Тод мэдээ
Зудын үнэлгээ хийхэд 20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрсэн байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд улсын хэмжээнд 7 аймгийн 15 суманд төмөр зудын, 17 аймгийн 81 суманд цагаан зудын, 16 аймгийн 66 суманд цагаанаар зудархуу, 2 аймгийн 4 суманд харын зудын буюу нийт 20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрсэн байна.
Тодруулбал, Баян-Өлгийн Булган, Увсын Өндөрхангай, Хөвсгөлийн Цагаан-Уул, Цэцэрлэг, Өвөрхангайн Баян-Өндөр, Хужирт, Булганы Рашаант, Дорноговийн Алтанширээ, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Түмэнцогтод цасны нягт 0.35-0.47 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Наранбулаг, Говь-Алтайн Баян-Уул, Тайшир, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Яруу, Сонгино, Завханмандал, Идэр, Нөмрөг, Түдэвтэй, Тосонцэнгэл, Тэлмэн, Шилүүстэй, Баянхайрхан, Цагаанхайрхан, Баянхонгорын Баянговь, Архангайн Тариат, Цэцэрлэг, Хайрхан, Эрдэнэмандал, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Баянгол, Богд, Зүүнбаян-Улаан, Төгрөг, Бат-Өлзий, Бүрд, Уянга, Хөвсгөлийн Жаргалант, Улаан-Уул, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Дархан-Уулын Хонгор, Төвийн Эрдэнэсант, Угтаалцайдам, Бүрэн, Лүн, Алтанбулаг, Батсүмбэр, Дорноговийн Иххэт, Дэлгэрэх, Айраг, Сайхандулаан, Дундговийн Өлзийт, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Хэнтийн Дархан, Галшар, Баян-Овоо, Сүхбаатарын Түвшинширээ, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Эрдэнэцагаан, Дорнодын Булган, Гурванзагал, Матад, Дашбалбар, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.
Мөн Ховдын Үенч, Говь-Алтайн Хөхморьт, Жаргалант, Шарга, Завханы, Отгон, Ургамал, Сантмаргац, Дөрвөлжин, Баянхонгорын Жаргалант, Гурванбулаг, Галуут, Архангайн Батцэнгэл, Өлзийт, Жаргалант, Төвшрүүлэх, Хангай, Цахир, Өвөрхангайн Хархорин, Гучин-Ус, Есөнзүйл, Нарийнтээл, Сант, Хайрхандулаан, Хөвсгөлийн Баянзүрх, Шинэ-Идэр, Цагаан-Үүр, Булганы Хангал, Хишиг-Өндөр, Орхоны Жаргалант, Сэлэнгийн Хүдэр, Хушаат, Орхон, Орхонтуул, Түшиг, Ерөө, Төвийн Өндөрширээт, Баян-Өнжүүл, Баянжаргалан, Баянчандмань, Цээл, Баян, Заамар, Зуунмод, Эрдэнэ, Улаанбаатарын Багануур, Дундговийн Говь-Угтаал, Өмнөговийн Булган, Дорноговийн Хатанбулаг, Хөвсгөл, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батширээт, Жаргалтхаан, Өлзийт, Батноров, Өндөрхаан, Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Норовлин, Дорнодын Халхгол, Сэргэлэн, Баянтүмэн, Хөлөнбуйр, Чойбалсан, Цагаан-Овоод цагаанаар зудархуу байна.
Цасны зузаан, нягт харьцангуй бага боловч зундаа гантай байсан Говь-Алтайн Чандмань, Өмнөговийн Гурвантэс, Ноён, Сэврэй зэрэг сумдын нутгаар харын зуд нүүрлэж өвөлжилт хүндэрч байна.
Эх сурвалж: ОБЕГ
Тод мэдээ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд:
- Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан.
- Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж, ил тод байлгах зохицуулалтыг тусгасан. Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42-р зүйлийн 42.2 буюу захиалагчийн эрх үүрэгт судалгааны ажлыг ил тод байлгах үүргийг тусгах байдлаар, ингэхдээ энэхүү үүргээ ШУТ сангийн цахим хуудаст байршуулах, шинээр MORI платформ үүсгэх, tendergov.mn сайтад байршуулах, эсхүл www.sudalgaa.gov.mn үндэсний судалгааны нэгдсэн платформд байршуулах замаар шилэн болгох зохицуулалтыг тусгажээ.
- Хуулийн 18-р зүйлийн 18.2.2-ийг “Дээд боловсролын тухай хуулийн 4.1.4-т заасан судалгааны их сургууль” гэж өөрчилсөн.
- Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс “Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн” гэсэн агуулгыг хасах тухай заалтыг оруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.