Дэлхий нийтээр..
Д.Тэрбишдагвын ном Франкфуртын олон улсын үзэсгэлэн яармагт танилцуулагдлаа

500 жилийн түүхтэй Франкфуртын үзэсгэлэн яармаг нь дэлхийн хамгийн том номын тэргүүлэгч яармаг юм. Мөн олон улсын шинэ номын танилцуулга, маркетингийн гол цэг болохоос гадна номыг дэлхийн өнцөг булан бүрт түгээн дэлгэрүүлэх платформ билээ. Номын ертөнцийнхөн нэгэн дээвэр дор цугларч, оюун санааны бүтээлүүдээ танилцуулдаг учир зохиолч уран бүтээлчид, эрдэмтэд, судлаач шүүмжлэгчид, хэвлэл мэдээллийнхэн, хэвлэлийн үйлдвэрийнхэн болон олон нийтийн хэрэгслийн анхаарлыг гойд татдаг.

Эхний гурван өдөр зөвхөн номын салбарынхан л өөрсдөө оролцож номын шинэ зах зээлтэй танилцдаг бөгөөд дараагийн хоёр өдөр нь номонд дуртай уншигчдад нээлттэй болж, улмаар шууд борлуулалт хийх боломжтой болдог юм байна. Хэдийгээр цар тахлын улмаас оролцогчдын тоо хязгаартай, хорио цээрийн дэглэмийн хяналт чанга байгаа ч Франкфуртын 73 дахь номын олон улсын үзэсгэлэн яармагт энэ удаа 80 гаруй орны 2000 орчим албан ёсны төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсыг төлөөлөн УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” буюу “IM JAHR DES ROTEN AFFEN – Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor” номоороо оролцож, эх орноо сурталчилж байна. Тэрээр “Цар тахлын үед бүх үндэстэн, бүх насныхныг холбосон оюун санаа, соёлын гүүр бол ном гэдгийг өнөөдөр харуулж байна” хэмээн онцлов. Түүний номыг Германы “Eulenspigel” хэвлэлийн групп 2020 оны эхээр герман хэлтэй уншигчдын хүртээл болгосон юм. Герман хэлээр дэлхийд 130 сая хүн ярьдаг. Д.Тэрбишдагвын ном түүний сурч, амьдарч, ажиллаж байсан Германд, цаашилбал ойр орчмын Австри, Швейцарын том номын дэлгүүрүүд, Амазонд тавигдсан байна. www.amazon.de




Жил бүрийн 10-р сарын дундуур таван өдөр үргэлжилдэг энэхүү арга хэмжээ Германы Франкфуртын үзэсгэлэнгийн талбайд 2021 оны 10-р сарын 24-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн үзэсгэлэн яармагийн тасалбарыг зөвхөн онлайнаар худалдаалж, 2-оос доошгүй удаа вакцинд хамрагдсан гэрчилгээ зэрэг баримт бичгийг нягтлан үзэж нэвтрүүлж байна.
73 дахь удаагийн Франкфуртын номын үзэсгэлэн яармагийг Соёлын яамны сайд Моника Грюттерс нээж, бүтээлчээр "сэрэхийг" уриалав. Тэрээр "Өнөөдөр бид утга зохиол, сэтгүүл зүйн ертөнц Франкфурт руу буцаж ирсний баярыг тэмдэглэж байна. Цар тахлын үед унших материал нь ердийнхөөс ч илүү "сэтгэлийн хоол" болж, хүмүүст цар тахлын хүнд хэцүүг давахад ташуур болж байна. Энэхүү яармаг нь ном, хэвлэлийн салбарын дэлхийн хамгийн том платформ юм. Номын салбарыг амьд байлгаж, хямралыг амжилттай даван туулж чадсан бүх хүмүүст талархал дахин дахин илэрхийлье” гэв.

Энэ жилийн үзэсгэлэн яармагийн албан ёсны зочин орноор Канад улс оролцож байна. Канадын алдарт зохиолч Маргарет Этвуд "Ном цаг хугацааг ухраах хэрэгсэл, сэтгэлийн машин, оюун санааны цангааг тайлагч эм юм. Ном унших бүртээ тантай ярьж буй дуу хоолойг сонсдог. Та хичнээн их ганцаардсан байсан ч хамаагүй, та ном уншиж байхдаа ганцаараа биш гэдгээ мэдэх болно” хэмээн иш татав.
Мөн Франкфурт хотод Канадын ерөнхий амбан захирагч Мэри Мэй Саймон хүрэлцэн ирж нээлтийн ёслолд оролцон номын ач холбогдлыг онцлон хэлээд зогсохгүй уугуул иргэдийнхээ аман уламжлалын тухай дурдаж, “Бидний өмнөх үеийн түүх биднийг холбож, хүч чадал өгдөг. Бид бие биендээ сайн түүхээ хэлэхээс гадна муу түүхээ ч дэлгэх ёстой юм. Ингэснээр тухайн ард түмний өнөөгийн байдал, ард түмнүүдийн хоорондын ойлголцол, ардчилалын тухай илүү мэдээлэл авах болно ” хэмээн онцлов.

Үзэсгэлэн яармагийг зохион байгуулагчид “Цар тахлаас өмнө дэлхийн 75 орны 10,000 гаруй сэтгүүлчид зорьж ирж энэ арга хэмжээг сурвалжилдаг төдийгүй 106 орны 7,135 хэвлэлийн салбарынхан яармагт оролцож, 300,000 гаруй жирийн уншигчид цугларч байсан түүхтэй юм. Гэвч цар тахлын хорио цээрийн дэглэм дэлхий дахинд цуцлагдаагүй ийм цаг үед 2000 гаруй номын салбарын албан ёсны уран бүтээлчид, хэвлэлийн компанийхан зорьж ирэн, 2020 ба 2021 оны уран бүтээлүүдээ дэлгэн харуулж байгаа гэдгээрээ энэ арга хэмжээ ямар чухал ач холбогдолтой болохыг илтгэж байна” хэмээн нээлтийн ёслол дээр мэдээллээ.
Видео: Нээлтийн арга хэмжээ
Ном бүтээгчид бол хэл, орон зайд үл баригдан соёлыг түгээгчид билээ. Д.Тэрбишдагва нь олон улсын номын яармагт оролцохоос гадна Германы хотуудад зочилж ном болон Монголын түүх, зан заншил, өв соёлыг танилцуулж байна.
Уулзалтын хуваарь, мэдээллийг доорх линкээс үзнэ үү www.eulenspiegel.com
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
-
Хэн юу хэлэв...2020/12/16
Б.Лхагвасүрэн: Бизнесийн харилцааны суурь зарчмаа эвдэлгүйгээр эрсдэл болон зард...
-
Дэлхий нийтээр..2021/08/24
"Аравт" морин цэргийн уралдаанд Монгол, ОХУ, Казахстан, Узбекистаны ба...
-
Үйл явдал2023/06/30
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
-
Үйл явдал2020/04/21
УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана
