Дэлхий нийтээр..
ЭЗБХ: “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2023.04.21/ хуралдаж, “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93.3 дахь хэсгийг үндэслэн төслийг Байнгын хороогоор дахин хэлэлцүүлэх горимын санал гаргаж дэмжигдсэн юм.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, тогтоолын төсөлд төмөр замын асуудлыг тусгахгүй юу хэмээгээд, мухар төмөр замыг хэрхэх, стандарт зөрчсөн зүйлийг залруулах талаар ямар арга хэмжээ авахаар төлөвлөж буйг тодруулсан.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат, Б.Баттөмөр гишүүний ярьж байгаа стандарттай холбогдолтой асуудлыг тогтоолын төсөлд дэлгэрэнгүй тусгаж байгаа. “Эрдэнэс таван толгой” компанийн үндсэн үйл ажиллагаанд Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартыг ягштал мөрдүүлэх ёстой гэсэн асуудлыг тусгасан. Мөн олон улсын хэмжээнд уул уурхайн компанид тавигддаг нөхцөл шаардлага, стандартыг хангуулах талаарх заалтыг нэмэлтээр оруулж ирж байгаа гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Тогтоолын төсөлд тусгасан УИХ-ын 2023 оны 08 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын хэрэгжилтийн талаар тусгажээ. Үүнийг 1072 хувьцаатай холбоотой асуудал гэж ойлгож болох уу хэмээн тодруулаад, 1072 хувьцаа олгогдсоноос хойш 90284 иргэн нас баржээ. Энэ хүмүүсийн өв залгамжлалын асуудлыг ярих ёстой. Мөн 13365 хүн монголын харьяатаас гарсан байна. Энэ хувьцаа олгогдсоноос хойш шинээр 900.000 гаруй хүүхэд төрсөн байна. Энэ хүүхдүүдэд шинээр хувьцаа олгох уу, үгүй юу гэж асуусан.
Тэрбээр, нийт хувьцаа авсан 440.000 иргэн өнөөдрийг болтол ногдол ашиг огт аваагүй байна. Тэгэхээр 1072 хувьцаатай холбоотой асуудлуудыг цэгцлэх, цаашлаад компани ашигтай ажиллаад байвал ногдол ашиг тараах, иргэд 1072 борлуулж эдийн засгийн эргэлтэд оруулдаг, өвлүүлдөг болох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Засгийн газраас УИХ-ын 8 дугаар тогтоолын дагуу 1072 хувьцаа эзэмшигчдийн асуудлыг нэг мөр шийдэх асуудлыг судлаад өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс тодорхой үүрэг чиглэл өгсөн. Монгол Улсын иргэн бүр 1072 хувьцаа эзэмшигч болох, 2012 оны 04 дүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд бүрийг 1072 хувьцаа эзэмшигч болгохыг үүрэг болгосон. “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцааг нээлттэй хөрөнгийн биржээр арилжаалагдах боломжгүйгээр гаргасан байна. Энэ том уул уурхайн компанийн хувьцаа нэг дор төвлөрөхөөс урьдчилан сэргийлэх, иргэн бүр тус компаниас ногдол ашиг хүртдэг байх боломжийг бүрдүүлэх зорилготой байсан учраас арилжаалах боломж өнөөдөртөө байхгүй. Цаашдаа ч арилжаалах хэлбэр рүү орох боломж хомс юм билээ. Бас хувьцаатай холбоотой хэдэн асуудал үүсээд байгаа. 2015 онд Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газрын үед 1072 хувьцааг мөнгөжүүлэх ажлыг тодорхой түвшинд хийсэн. Оюутны сургалтын төлбөр, ахмадуудаас хувьцааг нь шууд худалдаж авах зэрэг. Энэ нь цаашдаа бүх иргэн хувьцаа эзэмшигч болоод явах нөхцөлд доголдол үүсгээд байгаа. 1072 хувьцаа эзэмшигчид ногдол ашгийг хүртэж чадахгүй яваа асуудал бас байна. Тиймээс Засгийн газрын зүгээс иргэн бүр хувьцаа эзэмшдэг байх, жил бүр ногдол ашгийг тогтмол авдаг байх асуудлыг шийдэхээр байгаа гэдгийг хэлмээр байна. Монгол Улсад иргэн бүр “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцаа эзэмшигч болно, нас нөгчсөн, Монгол Улсын иргэншлээс гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрх хаагддаг байх зохицуулалт хийх юм гэлээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Байнгын хорооноос боловсруулсан “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
-
Дэлхий нийтээр..2023/05/16
Ерөнхий сайд хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт сайтар бэлтгэхий...
-
Үйл явдал2024/04/09
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үйл явдал2022/03/25
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
-
Дэлхий нийтээр..2021/06/04
Вакцинжуулалт хүний эрхийг зөрчиж буй, эсэх асуудлаар Ажлын хэсэг байгуулж, Нээл...
