Үйл явдал
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их, дээд сургуулийн эрдэмтэн багш нартай уулзлаа
Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томоохон их, дээд сургуулийн эрдэмтэн багш нарын төлөөлөлтэй өнөөдөр /2024.06.15/ уулзлаа. “Шинжлэх ухаанд суурилсан хөгжил” сэдэвт уг уулзалтад МУИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, МУБИС, СУИС, Удирдлагын академи зэрэг томоохон сургуулиудын эрдэмтэн, багш нар болон МАН-аас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд жагсаалтаар нэр дэвшиж буй эрдэмтэн судлаачдын төлөөлөл болох АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш О.Саранчулуун, Харвардын Анагаах ухааны их сургууль, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн багш, профессор Д.Ганмаа, Антропологийн ухааны доктор, профессор, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, профессор Д.Бумдарь, МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар оролцсон юм.


Уулзалтын эхэнд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр Монгол Улс нутаг дэвсгэрийн төлөөлөлд түшиглэсэн 76 гишүүнтэй УИХ, өнгөрсөн 30 жилийн амжилт бүтээл, алдаа оноог түүх болгон үлдээж, нийгмийн салбар салбарын дуу хоолой, иргэдийн идэвхтэй оролцоо бүхий шинэ парламентын эрин үеийг эхлүүлж байна” хэмээгээд “Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шинжлэх ухаан дээрээ бүх хүчээ төвлөрүүлдэг. Тиймээс бид олон улсад нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачдаа парламентад урих бодлого баримталсан. Улс орон, дэлхийн түүхийг урагшлуулсан шинэ бүтээл, оновчтой санаануудын дийлэнхийг их, дээд сургуулийн багш, оюутнуудын орчинд бий болсон байдаг. МАН-ын жагсаалтын эхний гурван нэр дэвшигчийг эрдэмтэн судлаач, инженерүүд бүрдүүлж байгаа. Манай улсын оюун санааны охь болсон их, дээд сургуулиудын багш нар төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцсоноор ирээдүйн хөгжил бий болно гэж үзэн Д.Бум-Очир, Ч.Лодойравсал, Р.Рэгдэл, Д.Бумдарь, С.Зулпхар, Б.Хэрлэн нарын эрдэмтэн, судлаачдыг жагсаалтаар нэр дэвшүүлсэн. Ингээд харвал МАН-аас 11 багш, 21 доктор, 11 профессор, дэд профессор, эрдэмтэн, судлаачдыг нэр дэвшүүллээ. Энэ хүмүүс парламентад орж ирэхгүй бол эрдэмтэн судлаачид, хилийн чинадад байгаа мэргэжилтнүүдэд монгол төр хол хэвээр байх байсан. Тиймээс энэ удаагийн сонгууль шинэ 30 жилийн эхлэл байх болно. Та бүхэн олон эрдэмтэн судлаач, инженерүүдэд Монголын парламентын үүд хаалга нээлттэй байх энэхүү боломжийг дэмжихийг хүсье” хэмээв.

“Шинжлэх ухаанд суурилсан хөгжил” уулзалтын үеэр их, дээд сургуулийн удирдлагуудын төлөөлөл саналаа хэлсэн юм.
ШУТИС-ийн захирал, доктор, профессор Т.Намнан:

