Бидэнтэй нэгдэх

Тод индэр

Ц.Хатанбаатар: Хүүхдийг гэмт хэрэг, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал, хараа хяналт чухал

Огноо:

,

Сэтгүүлч:

Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ц.Хатанбаатартай ярилцлаа.

-Сургууль, цэцэрлэг амарсан, урин дулаантай холбоотой хүүхэдтэй холбоотой ямар төрлийн дуудлага мэдээлэл илүүтэй бүртгэгдэж байна вэ?

-Сурагчдын зуны амралт болон урин дулааны улиралтай холбогдуулан амралт, зугаалга, аялал жуулчлал идэвхэждэг. Насанд хүрээгүй хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтаас хол хөдөө орон нутагт өвөө эмээ, хамаатан садан, ах дүүгийндээ очих, зуслан явах, найз нөхдөөрөө гол ус, ой модруу зугаалах, тоглох гэх мэтээс үүдэн төөрөх, гол,  усанд живэх,  өндрөөс болон морь унах үедээ унаж бэртэх, орчиндоо аюул учруулж болзошгүй ан, амьтны нөлөөнөөс амь нас эрүүл мэндээр хохирох, мотоцикл, мопед, унадаг дугуй, дугуйт тэшүүр, дугуйт тавцан  зэргээр замын хөдөлгөөнд оролцох, зорчих хэсэг дээр тоглох зэргээс зам тээврийн осолд өртөх, эцэг эх нь ажилдаа явсан хойгуур хяналтгүй цахим орчинг удаан хугацаагаар ашигласнаас цахим донтолтод өртөх, цахим гэмт хэргийн хохирогч болох зэрэг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирдог.

Гэмт хэрэг, зөрчлөөс гадна ахуйн осол гэмтэлд жишээлбэл халуун шингэн, халаах хэрэгсэл, гал түймэр, хийн төлөвийн бодис буюу халуун уур, хийнд түлэгдсэн, явганаас, нүхэн жорлон, худаг, шуудуунд унах, барилга байгууламж, бусад өндөр түвшинээс унах, гол, мөрөн, нуур, тогтоол усанд унах, живэх гэх мэт золгүй байдлаар амь нас, эрүүл мэндээр хохирох, бэртэж гэмтэх байдал ихээр бүртгэгддэг.

-Энэ он гарснаас хойш буюу эхний 5 сарын байдлаар гол, нуурын усанд живсэн хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ ?

-Он гарснаас хойш насанд хүрээгүй хүн гол, нуурын усанд живж амь нас нь хохирсон 7 харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс гадна урин дулааны улиралд улс, аймаг, сум, дүүргийн тэмдэглэлт ой, үндэсний их баяр наадам тэмдэглэхтэй холбогдуулан хурдан морь унаач хүүхдүүд, хөдөө амралтаа өнгөрүүлж байгаа болон малчин хүүхдүүдийн асуудал хөндөгддөг. Хүүхдүүд мориноос унах, чирэгдэх гэх мэтээр амь нас, эрүүл мэндээрээ хохирох  тохиолдлууд нэмэгддэг.  Энэ оны эхний 5 сарын байдлаар мориноос унаж нас барсан 8 тохиолдол бүртгэгдсэнээс хурдан морины үсэргээ, сунгааны үеэр 2, бусад байдлаар буюу морь унах, малд явах зэрэг үед 6 тохиолдол бүртгэгдсэн.

-Хүүхэд гэмт хэрэгт холбогдох, өртөж хохирох шалтгаан нөхцөл нь юу байна вэ?

