Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

ЭЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов

Огноо:

,

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулсан юм.

Төсвийн байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд танилцуулав. Төслүүдийг холбогдох хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан.
Улсын Их Хурлын даргын 2024 оны 338 дугаар захирамжаар хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Г.Тэмүүлэн, А.Ариунзаяа, Б.Батбаатар, О.Батнайрамдал, Ж.Баярмаа, Ж.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Х.Ганхуяг, Б.Найдалаа, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Б.Уянга, Г.Уянгахишиг, Да.Цогтбаатар, С.Цэнгүүн, Ө.Шижир, Б.Энхбаяр, С.Эрдэнэбат болон холбогдох бусад албан тушаалтан ажилласан байна. Ажлын хэсэг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд, төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулгыг нийцүүлж өөрчлөх найруулгын саналыг хэлэлцэн дэмжиж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн гэв.



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүд хуулийн төслийн зүйл бүртэй холбогдуулан асуулт асууж, Н.Учрал сайдаас хариулт авсан. Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүд тухайн саналынхаа үндэслэлийг тайлбарлаж байв. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулсан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан байна. Энэ талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл танилцуулсан юм. Төсвийн байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулав.


Төслүүдийг холбогдох хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан. Улсын Их Хурлын даргын 2024 оны 338 дугаар захирамжаар хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, О.Батнайрамдал Г.Тэмүүлэн, А.Ариунзаяа, Б.Батбаатар, Ж.Баярмаа, Ж.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Х.Ганхуяг, Б.Найдалаа, У.Отгонбаяр, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Б.Уянга,  Г.Уянгахишиг, Да.Цогтбаатар, С.Цэнгүүн, Ө.Шижир, Б.Энхбаяр, С.Эрдэнэбат болон холбогдох бусад албан тушаалтан ажиллажээ. Ажлын хэсэг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хууль, тогтоолыг төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 2, төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулгыг нийцүүлж өөрчлөх найруулгын саналыг хэлэлцэн дэмжиж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн гэлээ.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны гишүүн Н.Батсүмбэрэл олборлолтын дараах нөхөн сэргээлт болон хог хаягдлын менежмент, хяналт, мөн усны салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг тодруулж хариулт авсан. Л.Соронзонболд гишүүн ашигт малтмалын 14 хүртэлх хувийн суурь болон өсөн нэмэгдэх АМНАТ-ын талаар зохицуулалтын талаар, мөн төслийн хавсралт дахь тооцоололтой холбоотой тодруулга хийж, ажлын хэсгээс дэлгэрэнгүй тайлбар авав. Түүнчлэн М.Бадамсүрэн, Г.Уянгахишиг төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар мэдээлэл авсан юм. Үргэлжлүүлэн ажлын хэсгээс бэлтгэсэн болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Дараа нь Улсын Их Хурлын даргын 2024 оны 86 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонсов. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Алтаншагай, Д.Батбаяр, Р.Батболд, О.Номинчимэг, М.Энхцэцэг нар ажиллаж байгаа гэв. Хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд зохих журмын дагуу өргөн мэдүүлэхийг ажлын хэсэгт даалгасан юм.


Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ ерөнхий мэдээллээ танилцуулаад, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн талаар Шадар сайд Т.Доржхандаас тодруулсан бөгөөд өнөөдрийн хуралдаанд оролцох ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс мөн нэмэлтээр тодруулга хийхээр төлөвлөөд буйгаа танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг асуулт асууж, хариулт авав.


Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудлыг захиргааны эрх зүйн асуудал болгон, улмаар хэрэглэгч эрх ашгаа хамгаалах бололцоогүй болгож байгааг тэрбээр шүүмжлээд, иргэний хууль тогтоомж болон бусад хууль тогтоомж дахь гэрээний харилцааг оновчтой зохицуулах, гэрээний нөхцөлүүдийг эрх зүйн орчинд тодорхой болгох шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах, бусад хууль тогтоомжтой болон олон улсын жишигт нийцүүлэх шаардлага бий гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний явцад иргэн хохирсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг гэрээний харилцааны асуудлыг хууль тогтоомжид оновчтой зохицуулах, зар сурталчилгаа хийх тохиолдолд мөрдөх зөвлөмж, энэ нь холбогдох хууль тогтоомждоо тусаж буй эсэхийг тодруулав. Мөн хэрэглэгчийн эрх ашигтай холбоотой шүүхийн шийдвэрүүдийн талаар лавлаж, ажлын хэсгээс хариулт авсан юм.



Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дараа нь Монгол Улсын хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөлт болон тэргүүлэх ач холбогдол бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөр, тэдгээрийн хөрөнгө оруулалт, хэрэгжилт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн харилцаанд 2025 он нэн чухал үүрэгтэй гэдгийг онцлон тодотгоод, Үндсэн хуулийнхаа хүрээнд улсынхаа хөгжлийн бодлогыг тодорхойлох ёстой гэв. Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх, ягштал мөрдөх нь эдийн засаг, хөгжлийн хамгийн том бодлого хэмээгээд бүх түвшиндээ хэрэгжилтийг хангах чиглэлд анхаарч ажиллах нь улс орныг хөгжилд хөтлөх болно гэв. Үүнээс засаглалын асуудал ургах бөгөөд засаглалын нээлттэй, ил тод байдлыг хангаж буй эсэх, парламентын засаглалыг бэхжүүлж чадах эсэхээс хөгжлийн бодлого тодорхой харагдана хэмээн тэрбээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.


Түүнчлэн хөгжлийн бодлого нь тогтвортой байдалтай салшгүй холбоотойг тодотгон тайлбарлаад, үргэлжлүүлэн эдийн засгийн эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээрх бодлого, зорилтыг онцлоод Эдийн засаг, хөгжлийн яам дээрх гурван зүйлээр Монгол Улсын хөгжлийг томьёолж, хөгжлийн хөтөлбөр, бодлого, зорилтууддаа тусган ажиллаж байгаа гэв.  “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, дунд хугацаанд Хөгжлийн зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр байгаа бол богино хугацаанд Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлэхээр тус тус заасан талаар Л.Гантөмөр сайд мэдээлсэн. Дээрх баримт бичгүүдийн хүрээнд нэн тэргүүнд Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, шинжлэх ухаанчаар хөгжих, урт хугацаандаа нээлттэй, чөлөөт эдийн засгаараа тэргүүлэгч улс болох бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаараа танилцуулсан.
Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлогын суурь баримт бичиг нь “Шинэ сэргэлтийн бодлого”-д суурилсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болохыг Л.Гантөмөр сайд дурдаад, эрчим хүчний реформ хийж эрчим хүч үйлдвэрлэх, улмаар үйлдвэрлэл хөгжүүлэх зорилтын хүрээнд гол бодлогуудаа төлөвлөсөн гэв.

Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хамгаалах, хөгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, эдийн засгийг солонгоруулах зорилгоор авч хэрэгжүүлэх бодлого, эдийн засгийн орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зорилт, 14 мега төслийн зорилго, ач холбогдол, хууль эрх зүйн орчин болон түүнийг сайжруулах шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулсан. Мөн тэрбээр эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, төлөвлөлтийн талаар, үүн дээр парламентын түвшинд хэрхэн хамтрах боломжтойг тайлбарлаж, энэ онд эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүргэх зорилт, түүнд хүрэх арга замын талаар мэдээлэл танилцууллаа.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл, Л.Соронзонболд, М.Бадамсүрэн, Г.Лувсанжамц, М.Мандхай, О.Батнайрамдал, П.Батчимэг, М.Энхцэцэг, Р.Сэддорж нар асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон ажлын хэсгээс хариулт авсан.


Хуралдааны төгсгөлд Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн санхүү, төсөв, татвар, гааль, хөрөнгө оруулалт, даатгалын бодлогын хэрэгжилт, гадаадын хөрөнгө оруулалттай төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гадаад, дотоод өрийн хэмжээ, өрийн удирдлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон. Энэ талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат танилцууллаа. 

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн талаар дурдаад, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний тэргүүлэх чиглэл, зорилт болон макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг 2023, 2024 оны гүйцэтгэл, энэ оны төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.



Үргэлжлүүлэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, экспортыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилт, энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар товч мэдээлэл өгсөн юм. 2024 онд уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 22.4 сая.тонн нүүрс, 2.4 сая.тонн төмрийн хүдэр болон баяжмал, 17.6 мян.тонн жонш, 5.4 мян.тонн зэсийн баяжмал тус тус арилжаалжээ. Үргэлжлүүлэн хөрөнгө оруулагчдад дэмжлэг үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулалт татах, хамгаалах цогц механизмыг бүрдүүлэх замаар хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагааг эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар танилцуулав. Энэ хүрээнд татварын бодлогоор хөрөнгө оруулалтыг дэмжих цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд хувьцаа, үнэт цаас борлуулсны орлогод ногдох орлогын албан татварыг 2027 он хүртэл 90 хувь, 2029 он хүртэл 50 хувь тус тус хөнгөлж байгаа гэлээ. Түүнчлэн нээлттэй компанийн хувьцааны ногдол ашгийн татварыг дотоодод 10 хувь, гадаадад 20 хувь байсныг нийтлэг 5 хувь болгож бууруулсан байна. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлогыг орлогын албан татвараас чөлөөлжээ. Гарааны компаниудын орлогод ногдох албан татварыг байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд хөнгөлдөг зохицуулалтыг 5 жил болгон нэмэгдүүлсэн байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар, аймаг, нийслэл, Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулахад гадаад, дотоодын хөрөнгө оруулагч ижил нөхцөлөөр холбогдох зардлыг хасаж тооцох боломжийг нээсэн аж. Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх цогц бодлогын хүрээнд хөрөнгө оруулагчдын татварын харилцааг хялбаршуулж, тайлан гаргах үүргээс чөлөөлж, хувьцаа, өрийн хэрэгсэл, бусад үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг нэгдсэн журмаар суутган тооцож, төсөвт төлдөг болжээ. 


Үргэлжлүүлэн Ж.Ганбат дарга хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн үр дүнгийн талаар мэдээлэл танилцууллаа. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнийг дагаж өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Компанийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг Улсын Их Хурал баталсан. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хуулийг баталсан бөгөөд энэ дагуу Үндэсний баялгийн сан нь Ирээдүй өв сан, Хуримтлалын сан, хөгжлийн сангаас бүрдэхээр зохицуулалтыг хийж, хэрэгжүүлж эхэлсэн байна. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр эрчим хүчний салбарт шинэчлэлт хийх шилжилтийн үеийн зардал 131.1 тэрбум төгрөгийг  2024 онд төсвийн тодотголоор шийдвэрлэсэн гэлээ. Тухайн оны батлагдсан санхүүжилтийг бүрэн олгосон бөгөөд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг Ж.Ганбат дарга нэгбүрчлэн танилцуулав.
Урт хугацааны даатгалын үйл ажиллагааны хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байгаа гэв. Төслөөр даатгалын нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг малын хорогдолтой уялдуулж уян хатан тогтоох, даатгалын нөхөн төлбөрийг гэрээний хугацаанд нэг удаа хэсэгчлэн урьдчилан олгох болон Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг боловсруулж, 2025 оны эхний хагас жилд багтаан өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн даатгалын үйл ажиллагааг цахимжуулах, даатгалын үнэлгээ, хураамж тооцох, итгэлцүүр хэрэглэх аргачлалыг шинэчлэх, албан журмын даатгагчдын холбоог өөрчлөн зохион байгуулах зэрэг шинэлэг зохицуулалтуудыг тусган боловсруулаад байна.
Тэргүүлэх чиглэлийн гуравдугаарт “Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна” хэмээсэн байдаг бөгөөд гол зорилт нь бол нийгмийн хамгааллын салбарт нийгмийн даатгалын оновчтой тогтолцоог бий болгож, төрийн албан хаагчийн цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх, нийгмийн зорилтот бүлгийг зөв тодорхойлж, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдсэн гэв. Хот тохижилтын ажилчдын цалин 20 хувь, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн байна. Орон нутгийн нэмэгдэл олгож байгаа гэлээ. Суманд ажиллаж байгаа бол сар бүр үндсэн цалингийн 40 хувийн, аймгийн төвийн сум, нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа бол сар бүрийн үндсэн цалин дээр нь 20 хувийн нэмэгдэл олгож байгаа аж. Үргэлжлүүлэн Ж.Ганбат дарга тэтгэмжүүдийн нэмэгдлийн талаар танилцууллаа. Нийгмийн халамжийн тэтгэврийг 15 хувиар, асаргааны тэтгэмжийг 10 хувиар, амьжиргаа дэмжих тэтгэмжийг 15 хувиар нэмэгдүүлсэн байна. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, өвчлөлт нас баралтыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 3.1 их наяд төгрөг зарцуулсан байна.
Дараагийн тэргүүлэх салбар болох хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд хүнсний хангамж хүн амын хүнсний хэрэгцээний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, импортын хамаарлаа бууруулж нийлүүлэлтийн сүлжээ аюулгүй байдлыг хангана хэмээн зорилт тавьсан юм. Энэ хүрээнд НӨАТ-аас хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих тоног төхөөрөмж, бордоог чөлөөлсөн байна. Мөн хүн амын зайлшгүй хэрэгцээний мах, сүү, хүнсний ногоо, жимс зэрэг 28 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг, эрүүл мэнд, боловсрол зэрэг 19 нийтийн үйлчилгээг мөн чөлөөлөх арга хэмжээг авчээ. Ж.Ганбат дарга үргэлжлүүлэн засаглалын үзүүлэлтийг сайжруулах, ногоон хөгжлийг дэмжих хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, тэдгээрийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн Монгол Улсын 2024 оны төсөв, урьдчилсан гүйцэтгэл, Засгийн газрын өрийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.




Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн санхүү, төсөв, татвар, гааль, хөрөнгө оруулалт, даатгалын бодлогын хэрэгжилт, гадаадын хөрөнгө оруулалттай төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гадаад, дотоод өрийн хэмжээ, өрийн удирдлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх дээрх мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, хариулт авснаар хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр хувь хүний мэдээллийн аюулгүй байдал хөндөгдөх болжээ

Огноо:

,

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын ТНБ-ийн дарга Л.Мөнхзул НҮБ-ын хувийн мэдээлэл хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Ана Брайан Нугререстай уулзлаа.

Уулзалтын үеэр дижитал эринд хүний хувийн мэдээллийг хамгаалах асуудал, хүний хувийн мэдээлэл, нууцаа хамгаалуулах эрх, хил дамнан мэдээлэл шилжүүлэх үйл явц, кибер аюулгүй байдал, олон нийтийн сүлжээнд тавьж буй хяналт, тодорхой эмзэг бүлгийн хувийн мэдээллийн нууцлал, биометрийн болон хиймэл оюун ухаанд суурилсан мэдээлэл зэрэг асуудлыг хөндсөн юм.

Манай улс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хувь хүний мэдээллийг хамгаалж байна.

Хиймэл оюун ухаан хөгжиж байгаа энэ үед төрийн байгууллагууд хүний мэдээллийг хамгаалах, нэгдсэн мэдээллийн сангийн аюулгүй байдал хамгийн чухал асуудал болсныг НҮБ-ын хувийн мэдээлэл хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан тусгай итгэгч Ана Брайан Нугререстай онцолж байлаа гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцэв.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор улируулан томилох асуудлыг зөвшилцөхөөр саналаа Улсын Их Хуралд хүргүүлж байна гэв.

Банзрагчийн Жаргалсайхан 1964 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн. Ам бүл дөрөв, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн II дунд сургуулийг, 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн хуулийн салбарыг хуульч мэргэжлээр төгссөн. Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх зэрэг дэвтэй.

Б.Жаргалсайхан нь прокурорын байгууллагад нийт 37 жил ажилласан бөгөөд 1988-1996 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хэсгийн прокурор, хяналтын прокурор, туслах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2009-2011 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2014-2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч даргаар тус тус ажилласан. 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, 2019 оноос Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байгаа гэв.

