Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

М.Нургул: Цахимаар ирсэн мэдээллийн эх сурвалжийг нягтлаагүйгээс санхүүгийн залиланд өртдөг

Огноо:

,

Сэтгүүлч:

Эх сурвалж Монголбанк


Дижитал хэрэглээ эрчимжих тусам залилагчид хэрэглэгчийн хувийн мэдээлэлдээ мэдлэггүй, хайхрамжгүй, болгоомжгүй ханддаг байдлыг нь ашиглан цахим орон зай руу тань халдаж санхүүгийн хохирол учруулах тохиолдол ихсэх болсон. Тиймээс Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, Монголын банкны холбоо болон арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон санхүүгийн луйвраас сэргийлье “НЯГТЛАХ ТУСАМ АЮУЛГҮЙ” аяныг хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна. Энэ удаа Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Нургултэй цахим халдлага, эх сурвалжийн аюулгүй байдлын ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. ЦЕГ, Монголбанк болон Монголын банкны холбоо, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл “Нягтлах тусам аюулгүй” аяныг эхлүүлээд байгаа. Аяны дараагийн үе шатыг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь юу бэ?

– Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоотой хамтран он гарснаас хойш залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор “ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ” аяныг нэг сарын хугацаатай хэрэгжүүлэн амжилттай дуусгасан. Уг аян нь иргэд олон нийтэд сайшаагдан, үр дүн сайтай ажил болсон учраас цаашид аяныг дэлгэрүүлэх, эрх зүйн нэмэлт мэдлэг, мэдээлэл, сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөх хэрэгтэй гэж үзсэн юм.

Дижитал хэрэглээ эрчимжих тусам санхүүгийн луйвар, залилах төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Мөн энэ төрлийн гэмт хэрэг нь санхүүгийн хямрал, хүндрэл нэмэгдэхийн хэрээр луйварчид иргэдийн сул тал дээр дөрөөлж, залилан мэхлэх аргаар иргэдийн эд хөрөнгө, мөнгийг луйвардах хандлагатай байдаг. Нөгөө талаас төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролд анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл төр, хувийн хэвшил иргэд гурав нийлж тухайн улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангадаг байх нь. Үүнд бидний аяны гол зорилго оршиж байна.

Ер нь санхүүгийн луйвар, залилан нь иргэдийн заавал мэдэж байх ёстой санхүүгийн суурь мэдлэгт ордог сэдвүүдийн нэг юм. Тиймээс “Нягтлах тусам аюулгүй” аяныг хоёр үе шаттайгаар эхлүүлээд явж байна. Энэ удаагийн аянг нийгмийн хариуцлагын хүрээнд ХААН Банк хамтран, дэмжин ажиллаж байгаад талархаж байна. Санхүүгийн мэдлэгийг түгээх нь өөрөө санхүүгийн салбартаа маш том давуу талтай.

Цаашид бусад арилжааны банкууд энэхүү аяныг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

-Онцгой нөхцөл байдалд буюу коронавирусийн халдвар тархсан эдгээр өдрүүдэд иргэдэд мэдээллийг хэрхэн хүргэж ажиллаж байна вэ?

-Олон нийтийг цуглуулж болохгүй, сургалт зохион байгуулж болохгүй байгаа энэ үед аль болох цахим ертөнцийг ашиглаж мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Хамтран ажиллаж байгаа байгууллагууд маань олон салбар, нэгжүүдтэй нь аяны талаарх мэдээллийг орон даяар хүргэхэд нилээд том дэмжлэг болж байна. Төв банк гэхэд 17 салбартай. Дээр хэлсэнчлэн олон нийтийн сүлжээ, мэдээллийн сайт, байгууллагуудын цахим хуудсуудаар иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж байна. Иргэн та энэ төрлийн мэдээллийг авахыг хүсвэл хамтран ажиллаж байгаа байгууллагуудын албан ёсны мэдээллийн сайт, цахим хуудаснаас, мөн олон нийтийн мэдээллийн портал сайтуудаас мэдээлэл авч болохоос гадна, өөрт ойрхон цагдаагийн байгууллагаас хууль эрх зүйн тусламж, мэдээлэл авах боломжтой.