-Хамгийн гол шалтгаан эцэг, эх асран хамгаалагчдаас насанд хүрээгүй хүнд тавих хараа хяналт дутмаг, сул, анзааргагүй байдал мөн тэдний  өөрсдийн үлгэр дуурайлал нөлөөлж байна. Хүүхэд бол эцэг эхийн тусгал. Хүүхдээ би ингэж хүмүүжүүлээгүй хэнийгээ дуурайсан юм гээд хүүхдэд буруу өгөөд байдаг. Гэтэл хүүхэд эмээ, өвөө, эцэг, эх, ах эгч нарын хийж байгаа үйлдэл, хүнтэй харилцаж байгаа байдал, үйл хөдлөл бүрийг тусган авч тэр бүгдийг сурч өсдөг, хүмүүждэг. Гэтэл эцэг эхчүүд хүүхдийн дэргэд архидан согтуурдаг, тамхи татдаг, гэр бүлийн таагүй уур амьсгалаас үүдэн хэрүүл маргаан үүсгэх, зодолдох, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бие биедээ хүндэтгэлгүй хандах, гэр бүлээрээ замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын түгжрэл зэргээс шалтгаалан бусад жолооч нартай маргалдах, явган зорчигч, бусад иргэдтэй хэрүүл марган үүсгэх, хараах, биеийн зохисгүй хэлэмж гаргах, хүүхдээ дагуулаад гарцгүй газраар зам хөндлөн гардаг, нус цэрээ хаях, бие засах гээд зохисгүй үйлдлүүд гаргадаг. Хүүхдийн хувьд эцэг эх, ах эгч нар бол хамгийн мундаг, хамгийн сайн, хамгийн хамгийн эрхэм  хүмүүс нь. Том болоод аав шигээ, ээж шигээ хүн болно л гэж боддог. Гэтэл өсөж байгаа орчинд нь хамгийн эрхэм мундаг хүмүүсийн гаргаж байгаа үйлдэл тэдэнд ингэж болдог юм байна. Аав ээж ингэж л ярьдаг, ингэж л хийдэг юм чинь би бас ийм байх ёстой гэсэн буруу үлгэр дуурайл авч, түүнийг даган дуурайсаар рефлекс, хүмүүжил нь болчихдог. Үүнийг эцэг эхчүүд анзаардаггүй. Хүн бүрийн ар гэр, эцэг, эхчүүд ийм байдалтай биш хэсэг бүлэг цөөнхийг дурдсан юм шүү.  Зөв үлгэр дуурайлалтай, хүүхдээ зөв хүмүүжүүлсэн олон олон гэр бүл, эцэг эхчүүд дийлэнх нь байгаа. Эцэг эхчүүдийн нийтлэг боддог, ярьдаг зүйл миний хүүхэд ямар нэг муу зуршилгүй, хичээл сургууль, дугуйлан секцэндээ тогтмол явж байгаа гэж бодоод анхаарал тавьдаггүй. Болох болохгүй зүйл байгаа эсэх, ямар хүмүүстэй найзалж нөхөрлөж байна, орой үдэш хаагуур явж байна гэдэгт хяналт тавьдаггүй,  найз нөхөд шиг нь ярилцдаггүй. Гэтэл хүүхэд нь хичээл сургуульдаа, дугуйлан секцэндээ явлаа гэж гараад тэндээ очдоггүй, бусдад уруу татагдсан, буруу, муу зуршилтай болсон, бусадтай нийлж гэмт хэрэг, зөрчил үйлддэг болсон байх тохиолдлууд их. Хэрэг зөрчилд хохирч, холбогдсон үед л эцэг эхчүүд анхаарч даанч сүүлийн үед орой үдэш найз дуудлаа, айлд очиж хичээлээ хийнэ гээд гараад байсан юм, хичээлдээ сайн байсан гэнэт хичээлдээ дургүй болоод багш нар нь хичээлээ хийхгүй байна гээд байдаг болчихсон байсан юм, хувцас хунар нь тийм болчихсон байсан, үзэж хараагүй хувцас хунар өмсөөд найзтайгаа сольж өмссөн, манай найз өгсөн гээд байсан юм, гэрээсээ гарах дургүй болоод өрөөгөө түгжээд суучихдаг болсон, халааснаас нь нээрэн ийм тийм зүйл гараад байдаг болчихсон байсан юмаа тэр үед л ингээд яваад байсан байна, тэр үед нь асуухгүй яаваа гэх зэргээр гэмшдэг.

