Хэн юу хэлэв...
Авлигын мэдээлэл бэлтгэхийн тулд сэтгүүлчид илүү ихийг золиослосоор...
Тавдугаар сарын 3-ны өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож, эрэн сурвалжлах сэтгүүлчид авлигыг таних, илрүүлэх, илчлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэх завшаан гарлаа.
Энэ нь дэлхий даяар сэтгүүлчид болон бие даасан чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд авторитар дэглэм, зохион байгуулалттай гэмт хэрэг, нөлөө бүхий хүмүүстэй холбоотой авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг ил болгоход илүү аюултай нөхцөл үүсэн нэмэгдэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжит үе юм.
Мальт болон Словак улсад авлигыг илчлэснийхээ төлөө Дафни Каруана Жализиа, Яан Күсак зэрэг сэтгүүлчид амиа алдсан ноцтой хэрэг гарсан нь дэлхий дахинаа хэтэрхий түгээмэл зүйл болоод байна.
Европын холбооны төв хэсэгт гарсан дээрх аллага нь олон нийтийн дургуйцлыг ихэд төрүүлж, гэмт хэрэг үйлдэгчдийг шүүхээр болсон байна. Хууль эрх зүйн орчин сул, авлигын түвшин өндөртэй улс орнуудад энэ төрлийн хэргийг шүүх нь илүү бэрхшээлтэй байх болно. Бодит байдал дээр Авлигийн төсөөллийн индескээр авлигийн түвшин өндөр гэж тооцогддог улс орнуудад хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн хамгаалалт сул байгаа хандлага анзаарагдаж байна.
Өмнөх судалгаанаас харахад авлигын түвшин өндөртэй улсад 7 хоног бүрт дунджаар хамгийн багадаа нэг сэтгүүлч амиа алдаж байгаа бол авлигийн талаарх мэдээлэл бэлтгэж байхдаа 5 сэтгүүлч бүрийн нэг нь амиа алддаг гэх тоон үзүүлэлт байна. Дэлхийн өнцөг булан бүрт сэтгүүлчид өөрсдийн ажлаа хийж гүйцэтгэснийхээ төлөө өдөр тутам амь насаа эрсдэлд оруулсаар байна.
Зарим засгийн газар, улс төрчид шүүмжлэлт дуу хоолойг дарахын тулд хууль эрх зүй болон айлган сүрдүүлэх арга хэлбэрийг ашигладаг. Жишээ нь: Монгол Улсад төр засаг нь худал мэдээлэл тараахыг зогсоох арга хэмжээ авсан (гэмт хэрэгт тооцсон) нь хэвлэлийн эрх чөлөөг эрс хязгаарласан юм. Юу нь баримт, юу нь зохиомол болохыг дураараа шийдвэрлэх боломжтой байх нь сэтгүүлчид ихээхэн хэмжээний торгууль, эсхүл нийтэд тустай ажил хийх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял авах боломжтой болгож байна.
Хэдийгээр худал мэдээлэл тараахыг таслан зогсоох нь чухал ч бидний судалгаа засгийн газар болон иргэний нийгмийн байгууллагууд худал мэдээлэлтэй тэмцэх арга замууд байгааг харуулдаг. Бодит байдалд Монгол Улс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахын тулд хууль ашиглаж, мөн сэтгүүлчдэд хатуу хариуцлага оногдуулж байна.
Жишээлбэл Монголын чөлөөт сайт “Urug.mn”-ний сэтгүүлч У.Болортуяа нь Монголын хамгийн том төрийн өмчит зэсийн компани болох Эрдэнэтийн авлигыг ил болгохоор ажиллаж байсан бөгөөд түүнийг амыг нь таглахын тулд тавьсан саналаас татгалзаж, гэрээ байгуулахгүй гэсний дараагаар тус компанийн нийлүүлэгчдийн нэг нь Болортуяагийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.
Энэ бол Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хамгийн сүүлийн тохиолдол юм. “Zarig.mn”-ийн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд гэхэд 2019 онд 12 удаа, 2020 онд 4 удаа хэн нэгнийг гүтгэсэн гэх шалтгаанаар буруутгадсан. Эдгээр хэргийг түүний мэдээнд нэр нь дурдагсдан улс төрчид өдөөсөн юм. Хэдийгээр тэрээр энэ бүгдийг амжилттай даван гарсан ч түүний эсрэг гаргасан нэг нэхэмжлэлд Монголын жирийн сэтгүүлчийн 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний /800 ам доллар/ торгуулийг төлөх ёстой хэвээрээ байгаа юм.
Египтэд төр засаг нь хэвлэл мэдээллийн байгууллага дахь хяналтыг нэмэгдүүлэх, мөн худал мэдээлэл тараасан сэтгүүлчдийг хорихын тулд коронавирус цар тахал буюу Ковид-19-ийг ашиглаж байна. “Эмнести интернэшнл” олон улсын байгууллагын мэдээлсэнээр төрөөс гаргасан тодорхой дүрэм, журмыг мөрдөөгүй хараат бус, чөлөөт хэвлэл мэдээллүүдэд ажлаа алдах, эсхүл улам дордуулж байцаалт өгөх, шоронд хоригдох эрсдэл бий болж байна гэсэн юм.
Бенин дэх Игнасо Сосөү шиг зарим сэтгүүлчид ажлынхаа явцад төрийн албан хаагчийг дурдсаныхаа төлөө хоригдож байгаа талаар Сэтгүүлчдийг хамгаалах хорооноос мэдээлж байна.
Сэтгүүлчийн эсрэг үйлдэж буй гэмт хэрэг дэлхий дахинд өсч байгаа бөгөөд Засгийн газрууд сэтгүүлчдийг хамгаалахын тулд нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай байна. Хамгийн гол нь бидэнд нөлөөлж буй авлигыг илчлэхийн тулд ажиллаж буй сэтгүүлчидтэй бид нэгдмэл байгаагаа илэрхийлэх ёстой юм.
Эх сурвалж: https://www.transparency.org
Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
