Үйл явдал
Боловсролын сайд П.Наранбаяр “1000 ном” төслийн багийнхныг хүлээн авч уулзав
Боловсролын сайд П.Наранбаяр “1000 ном” төслийн багийнхныг хүлээн авч уулзан, хөтөлбөртэй нь танилцлаа.
Хүүхдүүдийн уншиж ойлгох, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилготой дээрх төслийн хүрээнд 3-18 насны хүүхдүүдийн онцлогт тохирсон сэдвүүд бүхий 1000 номын жагсаалтыг гаргаж, ном унших дадал бий болгох хөтөлбөрийг боловсруулсан байна. Мөн Чимээтэй номын сан, “Magic box” зэрэг хэд хэдэн ажлыг амжилттай үргэлжлүүлж байгаа тул цар хүрээгээ улам тэлэхэд бодлогын дэмжлэг хүсэж буйгаа төслийн багийнхан уламжилсан юм.
Боловсролын сайдын зүгээс хөтөлбөрийн хүрээнд монгол ёс заншил, уламжлалаа сурталчлах, хүүхдээс гадна гэр бүлд чиглэхэд анхаарах хэрэгтэйг онцолж, төсөлд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
Үйл явдал
Нийслэл COP17-ын Ногоон бүсэд хотын хөгжлийн төслүүдээ танилцуулж байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын Ногоон бүсэд Улаанбаатар хотын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид болон иргэдэд танилцуулж байна.
Ногоон бүсийн нийт 4000 ам метр талбайд 160 гаруй павильон ажиллаж байгаагаас нийслэл таван павильонд таван үндсэн чиглэлийн төсөл, хөтөлбөрөө дэлгэн үзүүлжээ.
Тухайлбал, Улаанбаатар хотыг тэлэх бодлогын хүрээнд дагуул хот, тусгай бүсүүдийн төлөвлөлт, нийтийн тээвэр болон авто замын хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг танилцуулж байна.
Мөн нийслэлийн эрчим хүчний хангамжийг сайжруулах ногоон эрчим хүчний төслүүд, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр, дөрвөн агро паркийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломж болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ногоон орон сууцны төслүүдийг танилцуулж байгаа юм.
Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр COP17 нь Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах, бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагаа өргөжүүлэх боломж болж байгааг онцолжээ.
Тэрбээр бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, хотын хөгжилд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцохыг урьсан байна.
Нийслэл эдгээр төслөөр дамжуулан түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатарыг аюулгүй, ногоон хот болгон хөгжүүлэхэд хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаар зорьж байна.
Үйл явдал
Монгол Улс шүлхийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-тай хамтарна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат БНХАУ-ын Хөдөө аж ахуйн академийн Ланжоу дахь Мал эмнэлгийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсад шүлхий өвчний тархалтын эрсдэлийг бууруулах, болзошгүй дэгдэлтийн үед шуурхай хариу арга хэмжээ авах, вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлыг хэлэлцжээ.
Сайд Ц.Идэрбат Монгол Улсын баруун бүсэд гарсан SAT1 хэвшлийн шүлхий өвчний эсрэг дархлаажуулалтад шаардлагатай вакциныг богино хугацаанд нийлүүлсэнд Ланжоугийн Мал эмнэлгийн судалгааны хүрээлэнд талархал илэрхийлсэн байна.
Тэрбээр Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газар болон тус хүрээлэнгийн хамтын ажиллагааг цаашид урт хугацаанд үргэлжлүүлж, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Мөн малын эрүүл мэнд, мал эмнэлгийн үйлчилгээ, оношилгоо болон био аюулгүй байдлыг олон улсын жишигт хүргэх нь хүнсний аюулгүй байдлыг хангах, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, малчдын орлого болон хөдөөгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтойг онцолсон байна.
Ланжоугийн Мал эмнэлгийн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчид тус байгууллагын судалгаа, үйлдвэрлэл болон малын гоц халдварт өвчний эсрэг үйлдвэрлэж буй вакцинуудын талаар танилцуулжээ.
Талууд уулзалтын төгсгөлд Ланжоугийн хүрээлэнд үйлдвэрлэж буй шүлхийн вакцины антигений өтгөрүүлгийг Монгол Улс худалдан авах боломж, нийлүүлэлтийн нөхцөл болон техникийн шаардлагын талаар санал солилцсон байна.
-
Дэлхий нийтээр..2021/04/01
ЗГ: Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 2500 орчим зээлдэгч 153 тэрбум төгрөгийн...
-
Хэн юу хэлэв...2020/07/02
УИХ-ын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг танилцуулж байна
-
Дэлхий нийтээр..2020/06/21
Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн дээд цол олголоо
-
Тод зураг2019/12/19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
