Дэлхий нийтээр..
ЭЗБХ: Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлыг сонгов
Эхлээд “Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Байнгын хорооны дарга Р.Сэддорж төслийн талаар танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.13 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 129 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.6 дахь хэсэг, Төвбанк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйл 1, 2, 3 дахь хэсэг, 271 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, 273 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.5, 11.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, Статистикийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос төслийг боловсруулжээ. Тус төслийн хавсралтаар Монголбанкны ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Төв банкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, тус Хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга, тус Хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших хүсэлтийн загваруудыг төслийн хавсралтаар тус бүрд нь батлахаар боловсруулсан байна.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, А.Ундраа, Н.Батсүмбэрэл, П.Батчимэг нар асуулт асууж, Байнгын хорооны дарга болон Байнгын хорооны ажлын албанаас хариулт, тайлбар авав. Нэр дэвших хүсэлтийн маягтыг холбогдох хуульд заасан шалгуурын дагуу нарийвчлан боловсруулах саналыг М.Бадамсүрэн гишүүн хэлсэн бол тус маягтуудад хуулиас давсан шалгуур, шаардлагыг тусгахгүй байхад анхаарахыг Э.Батшугар гишүүн анхааруулж байв.
Хуулиар тогтоосон хугацаатай албан тушаалтнуудын ажиллах хуулийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан сонгон шалгаруулалт болон нээлттэй сонсголыг шуурхайн зохион байгуулах саналыг Н.Батсүмбэрэл гишүүн гаргасан. Ийнхүү гишүүд төсөлтэй холбогдуулан үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжиж “Нэр дэвших хүсэлтийн загвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.
“Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг дараа нь хэлэлцэв. Эдийн засгийн байнгын хорооны харьяанд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг дагнан хариуцаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд судалгаа хийх, холбогдох мэдээлэл авах, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах, ажлын хэсэг байгуулах, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, эрхэлсэн асуудлаараа тогтоол гаргах эрхтэй Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо байгуулагдсан. Тус дэд хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёлыг нэр дэвшүүлж буйг Р.Сэддорж дарга танилцууллаа.
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргад нэр дэвшүүлэхтэй холбоотой асуудлаар Н.Алтаншагай гишүүн лавлаж, Байнгын хорооны даргаас хариулт авлаа. Дэд хорооны даргад нэр дэвшүүлэх, сонгох нь Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу явагддаг гэлээ. Дараа нь санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжин Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар Б.Мөнхсоёл гишүүнийг сонгохыг дэмжив. Иймд холбогдох тогтоолын төсөл батлагдаж, Р.Сэддорж дарга Байнгын хорооны тогтоолыг уншиж танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Тод зураг2020/03/02
Дипломат төлөөлөгчийн газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
-
Үйл явдал2023/05/09
Өнөөдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Үйл явдал2021/08/25
“Өглөөний Улаанбаатар” гудамжинд Монголын анхны хип хоп пянзны нээлт...
-
Үйл явдал2021/01/04
ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2021.01.04/