– Цахим орчинд хуурамч мэдээллийг сайн нягтлаагүйгээс мэдээллээ алдаж, санхүүгийн эрсдэлд орох тохиолдол их байна? Ер нь эх сурвалжийн аюулгүй байдал гэж юуг хэлэх вэ?

-Тиймээ. Сэдвүүдийг нэг бүрчлэн ярих нь зөв байх. Эх сурвалжийн аюулгүй байдал гэж юу вэ? Ямар эх сурвалжаас мэдээлэл ирээд байгаа вэ? гэдгийг эхлээд ярих хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд цахим хэрэглээ хурдтай хөгжиж байна. Манай улсад ч гэсэн энэ хэрэглээ өндөр байгаа. Гурван сая гаруй иргэнтэй мөртлөө хоёр сая долоон зуун иргэн цахим орчинг идэвхтэй хэрэглэдэг. Цар тахлын үед иргэд гэрээсээ онлайнаар ажиллах, бараа бүтээгдэхүүнээ худалдах, худалдаж авах зэрэг цахим орчны харилцаа нэмэгдсэн.

Харин луйварчид энэ боломжийг хүлээж байдаг. Шинэ нөхцөл байдал үүсэх бүрт залилан хийх аргаа нарийн төлөвлөж ажилладаг. Хамгийн гол нь танд юу дутагдалтай болохыг таниас түрүүнд мэдэж ажиллах аргаа боловсруулдаг гэсэн үг.

Хэдэн жилийн өмнө иргэдийн мэдлэг, мэдээлэл муутайг далимдуулан мэйлээр та азтан боллоо, та “Green card” хожлоо гэх санал их ирдэг байсан бол хүүтэй мөнгө зээлнэ, барьцаагүй мөнгө зээлдүүлнэ гэх мэт залилангийн хэргүүд нэмэгдэх хандлагатай болсон. Өнөөдрийн байдлаар иргэдэд мөнгө хэрэгтэй байгаа учраас хүүтэй мөнгө зээлэх, хоногийн зээл их авч байна. Тэгэхээр энэ мэт нийгэмд үүссэн халуун сэдэв дээр л луйварчид тоглолт хийдэг. Мөн ажлын санал тавих, онлайн бизнес санал болгох, бараа бүтээгдэхүүн санал болгох гэх мэтчилэн олон аргаар залилах болсон байна. Өөрөөр хэлбэл залилагч этгээд тухайн цаг үед иргэдийн дунд ямар асуудал тулгамдаж байна түүн дээр санхүүгийн луйварчид тоглолт хийдэг гэсэн үг. Сүүлийн үед цахимаар үйлдэх гэмт хэргүүд өссөн учраас иргэдэд хандаж хэлэхэд энэ төрлийн мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх, цахим орчинд болгоомтой байх, фэйсбүүк, мэйл хаягныхаа нууц үгийг тогтмол солих хэрэгтэй. Тэгж байж та цахим орчинд аюулгүй байх эхний алхам нь бүрдэж байна гэж хэлмээр байна.

-Санхүүгийн луйвар, залиланг хэрхэн мэдэх вэ? Тодорхой шинж тэмдэг гэж байна уу?

-Хамгийн эхлээд энэ надад яг хэрэгцээтэй байгаа зүйл мөн үү? Үнэн үү? гэдгийг судлахад цаг гаргаж судлаж хэвших хэрэгтэй.

Луйварчид бараг хүн бүрийг бай болгосон байдаг. Зарим луйвар, заль мэхийг олж танихад хялбар байдаг бол зарим нь жинхэнэ санал, эсвэл наймаа мэт санагдах учраас олж танихад хэцүү байдаг.

