Тод мэдээ
Хуримтлалын санд 2025 онд 507.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлнэ

Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Литэй уулзаж, Үндэсний баялгийн сан, Орон сууцжуулалт, тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллах талаар саналаа солилцлоо.
Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгөөр ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр Үндэсний орон сууцжуулалтын үндэсний хороог байгуулан ажлын хэсгийн уулзалтуудыг хийж, бодлого, стратегиа нэгтгэн ажиллаж байна.
Засгийн газраас 2024 онд 499.5 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, Монголбанк орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрт зориулж арилжааны 9 банканд хуваарилж, тус эх үүсвэрээр 2681 иргэн ипотекийн зээлд хамрагдсан.
Хуримтлалын санд 2025 оны төсвийн жилд 507.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна.
Жилд 20 мянга орчим иргэн орон сууцны зээлд хамрагдаж, гуравны нэг нь хөнгөлөлттэй зээлд, гуравны нэг нь арилжааны зээлд хамрагдаж, үлдсэн хэсэг нь зээлд хамрагдаж чадалгүй үлддэг.
Дэлхийн банктай гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрт хамтран ажиллаж байгаа.
Цаашид ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн, өрхийн орлогод нийцсэн, хүртээмжтэй орон сууцны тогтолцоог урт хугацаанд бий болгоход эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Монгол Улс цаашид улсын төсвөөс санхүүжих суурь тэтгэвэр, цалин хөлс, төлсөн шимтгэлтэй уялдаатай тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн 3 давхаргатай байхаар загвар боловсруулсан.
Мөн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг тус яам боловсруулж УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар ажиллаж байна.
Дэлхийн банктай тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллаж, актуарын тооцоолол хийлгэж, урьдчилсан тайлан мэдээг зөвлөх актуарч авах саналтай байгаагаа хэллээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Мэдэгдэл

Тод мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.