Дэлхий нийтээр..
ЭМДЕГ: Дэлхийн бусад орны туршлагаас үзвэл дундаж үзлэгийн хугацаа 17 минут байдаг
Ойрын өдрүүдэд амбулаторийн үзлэгийн талаар ойлголтын зөрүүтэй мэдээлэл гарч буйтай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас дараах тодруулгыг хүргэж байна.
Эрүүл мэндийн даатгалын цахим системд Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн эмчийн үзлэгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд өдөрт нэг эмчид 55-72 үзлэг, нэг үйлчлүүлэгчид 2.3-6.6 минут оногдож байна. Үзлэгийн тоо их байгаа нь эмч нарын үйлчлүүлэгчдээ зарцуулах цагийг бууруулан, тусламж үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх, иргэн даатгуулагчийн сэтгэл ханамжийг бууруулах, цаашлаад давтан үзлэг хийлгэх нөхцөлийг бүрдүүлж, эмчийн ачааллыг нэмэгдүүлэх, иргэн даатгуулагчийг эмнэлэгт дахин ирүүлж бухимдуулах нөхцөлийг бий болгож болзошгүй.
Тодруулбал, дээрх хугацаа нь эмч оношилгоо хийхийн тулд өвчтөнөөс даатгуулагчийн зовиур болон тухайн өвчний явцын мэдээллийг бүрэн асуух, өвчинд нөлөөлөх шалтгаан нөхцөл, амьдралын хэв маягийг тодруулах, бүтэн биеийн үзлэгийг чанартай, бүрэн гүйцэд хариуцлагатай хийх, эмчийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл хөтлөх, өвчин болон өвчтөний биеийн байдлын талаар зөвлөгөө өгөх, эмчилгээ бичих зэрэг үйл явцад хангалттай хугацаа биш гэдгийг тодорхойлж байгаа юм.
Дэлхийн бусад орны туршлагаас үзвэл дундаж үзлэгийн хугацаа 17 минут байдаг. Үүнээс эмч зөвлөгөө өгөхөд 5.7 минут, үйлчлүүлэгч асуудлаа эмчид хэлэхэд 5.5 минут, бусад бичиг баримт бүртгэл үлдсэн хугацааг эзэлдэг байна.
ЭМДҮЗ-ийн 2023 оны 08-р тогтоолд амбулаторийн эмчийн үзлэг 10 минутаас доошгүй байхаар тусгасан нь нэг эмчид ногдох өдрийн ачааллыг 40 үзлэгээс ихгүй байх боломжтой юм. Мөн анхан болон давтан үзлэгийн хугацааг тодорхой тусгаж оруулсан. Давтан үзлэг нь үйлчлүүлэгчийн хийлгэсэн аливаа оношилгоо, шинжилгээ, зовиур шаналгааг харьцуулан дүгнэлт хийж түүнд нь тохирсон эмчилгээ, зөвлөмжийг өгөх зайлшгүй тодорхой хугацааг үйлчлүүлэгчид зарцуулах шаардлагатай учир давтан үзлэг бүрт цаг товлох нь зүйтэй.
Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлдэг нэхэмжлэлд үзлэгийн товч тэмдэглэл хийх хэсэг байдаг бөгөөд энэ нь тухайн нэхэмжлэлийг илгээх үндэслэл буюу үзлэгээр илэрсэн өөрчлөлт, үзүүлсэн тусламжийг тоймлон 3-5 өгүүлбэрт багтаан бичих хэсэг юм. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэлийн тэмдэглэл хэсгийг хөтөлдөггүйн улмаас үйлчлүүлэгчийн амбулаторийн үзлэгийн түүх цахим хэлбэрээр хадгалагддаггүй, өвчний хяналт хийх мэдээлэл үлддэггүй байсан.
Ингэснээр тухайн даатгуулагчид ямар үзлэг зөвлөгөө өгсөн талаар мэдээлэл өгөх, өвчний болон үзлэгийн түүхийн цахим архив бүрдэх, даатгуулагч өмнөх үзлэгийн түүхээ харах зэрэг олон талын ач холбогдолтой.
Өнөөдрийн байдлаар ЭМДЕГ нь чанартай тусламж үйлчилгээг худалдаж авах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Эрүүл мэндийн байгууллагуудыг амбулаторийн кабинетуудын тоо, тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх оновчтой зохион байгуулалт хийх, хүчин чадалдаа суурилсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх, шаардлагагүй хэвтэлтийг бууруулах чиглэлийг өгч хамтран ажиллаж байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
-
Үйл явдал2023/02/27
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2023/10/02
"Шинэ сэргэлт- Ахмадын оролцоо" үндэсний чуулган зохион байгуулагдлаа
-
Дэлхий нийтээр..2025/01/27
Итали улстай автотээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран...
-
Дэлхий нийтээр..2026/01/21
Өвөлжилтийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцлээ
