Дэлхий нийтээр..
4,259,619 ам метр талбайг халдваргүйжүүллээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны долоодугаар сарын 18-ны өдөр болж,Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагын удирдлагууд мэдээлэл өглөө.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням:

-Улаанбаатар хот орчимд Туул голын үерийн түвшин 202 см, үерийн аюултай түвшин 260 см бөгөөд долоодугаар сарын 8-ны өглөө 311 см хүрч, үерийн аюултай түвшинг 50 см давсан. Нийслэлийн 26 хорооны 31.6 мянган өрхийн 128.1 мянган хүн, 11 байршилд гудамж, зам, нүхэн гарц, 144 барилга байгууламж үерт өртлөө. 52,965 хэрэглэгч цахилгаангүй болж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, инженерийн байгууламжид эрсдэл үүссэн. 18 байршилд нийт 14,828 ажилтан, алба хаагч 2203 техниктэй үүрэг гүйцэтгэлээ. Усанд автсан 243 өрхийн 743 иргэнийг нисдэг тэрэг, завиар болон явганаар аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлсэн. Хүний амь эрсэдсэн тохиолдол гараагүй. Үерийн ус хальсан болон халих эрсдэлтэй байршлуудад нийт 80,000 орчим шуудай, 900 шоо метр /м3/ элсийг буулгаж, Туул, Сэлбэ голын дагуу элс, хайрга, шороо буулгаж, голын даланг өндөрлөж, хүчитгэсэн. Усанд автсан 144 барилга байгууламжийн 10,880 тонн орчим усыг зөөвөрлөлөө. 16 байгууллагын нийт 870 ажилтан, албан хаагч, сайн дурын иргэдтэй хамтран 324 техник хэрэгсэлтэйгээр 25 байршлын лаг шаврыг шуудайлан, 22.7 сая ам метр талбайг цэвэрлэж, 10,540 тонн лаг шаврыг зөөвөрлөсөн. Долоодугаар сарын 10-16-ны хооронд мананцар үүсгэгч автомашинаар нийт 4,259,619 ам метр талбайд халдваргүйжүүлэлт хийсэн гэдгийг хэллээ.
Долоодугаар сарын 3-17-нд нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 45, аврах ажиллагааны 135, нийт 180 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллажээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал, 71.1 хувиар өссөн үзүүлэлт. Дээрх хугацаанд гал түймрээс 3.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 134 иргэнийг гаргаж, 3809 иргэнийг аварсан. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 988, аврах ажиллагааны 247, нийт 1235 удаагийн удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 3.7 хувиар буурсан үзүүлэлт юм.
Дэлхий нийтээр..
Ираны риалын ханш түүхэн доод түвшинд хүрч, эдийн засгийн дарамт нэмэгдэв
АНУ болон Ираны хоорондын зэвсэгт мөргөлдөөний дараах эмзэг гал зогсоох нөхцөл үргэлжилж буй энэ үед Ираны үндэсний мөнгөн тэмдэгт болох риалын ханш огцом суларч, түүхэн доод түвшинд хүрлээ.
2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар нэг ам.доллар 1.8 сая риалтай тэнцэх хэмжээнд хүрсэн нь тус улсын эдийн засгийн нөхцөл байдал дордож буйг илтгэж байна.
Ираны риал өмнөх долоо хоногуудад харьцангуй тогтвортой байсан ч сүүлийн өдрүүдэд огцом уналт үзүүлсэн нь зах зээл дээр гадаад валютын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байгаа аж.
Эдийн засгийн энэхүү дарамтад АНУ-ын тэнгисийн хориг арга хэмжээ голлон нөлөөлж байгаа бөгөөд Ираны газрын тосны экспорт хязгаарлагдаж, гадаад валютын урсгал багассан байна.
Үүнтэй зэрэгцэн, Хормузын хоолойтой холбоотой хурцадмал байдал үргэлжилж, дэлхийн эрчим хүчний зах зээлд ч нөлөө үзүүлж байгаа юм.
Хэдийгээр гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр хэвээр байгаа ч АНУ Ираны эсрэг эдийн засгийн дарамтаа үргэлжлүүлж, цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар хатуу байр суурь баримталж байгаа билээ.
Ираны эдийн засаг өмнөх жилүүдэд ч инфляц, валютын ханшийн савлагаанд өртөж байсан бөгөөд одоогийн нөхцөл байдал нь иргэдийн амьжиргаанд улам дарамт учруулж болзошгүйг ажиглагчид анхааруулж байна.
Дэлхий нийтээр..
АНУ: Ираны эсрэг дайн 25 тэрбум ам.долларын өртөгтэй болсон...
Мөн өдөр Батлан хамгаалахын сайд Петер Брайан Хегсет дайн эхэлснээс хойш анх удаа конгрессын асуултад хариулж, Ардчилсан намын хууль тогтоогчид түүнийг илээр шүүмжилсэн байна. Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний хорооноос Пентагоны төсвийн төслийн талаар хийсэн сонсгол дээр АНУ-ын Батлан хамгаалахын санхүүгийн сайдын үүрэг гүйцэтгэгч Жюль Херст хэлэхдээ, 25 тэрбум ам.долларын зардлын дийлэнх нь сумны хэрэглээнд зориулагдсан бөгөөд байлдааны ажиллагааны зардал болон тоног төхөөрөмжийн нөхөн сэргээлтийн зардлыг бас багтаасан гэжээ.
АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ талаар мэдээлэхдээ, Пентагон 25 тэрбум ам.доллар гэсэн тоо хэмжээг хэрхэн бодож гаргасан нь одоогоор "тодорхойгүй" байгаа. Гэвч өмнөх мэдээллээр Ираны эсрэг АНУ-ын томоохон хэмжээний цэргийн ажиллагааны эхний зургаан өдөрт АНУ-ын цэргийнхэн 11.3 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан гэж АНУ-ын Батлан хамгаалахын яамны албан тушаалтан 3-р сарын 11-нд Конгрессын хаалттай хуралдаан дээр мэдэгджээ.
Дэлхий нийтээр..
Элон Маск OpenAI-гийн шүүх хуралд мэдүүлэг өглөө
АНУ-д өрнөж буй OpenAI-тай холбоотой шүүхийн маргаанд технологийн тэрбумтан Элон Маск оролцож, буяны чиглэлтэй байгууллагын нөөцийг ашиглан ашиг олох нь зохисгүй хэмээн мэдүүлэг өгсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Тэрбээр шүүх хуралдааны үеэр “буяны зорилготой байгууллагын хөрөнгө, бүтэц дээр тулгуурлан ашиг хонжоо хайх нь зөвшөөрөгдөх ёсгүй” гэж онцолсон байна. Маск нь OpenAI-ийг анх үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд тус байгууллага анхны зорилгоосоо хазайсан гэж үзэж буйгаа өмнө нь илэрхийлж байсан юм.
OpenAI нь 2015 онд хүн төрөлхтөнд ашигтай, аюулгүй хиймэл оюуныг хөгжүүлэх зорилготой, ашгийн бус бүтэцтэйгээр байгуулагдсан. Тус байгууллага анх хиймэл оюуны судалгааг нээлттэй байлгах, технологийн ашиг тусыг өргөн хүрээнд хүртээмжтэй болгохыг зорьж байв.
Гэвч 2019 оноос эхлэн OpenAI бүтэцдээ өөрчлөлт оруулж, “хязгаартай ашиг”-ын загварт шилжин хөрөнгө оруулалт татах болсон нь маргааны эхлэл болсон гэж ажиглагчид үзэж байна. Энэ өөрчлөлт нь хиймэл оюуны салбар дахь санхүүжилт, хөгжлийн хурдыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ч байгууллагын анхны зарчим, зорилготой зөрчилдөж болзошгүй гэсэн шүүмжлэл дагуулсаар иржээ.
Шүүхийн маргаан нь хиймэл оюуны хөгжлийн чиг хандлага, ёс зүй, ил тод байдал, ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг хөндөж байгаагаараа онцлогтой. Шинжээчдийн үзэж буйгаар уг хэрэг нь буяны болон ашгийн байгууллагын зааг, зохицуулалтын асуудлыг тодорхой болгоход нөлөөлж болзошгүй байна.
Одоогоор шүүхийн шийдвэр гараагүй бөгөөд хэрэг үргэлжилж байна.