Хамгийн энгийн жишээ гэвэл танд мэйл ирлээ гэж бодоход тухайн мэйл ямар агуулгатай байна вэ гэдгийг шалгана. Мэдээж таны мэдэхгүй хаягнаас ирнэ. Мэдэхгүй фэйсбүүкээс найзын хүсэлт, мэссэнжерт тань хүсэлт ирвэл бодит хаяг мөн үү, дундын найз байна уу гэх мэтээр эх сурвалжаа сайн шалгах хэрэгтэй. Мөн хуурамч мэдээлэлд ихэнхдээ линк дагалддаг. Доорх линк дээр дарснаар идэвхижнэ, бүртгэгдэнэ. Уг линкний өргөтгөлийг анзаарах хэрэгтэй.

Жишээ нь бид ихэнхдээ www гэж хайдаг. Та анзаарсан бол урьд талд нь https:// гэсэн өргөтгөлтэй байдаг. Харин луйвар хийдэг хаяг өргөтгөлөөс “S” үсгийг авсан буюу http:// гэж бичигдсэн байдаг. Ганц үсэг дээр тоглолт хийнэ гэсэн үг. Иймэрхүү нарийн зүйлийг хүн тэр болгон анзаарахгүй. Эхний гурван үсгээ хараад тэгээд цаашаа шалгаад байдаггүй. Мөн таны харилцдаг банкнаас, эсвэл санхүүгийн байгууллагаас мэйл ирэхэд өргөтгөл нь баталгаатай эсэхийг харж хэвшээрэй. Мөн тухайн банкны нэр нь com, mn зэрэг улс орнуудаас шалтгаалж өөр өөрөөр бичигддэг. Солонгос бол kr, Оросынх ru гэх мэт. Тэгэхээр өргөтгөл хэсэг чухал гэдгийг давтаж хэлмээр байна. Шалгахаасаа төвөгшөөсөн нэг үйлдэл л таныг том эрсдэлд оруулж болзошгүй гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Ер нь бол шалгах маш амархан. Тухайн байгууллага, банкны сайт руу орох, лавлах утасруу нь залгаад л болоо шүү дээ.

-Танд дээрх маягаар санал ирсэн тохиолдол байна уу?

-Би өөрт тохиолдсон бодит жишээг хэлж болно. Магадгүй танайх олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг бол DHL илгээмж ирлээ гээд мессеж ирдэг. Манай найз явуулсан илгээмж үү, хэн явуулсан нь сайн мэдэгдэхгүй. Илгээмжээ авахын тулд хавсралтаа татаж авах шаардлага тавьсан. Би DHL руу утсаар лавлахад манай email биш гэсэн хариу өгсөн. Магадгүй тухайн хавсралтад таны компьютерт нэвтрэх вирус явж байгааг үгүйсгэхгүй. Та танихгүй хаягнаас ирсэн аливаа линк, татах материалыг нээснээр өөрөө хаалгаа нээгээд өгч байгаатай ялгаагүй. Тийм учраас хавсралттай, үл таних, мэдэхгүй хаягнаас ирсэн мэйлүүдийг нээхгүй устгаж хэвшинэ үү.

-Бид фэйсбүүкт хаана, юу хийж байгаа бүхий л мэдээллээ нээлттэй тавчихдаг болсон. Үүнээс луйварчид санаа авах боломжийг бид өөрсдөө олгож байгаа юм шиг?

-Тиймээ. Фэйсбүүкээс их олон мэдээллийг харах боломжтой болсон. Гэр бүлийн байдал, ажиллаж байгаа газар, найз нөхдийг нь мэдчихнэ. Муухан үзмэрчээс илүү мэдээлэл өгнө шүү дээ. Тиймээс мэдээллээ цахим орчинд хуваалцахдаа хязгаарлалт тавьж байгаарай. Ингэснээр та өөрийгөө эрсдэлээс хамгаалж чадна.

Эцэст давтаж хэлэхэд санхүүгийн луйварчид таны үлдээсэн мөрөөс тань зовлонг олж мэдчихээд тан дээр ирдэг тул таныг луйвардах арга мэхээ аль хэдийн боловсруулсан байдаг шүү. Нөгөө талаас аливаа нэг бараа бүтээгдэхүүн, бизнес, хөрөнгө оруулалт хэзээ ч 100 хувийн өгөөж өгдөггүй гэдгийг маш сайн ойлгох ёстой.

