Дэлхий нийтээр..
АШУҮИС-ийн төв эмнэлгийн хойно авто зогсоол, ногоон байгууламж тохижуулна
Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, АШУҮИС-ийн төв эмнэлгийн хойно зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг буулган, тохижуулах хүсэлтийг тус эмнэлгийн удирдлагууд тавьсан.
Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, эмнэлгийн удирдлагууд болон холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллалаа.
АШУҮИС-ийн төв эмнэлэг нь Баянгол дүүргийн дөрвөн хорооны иргэд болон харьяалал харгалзахгүйгээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Гэвч эмнэлгийн гадна талбайд авто зогсоол байхгүйн улмаас түргэний тэргээр хүнд өвчтөн зөөвөрлөж ирэхэд хүндрэлтэйгээс гадна эмнэлгийг зорин ирдэг үйлчлүүлэгчид авто замын нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулан, орц гарц хаахаас эхлүүлэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй нөхцөл үүсдэг аж. Иймд тус эмнэлгийн хойно, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулган, тохижуулах хүсэлтээ уламжилсан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Хэсэг бүлэг иргэд өөрсдийн тав тухыг бодон нийтийн эрх ашгийг хөндөж болохгүй. Энэ газар төрийн өмч. Эдгээр хүмүүс эл газар дээр эзэмших, ашиглах, өмчлөх аль ч эрхийг аваагүй. Тийм учраас нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуульд заасны дагуу эдгээр зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг чөлөөлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч хүлээн аваагүй. Иймд газрыг чөлөөлөн, эмнэлгийн өргөтгөл хийх зайг нь үлдээн авто зогсоол, ногоон байгууламж болгон тохижуулна. Хэрвээ өмчлөх эрхтэй бол хэлэлцээр хийх юм. Мөн шаардлагатай гэж үзвэл энэ хавийн оршин суугчдад зориулан, давхар зогсоол хийхээр аж ахуйн нэгж санал тавьсан тохиолдолд бид энэ байршилд хамтарч ажиллах боломжтой. Цаашид энэ мэтчилэн гараашийг чөлөөлж, нийтийн зориулалттай авто зогсол, ногоон байгууламж барих ажлыг эрчимжүүлнэ” хэмээсэн юм.
АШУҮИС-ийн Төсөл хөтөлбөр хариуцсан ерөнхий зохицуулагч, анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар “Манай эмнэлэг хэвтэн эмчлүүлэх 50 ортой бөгөөд амбулаторийн үзлэгээр өдөрт 350-400 хүн үйлчлүүлдэг. Улаанбаатар хотын иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхийн тулд орчин нөхцөл нь ээлтэй байх шаардлагатай. Гэтэл манай эмнэлгийн гадна орчин шахуу, давчуу байгаа нь эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдэд хүндрэлтэй байгаа нь мэдээж. Тухайлбал, осол гэмтэлд орох, халтирч унах эрсдэлтэй байгаа юм. Хэрэв эдгээр гараашийг чөлөөлбөл эмнэлгийн хажууд өргөтгөл барин, хэвтэн эмчлүүлэх орыг нэмэхээс гадна ногоон байгууламж, авто зогсоол байгуулснаар ээлтэй орчин бий болох юм. Мөн дүүргийн хэмжээний эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлснээр Улаанбаатар хотод байгаа төв эмнэлгүүдийн ачаалал багасах давуу талтай” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ онд 1500 гарааш буулгахаас ажлын явц 59 хувьтай үргэлжилж байгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар энэ үеэр мөн онцлов.
Ташрамд, АШУҮИС нь Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар найман салбар эмнэлэгтэй болоод буй. АШУҮИС-ийн төв эмнэлгийн тухайд Австрийн Засгийн газрын төсөл хөтөлбөрийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн ходоод гэдэсний дуран, компьютер томографтай болсон байна. Түүнчлэн мэс заслын тасагтайгаас гадна хүүхдийн эмчилгээний тасаг нээхээр төлөвлөж, тусламж, үйлчилгээгээ улам өргөжүүлж байгаа аж.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2020/10/01
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Дэлхий нийтээр..2023/05/05
УИХ: Зарим хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
-
Дэлхий нийтээр..2023/06/29
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
-
Дэлхий нийтээр..2021/05/04
Зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, сурталчилгааны самбарыг албадан буулгаж байна
