Тод мэдээ
Сайд Х.Болорчулуун Элчин сайд Жованна Пиккарретаг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Жованна Пиккаррета, санхүүгийн хэлтсийн ажилтан Жанлука Феррари, худалдааны хэлтсийн ажилтан Б.Ихбаяр нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар Монгол Улс, Итали Улс хооронд хүнс, хөдөө аж ахуй тэр дундаа хөнгөн үйлдвэрийн салбар болох ноос, ноолуур, арьс ширний чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Засгийн газрын холимог комиссын ээлжит хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах, мөн үйлдвэр технологийн паркийн дэд бүтэц болон үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг импортын гааль, НӨАТ-аас чөлөөлөх боломжийн талаар санал солилцлоо.
Үүнтэй холбогдуулан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, 2024 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зөвхөн угаасан, самнасан ноолуур экспортлох бодлого баримтлах талаар болон зүүн бүсийн хөгжилд хөрөнгө оруулах боломжийг тус тус онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улстай хамтарч ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг БНИУ-ын “Falconeri” компани Монгол Улсын зудын гамшигт нэрвэгдсэн иргэдэд хандив өгч, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Тод мэдээ
2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ
Гадаадын иргэн, харьяатын газраас иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор зөвлөгөө, мэдээллийн 1800-1882 лавлах утасны дуудлага хүлээн авах шугамын тоог нэмэгдүүлж, дуудлагыг 10 шугамаар зэрэг хүлээн авч байна.
Өдөрт дунджаар 350-450 үйлчлүүлэгчид зөвлөгөө, мэдээлэл хүргэн ажиллаж байгаа бөгөөд нийт үйлчлүүлэгчдийн 90 гаруй хувь нь мэдээллийн лавлах утсаар утсаар, үлдсэн хувь нь биечлэн болон цахим хэлбэрээр зөвлөгөө, мэдээлэл авчээ.
Зөвлөгөө мэдээллийн лавлах утсаар 2024 онд нийт 79292 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Үүнийг өнгөрсөн оны тоон үзүүлэлттэй харьцуулахад мэдээллийн лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өссөн бол биечлэн ирж зөвлөгөө авсан иргэдийн тоо 10.8%-аар буурчээ.
Зөвлөгөө, мэдээллийн лавлах 1800-1882 утсанд холбогдоход ярианы төлбөр энгийн утасны тарифаар тооцогдох ба ажлын өдрүүдэд өглөө 08:15 -16:00 цагийн хооронд мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Харин ажлын бус цагаар зөвлөгөө мэдээлэл авахыг хүсвэл visasection@immigration.gov.mn цахим шуудангаар хандах боломжтой гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Улаанбаатар хотод 25 сургууль, 26 цэцэрлэг уурын зуух ашиглаж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг шилжүүлэн ажиллуулах журмын хэрэгжилт, нийслэл дэх уурын зуухтай сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийн талаар хэлэлцэв.
Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 154 захирал ажиллаж байгаагаас 20-той нь зөвшилцөж байгаа бол нэг сургуулийн захирлыг шилжүүлэхээр шийдвэрлэж, дөрвөн сургуулийн захирлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулж байна. Шилжүүлэн ажиллуулах үнэлгээг тодорхой болгож, хурдтай ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаяр холбогдох албаныханд даалгалаа.
Улаанбаатар хотын 25 сургууль, 26 цэцэрлэг түүхий нүүрсний уурын зуух ашигладгаас дөрвөн сургуулийг энэ онд хийн түлшинд шилжүүлэхээр төсөвт тусгажээ. Энэ чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн зургаан сургууль, таван цэцэрлэгт халаалтад зарцуулж буй зардлын судалгаа хийж, газрын гүний дулаан, цахилгаан, хийн халаагуур гэсэн халаалтын шийдлүүдийн ашиглалтын зардлын тооцоо судалгааг гаргасан байна. Судалгаанд үндэслэн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэхдээ олон улсын байгууллага, АННОАТ-ын нэг хувийн хөнгөлөлт, санхүүгийн түрээс гэсэн хэлбэрүүдийг сонгох боломжтой аж.
Тод мэдээ
Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргалаа.
Зарлигийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгана.