрэг болгов. 

Мөн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд "Ногоон өртөө" буюу цахилгаан машин цэнэглэгч, кофе шоп, хоолны газар, дэлгүүр, 00 зэрэг цогц байгууламжтай байя. Хувийн хэвшлүүд хэрэгжүүлбэл татварын бодлогоор дэмжинэ. Бид газар олгоход бэлэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатарт 804 мянган автомашин бүртгэлтэй,  0.2 хувь нь цахилгаан машин. Бид цахилгаан машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хувийн хэвшилтэй хамтран ажиллахад баяртай байна, дэмжиж ажиллана. 80 байршлыг Зам, тээврийн яамтай хамтран шуурхай тогтоохоо илэрхийллээ. 

             Засгийн газраас 2026 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр баталсан Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах Ногоон тогтоолын хүрээнд мөн таван байршилд батарей хуримтлуур, нарны станц байгуулах ажлыг гүйцэтгэх сонирхлоо 100 гаруй аж ахуйн нэгж илэрхийлжээ. 

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрийг гаргалаа. “Эрдэнэс Монгол” нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийг “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Энэ хүрээнд тус нэгдлийг уул уурхайн салбарын хяналт, удирдлагын уламжлалт бүтэцтэй байгууллагаас төрийн өмчийн хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалт, баялгийн сангийн менежмент, IPO болон хувьчлал хариуцсан олон улсын жишигт нийцсэн санхүүгийн мэргэжлийн институт болгон үе шаттайгаар шинэчилнэ. 

Ингэснээр төрийн өмчит уул уурхайн компаниудын хөрөнгийн удирдлага сайжирч, байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд илүү хүртээмжтэй, урт хугацааны өгөөжтэй байдлаар хүргэх нөхцөл бүрдэнэ. 

Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд үйл ажиллагааны чиг үүрэг нь давхардсан, үр ашиг багатай 10 хүртэл компанийг нэгтгэх, татан буулгах, харин олборлолт эрхэлдэг, ашигтай ажилладаг, олон улсын гэрээ, стратегийн ач холбогдол бүхий компаниудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагад өглөө.

Урьдчилсан тооцоогоор энэхүү шинэчлэлийн үр дүнд:

•260 орчим орон тоог оновчтой болгож, 

•захиргааны зардлыг 10 хувь, 

•түрээсийн зардлыг 30 хувь бууруулж, 

•нийт 67.3 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт гаргахаар тооцоолж байна. 

Засгийн газрын хуралдаанаас дээрх шинэчлэлтэй холбоотой шийдвэр, тогтоолуудыг ирэх сарын 15-ны дотор эцэслэн боловсруулж, баталгаажуулах үүрэг чиглэл өглөө.

Түүнчлэн “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагын зүгээс төрийн өмчит уул уурхайн компаниуд өндөр үнэтэй шилэн оффисуудад өндөр түрээс төлөх бус, төрийн ашиглалт багатай үл хөдлөх хөрөнгө, оффисын нөөцийг илүү үр ашигтай, хэмнэлттэй ашиглах зарчмыг хатуу баримталж ажиллаж байгаагаа илэрхийллээ. 

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов

Огноо:

,

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа …” гэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж, Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 03 дугаар тогтоол гаргалаа гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/05/29

Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна

Үйл явдал2026/05/29

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжү...

Дэлхий нийтээр..2026/05/29

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...

Үйл явдал2026/05/29

Монголын барилгын инженерүүд “Дүүжин замын тээвэр” төслийн явцта...

Үйл явдал2026/05/29

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай...

Үйл явдал2026/05/29

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семи...

Үйл явдал2026/05/29

“Байгалийн ухааны жишиг лаборатори” нээлтээ хийлээ

Хэн юу хэлэв...2026/05/29

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Үйл явдал2026/05/29

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 86 өргөдөл, гомдлыг хүлээн ав...

Үйл явдал2026/05/29

Гаалийн байгууллагад бараагаа мэдүүлээгүй 413 бараа тээврийн хэрэгсэ...

Үйл явдал2026/05/28

Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

Хэн юу хэлэв...2026/05/28

“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, дав...

Үйл явдал2026/05/28

Сэлбэ голын түшиц хана болон тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж ба...

Үйл явдал2026/05/28

Зохион байгуулалттай үйлдсэн хар тамхины хэргүүдийг шүүхээр шийдвэрл...

Хэн юу хэлэв...2026/05/28

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов

Үйл явдал2026/05/28

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Нөлөөллийн багийг хүлээн ав...

Үйл явдал2026/05/28

Ядуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах бол...

Үйл явдал2026/05/28

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/05/28

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Үйл явдал2026/05/27

“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн болно...

Үйл явдал2026/05/27

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна

Үйл явдал2026/05/27

АТГ “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зусланги...

Үйл явдал2026/05/27

Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ...

Хэн юу хэлэв...2026/05/27

Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжл...

Үйл явдал2026/05/27

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Үйл явдал2026/05/27

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Үйл явдал2026/05/27

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын за...

Үйл явдал2026/05/27

Нийтийн зориулалттай орон сууцны гадна фасад засварын ажил үргэлжилж...

Үйл явдал2026/05/27

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвд...

Үйл явдал2026/05/26

АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна

Санал болгох