Дэлхий нийтээр..
Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд шуурхай штаб байгуулж утаа, түгжрэл, халдварт томуу зэрэг нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа асуудал бүрт шийдэл гаргахаар ажиллаж байна.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шуурхай штабын гишүүд өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.
Нийслэл Улаанбаатар хотоос түлшний чанарыг сайжруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээ, түлшний шилжилтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хагас коксон шахмал түлшний туршилт, судалгааны талаар ЭХЯ-ны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Насантогтох нар танилцууллаа.
Сайжруулсан шахмал түлшний технологийг шинэчлэх хүрээнд одоо ашиглаж байгаа мидлингийг ирэх гуравдугаар сарын 01-нээс хэрэглэхээ больж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баяжмалын үйлдвэрийн “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн сайжруулсан түлшинд шилжүүлэхээр төлөвлөж байна. Одоогийн хэрэглэж байгаа шахмал түлштэй “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн түлшийг харьцуулсан туршилтаар тоосонцор 33,7 хувь, хүхрийн давхар исэл 63,7 хувиар багасаж, нүүрстөрөгчийн дутуу исэл 39 хувиар тус тус ихэссэн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, шахмал түлшний барьцалдуулагчийг шинэчилж, шигшиж ангилсан түлшинд “грийн көүл” бүтээгдэхүүнийг нэмэлтээр хийж, түлшний чанарыг сайжруулна. Шахмал түлшний болон барьцалдуулагчийн стандартуудыг шинэчлэхээр ажиллаж буйгаа хотын дарга тайлбарлав.

Үүнээс гадна Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд ойрын үед Засгийн газар, УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эрх зүйн орчинтой болсноор гэр хорооллын 198 мянган яндан, 500 гаруй мянган автомашин, 2200 гаруй нам даралтын зуух, 174 уурын зуух, ДЦС зэрэг утаа үүсгэгч бүхэн рүү уг хуулийн зохицуулалт чиглэнэ. Хуулийг хэрэгжүүлснээр утаа гаргаж байгаа эх үүсвэр бүрийн 30 хувийг жил бүр хийн түлшинд шилжүүлэх, одоо үйлчилгээнд явж байгаа 1300 автобусыг хийн түлшинд шилжүүлэхээс гадна Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм бүхий бүсийг нийслэлд тогтоох боломж бүрдэх аж.
Тусгай дэглэм бүхий бүсийг ногоон болон шар бүс гэж ангилж байгаа бөгөөд ногоон бүсэд стандартад нийцсэн шингэрүүлсэн хийн түлшинд /LNG, LPG/ айл өрхүүдийг шилжүүлнэ. Урьдчилсан зураглалаар энэ бүсэд 48,118 нэгж талбарын 50,189 өрхийн 202 мянга орчим иргэнийг хамруулахаар төлөвлөсөн байна.
Ногоон буюу яндангүй бүсийг Нийслэлийн Засаг дарга тухай бүр шинэчлэн нэмэгдүүлнэ. Тус бүсэд стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаар бохирдуулагч ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл ашиглах, тэдгээрийг өмчлөгч, эзэмшигчид Евро 5-аас доош стандартын автобензин, дизель түлшийг худалдан борлуулахгүй байх зэрэг агаар, орчныг бохирдуулагч эх үүсвэрүүдийн зохицуулалтуудыг бас тусгажээ.

Шар бүсэд 147 мянга гаруй өрхийг хамруулж, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухаар хангах бөгөөд эхний ээлжийн 32 мянган зуухны тендерийг энэ сард зарлана. Цаашид нийт 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулж, стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухаар хангах аж.
Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөлд багтсан, Багануурын нүүрсний уурхайг түшиглэсэн “Нүүрс, химийн цогцолбор”-ийн Нүүрс-пиролизийн үйлдвэрийн “Хөх нүүрс” төслийн талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт танилцууллаа. Нийт 190 сая ам.долларын санхүүжилтээр байгуулах тус үйлдвэрийн эхний хэсгийг энэ оны арванхоёрдугаар сард, эцсийн байдлаар 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн утааг 60-80 хувиар бууруулах төдийгүй 100 Мвт-ын эрчим хүч үйлдвэрлэх тооцооллыг судлаачид хийсэн байна.
Жилд 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг томоохон уурын болон нам даралтын зуух, ДЦС-уудыг үе шаттайгаар хийн түлшинд шилжүүлэх ажлын явцын талаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа танилцуулсан.

“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн түлш үйлдвэрлэж байна. Шахмал түлшний стандарт хангалтгүй байгаа учраас эхний ээлжинд стандартыг шинэчилж батлуулах шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд шахмал түлшний барьцалдуулагчийг импортоор болон дотоодоос нийлүүлдэг байсан. Гэвч дотоодынх нь чанар муу талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр тайлбарлав.
Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил”-ээр зарласан. Тэгэхээр Засгийн газар нийслэлд онцгой анхаарна. Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулсан. Ковидын үе шиг бэлэн байдалд энэ штаб ажиллана. Бямба гариг бүр хуралдана. Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудал бүрийг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын ахалсан Шуурхай штаб ажиллана. Иргэд, аж ахуйн нэгжүүд ч үүнд оролцох ёстой. Утааг бууруулах тухайд сайжруулсан шахмал түлш, “0” давхаргын баяжмал, хагас коксон түлшний дараагийн буюу эцсийн шийдэл, хамгийн том шилжилт бол шингэрүүлсэн хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлж, Улаанбаатарыг утаагүй болгох явдал гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр онцлов.


Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2023/08/28
БНХАУ-д зорчиж буй иргэдийн анхааралд!
-
Хэн юу хэлэв...2021/10/07
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойжуулалт, үрслэгээний газруудад ажиллалаа
-
Хэн юу хэлэв...2020/04/02
Д.Ядамдорж: Нийслэл хотод гэмт хэрэг 2018 оныхоос 7000 орчим буюу 30 хувиар буур...
-
Дэлхий нийтээр..2022/04/27
УИХ: Байнгын болон дэд хороодын хуралдаан өнөөдөр болно