Прокурорын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтын тусгай шаардлага болох хуульч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, гучин таваас дээш насны, прокуророор ажиллаж байгаа хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн томилно гэсэн тусгай шаардлагыг хангасан тул Б.Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Дараа нь Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг  Байнгын хороо 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Ерөнхий прокурорыг томилох тухай Улсын Их Хуралтай зөвшилцөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 75.0 хувь нь дэмжсэнийг онцлов.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, О.Батнайрамдал, С.Эрдэнэболд, Б.Энхбаяр, Х.Баасанжаргал, Х.Тэмүүжин, О.Цогтгэрэл, Ц.Даваасүрэн, Х.Ганхуяг, Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар, Д.Пүрэвдаваа, Ж.Батжаргал, С.Бямбацогт, Х.Баасанжаргал, Ж.Баясгалан, С.Замира, Р.Эрдэнбүрэн, Б.Жаргалан, Н.Номтойбаяр, Б.Батбаатар, Ц.Идэрбат, Ц.Баатархүү, Г.Дамдинням нар асуулт асууж, үг хэлэв.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр прокурорын байгууллагын хариуцлага нэн өндөр болж байгаа. Өнгөрсөн парламентын сүүлийн хагаст авлига, албан тушаалтай холбоотой хэргүүдийн шүүх хурал нээлттэй, ил тод  байх хуулийг баталсан. Энэ хүрээнд Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар манлайлж, шүүх хуралдааныг цахимаар шууд дамжуулдаг болсон нь том үр дүн гэдгийг онцлоод прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хариуцлагажуулах, дотоод ардчиллыг дээшлүүлэх, бэхжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч хамтарч ажиллахад ямар байр суурьтай байгаа талаар лавлав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шүүхийн шинэчлэлтэй холбоотой тодорхой хуулиуд баталсан. Энэ хүрээнд шүүх эрх мэдлийн бүрэлдэхүүн болсон прокурорын шинэчлэлийн асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Тамгын газар Улсын Их Хурал  болон бусад байгууллагыг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн хэмээн хариулсан.

Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Улсын хэмжээнд жилдээ нийт хэчнээн гомдол, маргааны санал ирдгийн хэдэн нь хэрэг бүртгэл болж, цаашлаад үүнээс хэчнээн хүн яллагдагчаар татагдаж, шүүхээс гэм буруутайд тооцогддог талаар лавлав. Б.Жаргалсайхан прокурор, “Сүүлийн таван жилийн хугацаагаар авч үзэхэд гэмт хэргийн нөхцөл байдал өссөн. Тодруулбал, 2019 онд 1.0 сая орчим зөрчил гарсан бол өнөөдөр 3.3 сая болсон байна. 2024 онд 126000 гэмт хэргийн шинжтэй гомдол ирсэн. Үүнээс 74000 хэрэг бүртгэлтийн хэрэг, 28000 мөрдөн байцаалтын хэрэг байв. Нийтдээ 15969 хэрэг шүүхэд шилжиж, үүнээс 15123 хэрэг шийдэгдсэн, үлдсэн нь хүлээгдэж байна. Прокурор нотлох баримт цуглуулах яллах чиглэлийн хүн биш. 2024 онд 103 хүн цагаадсан нь прокурорын үйл ажиллагаатай холбоотой асуудал биш. Үүнийг нөгөө талаас нь харвал  прокурор нь хүнийг цагаатгах нотлох баримт, гэмт хэргийн нотлох баримтыг цуглуулж шүүхэд шилжүүлдэг” хэмээн  хариулав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан энэ удаагийн парламент бүрэн эрхийнхээ хугацаанд хуулийн засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийн зөрчлүүдийг арилгахад тууштай  ажиллаж, шинэчлэлийг хийх эр зоригтой байхыг онцлоод энэ чиглэлд хамтарч ажиллах эсэхийг Б.Жаргалсайхан прокуророос тодруулав. Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлаас баталсан бүх хуулийг прокурорын байгууллага хэрэгжүүлж ажилладаг. Цаашдаа хуулийг хэрэгжүүлэхийн төлөө итгэл төгс ажиллана" хэмээн хариулав.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж мэргэжлээрээ олон жил ажилласан ийм хүнийг Монгол Улсын ерөнхий прокуророор ажиллуулах нь зөв гэхийн зэрэгцээ улс төрөөс ангид ажиллаж чаддаг нь өнгөрсөн хугацаанд харагдсан тул уг томилгоог дэмжиж байна гэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, хуулийн байгууллагад мэргэжлийн чадварлаг сайн хүнийг томилохоос гадна шинэчлэл хийх шаардлагатай байна. Мөн Прокурорын тухай хуулийн 60.3-т тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 гэсэн байхад Төрийн албан тухай хуульд энэ насыг хуулийн 41.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна гэж тусгасан. Хуулийн ийм зөрчлийг арилгахгүй бол УИХ хоёр өөр шийдвэр гаргана. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 02 дугаар дүгнэлтээрээ шүүгчийн тэтгэврийн настай холбоотой маргааныг шийдвэрлэсэн. Хэрэв Улсын Их Хурал 60-аас дээш настай хүнийг хуулийн байгууллагын удирдлагаар томилохоор бол хуулийн зөрчлийг арилгах нь чухал гэж байлаа.

Түүнчлэн гишүүд нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ прокурорын байгууллагын дарга бол шударга ёсны манаач тул өмнөх зургаан жил ажилласан шигээ хэн нэгний нөлөөнд авталгүй, улс төрөөс ангид, хараат бусаар ажиллаж, шударга ёсны төлөө хийж буй тэмцлээ үргэлжлүүлэн үр дүнтэй ажиллахыг хүсэв. Мөн хүний эрх, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарах, хууль засагладаг ардчилсан шударга төрийг байгуулах шинэчлэлийн төлөө санаачилгатай ажиллахыг захиж байлаа.

Ингээд Улсын Ерөнхий прокуророор Банзрагчийн Жаргалсайханыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг  дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  буюу 83.5 хувь нь  дэмжив. Иймд энэ талаарх албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Зам засварын ажилтай холбогдуулан Ч:76, Ч:79 чиглэлийн замналд түр өөрчлөлт орлоо

Огноо:

,

Авто замын засвартай холбогдуулан нийтийн тээврийн Ч:76 “Архивын ерөнхий газар-3,4-р хорооллын эцэс”, Ч:79 “Монгол хюндэй киа компани-Хангарьд цогцолбор” хоёр чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орууллаа.

“ДЦС-3”, “ДЦС-4” ТӨХК-ууд руу ус дамжуулах шугам хоолой угсрахтай холбоотойгоор “ДЦС-3” ТӨХК-иас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон авто замыг дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цагаас 14-ний 06:00 цаг хүртэл түр хаана.

Энэ хугацаанд Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж буюу “ДЦС-3” ТӨХК-ийн баруун хойд талын буцаж эргэдэг тойрог хүртэл урдаас хойшоо зөвхөн нэг чиглэлд зорчино.

Харин хойноос урагш чиглэлийг “ДЦС-3” ТӨХК-ийн баруун хойд талын буцах уулзвараар эргэж, “ДЦС-3” ТӨХК-ийн хойд болон зүүн талын замаар үндсэн хөдөлгөөнд оролцох боломжтойгоор хөдөлгөөнийг түр зохицуулах юм.

Иймд авто замын ажил хийгдэх явцад нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн 2024 оны дөрөвдүгээр сарын 11-14-ний 06:00 цаг хүртэл доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ9 цаг 44 минут

Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр хувь хүний мэдээллийн аюулгүй бай...

Тод мэдээ10 цаг 3 минут

Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийл...

Тод мэдээ10 цаг 6 минут

Зам засварын ажилтай холбогдуулан Ч:76, Ч:79 чиглэлийн замналд түр ө...

Тод мэдээ10 цаг 11 минут

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн энэ оны шинэ дугаар хэвлэгдлээ

Тод мэдээ10 цаг 13 минут

Хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал...

Өнөөдөр10 цаг 17 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Тод мэдээ10 цаг 25 минут

Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг н...

Өнөөдөр10 цаг 31 минут

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр10 цаг 33 минут

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр10 цаг 41 минут

Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна!

Тод мэдээ2025/04/10

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн ...

Тод мэдээ2025/04/10

ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл т...

Тод мэдээ2025/04/10

Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг...

Тод мэдээ2025/04/10

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч бүртгүүлжээ

Тод мэдээ2025/04/10

Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүү...

Тод мэдээ2025/04/10

Шороон болон цасан шуурганаас сэргийлэх зөвлөмж

Тод мэдээ2025/04/10

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/04/10

УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлэг, ажлын хэсгийн хуралдаан

Өнөөдөр2025/04/10

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/04/10

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Тод мэдээ2025/04/09

Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна

Тод мэдээ2025/04/09

"Сүхбаатарын талбай" цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид морьт, но...

Тод мэдээ2025/04/09

Барагшуны нөөц, ашиглалтын талаарх мэдээллийг сонсов

Тод мэдээ2025/04/09

Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 52 мянган өрхөд цахилгаан б...

Тод мэдээ2025/04/09

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/04/09

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/04/09

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/04/09

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Тод мэдээ2025/04/08

Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ

Тод мэдээ2025/04/08

Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна

Санал болгох