Тод мэдээ
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээг эх орондоо нутагшуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд өдгөө 6 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд алсын дуудлагын дагуу нийт 18 аймагт очиж яаралтай мэс засал хийснээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор ажлын байран дээр нь сургалт явуулж, үзлэг оношлогоо болон мэс засал эмчилгээг хамтран хийж буй юм.
Тус ажлын үр дүнд Дорноговь, Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн Гэмтэл, мэс заслын тасагт цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг эмчлэх суурь багажтай болсноор энэ төрлийн мэс засал эмчилгээг орон нутагт амжилттай хийж эхэлжээ.
Цаашид цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээг бусад аймагт нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулахад анхаарч, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн хамт олон зорилтот томоохон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: ГССҮТ
Тод мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.
Хоккейн үндэсний шигшээ баг 2024 оны 04 дүгээр сарын 15-20-ны өдрүүдэд Кувейт Улсад болсон Хоккейн дэлхийн аварга шалгаруулах IV дивизионы тэмцээнээс алтан медаль хүртсэн.
Мөн залуучуудын шигшээ баг 2024 оны 04 дүгээр сарын 21-30-ны өдрүүдэд Узбекистан Улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын хоккейн холбооны удирдлага болон Үндэсний шигшээ багийн багш, дасгалжуулагч нарт баяр хүргэж, тив, дэлхийн тавцанд Төрийн далбаагаа мандуулсанд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Цаашид бэлтгэл сургуулилтаа чанартай хийж, зохион байгуулалтаа сайжруулан амжилтаа ахиулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч, Сангийн сайд Б.Жавхлан хоккейн холбоо нь 60 гаруй жилийн түүхтэй гэдгийг дурдаж, Монгол Улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн битүү дээвэртэй Спортын ордон баригдсан үеэс хоккейн спортын хөгжлийн шинэ 60 жилийн түүх бичигдэж эхэлсэн гэдгийг онцоллоо.
Дэлхийн аварга шалгаруулах IV дивизионы тэмцээнээс анх удаа алтан медаль хүртэж, III дивизионд тоглох эрхээ авсан нь Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт урам, итгэл өгсөн гэдгийг тодотгов.
Хоккейн үндэсний шигшээ баг нь 17-41 насны тамирчдаас бүрддэг бөгөөд Залуучуудын шигшээ баг 2024 оны 09 дүгээр сард БНХАУ-д болох Азийн аварга шалгаруулах цомын тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж байна.
Хоккейн тамирчид Бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2017 онд мөнгөн медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2023 онд мөнгөн медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2018, 2018 онд алтан медаль, 2023 онд хүрэл медаль хүртэж байсан юм.
Тод мэдээ
Хануйн голын 109.15 у/метр гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн боллоо
2024 онд авто замын салбарт улсын төсөв, гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар нийт 1100 км авто зам, 243 у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Архангай аймгийн Хайрхан сумын Хануйн голын 109.15 у/м төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажил 96 хувиийн гүйцэтгэлтэй байна.
Тухайн гүүрийн барилга угсралтын ажлыг гэрээт хугацаанаасаа өмнө хүлээлгэн өгөхөөр төлөвлөлөө.
Гүүрийн захиалагчаар Зам, тээврийн хөгжлийн яам, өдөр тутмын техник технологийн хяналтыг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, гүйцэтгэгчээр “Эвт-Уул” ХХК ажиллаж байна хэмээн Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 15-нд боллоо. Монгол Улсын 2024 оны төсөвт батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа гурван ээлжтэй сургууль, ачаалал өндөртэй байршилд байгаа сургууль болон цэцэрлэг, дотуур байрны зарим төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд анхаарч төсвийн ерөнхийлөн захирагчийн хуулиар батлагдсан дүнд багтаан зохицуулалт хийхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Хот байгуулалтын норм, стандартын дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зориулалтаар газар чөлөөлөх, норм дүрмийн дагуу олгоогүй тохиолдолд буцаан хурааж авах, шинээр ашиглалтад орж буй хотхон, хорооллуудыг ашиглалтад ороход цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд ашиглалтад орох хугацааг хойшлуулах, үүнд хяналт тавих зорилгоор улсын комиссын бүрэлдэхүүнд орон нутгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас төлөөлөл багтаах, шинээр баригдаж буй хотхон, хорооллуудад газар чөлөөлж, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар нийслэл, тухайн орон нутгийн боловсрол, шинжлэх ухааны газарт эзэмших эрхийг шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Сургуулийн хүртээмж, ачааллаас шалтгаалан бий болсон гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн тоог бууруулахаар 11 байршилд 5980 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн төсөл, арга хэмжээг шинээр, 40,350 хүүхдийн хүчин чадалтай 86 төсөл, арга хэмжээ 2024 онд он дамжин шилжин хэрэгжиж байна.
“Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх, хөрөнгө оруулалт хийх, барилга угсралтын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг гаргаж арга хэмжээ авахыг даалгалаа” гэж Л.Энх-Амгалан сайд ярилаа.
Сэтгэгдэл