Үйл явдал
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр энэ сард агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд нутгийн баруун хэсгээр дунджаас бага, зүүн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох байх төлөвтэй байна.
Цаг агаарын муудах үеүүдийн хувьд сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар эрс сэрүүсэж, дуу цахилгаантай аадар бороо орох магадлал өндөр байна. Иймд мал бэлчээрлүүлэх, үрсэлгээ хамгаалах болон хол замд гарахдаа анхаарал болгоомжтой байж, богино хугацааны нарийвчилсан урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.

Хоёрдугаар арав хоног буюу наадмын баярын өдрүүдэд ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төвөлтөй байгаа хэдий ч нутгийн зүүн хэсгээр зарих хугацаанд сэрүүн, хур тунадас ахиу орон магадлалтай байгаа бол гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох магадлал нэмэгдэх тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Баянхонгорын нутаг, Завхан, Говь–Алтайн зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүл үеэр олон жилийн дунджаас бага буюу сэрүүн байх бол нэг ба гуравдугаар арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Хур тунадас хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд нутгийн зарим хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхний хоногуудад харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэс эхлэн сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°C-аар бага буюу сэрүүн байх бол хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас их буюу дулаан байхаар байна. Хур тунадас хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх хугацаанд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага буюу сэрүүн, хур тунадасны хувьд Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд сэрүүн, ялангуяа эхэн үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3–5°C–аар бага байхаар байна. Цашлаад хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеэр олон жилийн дунджаас бага буюу сэрүүн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх нөхцөл бүрдэж болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас их буюу дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх хэдий ч нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр олон жилийн дунджаас бага буюу сэрүүн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас их буюу дулаан байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх магадлалтай байна.

Үйл явдал
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл
-“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт
-Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах
-Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал
-2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах
-Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Үйл явдал
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Үйл явдал
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

-
Хэн юу хэлэв...2023/08/10
П.Эрхэмбулган: Үерийн голомтод ажилласан алба хаагчдаас гэдэсний халдварт өвчин ...
-
Дэлхий нийтээр..2021/12/20
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар нийтийн сонсгол зохион байгуулагдана
-
Дэлхий нийтээр..2022/07/29
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэдийн хүсэлтийг хүлээн авч байна
-
Дэлхий нийтээр..2023/07/31
Чандмань сумын авто замын хучилтыг хийж эхэллээ
