Хэн юу хэлэв...
Б.Гансүх: Би өөрийгөө “Ми-8” онгоцны гурван ослоос амьд үлдсэн гэж боддог
Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ой өнгөрсөн зургадугаар сард тохиож, өнгөрсөн, одоо, ирээдүйн талаараа хэлэлцэн, дурсамж, дурдатгалаа хүүрнэсэн түүхэн өдрүүд өнгөрлөө. Үүнтэй зэрэгцүүлэн Онцгой байдлын байгууллагад 24 жил үүрэг гүйцэтгээд гавьяаныхаа амралтад гарсан ахмад ажилтан,дэд хурандаа Бадамсамбуугийн Гансүхийг онцоллоо. “Аврах ажиллагаанд залуусыг бэлдэж, зохион байгуулж явсан тангараг өргөсөн алба хаагчдын л нэг. Онцгой байдлын албанд дэд ахлагчаас дэд хурандаа хүртэл ажиллаж, олон ч хүний амийг аварч байсан ч тоог нь бол гаргаж байгаагүй хэмээн” яриагаа эхэлсэн юм. Тэрбээр нийслэлийн аврах анги 105-аас ажлын гараагаа эхлүүлж, 2017-2019 онд Баруун бүсийн төв- Ховд аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн хэлтсийн дарга, 2020 онд Мэдээлэл, шуурхай удирдлагын төв 101, 105-ын ахлах зохицуулагч, нийслэлийн Аврах ангид мэргэжилтэн, 2021 онд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын захирагч, 2021-2022 онд нийслэлийн Аврах ангийн штабын даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан байна.

АВРАХ АЛБАНД НЯРАВ, НЯГТЛАНГААС БУСДЫГ НЬ ХИЙСЭН
Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулууны нэг Иргэний хамгаалалтын газраас ажлын гараагаа эхлүүлж, улмаар 1998 оноос 2022 оны аравдугаар сар хүртэл үүрэг гүйцэтгэсэн. Шинэ цэргээс удирдах албан тушаалтан хийх хүртлээ нярав, нягтлангаас бусдыг нь хийсэн байна. Өөрөөр хэлбэл усчин, химичин, шүхэрчин аврагч, бүлгийн, салбарын, отрядын, штабын дарга гээд бүх л албан тушаалыг хашсан. Би онгирох дургүй л дээ. Гэхдээ аврагч болохоор шинэхэн залуучууд орж ирэхэд ахынх нь оронд ах, аавынх нь оронд аав болж явсан жирийн нэг л иргэн. Залуус маань талархснаа хэлдэг л юм. Анх аврагч болж байхад ах нар өөрсдийн олон ч туршлагаас хуваалцаж, хөдөө, хээр явахад өвс, ургамлын өвчин анагаах ид шидийн талаар хүртэл хэлж өгдөг байлаа. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор тэр өвсийг нь зажлахаар үнэхээр л эдгэчхэж байгаа юм шиг болдог. Энэ олон жил аврах ажиллагаа зохион байгуулахдаа ямар ч осол авааргүй, аврагчдаа эсэн мэнд авчирсан минь миний бахархал хэмээн хуучилна.
Тэрбээр Иргэний хамгаалалтын салбараас анхны “Шударга журам” медалийг 2002 онд хүртэж байжээ. Тухайн үед эхнэртэйгээ муудалцсан нэг залуу амиа хорлоно гээд бохирын цэвэрлэх байгууламжид орох гэж байхад нь аварсан аж. “Хүмүүс баас, шээсэнд сэлсэн л гэдэг юм. Би тэрийг тоогоогүй, тэнд байгаа хүний амийг аврах л чухал байлаа. Тэгэхэд залуу ч байж. Мөн нэг сонин үйл явдал болсон нь 2011 оны нэгдүгээр сарын 26-нд “East” төвд гарсан галыг очиж унтраасан. Тус төвийн ресторанд 2008 онд би хуримаа хийж байсан бол гал гарсан тэр өдөр миний төрсөн өдөр таарсан юм. Манай залуучууд бялуу үлээлгээд бид оройн хоолоо идэх гээд сууж байхад хонх дуугараад л галын дуудлагад гарсан нь энэ” хэмээн тайлбарлана.

