Дэлхий нийтээр..
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулах үеэр УИХ дахь АН-ын бүлгээс авсан нэг хоногийн завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төслийн талаарх зарчмын зөрүүтэй 96 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал” гэж тухайн орон нутгийн иргэд, нөхөрлөл жуулчинд энэ хуулийн 11.1-д заасан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхийг;” гэж, мөн “.“отоглох цэг” гэж аялал жуулчлалын эрэлт, байгаль орчны даацад нийцүүлэн хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд зориулагдсан, өөрийн стандарт бүхий, жуулчинд зориулсан түр байрлах үйлчилгээний цогц орчныг;” гэсэн агуулгатай 4.1.12, 4.1.13 дахь заалт нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Мөн Ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёололтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэлж байлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, “Нийт аялал жуулчлалын 50 гаруй нь тусгай хамгаалалттай газар байдаг. Гэр бааз, морь хөтөлдөгт нь зөвшөөрлийг нь өгдөггүй, нутгийн иргэдэд өвөлжөө, хаваржаа барих, бүр түлээний мод бэлтгэх эрх байдаггүй. Өөр бүсэд очих шаардлагатай болдог. Хамгаалах нэрийдлээр хэдэн хүний хамгаалалтад өгөхөөр нутгийн иргэдээс илүү буруу ашиглах явдал гардаг тул хуулийн төслийн 3.2 дахь заалтыг дахин ярилцах шаардлагатай" гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, "Хөтөч, тайлбарлагч хийх хүн бүртгүүлж, үнэмлэхтэй байж жуулчны үйлчилгээ үзүүлнэ гэж заасан байна. Гэтэл жуулчны баазад тухайн чиглэлийн асуудлыг сайн мэддэг түүхч, судлаач, геологч зэрэг мэргэжлийн эрдэмтэн хүмүүс заавал сургалтад сууж, үнэмлэх авах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Хуралдаан даргалагч гишүүдийн хэлсэн саналтай холбогдуулан төслийн тусгай хамгаалалтай газар нутаг дахь аялал жуулчлалын үйл ажиллагаа, даатгал, аялал жуулчлалын бүс, отоглох цэг болон мэргэжлийн холбооны үйл ажилагаа, хүрээ хязгаар болон шилжилтийн үеийн зохицуулалтыг хөндсөн зарим саналын томьёоллуудыг гүйцээн боловсруулах чиглэлийг Эдийн засгийн байнгын хороонд өгсөн.
Мөн төслийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих.” гэсэн 22.1.13 дахь заалт нэмэхээр болов. Түүнчлэн төслийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “.харьяалах нутаг дэвсгэртээ улсын болон олон улсын чанартай авто замын дагуу аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, жуулчинд үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллах;”, “аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлагыг харгалзан аймаг, нийслэлд аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгж, эсхүл ажилтан ажиллуулах.” гэсэн 24.1.15, 24.1.16 дахь заалт нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.
Дараа нь хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг үргэлжлүүлэв. Тухайлбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар болсон бол хуралдаан даргалагчаас Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж, гүйцээн боловсруулах чиглэл өглөө.
Харин Амьтны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах Ажлын хэсгийн саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр, “Хуулийн төсөлд ан амьтныг агнах, барих тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар явуулахаар тусгасан. Монголд дуудлага худалдаа хэрэгтэй төдийгүй энэхүү орлогын 20 хувийг орон нутагт нь олгох зохицуулалтыг тусгасан тул төслийг хэлэлцэх шаардлагатай” гэв. Ингээд уг төслийг хууль санаачлагчид нь буцаах Ажлын хэсгийн саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.3 хувь нь дэмжсэнгүй. Төслийг хэлэлцэх болсонтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, “Дотоод, гадаадын жуулчид, иргэд загасыг бариад буцааж тавьдаг тул Амьтны тухай хуульд амьтан, загас хоёрыг ялгаж үзэх хэрэгтэйг Ажлын хэсгийнхэнд анхааруулав. Хуралдаан даргалагчаас гишүүдээс гаргасан саналыг харгалзанж үзэж, уг хуулийн төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг Эдийн засгийн байнгын хороонд өгөв.
Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр байгаль хамгаалах, соёл, аялал жуулчлалыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагаар төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой харилцаанд энэ хуулийн 27.12-т заасан журам үйлчлэхгүй бөгөөд хүсэлтийг үндэслэн гэрээ байгуулж ашиглуулна.” гэсэн 1 дэх заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Харин төслийн 1 дүгээр зүйлд “Аялал жуулчлалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д заасан аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, бий болгох зорилгоор газар ашиглах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгоход мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.6-д заасан төлөвлөгөөнд тусгагдсан газарт Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 10-т заасныг үндэслэн сонгон шалгаруулалтыг хялбаршуулсан журмаар явуулж болно.”, “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар сонгон шалгаруулалтыг явуулах тохиолдолд энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөг үндэслэхгүй байж болно.”, “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар сонгон шалгаруулалтыг явуулах тохиолдолд зарыг уг ажиллагааг явуулахаар товлосон өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө цахимаар болон өдөр тутмын хэвлэлээр нийтэд мэдээлнэ.” гэсэн заалтууд нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.
Иймд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр хуралдаан түр завсарлалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Дэлхий нийтээр..
“Уралдронзавод” компанийн ерөнхий захирлын автомашиныг дэлбэлжээ
ОХУ-ын Свердловск мужид батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн удирдлагын автомашинд дэлбэрэлт болж, нэг хүн амиа алджээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр дэлбэрэлт Екатеринбург хотын ойролцоо болсон бөгөөд “Уралдронзавод” компанийн ерөнхий захирал Владимир Ткачукийн амь насанд халдах оролдлого байж болзошгүй байна. Тэрбээр хүнд бэртэж, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн бол жолооч нь газар дээрээ нас баржээ.
Хууль сахиулах байгууллагууд дэлбэрэлтийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Харин мөрдөн шалгах байгууллага олон нийтэд аюултай аргаар хүний амь насанд халдахыг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар эх сурвалж мэдээлжээ.
“Уралдронзавод” компани 2023 онд Екатеринбург хотод байгуулагдсан бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэдэг аж. Тус компанийн 2025 оны орлого 6.2 тэрбум рубль, цэвэр ашиг нь 1.9 тэрбум рубльд хүрсэн гэж РБК мэдээлсэн байна.
Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан, хэрэгт холбоотой этгээдүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Вашингтон мужийн ой хээрийн түймрийг хяналтад авах ажил ахицтай байна
АНУ-ын Вашингтон мужийн Спокан хот орчимд дэгдсэн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа ахицтай үргэлжилж байна. Гал сөнөөгчид хот руу ойртсон гурван том түймрийн эргэн тойронд хамгаалалтын зурвас байгуулж чадсан ч цаг агаар дахин халж, хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байгаа тул нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн түймрийн улмаас 10 мянга гаруй акр газар шатаж, 700 гаруй барилга бүрэн сүйдэж, 400 орчим барилга эвдэрч гэмтжээ. Мөн хэдэн арван мянган иргэн орон гэрээ орхин нүүлгэн шилжсэн байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сураггүй байсан бүх хүнийг олжээ.
Албаныхны мэдээлснээр түймрийн нэг голомтыг санаатайгаар тавьсан байж болзошгүй хэрэгт 37 настай Аарон Фариначчиг баривчилж, галдан шатаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин бусад хоёр түймрийн шалтгааныг үргэлжлүүлэн тогтоож байгаа бөгөөд аянгын улмаас үүсээгүй гэж үзэж байгаа аж.
Одоогоор АНУ даяар 13 мужид 90 гаруй томоохон ой, хээрийн түймэр идэвхтэй үргэлжилж байгаагийн талаас илүү нь Орегон болон Вашингтон мужид бүртгэгдсэн байна. Цаг уурын байгууллагууд ойрын өдрүүдэд агаарын температур дахин огцом нэмэгдэж, хуурайшилт эрчимжих төлөвтэй байгааг анхааруулсан бөгөөд энэ нь гал унтраах ажиллагаанд шинэ сорилт учруулж болзошгүйг онцолжээ.
-
Дэлхий нийтээр..2021/11/24
Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж ба...
-
Тод зураг2020/04/26
Гараа хэзээ угаах вэ
-
Хэн юу хэлэв...2020/03/26
Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан уриалга гаргалаа
-
Дэлхий нийтээр..2021/10/18
Тоглолт зохион байгуулсан “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг ...