Өсвөр насны хүүхдүүд шилжилтийн насандаа ааш зан нь хувирдаг, өөрийгөө бусдаас тусгаарлах, өөрөө бие даан шийдвэр гаргах, өөрийгөө илэрхийлэх гэх мэт хандлага гаргаж эхэлдэг. Яг энэ үед нь эцэг эхчүүд найз шиг нь байж ярилцах, юу болж байгаа юу болохгүй байна түүний шийдлийг олоход нь туслах, өөрийнх нь гаргах гэж байгаа шийдвэрийг сонсож өөрийн туршлагаар зөвлөгөө өгөх мэтээр зөв тийш нь чиглүүлэлгүй загнах, хүсэл зоригийг нь мохоох, үл ойлголцол үүсгэх зэргээс болоод хүүхэд намайг ойлгодоггүй, цагддаг, яагаад заавал би гэх мэтээр өөрийгөө хамгаалах, тулгамдаж байгаа асуудлаа нуух, түүнээс болоод буруу шийдвэр гаргах, яг энэ үед өөрт нь сайн хандсан юм уу өөрийг нь дураар нь байлгаж хүсэл сонирхлыг нь дэмжиж байгаа мэт үйлдэл үзүүлсэн буруу үлгэр дуурайлалтай нэгнийг дагаж буруу замаар орох эхлэлийг нь тавьж өгнө гэсэн үг.

Болзошгүй гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэдтэйгээ найзууд шиг нь нууж хаалгүй ярилцдаг, өдөрт болсон асуудлынх нь талаар асуудаг, болж бүтэхгүй байгаа зүйл байгаа эсэхийг нь асуудаг, зөвлөдөг байх, хүүхдийн сэтгэл санаа, үйл хөдлөл, хэвийн байдал өөрчлөгдөж байгаа зэргийг анзаарч, тодруулдаг, мэдээлэлтэй байх, хараа хяналтаа сулруулахгүй байх нь маш чухал.

-Зуны улиралд хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллаж байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас хүүхэд хамгаалах чиглэлээр насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх, сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд сургуулийн нийгмийн ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, багш ажилчидтай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан тогтмол зохион байгуулж ажилладаг. 

Эцэг эх, асран хамгаалагч, багш ажилчдыг чадавхжуулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулах, байгууллагын цахим хуудсанд хүүхэд хамгааллын чиглэлээр сургалтын материал боловсруулан байршуулах, гарын авлага бэлтгэн тараах, аймаг, дүүргийн “Хүүхэд хамгааллын хамтарсан баг”-ийн зөвлөгөөнд “Хүүхэд хамгааллын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, цаашид анхаарах асуудлуудаар мэдээлэл хийж цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний санал, солилцох, бусад мэргэжлийн байгууллагатай хамтран сургуулийн орчин, гудамж талбайн аюулгүй байдлыг хангах, хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байдлыг бууруулах чиглэлээр үзлэг шалгалт хийх зэрэг ажлуудыг тасралтгүй зохион байгуулж байна.

Сурагчдын насны онцлогт тохируулан бага дунд ахлах ангийн сурагчдад болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тодорхой сэдвүүдээр сургалт зохион байгуулах, сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг зөрчлийн талаар  сурагчдаас санал хүсэлт мэдээлэл авах хайрцаг байршуулах, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдолд хандах утасны дугаар бүхий мэдээлэл байршуулах, хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн орчинд эцэг эхчүүдтэй хамтран School police ажиллуулах, хүүхдийг явган хүний гарцаар гарах зөв дадал эзэмшүүлэх сургалтыг зэргийг зохион байгуулсан.

Сурагчдын зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг 5 байгууллагын даргын хамтарсан тушаал гарч “Нэгдүгээрт хүүхэд” нөлөөллийн аяныг энэ сарын 09-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.  Арга хэмжээний хүрээнд эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхдийг илрүүлэх, хүүхдийг болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх,  эцэг эхчүүд, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллах үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагын ажилчдыг чадавхжуулах, ажлыг нь эрчимжүүлэх, урин дулааны улирал эхэлж аялал зугаалга эхэлдэгтэй холбогдуулан гол, мөрөн, нуурын усанд живэх, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, эргүүл шалгалт хийх,  хэвлэл мэдээллийн байгууллагаар  дамжуулан иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэх гэх зэрэг  24 төрлийн томоохон ажил арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн арга хэмжээг эхлүүлээд байна.

-Манай улсад бага насны хүүхдийн цахим хэрэглээ их. Ялангуяа зуны улиралд энэ хэрэглээ их хэмжээгээр нэмэгддэг. Тэгвэл эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хэрхэн хяналт тавьж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх вэ?

-Эцэг эхчүүд бага насны хүүхдийг саатуулах гээд гар утсан дээр хүүхэлдэйн кино, дуу, клип зэргийг тавьж өгөөд суулгачихдаг. Энэ нь хүүхэд гар утсанд донтох, дэлгэцийн хамааралтай болох, хараа муудах, гар утасны долгионоос хамаарч бусад эрүүл мэндийн шалтгаан үүсч эхэлдэг. Тогтмол гар утас үзэх, гар утас үзэхийг хориглох, өгөхгүй бол уурлах, уйлах зэрэг үйлдэл үзүүлэх үед нь буцаагаад өгчихдөг. Энэ нь хүүхдийг цахим хэрэглээнд донтох эхлэлийг багаас нь эцэг эхчүүд өөрcдөө бий болгож байна гэсэн үг.

Зуны амралт эхэлж хүүхдүүд ихэнх цагийг гэртээ өнгөрүүлдэг. Эцэг, эхчүүд хүүхдүүдийг аюулгүй, гэртээ байгаа гэсэн байдлаар анхааралгүй орхигдуулдаг. Гэртээ байгаа хүүхдүүд цахим орчинд удаан хугацаагаар холбогддогоос цахим донтолтод өртөх, цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд ихэсдэг.

Эцэг эхчүүд цахим хаяг нээж өгөхдөө тодорхой хэмжээний хязгаарлалттай тохиргоо хийх, хяналт тавих, цахим орчинд ямар сайт, вейбээр зочилж байгаа, ямар хүмүүстэй найз нөхдийн холбоо тогтоож байгаа зэрэгт маш сайн анхаарч хяналт тавих хэрэгтэй, хүүхдүүддээ ухаалаг цахим хэрэглээ, цахим орчинд мөрдөх аюулгүй байдлын дүрэм, хуурамч мэдээлэл гэдгийг таних, цахим орчин дахь танихгүй хүний аюул, өөрийг нь танихгүй хүнээс айлган сүрдүүлсэн, зураг мэдээллээ өгөх, уулзахыг шаардсан  тохиолдолд эцэг эхдээ мэдэгдэж асуудлыг шийдвэрлэж байх зэргийн талаар хүүхдүүддээ зөвөөр ойлгуулж ярилцдаг, мэдээлэл солилцдог, хяналт тавьдаг байх.

Цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүд, хүүхдүүдэд зориулсан цахим гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх сэрэмжлүүлэг, мэдээлэл, гарын авлага зэргийг тогтмол гаргаж цахим хуудсуудад байршуулдаг. Эцэг эхчүүд цагдаагийн байгууллагын пэйж хуудсуудаас хүлээн авч танилцан хэрэгжүүлж ажиллах боломжтой.

Кids, IWF зэрэг монгол мэдээллийн портал сайт байдаг. Та хүүхдүүдийг садар самуунд уруу татсан, хүүхдийн бэлгийн хүчирхийллийн зураг, видео бичлэг зэрэг хаягийг дээрх сайтад орж мэдээлснээр дээрх хаягийг устгах хаах  боломжтой. Таны өгсөн мэдээлэл бага насны хүүхдүүдийг цаашид хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлж байгаа маш том ажил юм. Мэдээлэл өгөхөд хурдан, хялбар бөгөөд таныг бүрэн нууцална. Харин та өөрийн өгсөн мэдээллийн дагуу ямар арга хэмжээ авсныг мэдэхийг хүсвэл таны э-шуудангийн хаягийг авч тантай хариу холбоо барьдаг.