ГУРВАН ОСЛООС АМЬД ҮЛДСЭН НЬ
Би өөрийгөө “Ми-8” онгоцны гурван ослоос амьд үлдсэн гэж боддог. Тухайн осолдсон онгоцонд сууж яваагүй ч яг тэнд хамт байх боломжтой байсан учраас тэр. Эхнийх нь, 2001 оны нэгдүгээр сард Увс аймгийн Малчин суманд болдог осол. Тэр үед Ш.Отгонбилэг сайд, хурандаа Д.Намсрай дарга нар хамт явсан юм. Уг нь тэд хоёр аврагч хамт авч явна гэж байлаа. Тэгтэл Ц.Тогоо хурандаа “Аврагч нар авч явахгүй. Олон хүн суухаар онгоцондоо багтахгүй” гээд бид үлдчихсэн юм. Хамт явах хоёр аврагчийн нэг нь би байсан болохоор “явуулахгүй” гэхэд нь ундууцаж л байлаа. Манай шүхрийнхэн чинь онгоцонд суугаад хөөрөх дуртай улс. Үнэхээр тэр онгоцоор явчихмаар л байсан. Тэгээд хамт явахааргүй болоод ажил дээр эргээд ирэхэд Цогтбаатар дарга “Та хоёр яваагүй юм бол жижүүрт гар” гэдэг юм. Тэгтэл тэр орой нь онгоц сүйрчихсэн. Тэгэхээр чинь “Бурхан намайг дээрээс хараа юм болов уу” гэж боддог юм билээ. Дараагийнх нь 2003 оны осол. Тэр үед аймгуудын шүхэрчдийн нэгдсэн буулт болох гэж байсан юм. Шүхрийн хамт 28 шүхэрчин авч явсан онгоц дөнгөж газраас хөөрөөд л доошоо шууд унасан. Тухайн онгоц далавчгүй, шулуун хөдөлгүүртэй болохоор тэгж унасан байх. Хэрэв тэр онгоц дээшээ хөөрсөн бол бас хэцүүдэх байсан шүү. Сүүлийнх нь 2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал сум руу түймэр унтраахаар явсан нөхдийн минь осол. Тэр үед бид Тэрэлжид цуг үүрэг гүйцэтгээд ирсэн юм. Би эхэлж хүмүүсээ авч буугаад багийнхнаа тараачихсан байлаа. Нөгөө хэд маань хойноос бууж байсан. Тэгэхэд орлогч дарга Д.Батсайхан руу Ерөнхий газраас утасдаад “Танайх хэдэн шүхэрчинтэй вэ?” гэхээр нь “Манайх 14 шүхэрчинтэй” гэж. Тэгтэл нь “Аврагчдаа бэлэн байлгаж бай. Түймэрт авч явна” гэсэн юм билээ. Тэгэхээр нь “Манайх сая хүмүүсээ тараачихлаа” гэсэн чинь “Хэн та нарыг тараа гэсэн юм!” гээд арга хэмжээ авахаар боллоо. Тэр үед хойно үлдсэн аврагчид маань орж ирж таараад Сэлэнгийн түймэрт шууд явсан даа. Бид чинь тушаалаар л үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид шүү дээ.
БЭЛТГЭЛ БЭЛТГЭЛЭЭС СЭТГЭЛ ЗҮЙН БЭЛТГЭЛ АМИН ЧУХАЛ
Аврах ажиллагаанд ороход хүнд хэцүү юм маш их тохиолдоно, шантрах үе ч таарна. Ер нь Онцгой байдлын албыг хүмүүс кинон дээр гардаг шиг гоёор төсөөлдөг. Кино нэг өөр, амьдрал нэг өөр. Мэдэхгүй, чадахгүй юм их гарна. Эхний жилдээ мэдэхгүй, хоёрдахь жилдээ ч мэдэхгүй. Гурав дахь жилээсээ л сая нэг дадлагажиж эхэлдэг. Том том аврах ажиллагаанд оролцож, олон сайхан хамт олонтой болсон байна. Тэр бүрээс хүний амийг аварч чадахгүй үлдэх үед л шантарчих гээд байдаг юм. Энэ үнэхээр хэцүү. 2007 онд түймэр унтраахаар яваад осолдсон нөхдөө аврахаар очих үнэхээр хүнд байсан. Хамтдаа инээлдэж хөхрөлдөөд явсан тэр өдөртөө л зарим нь тушаал авч нисээд осолдсон гэхээр маш харамсалтай. Тийм болохоор аврагчийн сэтгэл зүйн бэлтгэл юу юунаас илүү чухал. Хүн би тэнд заавал хүрнэ гэж бодоод зүтгэвэл хүрдэг шүү дээ. Гэтэл хамт ажиллаж байсан таньдаг мэддэг хүнээ аврахаар очиход аврагчийн сэтгэл зүй маш их нурдаг. Харин танихгүй хүн байсан бол “Би аварна” гээд л дайрна шүү дээ. Үнэнхүү урам зоригоор дийлдэж ирээд аврах төлөвлөгөөгөө, үйлдэл бүрээ дотроо бодоод ажилладаг. Харин мөр зэрэгцэн ажиллаж явсан хэд дээрээ очиход үнэхээр халширсан. Албанаасаа шантардаг юм билээ. 2007 оны тэр осол болоход би бүлгийн дарга байсан.
ШҮХЭРЧИН АВРАГЧААС УСЧИН АВРАГЧ БОЛСОН НЬ
Би уг нь шүхрийн десантчин мэргэжлээр төгссөн. Манай үндсэн анги анх НАХЯ-ны харьяа Түймрийг агаараас эсэргүүцэн хамгаалах алба гэж байсан юм. Бид хэд шүхрээ бэлдээд байж байна. Шуудангийн онгоцноос түймэр гарч байгаа газрын газар зүйн огтлолцолын цэгийг зааж өгөхөд бид тэнд ажилладаг, өдөртөө нэг түймэр лав унтраадаг байлаа. Тэгсэн биднийг, гал сөнөөгчдийг галынхантай нь нэгтгэнэ гээд ОБЕГ-т харьяалуулсан. Тэгээд л хийх ажилгүй шахам болсон биднийг дахиад Улаанбаатар хотыг гамшгаас хамгаалах, байгалийн гамшигтай тэмцэх анги болголоо. Тэр нь үер ус, автамашины осол, ахуйн осол гээд бүх төрлийн л дуудлагаар үүрэг гүйцэтгэж эхэлсэн гэсэн үг. Ингээд л би анхны усчингуудын нэг болсон доо.
БИЕДЭЭ СПИРТ ТҮРХЭЖ МЭДРЭЛИЙН ЭСЭЭ ТҮР ҮХҮҮЛЭЭД УСАНД ШУМБАДАГ БАЙЛАА
Одооны хүүхдүүд бол аврах ажиллагааанд шаардлагатай мэдээллийг интернэтээс хайгаад үзчихэж байна. Бидний хэдэн анхны усчид бол ном, гарын авлага үзээд, гадаад дотоодын сургалтад явж үзсэн харснаа хэрэгжүүлээд явдаг байлаа. Нэг ёсондоо бидэнд багш байсангүй. Аврах ажиллагааны сургууль төгссөн болохоор хар практикаараа л үүргээ гүйцэтгэнэ. Үнэнийг хэлэхэд бид тухайн үед хоёр хүний ногоон завиар аврах ажиллагаанд явдаг байв. Болоогүй бас тэрийгээ амаараа хийлнэ. Амаараа хийлж хийлж босоод ирэхэд толгой эргээд л явчихна шүү дээ. Хоёр хүний тэр завиараа зургуулаа явдаг. Нэг бүлэг зургаан хүний бүрэлдэхүүнтэй учраас тэр. Тэгээд усанд гайгүй сэлдэг мань хэд шиг нөхөд нь завинаасаа зүүгдээд живчихгүйхэн шиг явна даа. Аврах хантааз нь Оросынх, зориулалтын бус. За тэгээд зориулалтын усны хувцас бол бүр байхгүй. Турсиктэйгээ л ус руу орно доо. Арай нэг чадалтай чансаатай нь бассейнд зүүдэг нүдний шилтэй. Тэр шил чинь аврагчдын зориулалтын шил биш шүү дээ. Ингээд л шууд ус руу орно. Тэг болон түүнээс бага хэмийн хүйтэн усанд орохоор хүний нүдэнд цагаа тогтдог юм. Хамгаалалтын хувцасгүй болохоор эрэгтэй хүний төмсөг хамгийн түрүүнд хөлддөг. Тэгэхээр спиртээр биеэ арчаад, зуу татаад л ус руу орно. Заримдаа ургамлын тос, өөхөн тос биедээ түрхэнэ. Тэгэхээр ус тогтдоггүй юм. Ямар сайндаа тийм хар практикаар явсаар байгаад бид пад хар царайтай болохов дээ. Дээрээс нь аврах ажиллагаанд улирал гэж байдаггүй. Өвөл мөс цөмрөөд хүмүүс усанд осолдвол биеэ спиртээр арчиж, мэдрэлийн эсээ түр зуур үхүүлээд усанд шумбадаг байлаа. Одоо бол усчин аврагчид хамгаалалтын хэрэгсэлтэй, чанартай завьтай болжээ. Тэр үед завь олно, зөв завь сонгоно гэдэг ч амаргүй даваа. Учир нь, улс орон бүрийн цаг уур өөр байдаг. Тийм болохоор ижил цаг ууртай газраас завь авах хэрэгтэй байдаг. Бид тэр үед ёстой л цаана нь хүний амь бий гэж бодоод аль чадахаараа зүтгэдэг байж дээ.
ӨӨР ӨӨР САНААТАЙ ХҮМҮҮС НЭГ БАГ БОЛБОЛ ӨӨРСДИЙГӨӨ АВРУУЛАХАД ХҮРНЭ…
Аврагчид 24 цагийн турш үүрэг гүйцэтгэдэг. Тэр 24 цагт юу ч болж болно. Тэгэхэд ар гэр гэдэгт ямар нэг юм болж байвал хэцүү. Бидний залууд бүгдийнх нь үр хүүхэд нялх нойтон байж. Амьдрал нь тэгширсэн, сургууль соёлоо төгссөн том хүүхэдтэй алба хаагч байсангүй. Тийм үед удирдагч хүн алба хаагчдынхаа сэтгэл зүйг мэдрэх маш чухал. Амьдрал л юм чинь эхнэртэйгээ хэрэлдчихээд ирсэн хүн ч байна. Тийм залуу хүн аврах ажиллаагаанд явбал сэтгэл санаа нь тогтдоггүй юм. Эхнэр минь яаж байгаа бол, хүүхэд минь өвдөж байгаа болов уу гээд бодоод явахаар мэддэг юмаа мэдэхээ байгаад, сандраад эхэлдэг. Байнга хэрэглэдэг багажаа хаана байгааг олохгүй хайгаад эхлэхээр л андашгүй. Тийм болохоор аврах ажиллагааг удирдаж байгаа хүн бүгдийг мэдэж, залуустаа аав нь, ах нь болж явах ёстой байдаг юм. Дуудлаганд явж ирээд дуудлагын ярилцлага гэж хийдэг. Тэгэхдээ л тэр бүрийг ярилцана шүү дээ. “За, ийм дуудлаганд анх удаагаа явсан уу. Энэ чамд туршлага боллоо”, “Чи ийм алдаа гаргаж байсан, яагаад тэгсэн бэ. Ямар нэг асуудал гарсан уу?” гэхчлэн ярилцана. Дараа нь заримтай нь хувийн ярилцлага хийнэ. Гэр бүлд нь юу болоод байна, хувийн амьдралд нь юу тохиолдоод байна, тэр бүрийг сонсож сэтгэл зүйг нь бэлтгэнэ. Аврагчид нэг санаатай байж нэг аврах ажиллагаанд орно. Түүнээс биш тал талын санаатай хүмүүс нэгдвэл өөрсдийгөө авруулахад хүрнэ. Тийм болохоор бүлгийн дарга, удирдах албан тушаалтнууд аврах ажиллагаанд бүрэн гаршсан байх ёстой. Мөн аврагчдынхаа сэтгэл зүй, хувийн байдлыг мэддэг байх учиртай.
ДӨРВӨН ГЕНЕРАЛ ЯАГААД ЁСЛОВ…
Би 37 настайдаа Олон улсын иргэний хамгаалалтын хамгийн залуу баатар болж байлаа. Тэр шагналыг нэг их үнэлдэггүй явж байгаад ОХУ-ын Онцгой байдлын яамны дэргэдэх Иргэний хамгаалалтын академид хоёр жил сурахдаа л мэдэж авсан. Яасан гэхээр, надаас шалгалт авч байсан генералууд миний тэмдгийг харснаа “Та Олон улсын иргэний хамгаалалтын баатар юм уу?” гэж байна. “Тийм ээ” гэсэн чинь тэр дор нь сайт руу нь оров. Тэгээд миний нэрээр хайж бүх мэдээллийг маань уншаад “Танд онц тавилаа. Та мундаг хүн байна” гээд дөрвөн генерал ёслоод гаргасан юм. Би тэгэхэд Цэргийн анги байгууллагын удирдлага гэдэг мэргэжлээр мэргэжил дээшлүүлсэн. Харин “Улаанбаатар хотыг үерээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө” сэдвээр диплом хамгаалж байлаа. Бид нарын үед таван мэргэжлээр аврагч бэлтгэдэг байв. Анх Цэргийн их сургуулийн ахлагч бэлтгэх нэг жилийн сургалтанд сууж дүүргээд дараа дараагийн шатны сургуулиудад нь сурсан. Ингээд бодохоор би гэдэг хүн хоёр академи, нэг дээд сургууль, нэг дунд сургууль төгссөн байдаг юм.
Хэн юу хэлэв...
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.
Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.
Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.
Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.
Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.
Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.
Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.
Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.
Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.
Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.
Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.
Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
Хэн юу хэлэв...
ОМИС-ийн УАУ-ы тэнхмийн ахлах багш, АУ-ы магистр Д.Отгонбаатар: Сайхан цаг ирж байна, бидэнд дэлхийд гарах боломж нээлттэй болчихлоо
Энэ удаа бид Оточ Манрамба Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны тэнхмийн ахлах багш, Анагаах ухааны магистр Д.Отгонбаатарт урилга илгээж, түүний ажлын гараа, уламжлалт анагаах ухааны боловсрол, хөгжил, өнөөгийн чиг хандлага болон ирээдүйн талаар ярилцлаа.
ШУТИС-ИЙН ИНЖЕНЕРИЙН АНГИА ОМИС-ИЙН ХҮНИЙ ИХ ЭМЧИЙН АНГИАР СОЛЬЧИХСОН
Урилга хүлээн авсан танд баярлалаа. ОМИС-иар “овоглох” болсон тэр цаг хугацаа хэзээ вэ?
Би Булган аймгийн Булган сумын I арван жилийг одоогоос хориод жилийн өмнө төгссөн. Тэр үед уламжлалт анагаах ухааны тухай ойлголт өнөөдрийнх шиг түгээмэл байсангүй. Манай аймагт гэхэд л ганц нэг тан барьдаг маарамба байсан болов уу. Хүмүүс тэдэнд очиж үзүүлдэг, харин бидний хувьд хэрэглэгчийн түвшний л мэдлэгтэй байлаа.
Эгч маань Хамба багшийн шавь, тогтмол үзүүлж тан барина. Тийм болохоор би Манба Дацангийн тухай бага сага гадарлана аа. Дунд сургуулиа төгссөн тэр хавар ШУТИС-д инженерийн ангийг сонгочихсон байлаа. Намар нь хичээлдээ ороход бэлэн. Тэгтэл нэг л өдөр бүх зүйл өөрөөр эргэсэн. Эгч хотоос ирэхдээ сургуулийн танилцуулга брошур авчирсан юм. Нимгэхээн тэр брошурыг уншиж дуусахдаа л Оточ Манрамба дээд сургуулийг сонгочихсон. /инээв/
ШУТИС-д анги авчихсан байдаг, тийм ээ?
Тийм ээ, барилгын дулаан агаар сэлгэлтийн инженерийн ангийн хуваарь авчихсан байлаа. Гэхдээ эргэлзээгүй ээ. Ингээд эгчтэйгээ Хамба багштай ирж уулзаад, 2007 оны намар оюутан болсон. Тухайн үед дэмжиж, итгэл өгсөн аав ээж, ах эгч, тосон авсан багш нартаа ямагт талархдаг. Амьдралын сайхан мөчүүд байгаа юм.
Тэр өдөр сэтгэлд тод үлдсэн байх даа. Ямар орчин тосч авсан бэ?
Одоогийн эмнэлэг, сургуулийн байр хараахан баригдаагүй байсан үе. Харин лам нар хийддээ ном хурна. Бид Манба Дацан хийдийн баруун, зүүн ангид хичээллэнэ. Завсарлага болохоор олон цагаан халадтай оюутнууд гарч ирнэ. Ер нь их өвөрмөц, өмнө нь огт харж байгаагүй орчин угтсан. Тэр нь ч надад их таалагдсан.

Булганд нутаг орондоо нэртэй хэн гэгч маарамбууд байсан юм бол оо?
Булган бол хуучны хүрээ хийд, маарамбуудаараа алдартай нутаг. Түүхэн эх сурвалжуудыг харахад 1585 онд анхны Манба дацан одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт байгуулагдан үйл ажиллагаа явуулж байсны гэрч болсон туурь нь өнөө хэр үлдсэн байдаг. Он цагийн уртад нутаг орондоо нэртэй явсан маарамбуудын үргэлжлэлээс жишээ татвал Лхагважав маарамбыг дурдаж болно. Түүнчлэн маарамбын дамжаа бариагүй ч өвдсөн, зовсонд эмчилгээ үйлчилгээ үзүүлж, тус дэм болж явсаар олны дунд маарамба хэмээн авгайлан дуудагддаг хүн олон бий.
Ахиад оюутан цаг руу буцъя. Оюутны дурсамж залуу насны хамгийн нандин үе байдаг. Дурсамж их бий биз?
Зөндөө, зөндөө. Бид сургуулиа төгсөөд 10 гаруй жил өнгөрчээ. Гэсэн ч жил бүр уулздаг сайхан уламжлалтай. Тэр тоолонд дурсамжийн тухай яриа дундрахгүй. Ярианы 70 хувь оюутан цагийн дурсамж байдаг шүү. Ер нь ОМИС-ийн оюутнууд суралцах зургаан жилийн хугацаанд их олон дурсамж бүтээдэг гэж боддог юм. Энэ нь сургуулийн онцлогтой холбоотой. Хичээлээс гадна курс бүртээ дадлагад гардаг. Жишээ нь, нэгдүгээр курсээ төгсөөд ургамлын хээрийн дадлагад явдаг. Долоо хоног үргэлжлэх энэ дадлага бас л хөгжилтэй шүү дээ. Нэг анги болох, нэг санаа чигтэй болох, илүү ойр дотно нөхөрлөх гээд л. Хээр нэг тогооноос хоол идэх, бороо хур орвол хуурай хувцас, оймсоо бусдадаа өгөх, үүргэвчин дэх амттанаа хуваалцах, байгалийн шалгуурыг хамтдаа давах нь магадгүй заримд нь хэцүү санагдах ч хожим хамгийн сайхан дурсамж болон үлддэг. Энэ бүхэн биднийг нэгэн ахан дүүс болгодог. Цаашлаад асар богино хугацаанд амьдрах ухаанд хүртэл суралцаад ирнэ гээч.
Танай анги хэдүүлээ юм бэ?
Нэгдүгээр курст зуугаад хүүхэд элсэн орж байлаа. Үүнээс 36-уулаа төгссөн.
Гуравны нэг нь л үлджээ. Амаргүй болоод шантардаг гэж ойлгож болох уу?
Үнэндээ сургуулийн шалгуур өндөр л дөө. Гэхдээ энд олон шалтгаан бий. Хичээлийн ачаалал их болохоор залхуурвал хасагдана. Багш нарын хувьд оюутнуудынхаа араас маш их хөөцөлддөг. Зүгээр суулгаж цаг нөхцөөхийг хүсдэггүй. Нэгдүгээр курст орсон эхний өдрөөс л хичээл хийхийг шаарддаг. Тэр бүрт сууж, ачаалал авч сураагүй хүүхдүүд шантрах нь бий. Харин бие дааж суралцах дадалтай хүүхдүүдэд төвөггүй суралцаад л явчихдаг. Нөгөө талаас үнэхээр суралцах боломжгүй болоод сургуулиас гарах тохиолдол байна аа.
Ангийн багш нь хэн байсан юм бэ?
Манай ангийн багш С.Энхтуяа байсан юм. Нэгдүгээр курст төвөд хэлний хичээл заадаг байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл багштайгаа ажиллаж байна. Хааяа зэмлүүлнэ, хааяа магтуулна гээд хамтдаа зүтгээд л явна. Ер нь манай үе үеийн төгсөгчид яг энэ жишгээр багш нартайгаа хамтран ажиллаж, суралцаж, өсөн дэвждэг сайхан залгамж холбоотой. Үүнийг ч сургуулийнхаа нэг давуу тал гэж хардаг.
БИ ТУРШЛАГА ХУРИМТЛУУЛЖ ЯВАА ЗАЛУУ БАГШ
Төвөд хэл заадаг байсан нь байх ээ. Төвөд бол ОМИС-ийн брэнд гэлцдэг.
Тийм ээ, Монгол Улсын хэмжээнд төвөд хэлийг мэргэжлийн түвшинд, анагаах ухааны үндсэн эх сурвалжаас нь, хуучны маарамбуудын баримталж ирсэн дэг жаяг, Манба дацангуудын сургалтын арга барилаар зааж сургадаг газар бараг байхгүй. Энэ нь зөвхөн Монголд биш, дэлхийн хэмжээнд ч нэг, хоёрхон байдаг байх шүү. Тэр утгаараа энэ бол хаана ч давтагдашгүй давуу тал мөн. Яахав төвөд хэл гээд ярихаар мушгих хүмүүстэй таардаг л юм. Тэд “лам болох гээд байгаа юм уу” гээд эхэлдэг. Үгүй шүү дээ. Жишээ нь, өрнийн анагаах ухаан суралцаж байгаа хүмүүс латин, англи, орос хэл үздэгтэй адил мэргэжлийн хэл гэсэн үг. Уламжлалт анагаах ухаанд суралцаж байгаа хүн бүр өөрийн мэргэжлийн хэлийг сурч байгаа хэрэг. УАУ-ы сор эрдэмтдийн үнэт бүтээлүүд бүгд төвөд хэл дээр бичигдэж үлдсэн байна. Тэр бүгдийг эх хэл, эх сурвалжаас нь уншиж судлах боломж бүрдэж байна аа л гэсэн үг.

Өөрөөр тайлбарлая. Жишээ нь би төвөд хэл дээрх нэг эх сурвалжийг орчуулъя гэж бодъё. Тухайн эх сурвалжийн утга агуулгыг бүрэн, яг зөвөөр гаргаж чадсан эсэх нь эргэлзээтэй л дээ. Орчуулгын явцад “би үүнийг ингэж ойлгосон” гэсэн өөрийн тайлбар орвол анхны утгаас зөрөх, буруу ойлголт нэмэгдэх эрсдэлтэй. Хоёрт, төвөд хэл дээрх эх сурвалжууд, ялангуяа “Дөрвөн үндэс” зэрэг бүтээлүүдэд өмнөх бүлгийн утга, агуулга нь дараагийн бүлгүүдтэйгээ уялдсан, томьёоллын шинжтэй, маш нарийн бүтэцтэйгээр бичигдсэн байдаг. Тиймээс зөвхөн орчуулга дээр тулгуурлан сургалт явуулна гэвэл утга агуулгыг гажуудуулах, мухардах эрсдэлтэй. Ийм төрлийн бүтээлийг бүрэн ойлгохын тулд төвөд хэлийг сурч, үгийн сонголт, бичлэгийн ялгааг хүртэл нарийн ойлгож байж дундаас нь гүн ухааны утга гаргаж авдаг. Энэ нь төвөд эх сурвалжтай ажилладаг хүмүүсийн маш сайн ойлгодог зүйл. Төвөд хэл сурах эсэх нь хувь хүний сонголт ч энэ хэлээр дамжуулан эх сурвалжаас нь шууд уншиж судлах боломж нээгдэж байгаа нь давуу тал юм. Энэ боломжийг олгож, мэргэжлийн хэлний түвшинд сургаж байгаа Оточ Манрамба сургуулийн хувьд оюутан залууст үнэхээр том дэмжлэг үзүүлж байгаа хэрэг гэж хардаг шүү.
Ажил мэргэжлийнхээ хувьд “өөрийгөө олсон” мэт мэдэрсэн үе тань хэзээ вэ?
Бид ОМИС-ийн 2013 оны төгсөгчид байгаа юм. Дээд сургуулийн анхны зургаан жилийн төгсөгчид л дөө. Үүнээс нэг жилийн өмнө буюу тавдугаар курс төгсдөг хавар сургуулийн захирал Г.Одонцэцэг багш маань дуудаж уулзсан. Товчхондоо сургуульдаа багшлах урилга өгсөн гэж болно. Миний хувьд 3,4-р курстээ л багшаар ажиллана гэж бодож байсан болохоор дуртайяа хүлээн авсан. Ингээд бидний хэдэн хөвгүүд зургадугаар курстээ туслах багшийн ажлаа эхлүүлж байлаа. Хичээлээ хийнэ. Хажуугаар нь багш нараа дагалдана. Тэр хавар сургуулийнхаа шилдэг төгсөгч болж, Тайвань улс руу магистрын сургалтанд үнэгүй суралцах эрхийн эзнээр шалгарсан сайхан боломж тохиосон юм. Ингээд суралцаж ирээд 2015 оны намраас албан ёсоор багшлах гараагаа эхэлж байжээ. Мэдээж залуу багшийн хувьд хүндрэлтэй зүйл гарна. Тухайн үед 2 цагийн лекцийг 2 өдөр сууж бэлдэх жишээний. Мэдлэг боловсролын дутуу байдал үүснэ. Гэхдээ тэрийг хичээл зүтгэлээр л нөхнө. Ингээд 3,4 дэх жилээс өөрийн гараар бичсэн бүрэн конспекттой ч болж, оюутнуудын өмнө тайлбар ном харахгүйгээр хичээл ордог болсон. Тэр үед аятайхан болмоор ч юм шиг санагдаж, илүү сайжрах юм сан гэсэн бодол төрж байлаа. Одоо тэр үеэ бодвол 11,12 жил багшилжээ. Гэхдээ би бол туршлага хуримтлуулж яваа залуу багш. Бидний түвшинд тэр тусмаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүнд омог үүсгэж болохгүй. Багш гэх алдарт хүрэх тухай асуудал магадгүй 25-30 жилийн дараа л сая нэг ирдэг болов уу.
Таны шавь нар дотор тэтгэвэртээ гараад суралцаж буй оюутнууд бий. Хүмүүс бодохдоо нас ахихаар сурах өнгөрлөө гэж боддог. Энэ тал дээр юу гэж боддог вэ?
