Тод мэдээ
Улс төрийн намын тухай болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийн хэлэлцүүлэг эхэллээ

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг Төрийн ордонд (2023.04.26) эхэллээ. Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт улс төрийн 36 намын удирдлага, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөгчид оролцож байна.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн уг төслийнхөө талаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан эдгээр төслийн талаарх Засгийн газрын байр суурийн талаарх танилцуулгыг хийж, оролцогчдоор хэлэлцүүлнэ.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа юм. Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр төслийг Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, эвслийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг, мөн Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нар боловсруулж, өргөн мэдүүлсэн. Эдгээр төслүүдийн үндсэн концепц ижил тул хамтатган хэлэлцэхээр шийдвэрлээд байгаа юм.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээлээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, 2022 оны сүүл, 2023 оны эхэнд зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгыг сануулж, иргэд Зөвлөлдөх санал асуулгаар гурван багц чиглэл өгсөн. Юуны өмнө 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлж, шаардлагатай хуулиудыг даруй баталж мөрдүүлэх, хоёрдугаарт, Үндэсний баялгийн сангийн хуулийг баталж, үндэсний баялгийг ард иргэдэд болон ирээдүй үедээ тэгш, шударга, хүртээмжтэй болгох тогтолцоог бий болгох, гуравдугаарт, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулиудыг батлах, парламентын засаглалаа бэхжүүлэх, төлөөлөх чадавхыг сайжруулах, жинхэнэ ард түмний хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх төлөөллийг бий болгож чадах тогтолцоог бүрдүүлэх чиглэлийг өгсөн гэлээ. Мөн тэрбээр, улс төрийн намууд авлига, хээл хахууль зэрэг олон сөрөг асуудлын эх үндэс болж буйг дурдаад, эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэгчлэн нэр дэвшүүлж байгаа гол институц болох улс төрийн намуудаа цэгцэлж, ард түмний төлөөллийн байгууллагаа үзэл бодлын нэгдэл болгож төлөвшүүлэх ёстой. Монгол Улсын парламентын ардчиллыг бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах, ардчилсан засаглалаа улам бэхжүүлэхэд та бүхний хувь нэмэр үнэтэй чухал хэмээн онцлон тэмдэглэж хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Тод мэдээ
АНУ: Аялал жуулчлал, ажил хэргийн шугамаар зорчих Замби, Малави улсын иргэдээс визийн барьцаа шаардана
АНУ-ын Төрийн департамент аялал жуулчлал болон ажил хэргийн шугамаар зорчих Бүгд Найрамдах Замби Улс, Бүгд Найрамдах Малави Улсын иргэдэд виз мэдүүлэхдээ 15.000 ам.доллар хүртэл барьцаа төлөх шаардлагыг тавьж эхэлснийг зарлалаа.
Тус шаардлага нь дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд багтдаг дээрх хоёр улсад “визийн хориг” тавьсантай адил гэж зарим хүмүүс үзэж байна.
Визийн хугацаа хэтрүүлэх явдлыг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлж буй энэ арга хэмжээ нь “виз олгох баталгаа болохгүй” хэмээн мягмар гарагт нийтэлсэн тус мэдэгдэлдээ анхааруулсан бөгөөд тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд барьцааг буцаан олгох юм. Тухайлбал, виз мэдүүлсэн иргэн зөвшөөрөгдсөн хугацаанд багтаж АНУ-аас гарсан, эсвэл визийн хүчинтэй хугацаанд АНУ-д зорчоогүй зэрэг тохиолдолд барьцааг автоматаар буцаан олгоно.
Малави Улсын Хүний эрхийн комиссын дарга, хуульч Хабиба Османы хэлснээр энэ барьцаа нь шударга бус бөгөөд жинхэнэ зорчих иргэдэд санхүүгийн хүнд дарамт болж байна гэжээ.
Ирэх саруудад Африк тивийн олон улсын хувьд АНУ руу зорчих нөхцөл улам хүндэрч болзошгүй байна. Хоёр сарын өмнө Африк тивийн долоон улсад АНУ-д нэвтрэх хориг, гурван улсад хэсэгчилсэн хязгаарлалт тавьсан.
Мөн түүнчлэн одоогоор төлөвлөж буй нэмэлт хориг хэрэгжвэл Баруун Африкийн дийлэнх улсын иргэдийг АНУ руу зорчихыг бүр мөсөн зогсоох магадлалтай байна.