-Эцэг, эхчүүд насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг, зөрчил, ахуйн осол гэмтэлд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх хэрэгтэй вэ?

-Хүүхдийг болзошгүй гэмт хэрэг, зөрчил, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал зүйл бол эцэг эх, асран хамгаалагчдын  анхаарал, тэдэнд тавих хараа хяналт юм.  Эцэг эхчүүд  хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, өөрийн хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа шийдвэр бүрээ би энэ шийдвэрийг  гаргасан, энэ зүйлийг хийсэн тохиолдолд хүүхдийн эрх хөндөгдөх үү, хүүхдэд хор хохирол учрах уу, хүүхэд санамсар болгоомжгүй байдлаар осол гэмтэлд өртчих вий гэсэн байдлаар хандаж, болгоомжилж шийдвэр бүрээ эргэн харж гарч болзошгүй эрсдэлийг тооцон хариу арга хэмжээ авч байж шийдвэрээ гаргадаг байх хэрэгтэй.  Ингэснээр та гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж насанд хүрээгүй хүмүүст учирч болох эрсдэлийг таслан зогсоож чадна.

Хүүхдүүдтэйгээ тогтмол харилцан ярилцаж байх, өөрийн гаргасан буруу үйлдлийн хор уршгийн талаар ойлгуулж, нөлөөлөх, амралт зугаалга, хөдөө орон нутагт аялахдаа гол, мөрөн нуурын орчимд бага насны хүүхдийг хараа хяналтгүй, харгалзах хүнгүй орхихгүй байх, мал амьтантай харьцуулахдаа аюулгүй байдлыг нь хангах, хурдаа тохируулж, хамгаалах бүс бүслүүлж, зориулалтын суудалд суулган замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцох, сүүлийн өдрүүдэд түр зуурын ус ихтэй бороо орж байгаатай холбогдуулан томоохон голуудын усны түвшин ихсэж байгаад тул голын эрэг, тохой орчимд буусан айл өрхүүд, аялал зугаалгаар явж байгаа иргэдэд гармаар гарах, гол ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод индэр

П.Батчимэг: Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насныхан жолоодно гэж хуулийн төсөлд тусгасан

Огноо:

,

Улсын Их Хурлын даргын 76 дугаар захирамжаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй, суррон, цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн оны 09 дүгээр сард байгуулагдсан. Тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэгээс хуулийн төслийг боловсруулах явцын талаар тодрууллаа.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй гол зорилго нь юу вэ?

-Хүн амын хэт төвлөрөл, хотжилт, авто замын түгжрэлээс үүдэлтэйгээр Нийслэл Улаанбаатар хотод нийтийн хэрэглээний цахилгаан скүүтер түрээсийн шинэ төрлийн үйлчилгээ бий болж, иргэдийн хэрэглээг өсгөж байна. Гэвч үүнийг дагаад цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерээс унаж бэртэх, явган зорчигч, автомашин, унадаг дугуй, мотоциклтэй мөргөлдөж зам тээврийн осол гэмтэлд өртөх, иргэдийн аюулгүй, тайван зорчих эрхэд нөлөөлөх, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулах явдал ихсэж байна.

Улаанбаатар хотод өдөрт дунджаар 700-800 мянган тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнд оролцдог гэсэн статистик мэдээлэл бий. Үүний хажуугаар шинэ тутам гарч ирж буй цахилгаан тээврийн хэрэгслүүд ямар ч зохицуулалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байна. Иймд төрөөс иргэнийхээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангах, хүүхдийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах “хууль зүйн баталгааг” бий болгох үндсэн үүргийн хүрээнд зайлшгүй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.

-Уг хуулийн төслийг боловсруулахад бусад улсын туршлагыг судалсан уу?