Оточ Манрамба их сургуульд нас насныхан суралцдаг. Ахмад нь 50,60 гарчихсан оюутнууд байна. Нийгмийн харилцаанд ороод, ажил хөдөлмөр эрхлээд өөрийгөө олчихсон хүмүүс ирдэг учраас сурах арга барилаа амархан олдог санагддаг юм. Мэдээж залуусыг бодвол цээжлэх хурд гүйцэхгүй ч агуулгын хүрээнд маш сайн ойлгодог. Хичээн суралцдаг учраас онцчуудын тоонд л явна шүү дээ. Ер нь оюутнууд маань наснаас үл хамааран бие биедээ их нөлөөтэй. Харилцааны олон эерэг нөлөө үзүүлдэг учраас бид ахмадууддаа хайртай.
10 жилийн өмнөх, өнөөдрийн GenZ нарын хооронд ялгаа их үү?
Асар их ялгаатай болсон. 10 жилийн циклээр хэмжигдэхгүй, бүр 2–3 жилийн дотор л өөрчлөлт мэдрэгддэг. Мэдээж бүгд тийм биш гэдгийг эхлээд дурдъя. Ажиглахад сууж сурах дадал сул болсон. Дунд сургуульд 40 минутын хичээлд сууж хэвшсэн хүүхэд 1–1.5 цагийн лекц дээр түүртэхгүй л дээ. Харин сууж сураагүй бол анхаарал төвлөрөл сул, түүнийг дагаад хичээл хүлээж авах чадвар ч буурдаг. Хоёрдугаарт, багшийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, тавьсан шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлэх чадвар сулрах хандлагатай болж гэж хардаг. Аргагүй энд нийгмийн орчин нөлөөлж байна. Үнэндээ залууст сатаарах зүйл их болжээ. Гэхдээ манай сургуулийн бас нэг онцлог байна. Нэг, хоёрдугаар курстээ номыг нь сураад ирэхээр “номхон” нь хүртэл дагаад ирдэг. Товчхондоо ном нь хүнийг засдаг. Энэ тухай “Дөрвөн үндэс”-т тодорхой заадаг. Яваандаа анги ахих тусам өөрчлөгдөж, бүүр сургуульдаа илүү хайртай болдог.
ТӨГСӨГЧДИЙН 30-40 ХУВЬ НЬ ТОМ, ЖИЖИГ ХУВИЙН ЭМНЭЛЭГТЭЙ БОЛСОН БАЙНА
Шавь нар нь олон газар ажиллаж байна уу?
Энэ хугацаанд 2019, 2023 онд хоёр ангийн багшаар ажиллаж төгсгөсөн байна. Мөн хичээл орсон шавь нар нэмэгдэнэ. Төгсөгчид маань Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхисоос гадна тив, дэлхий рүү хүртэл гарч ажиллаж байна. Өнөөдөр хөдөө орон нутагт ажиллаж байгаа уламжлалт анагаах ухааны эмч нар маань салбарынхаа нэр хүндийг өндөрт өргөж яваа улс. Үүнийг үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, үнэлгээнээс ч харж болдог. Уламжлалтын эмч нарын нэг онцлог нь харилцаа, хандлага өөр байдаг. Нөгөөтэйгүүр, хүндээ заавал хүрч үйлчилдэг зарчимтай. Энэ нь зөвхөн эмчилгээ бус, судас барихаас эхлээд өдөр тутмын амьдралын зөвлөгөө хүртэл үргэлжилдэг. Би хичээл дээрээ байнга хэлдэг нэг зүйл бий. Түүхэнд тэмдэглэгдсэн 250 гаруй том, жижиг манба дацангууд болон тэнд ажиллаж байсан оточ маарамбууд тухайн хошуу нутагтаа өрхийн эмнэлгийн үүргийг гүйцэтгэж ирсэн байдаг гэж хэлдэг юм. Тэд тухайн хошууны айл өрх бүрийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй байж. Өнөөдрийн хэллэгээр бол “өрхийн эмч” гэсэн ойлголттой дүйцнэ. Хамгийн ойроос нь ажиглаж, танай өвөө, эмээд ямар зовуурь байсан, танд ч мөн адил ажиглагдаж байна, таны хүүхдүүдэд ч илрэх боломжтой гэх мэтээр удмын түвшинд нь зөвлөгөө өгдөг байсан нь үнэхээр гайхамшигтай байгаа биз. Энэ бол уламжлалт анагаах ухааны эмч нарын онцгой мэдлэг, арга барил юм.

Төгсөгчид хувийн эмнэлгээ байгуулан ажиллах нь их юм аа, тийм ээ.
Энэ бас л манай сургуулийн төгсөгчдийн давуу тал гэх юм уу нэг онцлог гэж болно. Төгсөгчдийн 30,40 хувь нь том, жижиг хувийн эмнэлэгтэй болсон байна. Эндээс сургуулийн олгож байгаа мэдлэг, чадварын үр дүн харагддаг гэж боддог. Нэмээд итгэл байна. Өөрийн сурсан мэдлэг чадамжинд итгэх итгэл, номондоо итгэх итгэл дүүрэн байгаа нь мэргэжлээрээ ажиллах дадлыг суулгадаг юм болов уу. Төгсөгчид маань зоригтой байна. Үнэндээ олон жил ажилласан эмчид ч зориг дутах үе гардаг шүү дээ. Гэтэл шантралгүй эмнэлгээ нээгээд мэргэжлээрээ ажиллаж байна гэдэг манай эмч нарын чадамж юм. Үүнийг тэд оюутан байхдаа суралцдаг. Ярианы эхэнд хэлсэн дээ. Дурсамж бүтээх олон дадлагын тухай. Дадлагын явцад тэр чадамжийг олж авдаг.

