Тод мэдээ
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил үргэлжилж байна

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн шинэ төрөл тусгай замын автобус /BRT/ төслийг нэвтрүүлэхээр урьдчилсан зураг төслийн ажлыг гүйцэтгэж байна. Уг төслийг иргэдэд ээлтэй байдлаар төлөвлөж, олон нийтийн уулзалт хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулах болон судалгааны ажил үргэлжилж байна. Судалгаа дуусаж, санхүүжилт бүрэн шийдэгдсэний дараа ТЭЗҮ боловсруулж, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Эдгээр ажлыг 2025 онд дуусгаад, 2026 оны гуравдугаар сард барилгын ажлыг эхлүүлэх юм.
Тусгай замын автобус төслийг Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Их хүрээний гудамж хүртэлх 12.7 км урт коридорын дагуу 20 зогсоолтой барих урьдчилсан төлөвлөлттэй. Замын холимог хөдөлгөөнөөс тусгаарлаж, голын эгнээгээр хөдөлгөөнд оролцох боломжийг бүрдүүлэх тусгай замын автобус төслийг хэрэгжүүлснээр өдөрт 30 мянга орчим хүн тээвэрлэх боломжтой. Мөн тусгай замын автобус нь хоёр талдаа хаалгатай буюу иргэд аль ч талаар нь бууж, суух боломжтой. Автобусны шал, зогсоолын өндөр нь нэг түвшинд байдгаас тусгай хэрэгцээт иргэд, өндөр настан, дугуйтай иргэд сууж буухад төвөггүй шийдэлтэйгээрээ давуу талтай. Тусгай замын автобусыг шийдсэнээр Улаанбаатар хотын оргил цагийн хурд 4-5 дахин нэмэгдэж, 20-25 км/цагийн дундаж хурдтай болох тооцоо гараад байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нарын ивээл дор Чехийн Үндэсний музейд “Чингис хаан олон улсын үзэсгэлэнг нийтэд толилуулж эхэллээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд хоёр улсын төрийн тэргүүн оролцлоо. “Чингис хаан” үзэсгэлэнг 2025 оны 03 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 22-ныг хүртэл толилуулах бөгөөд “Чингис хаан” үндэсний музей, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн 698 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлийг дэлгэжээ.
2023 онд Францын Нант хотноо, 2024 онд Улаанбаатар хотноо “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” нэртэйгээр гарсан үзэсгэлэнг ховор сонин үзмэрээр баяжуулан “Чингис хаан” нэртэйгээр дэлгэжээ.
Үзэсгэлэн нь Чингис хаан болон Монголын Эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүний эзлэх байр суурь, түүхэн үнэнийг танин мэдүүлэх, нүүдлийн соёл иргэншилт монголчуудын өв соёлын онцлогийг сурталчлах зорилготой юм.
“Чингис хаан” үзэсгэлэн нь Прага хотноо албан ёсоор анх удаа гарч байгаа бие даасан соёлын өвийн үзэсгэлэн бөгөөд хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны нэгэн шинэ үе эхэллээ.
Нээлтийн үеэр мөн 2027 онд Прага хотноо 65 үзмэрээс бүрдсэн Үлэг гүрвэлийн үзэсгэлэнг хамтран зохион байгуулахтай холбоотой гэрээнд Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Чехийн Үндэсний музейн Ерөнхий захирал Михал Лукеш нар гарын үсэг зурлаа.
Тод мэдээ
Чех-Монголын бизнес форумд 150 гаруй аж ахуйн нэгж оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Прага хотноо болсон Чех-Монголын бизнес форумд хоёр улсын Ерөнхийлөгч оролцлоо.
Аж ахуйн нэгжүүд уламжлалт салбаруудаас гадна дэвшилтэт техник, технологи, инновац, ноу-хау, тээвэр ложистик зэрэг илүү өргөн хүрээнд хамтрах боломжийг эрэлхийлж, гэрээ, хэлэлцээр байгуулан, харилцан ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байгаагаа төрийн тэргүүн нар илэрхийллээ.
Бизнес форумд хоёр улсаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, ашигт малмал, барилга, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд зэрэг 20 орчим салбарын 150 гаруй аж ахуйн нэгжийн нийт 200 гаруй төлөөлөл оролцож байна.
Бизнес форумын нээлтийн үеэр “Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Чехийн Худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд хоёр улсын танхимын Ерөнхийлөгч Л.Төр-Од, Зденек Заийчек нар гарын үсэг зурлаа.
2024 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 18 сая ам.доллар байна. Манай экспорт 300 гаруй мянган ам.доллар, импорт 17 сая орчим юм. Манай талаас ноолууран эдлэл, хувцас, сүлжмэл цамц, гэрийн угсармал хийц нийлүүлж, тэсэлгээний утас, бялт, өдөөгч бодис, цахилгаан халаах зуух, эм, эмийн бүтээгдэхүүн оруулж ирдэг.
1990-2017 онд Чехийн дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай 80 аж ахуйн нэгж 9.2 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн байна.
Өнөөдрийн байдлаар 60 гаруй нь худалдаа, геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, хүнсний үйлдвэрлэл, инженерийн барилга, байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа гарчээ.
Чех Улс 1996-2017 онд 50 гаруй сая ам.долларын санхүүжилт бүхий төслүүд хэрэгжүүлсэн байна.
Тод мэдээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа
Газрын тосны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 4, зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцүүлэхээр товлосон.
Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон тул хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд холбогдох баримтын хамт ирүүлсэн юм.
Маргааныг бүрэн гүйцэд, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудын мэтгэлцэх боломжийг хангах үүднээс уг маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулж, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 9.30 цагаас хийхээр товлов гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.
-
Өнөөдөр2021/01/27
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхлаа
-
Тод мэдээ2020/08/14
Монгол жүжигчдийн тоглосон Холливудын кино Монголд нээлтээ хийнэ
-
Өнөөдөр2022/10/12
УИХ: Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Тод индэр2020/09/30
"Дайчин" таеквондогийн холбооны залуусыг хүлээн авч уулзав