Тод мэдээ
Шадар сайд СХД-ийн шинэ эмнэлэгт ажиллав

Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дүүргийн иргэдэд оношлогоо, эмчилгээ үзүүлэх жишиг эмнэлэг ашиглалтад орсон. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Л.Энхболд нар эмнэлгийн бэлэн байдлыг шалгалаа.
Эмнэлэг амбулаторийн 27 кабинеттай, хэвтэн эмчлүүлэх долоон тасагтай, мэс засал, дурангийн хагалгаа, хими, туяа зэрэг эмчилгээ хийхээс гадна дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчний тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Мөн хүчилтөрөгчөөр хангах корпус өвчин нь хүндэрсэн иргэдэд яаралтай тусламж үзүүлэх боломжтой юм. Дүүргийн нэгдсэн эмнэлэг хуучин байрандаа цар тахлаар өвчилсөн иргэдийг эмчлэх 100 ор дэлгэж, өнөөдөр 67 хүнийг хэвтүүлэн эмчилж байна. Цаашид шаардлагатай бол ор нэмж дэлгэх боломжтойг эмнэлгийн дарга Б.Галсанцэдэн хэллээ. Цаашид Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт жишиг эмнэлэг байгуулахаар төлөвлөж байгаа тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Тод мэдээ
Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна.
Төслийн нэгдүгээр шугам буюу Яармаг-Хархорин чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн.
Өнөөдрийн байдлаар өрөмдлөгийн шон суурийн ажлыг бүрэн дуусгасан бөгөөд холбогч тавцан, багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
Ажлын явцын талаар “Моннис Инженеринг” ХХК-ийн Төслийн менежер Б.Мөнхбаясгалан “Төслийн хүрээнд хийх нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан багана суурийг байрлуулсны дараа шон суурь металл хийцийн угсралтын ажлыг эхлүүлнэ. Өнөөдрийн байдлаар голын ай савд байрлах багана сууриуд цутгалт авахад бэлэн болсон. Цутгалт авснаас хойш бетоны бэхжилт 70 хувьд хүрэхэд дээд талын металл хийц угсралтын ажил эхлэх юм. Ийнхүү ирэх наймдугаар сард багтаан бүх суурийн ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэлээ.
Бүтээн байгуулалтын ажилд 70 гаруй инженер, текникийн ажилтан дүүжин замын тээврийн трасс дагуу 21 байршилд ажиллаж байна. Барилга угсралтын ажлыг энэ оны арванхоёрдугаар сард бүрэн дуусгаж, ирэх оны II улиралд улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгааг тэрбээр онцоллоо.
Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр хоёр зогсоолтой, 98 кабинтай байх бөгөөд нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ.
Тод мэдээ
Нарны гүүрний баруун талын туслах авто замаас Вокзалын автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг маргааш нээнэ
Нарны гүүрний баруун талын туслах замаас Улаанбаатар төмөр замын төв вокзалын хойд талын автобусны буудал хүртэлх 0.73 км авто замын ажил 85 хувьтай үргэлжилж байна.
Зорчих хэсгийн хөдөлгөөнийг маргааш буюу зургаадугаар сарын 6-ны 06:00 цагаас нээнэ.
Уг ажлын гүйцэтгэгчээр “Гоц тех инженеринг” ХХК ажиллаж байгаа бөгөөд нийт 35 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 20 самосвал, 8 машин механизмаар уг ажлыг гүйцэтгэж байна.
Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй хатуу хучилттай авто замын засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал, БГД-ийн багц хоёр ажлын хүрээнд нийт дөрвөн байршилд засвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. Энэ талаар НЗХГ-ын Авто зам, замын байгууламжийн хяналтын мэргэжилтэн З.Доржбатаас тодрууллаа.
Тэрбээр “Багц хоёр ажлын дөрөв дэх байршил буюу БГД-ийн 1 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна. Нарны гүүрний баруун талын туслах гудамж замаас УБТЗ-ын автобусны эцсийн зогсоол буюу вокзалын автобусны буудал хүртэлх 0.73км авто замын засвар шинэчлэлтийн ажил 85 хувьтай үргэлжилж байна. Замын зорчих хэсгийг энэ сарын 4-ний 23 цагт хаасан бөгөөд маргааш буюу сарын 6-ны өглөө 06 цагт нээнэ. Засвар, шинэчлэлтийн хүрээнд зорчих хэсгийн өргөнийг 6.5 метр, явган замыг 2.5-аас 1.8 метрийн өргөн болгох ба авто зам, явган хүний замыг төмөр шонгоор тусгаарлана. Мөн долоон байршилд дагуу чиглэлтэй зогсоол, гурван байршилд шингээх худаг шинээр хийж байна” гэлээ.
Тод мэдээ
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн нэрэмжит болголоо.
Одоогоос 44 жилийн тэртээ Монгол хэмээх нэрийг ертөнцийн сонорт дуурьсгасан нэгэн үйл явдал тохиосон нь Монгол хүн сансрын уудамд, огторгуйн орон зайд дүүлэн ниссэн явдал юм. Зэвсэгт хүчний 337 дугаар анги нь сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн амьдрал, замналтай салшгүй холбоотой билээ.
Ж.Гүррагчаа баатар нь ардын армийн байлдагчаас Зэвсэгт хүчинтэй хувь заяагаа холбож, цэргийн нисэхийн инженер, эгэл жирийн офицероор амьдралынхаа гарааг эхлүүлжээ.
Цэрэг хүчний тэсвэр тэвчээр, мэргэжилдээ эзэн нь байх хөдөлмөр, зорилгодоо үнэнч, тууштай байхын үлгэр дуурайлал болсон Ж.Гүррагчаа баатар нь Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Штабын дарга, Командлагчийн орлогч, Улсын Байнгын онцгой комиссын дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд зэрэг төр, цэргийн өндөр дээд, хариуцлагатай ажил албыг хашиж, цэргийн нисэх хүчин, Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжилд төдийгүй, улс нийгмийнхээ хөгжил цэцэглэлт, шинжлэх ухааны салбарт гарамгай гавьяа байгуулсан эрхэм юм.
Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 337 дугаар анги нь 1970 онд Монголын Ардын Армийн сөнөөгч авиацийн эскадриль нэртэйгээр анхлан байгуулагдаж, Ардын арми, Зэвсэгт хүчин, Агаарын цэргийн командлалын тэргүүний ангиар олонтоо шалгарч, төр засгийн шагнал хүртсэн анги юм.