Сүүлийн сугалаа нэрээр хүмүүсийг залилах тохиолдол их байна. Жишээ нь “Приус 30”-ын азтан тодруулна. Та 3000 мянгөн төгрөгөөр бүртгүүлээд гэнэтийн байдлаар азтан болоорой гэх мэт. Үүнд хүмүүс бага мөнгөөр их зүйлтэй болох хүсэлдээ хөтлөгдөж азаа үздэг. 3000 төгрөг надад юу ч биш, оролцоод азаа үзье гэж бодоод мөнгөө илгээдэг. Цаана нь та дансны мэдээллээ л алдаж байгаа шүү дээ. Тэрнээс биш 3000 мянган төгрөгөөр машины азтан болно гэж юу байх вэ дээ. Нөгөө талаас та зүгээр нэг луйварчинг тэжээгээд байна шүү дээ. Баталгаатай зүйл бол ядаж пэйж дээр нь холбоо барих утас, хаяг, оффис, байгууллагын нэр байх ёстой. Гэтэл тийм зүйл байхгүй байхад л хүмүүс тэр сугалаанд нь оролцоод байдаг.

– Иргэд санхүүгийн дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас олж авах боломжтой вэ? Танайхаас энэ тал дээр ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?

-Монголбанк, СЯ, СЗХ, БСШУСЯ хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлээд дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд санхүүгийн суурь мэдлэг олгох сэдвүүдийн бэлтгэн, сургалт соён гэрээгүүлэх ажлуудыг тогтмол хийж ирлээ.

Мөн санхүүгийн суурь мэдлэгтэй холбоотой 10 сэдвийн сургалтыг www.sankhuugiinbolovsrol.mn сайтнаас авах бүрэн боломжтой.

Суурь сэдэв болгоны талаар мэдээллүүд дэлгэрэнгүй орсон байгаа. Дээрээс нь “Санхүүгийн боловсрол” facebook пэйж хуудас ажиллаж байгаа. Иргэн та энэ төрлийн мэдээллийг хайлтын системээс хайхад хангалттай тооны мэдээлэл олох боломжтой.

-Санхүүгийн луйвар нь ганц нэг банкны, ЦЕГ-ын асуудал биш болж. Олон талын оролцоо чухал юм байна шүү?

-Яг тийм. Аяны эхний алхам буюу “Ятгах тусам нягтал” аянаар бүхий л боломжтой сувгуудаар иргэдэд мэдээлэл хүргэхийг хичээсэн. Харин энэ удаагийн “Нягтлах тусам аюулгүй” аяныг мөн л олон байгууллагууд дэмжин оролцож байна. Арилжааны банкууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аяныг дэмжин ажиллаж байна. Санхүүгийн луйвар гэдэг чинь таны хэлдгээр ганц санхүүгийн байгууллагын асуудал биш болжээ. Системийн, салбарыг эрсдэлд оруулах хэмжээнд яригдах болсон.

Банкны салбар өөрөө итгэл дээр оршдог маш эмзэг байгууллага.

Нэг гадны жишээ дурдъя. Америкт нэг өдөр бороо оржээ. Хэсэгхэн зуур ширүүн бороо орох үед иргэд банкны үүдэнд бөөнөөр зогссон байна. Үүнийг харсан иргэд банк дампуурах гэж байна гэж ойлгоод сүүлд нөгөө банк дампуурсан тохиолдол гарчээ. Тиймээс итгэл гэдэг чинь өөрөө маш чухал. Бүх банк санхүүгийн тогтвортой байдлын төлөө хамтдаа алхаж байгаа учраас ХААН Банк энэ аяныг дэмжиж ажиллаж байгаад талархаж байна. Цаашид гэсэн дараа дараагийн арилжааны банкууд гарч ирээд энэ аяныг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Бидэнд ярих сэдэв их байна. Анхааруулах зүйл ч их байна.

