Дэлхий нийтээр..
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ
2023 оны 3 дугаар сарын 06-наас 2023 оны 3 дугаар сарын 13-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ойрын 2 хоногтоо цаг агаар тогтуун дулаан байх боловч, 9-нөөс нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэрнэ.
Хур тунадас: 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд зарим газраар, 11-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур: 9-нд нутгийн баруун хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 10-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: 9-10-нд секундэд 5-10 метр, бусад хугацаанд секундэд 3-8 метр байна.
Агаарын температур: 7-ноос 9-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-13 хэм, бусад хэсгээр 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-10 хэм дулаан байна. 10-наас хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-21 хэм, бусад хэсгээр 10-15 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
Инверс: Улаанбаатар хот орчмоор 10, 12, 13-нд газар их даралтын оронтой, өндрийн зонгүй байх учир инверс их байх төлөвтэй. Бусад хугацаанд газарт их төлөв бага даралтын орны нөлөөнд өндөртөө шигүү зонтой учир салхитай байж инверсийн зузаан харьцангуй бага байх төлөвтэй байна.Дэлхий нийтээр..
Токиод Японы цэрэгжилтийн бодлогыг эсэргүүцсэн иргэд жагсжээ
Японы Нагасаки хотод атомын бөмбөг хаясны 81 жилийн ой наймдугаар сарын 9-нд тохиолоо. Энэ өдөр Токио хотод иргэд цуглаан зохион байгуулж, Ерөнхий сайд Санаэ Такаичигийн Засгийн газрын батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх, Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд өөрчлөлт оруулах чиглэлээр явуулж буй бодлогыг эсэргүүцжээ.
Цуглаанд оролцогчид Япон улс өнгөрсөн үеийн дайны түүхээс сургамж авч, энх тайванч хөгжлийн замыг тууштай баримтлах ёстой гэж уриалсан байна.
Тэдний хэлснээр, Япон улс Дэлхийн II дайны дараа энх тайвны Үндсэн хуулиа баталж, дайнаас татгалзах зарчмыг хуульчилсан. Гэвч сүүлийн жилүүдэд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж, цэргийн хүчин чадлаа бэхжүүлэхийн зэрэгцээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа нь түгшүүр төрүүлж байгааг жагсагчид онцолжээ.
Японы Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд олон улсын маргааныг шийдвэрлэх арга хэрэгсэл болгон дайнаас татгалзах зарчмыг тусгасан байдаг. Цуглаанд оролцогчид уг зарчмыг хэвээр хадгалж, хойч үедээ энх тайван нийгмийг өвлүүлэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн Япон улс атомын бөмбөгийн халдлагад өртсөн дэлхийн цорын ганц улс гэдгийг сануулж, тус улсын пуужингийн хүчин чадлыг нэмэгдүүлэх болон цөмийн зэвсэгтэй холбоотой асуудал хэлэлцэгдэж байгааг эсэргүүцжээ.
“Япон улс цөмийн зэвсэгтэй байж болохгүй” хэмээн жагсагчид онцолсон байна.
Тэд цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлэх нь жинхэнэ аюулгүй байдлыг бий болгох арга зам биш гэж үзэж, Япон улс өнгөрсөн дайны түүхээс сургамж авч, дайны эмгэнэлт явдлыг дахин давтахаас зайлсхийх ёстойг уриалжээ.
Дэлхий нийтээр..
Оросын хакерууд НАТО Украины халдлагад оролцсон гэх баримт олжээ
Оросын хакерууд Украины зэвсэгт хүчин ОХУ-ын нутаг дэвсгэр дэх эрчим хүчний байгууламжуудад халдахад НАТО-той холбоотой мэргэжилтнүүд тагнуулын мэдээллээр дэмжлэг үзүүлсэн гэх баримт олж авсан талаар ТАСС агентлаг наймдугаар сарын 7-нд мэдээлжээ.
ТАСС-ын мэдээлснээр, нэрээ нууцалсан хакеруудын олж авсан гэх материал нь 2026 оны долдугаар сард Ленинград болон Калининград муж дахь газрын тосны терминалууд руу Украины талаас хийсэн халдлагатай холбоотой аж.
Хакеруудын мэдээлснээр, Барт де Вахтер Украины Аюулгүй байдлын албанд Ленинград, Калининград муж дахь газрын тосны терминалууд болон “Газпром”-ын шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэгч хөлөг онгоцны байршлын талаарх мэдээлэл дамжуулсан гэх цахим харилцааны баримтыг олж авчээ.
Мөн олдсон гэх захидал харилцаанд Барт де Вахтер Украины Аюулгүй байдлын албаны Олон улсын хамтын ажиллагааны төвийн төлөөлөгчидтэй цахим уулзалт зохион байгуулах санал тавьж, өөрийн байгууллагын удирдлагыг оролцуулах талаар дурдсан байна. Украины талаас хошууч Михаил Марченког уг харилцаанд оролцуулах санал тавьсан гэж ТАСС мэдээлжээ.
Хакерууд Европын орнуудын эрлийз болон мэдээллийн дайны чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд Оросын эсрэг ажиллагаанд оролцож, Украины талд мэдээлэл дамжуулсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
ТАСС-ын дамжуулснаар, хакерууд “мөргөлдөөнийг өдөөх тушаал өгсөн хүн Киевт биш, Европын энх тайван хотод байсан” хэмээн мэдэгджээ.
Харин хакеруудын олж авсан гэх материал болон түүнд дурдсан мэдээллийн үнэн зөвийг хараат бус эх сурвалжаар баталгаажуулсан мэдээлэл одоогоор гараагүй байна. НАТО болон Украины холбогдох байгууллагуудаас дээрх мэдээллийн талаар албан ёсны тайлбар хийсэн эсэх нь тодорхойгүй байна.
Дэлхий нийтээр..
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
-
Тод зураг2019/11/15
Нийслэлд өнөөдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоло...
-
Дэлхий нийтээр..2025/12/10
ОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдээс сонголт хийх ажлын хэсэг байгууллаа
-
Үйл явдал2024/11/26
Бүгд Найрамдах Улс тунхаглаж, анхдугаар үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зор...
-
Чөлөөт бүс2020/07/26
Монгол руу явуулсан Гитлерийн экспедиц юу хайсан бэ?
