Үйл явдал
Түр болон байнгын хороод өнөөдөр хуралдана
УИХ-ын түр болон байнгын хорооны өнөөдрийн /2021.05.18/ хоногийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
НЭГ. ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН
1. Түр хорооны хуралдаан /“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/ 14.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд /хаалттай/:
Хэлэлцэх асуудал:
- Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх явцад хөндлөнгийн хяналт тавих зорилгоор хууль зүйн болон санхүүгийн зөвлөх ажиллуулах тухай Засгийн газарт үүрэг, чиглэл өгөх тогтоолын төсөл;
- Бусад.
Хоёр. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Монголбанкны 2020 оны үйл ажиллагааны тайлан;
- “Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн” /Засгийн газар 2021.04.01-ний өдөр ирүүлсэн/;
- “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2021.04.01-ний өдөр ирүүлсэн/.
- * -
2. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Бусад.
- * -
3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;
- Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох;
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ”, түүнд холбогдох зохицуулалтын биелэлтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох;
- Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл болон хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох;
- Бусад.
- * -
4. Аюулгүй байдал гадаад, бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:
- Бусад.
Үйл явдал
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн нэгдүгээр шат наймдугаар сарын 23-нд дуусна
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нэгдүгээр шатны бүртгэлийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулж бүртгэж байгаа.
2026 оны 8 дугаар сарын 11-ний 16:30 цагийн байдлаар нэгдүгээр шатны элсэлтийн бүртгэлд нийт 56,065 хүүхдийн хүсэлт илгээж бүртгүүлжэ.
2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарна.
Нийслэлийн хүүхдийг насаар нь ангилбал
- 2 настай – 27,832
- 3 настай – 31,303
- 4 настай – 32,002
- 5 настай – 35,690 хүүхэд байна.
Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлж явах" эсэх сонголтыг хийх
- Хэрэв шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх.
Үйл явдал
“Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж байна
Монголын үндэсний өв соёл, бүтээлч үйлдвэрлэл, үзвэр үйлчилгээ, хоолны соёлыг нэг дор нэгтгэсэн “Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна наймдугаар сарын 11-нд эхэллээ.
Уг арга хэмжээ нь 2000 гаруй жилийн түүх, соёлоор аялуулах “Kharkhorum 360°” фестивалийн нэг хэсэг бөгөөд нийт 10 хоногийн турш үргэлжилнэ. Харин үндсэн “Kharkhorum 360°” фестиваль наймдугаар сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
“Kharkhorum Chapter 4: Bazaar” төслийн хүрээнд үндэсний гар урлал, хувцас, гоёл чимэглэл, хоол үйлдвэрлэл болон бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.
Төслийн зохион байгуулагч Б.Оюунномин хэлэхдээ, Монголын үндэсний үйлдвэрлэл, өв соёлыг орчин үеийн хэв маягтай хослуулан олон нийтэд таниулах, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих нь арга хэмжээний гол зорилго гэдгийг онцолжээ. Мөн соёл, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл, үзвэр үйлчилгээг нэг дор төвлөрүүлснээр оролцогч аж ахуйн нэгж, уран бүтээлчдэд эдийн засгийн бодит үр өгөөж бий болгохыг зорьж байгаа аж.
Арга хэмжээг зорин ирсэн хүмүүс үндэсний өв соёл, уламжлалт урлалын бүтээлүүдтэй танилцахаас гадна гар урчуудын бүтээл хийх үйл явцыг дэргэдээс нь үзэх боломжтой. Түүнчлэн үндэсний болон орчин үеийн загварын үзүүлбэр, хөгжмийн зэмсэг урлах арга ажиллагаа, хоол үйлдвэрлэлийн танилцуулга зэрэг олон төрлийн хөтөлбөрийг зохион байгуулж байна.
Мөн төслийн хүрээнд өдөр бүр 19:00-22:00 цагийн хооронд үнэ төлбөргүй соёл, урлагийн хөтөлбөр зохион байгуулах бөгөөд контент бүтээгчид, урлаг, спортын салбарын уран бүтээлчид оролцсон тоглолт, үзүүлбэр, уулзалт, танилцуулгуудыг багтаажээ.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү төслөөр дамжуулан үндэсний өв соёлыг зөвхөн үзмэр хэлбэрээр бус, орчин үеийн хэрэглээ, бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалтай холбон хөгжүүлэхийг зорьж байгаа юм.
“Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна олон нийтэд нээлттэй үргэлжилж байна.
Үйл явдал
Шатахууны нөөцийг жигд, хүртээмжтэй түгээх үүрэг өглөө
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдаж, шатахууны хангамж, түгээлттэй холбоотой асуудлаар холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгчээ.
Тодруулбал, шатахууны нийлүүлэлт нэмэгдэх хүртэл агуулахуудад байгаа нөөцийг жигд, хүртээмжтэй хуваарилж, түгээлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болгосон байна.
Мөн шатахууны тээвэрлэлтийг саадгүй зохион байгуулахад цагдаагийн байгууллага анхаарч ажиллах чиглэл өгчээ. Харин орон нутгийн удирдлагуудад байгаа нөөцдөө тулгуурлан малчид, тариаланчдад дэмжлэг үзүүлж, зохион байгуулалтаа сайжруулах зөвлөмж хүргүүлэх аж.
Түүнчлэн шуурхай штабаас шийдвэр гаргахад шаардлагатай мэдээ, мэдээллийг богино хугацаанд боловсруулж, тогтмол мэдээллээр хангахыг холбогдох төрийн байгууллагуудад үүрэг болголоо.