Өрхийн эмнэлгийн ярианаас үүдээд асууя гэж бодлоо. Монголчууд бидний хувьд эрүүл мэндийн тал дээр ямар алдаа түгээмэл харагддаг вэ?
Монголчуудын дунд олон төрлийн өвчлөл нэмэгдэж байна. Тухайлбал, эрчүүдийн дунд элэг, цөс, ходоод, даралт ихсэх, цус харвалт, зүрхний шигдээс зэрэг өвчлөлүүд элбэг тохиолдож байна. Товчхондоо, муу цусны гэмээс үүдэлтэй дотрын эмгэгүүд давамгайлж байна гэж хэлж болно. Эдгээрт уламжлалт анагаах ухаанд үр дүнтэй олон эмчилгээний хувилбар бий. Энэчлэн хэд хэдэн төрлийн өвчин тэргүүлэх болсон нь бидний монгол ахуй, соёлын амьдралын хэв маягаасаа холдсонтой холбоотой гэж хардаг. Өнөөдөр хооллолт, хувцаслалтын соёл, амьдралын хэв маяг өөрчлөгдчихсөн. Суурин амьдралаар амьдрах болсноор хооллолт маань хүртэл ондоо болчихлоо. Импортоор маш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд орж ирж байна. Үүнийг тодорхой хэмжээнд шийдэж чадвал эрүүл мэндийн олон асуудал дагаад өөрчлөгдөх боломжтой. Ер нь уламжлалтын эмч нар бол нийгмийн эрүүл мэндийн тал дээр маш том бодлого боловсруулагчид байдаг, өнгөрсөн цаг үеийн туршид. Үүнийг өдөр тутмын амьдрал дахь хэллэг, зан үйлээс ч харж болно. “Хий хуй ихэслээ”, “хуушуураар төөнө”, “шар хөөрлөө” гэлцдэг. Ард түмэн хий,шар, бадганы тухай нарийн мэдэхгүй ч идээ унд явдал мөрөө зохицуулахгүй бол өвчлөл үүсдэгийг ухамсарт нь суулгаад өгчихсөн байж шүү дээ. Өвчин үүсгэдэг шалтгааныг таньж мэдсэн учраас зохицуулаад явдаг байж. Гэтэл өнөөдөр “хий, хуй” гэвэл юун эмээ өвөөгийн юм яриад байна аа гэнэ, зарим нь. Уг нь өмнөх үеийн оточ маарамбууд бидний амьдралын хэв маягт суулгаад өгчихсөн байна. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн асуудал дээр уламжлалтын эмч нарыг илүү татан оролцуулж, эерэг давуу талыг нь ашиглавал монголчуудын эрүүл мэндийн асуудал дээр тодорхой хэмжээнд ахиж гарна гэж боддог.
Яриа маань өндөрлөж байна. Уламжлалтын ирээдүйг та хэрхэн харж байна вэ?
Сайхан цаг ирж байна. Дэлхийд гарах боломж нээлттэй болчихлоо. Мэдээж тодорхой хэмжээний эрх зүйн зохицуулалт, лиценз, мэргэжлийн стандартуудыг давж байж хэрэгжинэ. Гэхдээ хамгийн чухал нь дэлхий нийт уламжлалт анагаах ухааны үнэ цэнийг хүлээн зөвшөөрсөн явдал юм. Тэгэхээр бид тогоондоо биш дэлхий тийш боловсон хүчнийг экспортолж болно. Үүний тулд УАУ-ы чиглэлээр суралцаж байгаа оюутнууд маань мэдлэг чадвартай, боловсрол өндөр бол өнөөдөр хаана ч ажиллах боломж бүрджээ.
Ярилцсанд баярлалаа.
Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар Далянь хотноо болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор /2026. 06.22/ мордлоо.
Энэ жилийн “Зуны Давос” чуулга уулзалт нь “Инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдаж, дэлхийн 30 гаруй орны төр, засгийн удирдлага, хувийн хэвшил, инновацын салбарт нэр хүндтэй судалгааны хүрээлэн зэрэг 1500 гаруй төлөөлөгч оролцоно.
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтын нэгдсэн болон салбар хуралдаануудад оролцоно.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектенов, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог нартай хоёр талын уулзалт хийхээс гадна чуулга уулзалтад оролцож буй олон улсын бизнесийн төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна.
Швейцарын төрийн бус байгууллага болох Дэлхийн эдийн засгийн форумын санаачилгаар “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулга уулзалтыг 2007 оноос хойш БНХАУ-ын Далянь болон Тяньжин хотуудад ээлжлэн зохион байгуулж ирсэн.
Дэлхийн эдийн засаг, инновац, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн асуудлаарх Азийн бүс нутгийн нэр хүндтэй олон улсын платформ болон хөгжиж байна.
-
Дэлхий нийтээр..2021/03/15
Нийслэлд болох төрийн албаны шалгалтыг хойшлууллаа
-
Дэлхий нийтээр..2025/10/31
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилт хийж байна
-
Дэлхий нийтээр..2023/01/10
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваа...
-
Хэн юу хэлэв...2022/05/02
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар ирэх хоёр жилд аялал жуулчлалын салбарыг онцгойлон ...
