Тод мэдээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Кэмбрижийн их сургууль дахь Монгол ба Өвөр Ази судлалын төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Кембрижийн их сургуульд ажиллах үеэрээ Монгол ба Өвөр Ази судлалын төвийн үйл ажиллагаатай танилцаж, судлаачидтай уулзлаа.
Монгол Улс, Кэмбрижийн их сургуультай хамтарсан “Чингис хаан, Монголын эзэнт гүрэн судлалын судалгааны тэтгэлэг”-ийг 2024 онд зарласан ба Кембрижийн их сургуулийн Монгол ба Өвөр Ази судлалын тэнхимтэй хамтран “Монгол-Кэмбриж” форумыг хоёр удаа амжилттай зохион байгуулсан юм.
Тус тэнхим нь 1986 онд байгуулагдсан ба Нийгмийн антропологийн тэнхимд харьяалагдаж, төгсөгчид нь дэлхийн өнцөг булан бүрд Монгол орны талаарх мэдлэг, туршлагаа хуваалцаж, өөрсдийн шавь нараа бэлтгэн гаргасаар байна. Тэнхимийн судлаачид одоогоор дөрвөн судалгаан дээр ажиллаж буйгаа танилцууллаа.
Тухайлбал, Хималайн холбоо хамаарал: Хайлж буй мөсөн голууд, дархан цаазат газар нутаг ба уур амьсгалын өөрчлөлтөд зохицох хөдөлгөөнт технологи, Монголын махны худалдаа, үндэсний нэгдэл нь нөлөөлөх нь, Хил дамнан урсдаг Азийн гол мөрний усны менежмент зэрэг судалгаанууд дээр төвлөрч ажиллаж байна. Судлаачдын зүгээс монгол судлалыг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хүний нөөцийг бэлтгэх нь чухал гэдгийг дурдлаа.
Кэмбриж хот нь эрдэм шинжилгээ, судалгааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд 120 гаруй Нобелийн шагналтан, улс төр, шинжлэх ухаан, утга зохиолын нэр хүндтэй зүтгэлтнүүдийг төрүүлсэн.
Түүнчлэн, Кэмбриж нь шинжлэх ухаан, технологийн салбарт инновацын төв болсон бөгөөд хиймэл оюун ухаан, биотехнологи, сансрын технологи зэрэг салбарын тэргүүлэгч судалгааны байгууллагууд, өндөр технологийн компаниуд, гарааны бизнесүүд төвлөрсөн бүс юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Мэдэгдэл

Тод мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.