Эх сурвалж: ГИХГ
Тод мэдээ
Дэлхий дахинаа гадаад оюутнуудын урсгал Их Британи, Ази болон Дундад Ази руу чиглэжээ
АНУ нэгэн цагт гадаад оюутнуудын хамгийн их хүсдэг, мөрөөдлийн улс байсан бол өдгөө энэ байр сууриа алдаж эхэлжээ. Учир нь АНУ-ын Засгийн газраас баримталж буй цагаачлалын хатуу бодлого, визийн нөхцөл, шаардлагыг чангатгаж буй нь АНУ-ын нэр хүндтэй сургуулиудад элсэн суралцах хүсэлтэй оюутнуудын тоо буурахад нөлөө үзүүлж байна.
Үүний улмаас АНУ-ын нэр хүндтэй их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй оюутнуудын тоо эрс буурч, тэдний дийлэнх нь Их Британи, Ази тивийн орнууд болон Дубай, Сингапур зэрэг шинэ чиглэлүүдийг сонгох болжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-д суралцах хүсэлтэй оюутнуудын тоо 30-40 хувиар буурсны улмаас тус улс 7 тэрбум долларын эдийн засгийн алдагдал хүлээх эрсдэлтэй байна. Харин Их Британид эсрэгээрээ олон улсын бакалаврын түвшний элсэлт 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Цар тахлын дараах нөхцөл байдал ч оюутнуудын сонголтод өөрчлөлт оруулжээ. Соёлын хувьд ижил төстэй, дасан зохицоход хялбар орнуудад суралцах хандлага эрчимжиж, Малайз, Хонгконг, Сингапурт суралцах сонирхол ихэссэн байна. Тухайлбал, Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бакалаврын элсэлт 40 хувиар нэмэгдсэн байна.
Мөн өмнө нь боловсролын чиглэлээр тэр бүр анхаарал татдаггүй байсан Арабын Нэгдсэн Эмират улсын гадаад оюутнуудын тоо 2024-2025 онд 33 хувиар өсжээ. Дубайд байрлах олон улсын сургуулиудын салбар кампусууд өргөжин хөгжиж, бүс нутгийн боловсролын шинэ төв болон төлөвшиж байна.
Үүнтэй адил Illinois Tech, Arizona зэрэг АНУ-ын их сургуулиуд Казахстан улсад салбараа нээж, Төв Азийг олон улсын боловсролын шинэ зангилаа болгох алхмууд хийгдэж байна.
Эх сурвалж: ГИХГ
Тод мэдээ
Цахилгаан дугуй, скүүтэрийн зогсоол хийж байна
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд явган зорчигчийн зам дээр замбараагүй байршуулсан мопед, скүүтэрийг цэгцлэх асуудлаар “Eco bike”, “Таbо” компанийн төлөөлөл болон Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газрын удирдлагатай уулзсан.
Энэ үеэрээ гудамж талбайд эмх замбараагүй байршуулсан цахилгаан дугуй, скүүтэрийг тодорхой таних тэмдэг бүхий зогсоолтой болгохыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярт үүрэг болгосон.
Тэгвэл өчигдрөөс Бага тойруу дотор 105 байршилд 2460 ширхэг цахилгаан дугуй, мопед, скүүтэрийн тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолыг хийж эхэллээ.
Өнөөдрийн байдлаар Мөнгөн завъяагийн уулзвараас СУИС-ын уулзвар хүртэл 250 скүүтэр, мопед байршуулах боломжтой зогсоолыг тэмдэглэж байна.
Зориулалтын тэмдэг тэмдэглэгээ бүхий зогсоолд скүүтэр, мопедоо байршуулаагүй, явган иргэдийн зорчих хэсэгт саадтай, эмх замбараагүй байршуулсан түрээсийн үйлчилгээ эрхлэгч компанийн цахилгаан дугуй, скүүтэр, мопедыг наймдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн журамлаж ачих бөгөөд мотоцикл, суррон, мопед, скүүтэр тус бүрийг 30.000 төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авах гэнэ.
Түрээсийн үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн техникээ арчлах, зориулалтын зогсоолд байршуулах, иргэдэд төвөг, чирэгдэл болохгүй байх зэрэг үүргийг хүлээх юм.
Тээврийн цагдаагийн албанаас өгч буй мэдээллээр мопед, скүүтэрийг өдөрт дунджаар 18000 орчим хүн түрээсээр ашигладаг бөгөөд гудамж талбай, авто болон явган хүний зам, гарц, гүүр зэрэгт орхих, замбараагүй байршуулсаар байгаа нь хотын өнгө үзэмж, иргэдийн явганаар зорчих хөдөлгөөнд саад учруулж байна гэх гомдлын шалтгаан болсоор байна.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
-
Тод мэдээ2020/08/14
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс өмнөх сараас 0.5 хувиар өслөө
-
Тод мэдээ2024/11/13
УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй уулзлаа
-
Тод мэдээ2021/02/05
Сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой утсаар ярив
-
Тод мэдээ2021/09/08
УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр 17 хүний баримт бичгийг ирүүлээ...