Дэлхий нийтээр..
Эх орны торгон хил дээр хүү мэндэллээ
Эх орны торгон хил дээр хүү мэндэллээ гэж Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас өнөөдөр мэдээллээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгон дахь хилийн дугаар ангийн дугаар салбарын харуулын дарга, ахлах ахлагч Д.Түмэн-Өлзийгийн гэргий Ц.Наранчимэг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр эмнэлэгт хүргэгдэж амжилгүй салбарын байрлалд амаржиж, 2700 грамм хүүтэй болжээ. Ахлах ахлагч Д.Түмэн-Өлзийгийн хувьд энэ өдөр хилд үүрэг гүйцэтгэж байсан учир Ц.Наранчимэг салбарын байранд охин, хүү хоёртойгоо байжээ.
Тухайн газар орны хувьд сум, орон нутгаас нэлээд аслагдмал, газар орны бартаа, саад ихтэй тул эмч нар хилийн байрлалд нь эх барих шийдвэр гаргасан байна. Нярайг Улаанхус сумын эмэгтэйчүүдийн их эмч Х.Жанболат, Улаанхус сумын III багийн эмч Х.Үмбат, салбарын ариун цэврийн зааварлагч Б.Хадах нар эх барьж авчээ.
Эх хүүгийн биеийн байдал сайн байгаа бөгөөд одоогоор сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Монголын үрс маш олон болох болтугай!
Дэлхий нийтээр..
Вашингтон мужийн ой хээрийн түймрийг хяналтад авах ажил ахицтай байна
АНУ-ын Вашингтон мужийн Спокан хот орчимд дэгдсэн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа ахицтай үргэлжилж байна. Гал сөнөөгчид хот руу ойртсон гурван том түймрийн эргэн тойронд хамгаалалтын зурвас байгуулж чадсан ч цаг агаар дахин халж, хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байгаа тул нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн түймрийн улмаас 10 мянга гаруй акр газар шатаж, 700 гаруй барилга бүрэн сүйдэж, 400 орчим барилга эвдэрч гэмтжээ. Мөн хэдэн арван мянган иргэн орон гэрээ орхин нүүлгэн шилжсэн байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сураггүй байсан бүх хүнийг олжээ.
Албаныхны мэдээлснээр түймрийн нэг голомтыг санаатайгаар тавьсан байж болзошгүй хэрэгт 37 настай Аарон Фариначчиг баривчилж, галдан шатаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин бусад хоёр түймрийн шалтгааныг үргэлжлүүлэн тогтоож байгаа бөгөөд аянгын улмаас үүсээгүй гэж үзэж байгаа аж.
Одоогоор АНУ даяар 13 мужид 90 гаруй томоохон ой, хээрийн түймэр идэвхтэй үргэлжилж байгаагийн талаас илүү нь Орегон болон Вашингтон мужид бүртгэгдсэн байна. Цаг уурын байгууллагууд ойрын өдрүүдэд агаарын температур дахин огцом нэмэгдэж, хуурайшилт эрчимжих төлөвтэй байгааг анхааруулсан бөгөөд энэ нь гал унтраах ажиллагаанд шинэ сорилт учруулж болзошгүйг онцолжээ.
Дэлхий нийтээр..
АНУ, Иран Ормузын хоолойг нээх тохиролцоонд ойртож байна
АНУ, Иран болон Оман улс дэлхийн газрын тосны тээврийн хамгийн чухал усан замын нэг болох Ормузын хоолойг дахин нээх тохиролцоонд ойртож байгаа талаар албаныхан мэдэгдлээ. Ерөнхийлөгч Дональд Трамп тохиролцоог ойрын хугацаанд зарлаж магадгүй гэж мэдэгдсэн бол Иран хэлэлцээ эцсийн шатандаа орсныг мэдээлжээ.
Гэвч талуудын хооронд хэд хэдэн гол асуудлаар санал зөрүү хэвээр байна. Иран АНУ Ираны боомтуудад тавьсан тэнгисийн хоригийг цуцлахыг шаардаж байгаа бол АНУ үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Мөн усан замаар зорчих хөлөг онгоцны зохицуулалт, үйлчилгээний төлбөрийн асуудал хэлэлцээний гол сэдэв хэвээр байгаа аж.
Хэлэлцээрийн төсөлд Персийн булан руу нэвтрэх хөлөг онгоцыг Ираны тал, булангаас гарах хөдөлгөөнийг Оманы тал зохицуулах хувилбар тусгагдсан талаар мэдээлжээ. Харин үйлчилгээний төлбөр авах асуудал дээр талууд нэгдсэн байр сууринд хүрээгүй байна.
Ормузын хоолой дахин нээгдсэнээр дэлхийн газрын тосны нийлүүлэлт хэвийн болж, эрчим хүчний зах зээлд үүсээд буй дарамт буурах боломжтой гэж шинжээчид үзэж байна. Гэвч бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдал тогтворжоогүй бөгөөд хэлэлцээр эцэслэн батлагдах хүртэл тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа юм.
Дэлхий нийтээр..
Израилын цохилтын үеэр амиа алдсан нэг овгийн 112 хүнийг оршуулжээ
Газын зурвасын Сабра дүүрэгт 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд болсон Израилын агаарын цохилтын үеэр амиа алдсан нэг овгийн 112 палестиныг өчигдөр оршуулжээ.
Тэд Аль-Хассайна буюу Абу Шариа овгийнхон бөгөөд цохилтын дараа олон хүн нурангид дарагдан үлдсэн аж. Саяхан гарган авсан цогцсуудыг гэр бүл, төрөл төрөгсөд нь нутаглуулсан байна.
Газын Иргэний хамгаалалтын албаны мэдээлснээр, оршуулсан хүмүүсийн 40 нь хүүхэд байжээ. Палестины тал тухайн өдрийн цохилтын үеэр тус овгийн нийт 308 хүн амь үрэгдсэн гэж мэдээлсэн юм.
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, Израилын тал тухайн үеийн цохилтын талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.
-
Дэлхий нийтээр..2021/05/06
Тусгай үүргийн онгоцоор 77 иргэн эх орондоо ирлээ
-
Дэлхий нийтээр..2025/05/21
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
-
Үйл явдал2024/10/23
Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ ямар байна вэ
-
Чөлөөт бүс2020/07/19
“Apple”-д хортой кодын хамгаалалт хэрэгтэй