-Санхүүгийн луйвар залилан нь ганц хоёр сарын аянгаар дүгнэхээс илүүтэйгээр уг аяны хүрээнд иргэд олж авсан мэдээллээ цаашид мэдлэг болгох хэрэгтэй юм байна гэж миний хувьд дүгнэж байна л даа.

-Таны хэлсэн зөв. Хүн нэг өглөө босоод санхүүгийн мэдлэгтэй болчихлоо гэж хэлэх боломжгүй. Яагаад гэвэл санхүүгийн мэдлэг гэдэг нь өөрөөр МЭДЛЭГ, ЧАДВАР, ХАНДЛАГА гэсэн гурван зүйлд дээр яригддаг.

МЭДЛЭГ: Та надаас эх сурвалжийн аюулгүй байдлын талаар мэдлэг авчихлаа.

ЧАДВАР: Тэр мэдлэгээ хэрэгжүүлж эхлэх, эх сурвалжаа шалгаж эхлэхийг хэлж байна.

ХАНДЛАГА: Эх сурвалжаа шалгах дадлыг өөртөө бий болгож байна. Санхүүгийн сахилга баттай болгож байна гэсэн үг.

Бидний үүрэг нь иргэдийг алдахаас нь өмнө сэрэмжлүүлж, мэдлэг, мэдээллээр хангах юм. Эцэст нь иргэддээ зөвлөхөд “Та өөрөө л өөрийгөө хамгаалж чадна. Таны асуудлыг хэн ч мэдэхгүй. Иймд та мэдээллийн эх сурвалжаа сайн шалгаж, нягталж байгаарай” гэж давтан хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Огноо:

,

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа. 

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна. 

Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ. 

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.

Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо

Огноо:

,

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.

Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.

Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Огноо:

,

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны дунд Хөх морь сарын шинийн есөн буюу 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо.

Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.

Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.

Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.

Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.

Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.

Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.

Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.

Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.

Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.

Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.

Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.

Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/07/03

"Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо ц...

Дэлхий нийтээр..2026/07/03

Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал за...

Үйл явдал2026/07/03

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсы...

Үйл явдал2026/07/03

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн б...

Дэлхий нийтээр..2026/07/03

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Үйл явдал2026/07/03

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үй...

Үйл явдал2026/07/01

Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгд...

Үйл явдал2026/07/01

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаалж эх...

Үйл явдал2026/07/01

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмж...

Үйл явдал2026/07/01

Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн х...

Үйл явдал2026/07/01

“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо

Үйл явдал2026/07/01

Оюутолгойн хэлэлцээрийг Монголд ашигтай хувилбараар тохиролцлоо

Үйл явдал2026/07/01

Зорчих эгнээ хааж зогсох нь түгжрэл, ослын эрсдэлийг нэмэгдүүлнэ

Хэн юу хэлэв...2026/07/01

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжи...

Үйл явдал2026/06/30

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн үйл ажиллагааг танил...

Үйл явдал2026/06/30

Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Үйл явдал2026/06/30

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сон...

Хэн юу хэлэв...2026/06/30

Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалду...

Үйл явдал2026/06/30

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Үйл явдал2026/06/30

“Хамгаалсан байгаль - Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг эх...

Үйл явдал2026/06/30

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Сэлэнгэ аймагт эхэллээ

Үйл явдал2026/06/30

Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” ...

Дэлхий нийтээр..2026/06/29

Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээд...

Дэлхий нийтээр..2026/06/29

Трамп дижитал үйлчилгээний татвар ногдуулсан орнуудад 100 хувийн имп...

Үйл явдал2026/06/29

Анхааруулга!

Үйл явдал2026/06/29

Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөв...

Үйл явдал2026/06/29

Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд...

Үйл явдал2026/06/29

Хөвсгөл нуур орчимд олон улсын стандартад нийцсэн хог хаягдлын байгу...

Үйл явдал2026/06/29

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Үйл явдал2026/06/25

Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгө...

Санал болгох