-Хууль батлах байгууллагад хууль хэрэгжүүлэх шатанд ажилладаг туршлагатай хүмүүс орох нь зүйтэй гэж би үздэг. Энэ утгаараа эх орны хөгжилд эрдэмтэн судлаачид, инженерүүд том хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улс бүтээн байгуулагч үндэстэн болоход эрдэмтэн судлаачид хувь нэмрээ оруулах болно. Их сургууль хөгжил дэвшлийн суурь байдаг. Өнгөрсөн хугацаанд бид хүний нөөцөө бэлтгэгдсэн. Сургалт, судалгааны лабораториуд бий болсон. Энэ нөөцдөө тулгуурлан Монгол Улс хурдтайгаар хөгжих ёстой. Тиймээс технолгийн хөгжлийг атгаж явах инженерүүдийг бэлтгэх гуравдугаар үеийн буюу сургалт, судалгааны корпорацийг хөгжүүлэх шаардлагатай байна. Том зах зээлд гарах мэдлэгийг бий болгож, дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээнд монгол брэндийг нэвтрүүлж байж Монгол Улс хөгжинө. ШУТИС-ийн хувьд сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг цогцолбороор нь хөгжүүлэх төлөвлгөө гарган саналаа зохих түвшинд дэвшүүлээд байгаа.
МУБИС-ийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар:

-Боловролын багц хууль батлагдсанаар шинжлэх ухаанд суурилсан хөгжил, салбар дамнасан болон салбар дундын судалгаанууд хийх орчин бүрдсэн. Багш мэргэжлээр суралцагчдын төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргасан. Энэ бол боловсролын шинэчлэл, боловролын чанар, багшийн чанарт богино хугацаанд үр дүнгээ өгөх шийдэр байсан. МУБИС-ийн зүгээс Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутаг дахь салбар сургуулиудаа хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодлого шийдвэр гарган хэрэгжүүлж байгаа.
АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Б.Дамдиндорж:

-Өнөөдрийн хууль эрх зүйн орчноор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль эмнэлэгтэй байх боломжтой болсон. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоо бий болсноор анагаахын багш нар эмнэлэг дээр суурилж эмчилгээ үзүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа хийх, сургалт явуулах боломжтой болсон. Ирэх жилүүдэд их сургуулийн эмнэлгээр дамжуулан хиймэл оюун ухаан ашиглах, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг дээшлүүлэх, эд эс, эрхтний тогтолцооны биобанктай болох үйл явцууд өрнөх учиртай. Хиймэл оюун ухаан, робот мэс засал, эрхтэн шижлүүлэн суулгах мэс заслуудад шаардлагатай эмч мэргэжилтнүүдийг дэлхийн шилдэг сургуулиудад бэлтгэх хөтөлбөрүүд хэрэгжинэ. МАН-ын зүгээс олон эмч, багш, эрдэмтдийг парламентад дэвшүүлж байгаад байртай байна.
ХААИС-ийн захирал, доктор, профессор Б.Баасансүх:

-Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Хүн амыг эрүүл бүтээгдэхүүнээр хангах үйлсэд хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнд бий болсон шинэ бүтээлүүдийг ашиглах учиртай. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төр засгаас хөдөө аж ахуйн салбарыг онцгой анхаарч байгаа. Эдгээрийг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоонд суурилсан аргачлалаар ажил хэрэг болгож, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үйлсэд хөдөө аж ахуйн салбарынхаа нэрийн өмнөөс хувь нэмэр оруулж ажиллах болно.
Үйл явдал
ГХЯ: Байгалийн гамшгаас сэрэмжлүүлэн анхааруулж байна
Сүүлийн өдрүүдэд Япон Улсын зарим бүс нутагт хүчтэй аадар бороо, үер, хөрсний нуралт зэрэг байгалийн гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж буй Монгол Улсын иргэдийг болзошгүй гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Тухайлбал, тус улсын Айчи болон Гифү мужид 9 дүгээр сарын 8-ны орой хүчтэй аадар бороо орсны улмаас барилга байгууламж усанд автаж, зам талбайд үер буусны улмаас ихээхэн хохирол учруулаад байна. Мөн Шёнай голд нэг хэсэгтээ “5 дугаар түвшний үерийн онцгой сэрэмжлүүлэг” буюу хамгийн өндөр зэргийн сэрэмжлүүлэг зарласан байна.
Мөн 9 дүгээр сарын 9-ний өглөө 09:30 цагийн байдлаар Кагава, Осака, Вакаяма, Нагано, Яманаши мужийн зарим нутагт “4 дүгээр түвшний хөрсний гулгалтын аюулын сэрэмжлүүлэг”, Кагава болон Эхимэ мужийн зарим нутагт “4 дүгээр түвшний хүчтэй аадар борооны аюулын сэрэмжлүүлэг” тус тус зарлаад байна.
Иймд Японд оршин суугаа болон түр хугацаанд тус улсад зорчиж буй иргэд Та бүхэн Япон Улсын Цаг уурын агентлаг (JMA) болон оршин суугаа газрынхаа орон нутгийн захиргаанаас гаргаж буй газар хөдлөлт, цунами, аадар бороо, үер, хөрсний нуралт, тайфун болон бусад байгалийн гамшгийн талаарх мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол авч, тухай бүр анхааралтай дагаж мөрдөнө үү.
Японы гамшгийн үеийн сэрэмжлүүлгийн түвшин нэмэгдэх тусам иргэд өөрийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг шуурхай авах шаардлагатай. Тухайлбал, 5 дугаар түвшний сэрэмжлүүлэг нь амь насанд аюул учирч болзошгүй тул байгаа газартаа аюулгүй байдлаа нэн даруй хангах шаардлагатайг илэрхийлдгийг анхаарна уу.
Мөн оршин суугаа газрынхаа нүүлгэн шилжүүлэх байр, аюулгүй газар хүрэх зам, яаралтай үед холбоо барих утас зэргийг урьдчилан тодорхойлж, гар утас болон холбооны хэрэгслийн цэнэгийг бүрэн байлгахыг зөвлөж байна.
Харин Япон Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд аяллын өмнө болон зорчих хугацаандаа цаг агаар, гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг тогтмол шалгаж, шаардлагатай тохиолдолд аяллын чиглэл, хуваарьт өөрчлөлт оруулахыг зөвлөж байна.
Иргэд Та бүхэн байгалийн гамшгийн үед аливаа эрсдэлийг зөв тооцоолж, холбогдох байгууллагын сэрэмжлүүлэг, зааврыг цаг алдалгүй дагаж мөрдөхийг анхаарна уу.
Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Япон Улсад суугаа дараах Дипломат төлөөлөгчийн газарт хандана уу.
Токиод суугаа Элчин сайдын яам,Embassy of Mongolia in Tokyo:
Embassy of Mongolia in Japan, 21-4 Kamiyama-Cho, Shibuya- Ku, Tokyo 150-0047
Утас: 81 (3) 3469-2088
81 (3) 3469 2195, 81 (3) 3469 2179 (Консулын газар)
81 (3) 3469 2162 (Ёслол), 9868-2299 (гар утас)
Факс: 81 (3) 3469 2216
Цахим шуудан:tokyo@mfa.gov.mn
Шуурхай утас: +81 9033191397
Осакад суугаа Ерөнхий консулын газар,Consulate-General of Mongolia in Osaka:
Consulate General of Mongolia in Osaka, 3f Estate Bakurochiyou BLDG
1-4-10 Bakuromachi,Chuo-ku, Osaka City Japan 541-0059
Утас : 81 (6) 4963-2572, Факс: 81 (6) 4963-2574
Цахим шуудан:osaka@mfa.gov.mn
Шуурхай утас: +81 649632572
Үйл явдал
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Үйл явдал
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
-
Дэлхий нийтээр..2022/05/19
Шинэ Нисэх буудлын хилийн хяналт, гаалийн ажилтан албан хаагчдын тоог нэмэгдүүлн...
-
Дэлхий нийтээр..2021/08/30
Зорилтот бүлгийн иргэдийг өнөөдрөөс гурав дахь тунд хамруулна
-
Тод зураг2020/02/04
Амны хаалтыг хилээр шуурхай нэвтрүүлж байна
-
Үйл явдал2022/01/25
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
