Үйл явдал
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Нийслэлийн Өргөө амаржих газарт ажиллаж, тулгамдаж буй асуудал, засвар шинэчлэлийн явц, тоног төхөөрөмжийн нөхцөл байдалтай танилцлаа.
Мөн энэ үеэр эмнэлэгт нэн шаардлагатай байсан дараах тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн юм. Тухайлбал,
- Дутуу төрсөн нярайн амьсгалын аппарат,
- Нярайн зүрхний гажиг, зулай, хэвлий, судас харах өндөр хүчин чадал бүхий эхо аппарат,
- Нэгдсэн хяналтын систем,
- Дутуу төрсөн нярайн өндөр чийгшилтэй инкубатор,
- Тархины цахилгаан бичлэгийн аппарат,
- Нярайн дефибрилятор зэргийг хүлээлгэн өглөө.
Эх, нярай болон үйлчлүүлэгчид илүү хүртээмжтэй, тав тухтай орчинд эмнэлгийн чанартай тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг сайжруулах зорилгоор 2025-2026 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6.7 тэрбум төгрөгийг шийдвэрлэн, зургаан блок барилгын хоёр блокийн их засварыг хийж байна. Мөн нярайн тусламж үйлчилгээг сайжруулахаар нийслэлийн санхүүжилтээр 4.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий нярайн эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжийг ийнхүү хүлээлгэн өглөө.
Энэ үеэр Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Н.Батсайхан барилга байгууламжийн засвар, шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг танилцууллаа. Тухайлбал, Жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн тал хувь нь 2009 оноос хойш засварт ороогүй бөгөөд дулаан алдагдал ихтэй, нярайн эмгэгийг эмчлэх хэсэгт 2013 оноос хойш их засвар хийгдээгүй гэв. Мөн А блокийн агааржуулалтын системийн шинэчлэлийг хийх, хоёр тасагт хүчилтөрөгчийн ханын систем суурилуулах, эх барих мэс заслын хэсгийн дурангийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх шаардлагатай байгааг онцолсон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хүүхэд төрүүлэх, өсгөхөд ээлтэй орчин бүрдүүлэх нь зөвхөн эрүүл мэндийн салбарын бус төр, орон нутгийн хамтын үүрэг юм. Бид хотын хөгжлийг зөвхөн барилга байгууламж, авто зам, дэд бүтцээр хэмжих бус, иргэдийн амьдралын чанараар хэмжих хүн төвтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна. Тиймээс эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байлгах, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эрүүл монгол иргэнийг өсгөж бойжуулах нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг байх болно. Иймд шаардлагатай арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлнэ” гэлээ.
Үйл явдал
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл
-“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт
-Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах
-Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал
-2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах
-Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Үйл явдал
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Үйл явдал
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

-
Дэлхий нийтээр..2021/03/05
Ирэх 7 хоногоос өдөрт 15-20 мянган хүнийг вакцинжуулна
-
Үйл явдал2022/09/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ
-
Дэлхий нийтээр..2025/02/20
Улаанбаатарт 2025 онд 10 байршилд шинээр авто зам барих бол 41 байршилд авто зам...
-
Чөлөөт бүс2023/11/21
Цасан шуурганд нэгэнт төөрсөн бол яах ёстой вэ
