Дэлхий нийтээр..
Төрийн албаны ерөнхий шалгалт долоо хоног үргэлжилнэ
Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 22-н хүртэл долоо хоног үргэлжилнэ. Шалгалтад нийт 9211 иргэн оролцохоор бүртгүүлснээс нийслэлд 4485 иргэн шалгалтад орж буй юм. Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалт урьд өмнөх шалгалтаас ямар өөрчлөлт орсон талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга Т.Сосорбарам:
-Урьд нь төрийн албаны шалгалтыг авахдаа тодорхой нэгэн ажлын байр зарлаж, түүний дагуу хүмүүс бүртгүүлэн шалгалт өгдөг байсан бол 2019 оноос хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулиар ерөнхий болон тухайн албан тушаалын тусгай шалгалт гэсэн хэлбэртэй болсон. Төрийн албаны ерөнхий шалгалтад төрийн албанд анх орох гэж буй дээд боловсролтой, ял шийтгэл эдэлж байгаагүй, сэтгэцийн хувьд эрүүл, Монгол Улсын иргэн хүсэлтээрээ бүртгүүлж өгнө. Шалгалтын босго оноо давсан иргэд төрийн албаны нөөцөд ордог бөгөөд нөөцөд орсон иргэд тусгай шалгалт өгч тухайн албан тушаалд өрсөлдөх эрх зүйн зохицуулалттай болсон. Нөгөөтээгүүр сонгон шалгаруулалт цахимжаад байгаа мөртлөө энэ сонгон шалгаруулалт тийм хүнд зориулагджээ гэсэн гомдол гарсаар байсан. Яагаад гэвэл, нэг аймгийн 10 сумын Тамгын газарт ажлын байр зарлахад 10 өөр шалгуур тавьдаг байсан. Зарим сумын иргэд наадах ажлын байр чинь манай сумын тэрэнд зориулсан шалгуур байна гэж танихаар. Тэгж өөрчлөх эрх нь томилох эрх бүхий албан тушаалтанд байсан бол шинэчилсэн хуулиар албан тушаалын тодорхойлолтыг заавал Төрийн албаны зөвлөлөөс зөвшөөрөл авдаг, ажилласан жилийн шалгуурыг заагаад өгчихсөн учраас хэн нэгэн хүнд зориулсан албан тушаал байхгүй болсон. Төрийн албаны зөвлөл өнөөдөр 22 мянга гаруй албан тушаалын тодорхойлолтыг хянаж, батлаад явж байна. Шинэ хуулийн хүрээнд 2019-2021 онд төрийн албаны ерөнхий шалгалтад 38 204 хүн орж, 8190 хүн тэнцсэн байна гэлээ.

Түүнчлэн шалгалтын агуулга, сорилыг шалгахдаа тухайн хүний хууль эрх зүйн мэдлэг, Монгол Улсын түүх, нийгэм, соёлын мэдлэг, асуудал шийдэх, багаар ажиллах чадварыг дүгнэх 1000 гаруй сорилыг шинэчлэн боловсруулсан. Төрийн албаны зөвлөл Шинжлэх ухааны академи, төслийн зөвлөхүүд, эрдэмтэн докторуудын тусламжтайгаар боловсруулсан сорилыг албан тушаал бүрд тохируулан боловсруулсан. Дээр нь төрийн албаны хоёр шатны шалгалт цахимжсан. Иргэд шалгалтад бэлтгэх боломжийг бүрдүүлж чадсан гэлээ.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд:
-Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалтад орохоор нийслэлийн хэмжээнд 4485 иргэн бүртгүүлсэн. Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлөөс шалгалтын бэлтгэлийг ханган ажиллаж байна. Шалгалтын байр, техник хэрэгсэл, сүлжээ, бусад аюулгүй байдал, цар тахлын халдвар хамгааллыг сахиулах ажлыг 14 хоногийн өмнөөс эхлүүлсэн. Энэ ажилд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар гэхчлэн мэргэжлийн байгууллагын 80 орчим албан хаагч хамтран ажиллаж байна. Шалгалт хооронд болон шалгалтын дараа голомтын халдваргүйтгэл хийж байгаа хэмээн мэдээллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