-Манай ажлын хэсэг өнгөрсөн сард Бүгд Найрамдах Казахстан Улсад ажиллаж, туршлага судлаад ирсэн. Тус улсын байгаль цаг уурын онцлог, түгжрэл, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ зэрэг нь манай улстай төстэй юм билээ. Түүнчлэн цахилгаан скүүтер, цахилгаан дугуйг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульдаа 2023 оны 06 дугаар сард  өөрчлөлт оруулж, баталсан гэдгээрээ онцлогтой. Тус хуулиар цахилгаан скүүтер, жижиг цахилгаан тээврийн хэрэгсэл хэмээн тодорхойлсон байдаг. Манай ажлын хэсэг хуулийг боловсруулж батлуулсан салбарын яам тамгын газар, энэ чиглэлд бизнес эрхэлдэг компаниудын төлөөлөлтэй уулзсан. Ингэхдээ Астана, Алматы гэх томоохон хотуудад ажилласан. Алматы хотын тухайд авто замын нэгдүгээр эгнээг цахилгаан дугуй, скүүтер, мопедын зам болгож, тусгайлсан гэрлэн дохиотой болгож өгсөн нь сайн шийдэл байсан.

Казахстан улс цахилгаан скүүтерийг 25 км/цагаас хэтрэхгүй, зөвхөн 1 хүн унахад зориулагдсан, суудалгүй, 2 эсвэл 3 дугуйт тээврийн хэрэгслийг хэлнэ гэж тодорхой дурдсан байна билээ. Харин бидний хувьд тус улсын туршлагыг үндэслээд асуудлыг цогцоор нь шийдэх гээд зорьж байна.

-Хуулийн төсөлд орж буй өөрчлөлтийн талаар танилцуулахгүй юу?

-Товчхондоо цахилгаан скүүтерийг 16-гаас дээш, цахилгаан дугуйг 18-аас дээш насны хүн жолоодно гэж тусгасан. Мөн эдгээр тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, тээврийн хэрэгсэл зорчихыг зөвшөөрсөн замыг хуульчилна. Цаашлаад цахилгаан скүүтер, цахилгаан дугуйн жолоочийн эрх, үүрэг, жолоочид хориглох зүйлсийг тусгана. Мөн нийтийн хэрэглээний цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг шинээр тодорхойлох юм.

-Цахилгаан скүүтерийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хуулийн төслийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс аль болох л хууль шаардлагагүй. Бид стандартаа баталчихвал мөрдөөд байж чадна гэдэг байр суурийг илэрхийлсээр байдаг. Гэхдээ хуулиар зохицуулж, хариуцлагажуулж үүрэгжүүлэхээс өөр аргагүй. Хууль баталж байж л бид шаардлага тавьж, хариуцлага нэхнэ. Одоо скүүтер түрээсийн бизнес эрхлэгчидтэй төрийн байгууллагуудын харилцаа нь албан бичиг солилцох хэлбэрээр өрнөж байна. Албан бичиг өгсөн гээд хариуцлага шаардах хууль эрх зүйн үндэслэл үүсэхгүй учраас хэн ч мөрдөж дагахгүй. Хууль баталж байж л хяналт зохицуулалтыг албажуулна. Хүний амь насны асуудал шүү дээ. Тээврийн цагдаагийн албаныхан скүүтер унасан иргэн гэдэг зам дээр хутга бариад гүйж байгаа хүнээс ялгаагүй байна хэмээн тодорхойлж байна. Яг голыг нь олсон тодорхойлолт шиг санагдсан.

-Хуулийн төсөл ямар шатанд явж байна вэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт иргэд, олон нийт, үйлчилгээ эрхлэгчид, холбогдох төрийн байгууллагуудын 100 гаруй хүн оролцож, санал бодлоо илэрхийллээ. Хэлэлцүүлгээс гарсан саналыг хуулийн төсөлд тусгасан. Манай ажлын хэсэг тус хуулийн төслийг өнгөрсөн оны 09 дүгээр сараас хойш боловсруулж, үндсэндээ Улсын Их Хурлын  намрын чуулганы завсарлагааны хугацаанд төвлөрч ажилласан. Үүний дүнд хуулийн төслийг 2025 оны 03 дугаар сарын 23-нд Улсын Их Хурлын Тамгын газрын d.parliament.mn/ сайтад байршуулж, https://d.parliament.mn/tusul/c618cdf9-42ec-4c4d-875c-8c3e79b93795 олон нийтээс санал авч, /2025.04.15/-нд  Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт санал авахаар хүргүүлсэн.

