Үйл явдал
ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголыг өнөөдөр зохион байгуулна
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2026 оны зургаадугаар сарын 29ний өдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцсэн юм. Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 30-ны өдөр явуулахаар товыг шинэчлэн тогтоов. Сонсголд хэр бэлтгэсэн талаарх УИХ-ын гишүүн Б.Жаргалангийн асуултад, Эдийн засгийн байнгын хорооны Ажлын алба түрүү долоо хоногт бэлтгэлээ бүрэн хангасан гэж хариуллаа. Гишүүдийн 90 гаруй хувь нь дэмжсэнээр тогтоолыг батлав.
Үргэлжлүүлэн, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан энэхүү хуулийн төсөл нь хоёр заалттай. Манай улс хөдөө аж ахуйн салбарын харилцааг зохицуулж буй 30 орчим хуультай. Гэхдээ эдгээрийг нэгдсэн зохион байгуулалт, уялдаа холбоогоор хангах шаардлага үүссэн. Тогтвортой хөгжүүлэхийн тулд төрөлжүүлж, бие даасан бодлогоор дэмжих шаардлагатай хэмээн Ажлын хэсгийг төлөөлж УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ч.Анар гишүүний асуултад хууль санаачлагч гишүүн М.Мандхай хариулахдаа сонгуулийн мөчлөгөөр хэмжих боломжгүй, урт хугацааны төлөвлөлтөөр хөгжих учиртай салбарын онцлогийг тайлбарласан юм. Байнгын хороо санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Хуралдаанаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Уг төслийг Засгийн газраас 2026 оны 06 дугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн бөгөөд Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй томьёолол бүхий нэг санал гаргасныг хэлэлцэж, санал хурааж шийдвэрлэсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Соронзонболд төслийг дэмжиж байгааг илэрхийлээд, Тосон уул дахь талбайгаас авах хэмжээг ижил тогтоох санал гаргасан хэмээв. Тэдний саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн.
Энэ өдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Ч.Анар, Н.Батсүмбэрэл, О.Батнайрамдал, П.Батчимэг, Х.Булгантуяа, Б.Заяабал, Б.Жавхлан, Б.Жаргалан, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Мөнхсоёл, Л.Энх-Амгалан, Э.Одбаяр, Б.Пунсалмаа, С.Эрдэнэбат, Л.Соронзонболд, А.Ундраа, Д.Үүрийнтуяа нар оролцсон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Үйл явдал
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл
-“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт
-Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах
-Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал
-2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах
-Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Үйл явдал
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Үйл явдал
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

-
Үйл явдал2024/05/28
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2023/04/12
АТГ: Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан 230 хүний хамаарлыг шалгаж б...
-
Дэлхий нийтээр..2022/10/03
Иргэд D.PARLIAMENT.MN цахим хуудсаар дамжуулан Ерөнхий сайдаас асуулт асуух боло...
-
Дэлхий нийтээр..2021/11/24
"Улс төрийн санхүүжилт ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо" сэдэвт хэ...
