Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах талбарт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 90МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах талбарт ажиллах үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн төслийн явц байдлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Төслийг 2018 оны 05 дугаар сард хэрэгжүүлэхээр шийдвэрлэн, Монгол Улсын Засгийн газрын 160 дугаар тогтоолоор санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж, төслийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Уг станц ашиглалтад орсноор жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд баруун бүсийг дотоодын эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтой юм.
Төслийн гүйцэтгэгчээр “Power Construction Corporation of China” болон “Power China Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл шалгарсан бөгөөд 271.48 сая ам.доллар буюу хамгийн бага үнээр барьж байгуулах юм. Ингэснээр төслийн хөрөнгө оруулалтыг 17 сая ам.доллараар бууруулж байгаа бөгөөд төслийг Европ стандартын дагуу гүйцэтгэхээр гэрээний хэлэлцээрт тусгасан.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баруун гурван аймаг эрчим хүчний хэрэглээнийхээ 70 хувийг импортоор авдаг байдлыг зогсоохын тулд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах ёстой. Эрчим хүч нь Үндэсний аюулгүй байдалд хамаарагддаг. Тийм учраас эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс бүрэн хангадаг байх цаашлаад экспортлогч орон болохыг зорин ажиллаж байна. Үүнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын үүрэг өндөр” гэдгийг онцлоод төслийг хугацаанд дуусгахад анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Сайд Б.Чойжилсүрэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас БНХАУ-ын талд хөл хорио удаан хугацаагаар үргэлжилсэн нь Экспорт-Импорт банкны зээлийн судалгааны ажил удаашрахад нөлөөлсөн ба хөл хорио цуцлагдсанаар тус банкны ажлын хэсэг энэ оны 03 дугаар сард төслийн талбарт ирж ажилласан гэдгийг хэллээ.
Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор:
- Баруун бүсэд ойрын жилүүдэд байгуулагдах ганга, нефть, уул уурхайн ордууд, цемент, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ.
- УЦС-ын барилга угсралтын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 60-80 байнгын ажлын байр шинээр бий болно.
- Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг ОХУ-аас хангасны төлбөрт жил бүр 18-20 тэрбум төгрөг төлж буйг бууруулах боломж бүрдэнэ.
- Дотоодын найдвартай эх үүсвэртэй болсноор аж ахуйн нэгжүүд бизнес өргөжүүлэх боломжтой бүрдэж, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.
- Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт сувиллын газрууд байгуулагдсанаар орон нутаг, иргэдийн орлого нэмэгдэнэ.
- Загасны аж ахуй болон усалгаатай, хүлэмжийн газар тариаланг хөгжүүлэх боломж бүрдэнэ.
-Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлэх юм.
Эх сурвалж: Монгол Улсын Эрчим хүчний яам
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
Дэлхий нийтээр..
Украйн: Батлан хамгаалахын салбарын албан хаагчид 9 жилийн хорих ял оноов
Украин улсын Авлигын эсрэг дээд шүүх “Красиловын агрегатын үйлдвэр” төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргыг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн 9 жилийн хорих ял оноосон байна.
Уг этгээд нь бизнес эрхлэгчээс 1,990,840 гривень (161,8 сая төгрөг)-тэй тэнцэх хэмжээний хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний хариуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах болон хүлээн авах явцад саад учруулахгүй байх, төлбөрийг баталгаажуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих талаар амлалт өгсөн байв.
Авлигын эсрэг дээд шүүхээс түүнийг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаас гадна өмчийн тодорхой хэсгийг хураах, удирдах албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Мөн шүүхээс гарсан шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдах боломжтой талаар мэдэгджээ.