Засгийн газрын ирүүлсэн саналыг хуулийн  төсөлд тусгаж эцэслэхээр бэлтгэж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын энэ хаврын чуулганы хугацаанд өргөн барихаар бэлтгэж байна.

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа

Огноо:

,

-Төрийн өмчит дулааны цахилгаан станцуудад өндөржүүлсэн бэлэн байдал, гуравдугаар станцад онцгой дэглэм тогтоов-

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Эрчим хүчний яаманд ажиллаж, удирдлагуудтай нь уулзаж, үүрэг даалгавар өглөө.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төрийн албаны чиг үүргийн давхцал, орон тоог нэмээд зогсохгүй хариуцлагыг эзэнгүйдүүлж байгаа талаар хэлэлцэж бүх яамдад бүтцийн давхардал, чиг үүргийн шинжилгээ хийж давхардсан орон тоог цомхотгох чиглэл өгсөн. 

Мөн төрийн зарим үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлж, төрийн оролцоог багасгах, цахимжуулалтыг тууштай нэвтрүүлж, иргэдэд үйлчилдэг төрийн алба бий болгохыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосон. Энэ хүрээнд эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга мэдээлэл сонссон. Ингээд Засгийн газрын тогтоол гарч  "Дулааны цахилгаан станц-3" ТӨХК-д 2025 оны зургадугаар сарын 02-ны өдөр осол гарсантай холбогдуулан компанийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус компанийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гарсан гэдгийг танилцууллаа.

Тус тогтоолоор эрчим хүчний салбарыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, дулааны цахилгаан станцуудын техник, тоног төхөөрөмж, тоноглол, системийн горимын хэвийн үйл ажиллагааг хангах, төлөвлөгөөт засварын ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, цаашид үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэх арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосон байна. 

“Эрчим хүчний үндэсний хороо, Үндэсний зөвлөл, яам, агентлагууд нэг удирдлагатай байх зайлшгүй шаардлагатай. Гуравдугаар станцын ослын нөхцөл байдал тогтоогдоогүй, шалгагдаж байгаа. Гэсэн ч салбарын удирдлагын тогтолцоо тодорхойгүй байдалд шилжсэнээр салбарт хариуцлага алдагдсан нь мэргэжлийн инженер, техникийн ажилчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулсан байх магадлалтай. Ашиг сонирхол, албан тушаалын зөрчилдөөн тус салбарт сүүлийн 20 жил бугшсан, үүнээс болж V цахилгаан станц зэрэг шинэ төслийн явц тасалдаж байгааг Ерөнхий сайд хэлээд нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг яамны удирдлагуудад анхаарууллаа. 

"Дулааны цахилгаан станц-3"-т тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх  эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулна гэдгээ тэрбээр мэдэгдлээ.

Ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байж, улс орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, эрчим хүчний найдвартай хангамжийг бүрдүүлэхийн төлөө онцгой анхаарч ажиллах ёстой. Тийм ч учраас тус яаманд өнөөдөр ажиллаж, Засгийн газрын шийдвэрийг танилцуулж байгаагаа Ерөнхий сайд онцлов. 

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд эрчим хүчний салбарт Тавантолгойн цахилгаан станц, ДЦС-3-ын өргөтгөл шинэчлэлийн төсөл, ДЦС-5, Бөөрөлжүүтийн хоёрдахь шатны цахилгаан станцын төсөл, Тосонцэнгэл,  Сүхбаатар, Даланзадгадын дулааны цахилгаан станц болон сэргээгдэх эрчим хүчний төслүүд бий. Эдгээрийг ажил хэрэг болгоход онцгой анхаарч ажиллахаа Ерөнхий сайд Г.Занданшатар илэрхийллээ. 

Дэлгэрэнгүй унших

Тод индэр

Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна

Огноо:

,

Ардчилсан нам Засгийн газрын гэрээг удаа дараа зөрчсөн гэх асуудлаар АН-ын дарга Л.Гантөмөрөөс сэтгүүлчид 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр тайлбар авлаа. Тэрбээр "МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна. Ч.Лодойсамбуу гишүүн шүүмжилснийг гэрээ зөрчиж байна гэж дүгнэж байгаа юм. Найман жил Монгол Улсыг унтуулсан.

Хэн нэгэн шүүмжилэхээр их адгадаг болсон. Ийм адгуу хүмүүстэй хамтарна гэдэг хэцүү. Шүүмжлэхгүйгээр Монголын төр явахгүй. Төрийн чих онгорхой байх ёстой. Ард түмнээ сонсдог байх ёстой. Тэр ард түмний дуу хоолой нь УИХ-ын гишүүд. МАН Бага хурлаараа гурван шалтгаанаар Ардчилсан намтай хамтрахгүй гэж ярьсан тухай би сонссон.

 
Нэгдүгээрт: АН ажил төрөлтэй болоод бэхжээд байна. Тиймээс АН-ыг бэхжүүлэхгүй байх нь МАН-д хэрэгтэй гэж ярьсан.
 
Хоёрдугаарт: АН-ын гишүүд элдвээр шүүмжлээд байна. Хамтарч байгаа тохиолдолд шүүмжлэл байж болохгүй гэж яриад байгаа юм.
 
Гуравдугаарт: Хуульзүйн яам болоод хяналтын функц АН-д байна. Дарханы Засаг дарга Б.Азжаргалаас авхуулаад бүгд баахан тендерийн хулгай хийчихсэн.

Түиймээс МАН-ынэнд тэндэх хулгай, луйврыг Хяналт, үнэлгээний Үндэсний хороо илрүүлээд байх юм байна.

Тиймээс энэ гурван үндэслэлээр АН-аас салах нь зүйтэй гэж гишүүд нь ярьсан байна лээ. Өөрөөр хэлбэл, МАН хяналтгүй засаглахыг хүсээд байгаа хэрэг” хэмээв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2025/07/04

Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тух...

Тод мэдээ2025/07/04

Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедэ...

Өнөөдөр2025/07/04

Баяр наадмаар 171 байцаагч хяналт шалгалт хийнэ

Тод мэдээ2025/07/04

Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлэ...

Тод мэдээ2025/07/04

Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад ш...

Тод мэдээ2025/07/04

Улаанбаатар хотод нийгмийн хамгааллын тусгай үйлчилгээг хөгжүүлэх чи...

Тод мэдээ2025/07/04

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ2025/07/04

УИХ: “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний...

Тод мэдээ2025/07/04

УИХ: Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай ху...

Өнөөдөр2025/07/04

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүхэн байна

Өнөөдөр2025/07/04

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Тод мэдээ2025/07/03

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Чөлөөт бүс2025/07/03

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД бо...

Тод мэдээ2025/07/03

Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид...

Тод мэдээ2025/07/03

Зарим хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүү...

Тод мэдээ2025/07/03

Засгийн газрын агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн чи...

Тод мэдээ2025/07/03

Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо

Тод мэдээ2025/07/03

Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хоёр хоног хаа...

Тод мэдээ2025/07/03

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ2025/07/03

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/07/03

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг

Өнөөдөр2025/07/03

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Тод мэдээ2025/07/02

Нийтийн эдэлбэрийн газрын тоо хэмжээг нэмэгдүүлэх, бүртгэлжүүлэх ажл...

Тод мэдээ2025/07/02

Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 41 хувь нь зөвхөн долоодугаар ...

Тод мэдээ2025/07/02

Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн...

Тод мэдээ2025/07/02

Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтий...

Тод мэдээ2025/07/02

100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шин...

Тод мэдээ2025/07/02

Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тэ...

Тод мэдээ2025/07/02

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Тод мэдээ2025/07/02

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг

Санал болгох