Үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.09/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав.
2015 онд Сонгуулийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Улсын Их Хурлын, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах болсон.
Эдгээр сонгуулиудыг нэг хуулиар зохион байгуулж явуулахад учирсан хууль хэрэглээний болоод зохион байгуулалтын хүндрэлтэй нөхцөл байдлууд нь сонгуулийн онцлог харилцааг тусгайлан зохицуулсан, зөвхөн тухайн сонгуульд үүсч буй харилцааг зохицуулах хуулийн зохицуулалт, тусгайлсан хууль шаардлагатай болохыг харуулсан юм гэлээ.
Тиймээс Улсын Их Хурлын сонгууль, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхой болгох, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн явц, түүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулахад чиглэсэн тусгайлсан хууль боловсруулах шаардлагын үүднээс УИХ-аас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг баталсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлж эхлээд байна гэлээ.
Хуулийн төслүүдийн талаар улс төрийн намууд, төрийн бус байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж саналыг тусгаад байгааг дуулгасан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хуулиар үүрэг хүлээн оролцдог төрийн байгууллагуудын чиг үүрэг, түүнд холбогдон гарах зардал, зохион байгуулалтыг нарийвчлан тусгасан байна. Түүнчлэн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудлыг харьяалан шиыдвэрлэх байгууллага, гомдол маргаан хянан шийдвэрлэх журмыг Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх журмын тухай хуулиар нарийвчлан зохицуулахаар оруулсаныг мөн онцолсон.
Гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд сонгуульд оролцож саналаа өгөх зохицуулалтыг боловсронгуй болгожээ.
Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан юм.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


