Дэлхий нийтээр..
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа
Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх зургаан бүлэг орон нутагт ажиллаж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад ажиллаж, өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн орон даяар их хэмжээний хур тунадас орж, нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш ажиглагдаагүй их хэмжээний хур тунадас орсон талаар малчид ярьж байна. Одоогоор тус аймгийн Дэлгэр, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг сумдад өвөлжилт “маш их эрсдэлтэй” гэсэн үнэлгээ гарчээ.

Тухайлбал, тус аймгийн Баян-Уул суманд цасны зузаан нэмэгдсэнээс бог мал тамирдаж, хээл хаях хэмжээнд хүрсэн байна. Тус сумын 289 өрхөд тус бүр 15 шуудай тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эрүүл мэндийн тусламж хүргэлээ. Мөн Жаргалан сумын 214 өрх зудын нөхцөл байдалд байгаа гэсэн үнэлгээ гарсан байна. Тиймээс айл тус бүрд 15 шуудай хивэг тэжээл, шаардлагатай тусламжуудыг эхний ээлжинд шуурхай бүлэг хүргэж өглөө. Мөн Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр Говь-Алтай аймгийн Бугат сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай автомашин олголоо. Цаашид нөхцөл байдалтай уялдуулан хоёрдугаар ээлжинд хүчит тэжээл, тэжээлийн будаа зэргийг олгох ажлыг зохион байгуулна.

Одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн Бугат сумын Бугын даваа, Цээл сумын Цагаан голын хөндий, Есөнбулаг сумын Дөтийн даваа, Цогт сумын Дөтийн даваа, Төгрөг сумын Мааньтын даваа, Эрдэнэ сумын Замтын даваа, Жаргалан сумын Дунд замын даваа, Дарви сумын Улаан сайрын даваа зэрэг хаагдсан зам давааг онгойлгохоор бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Гэвч их хэмжээний цас, цасан шуургын нөхцөл байдлаас үүдэн сум хоорондын зам хүндрэлтэй хэвээр байна.
Засгийн газраас Монгол банк болон арилжааны банкуудтай зөвшилцөж малчдын зээлийн эргэн төлөлт, хүүгийн төлөлтийг зудын хүндэрсэн нөхцөл байдал дуустал түр хойшлуулахаар болсон. Өвлийн их хэмжээний цас нь мал, малчин хоёрыг тамирдуулж, зудын нэн хүнд нөхцөлд хаваржиж байгаа учир зээл төлөлтийг түр хугацаанд хойшлуулж байгаад талархалтай байгаагаа малчид илэрхийллээ.

Дэлхий нийтээр..
Claude хиймэл оюун ухаан туршилтын үеэр гурван байгууллагын системд нэвтэрчээ
Дэлхий нийтээр..
АНУ-ын Миннесота мужийн усан хангамжийн систем кибер халдлагад өртжээ
АНУ-ын Миннесота мужийн 30 гаруй усан хангамжийн систем долоодугаар сарын 26, 27-ны өдрүүдэд кибер халдлагад өртжээ. Холбооны мөрдөх товчоо халдлагын эх үүсвэрийг тогтоохоор шалгаж байгаа боловч хэн үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна.
Миннесота мужийн Мэдээллийн технологийн албанаас мэдээлснээр халдлагуудын хугацаа болон онилсон төхөөрөмжүүдэд ижил төстэй шинж ажиглагдсан ч бүгдийг нэг этгээд үйлдсэн эсэхийг тогтоогоогүй байна. Халдлагын ихэнх нь усан хангамжийн тоног төхөөрөмжийг алсаас хянах, удирдах системүүдийг онилжээ. Гэхдээ халдлагад өртсөн бүх газрын усан хангамж тасалдаагүй бөгөөд иргэдийн ундны усны чанарт нөлөөлсөн тохиолдол бүртгэгдээгүй аж.
Миннеаполис хотоос хойд зүгт орших 1700 орчим хүн амтай Брахам хотын ус цэвэршүүлэх байгууламж долоодугаар сарын 27-ны даваа гарагт хэдэн цагийн турш ажиллагаагүй болсон байна. Халдагчид худаг болон ус цэвэршүүлэх байгууламжийг удирдах системийг унтраасан тул хотын захиргаа иргэдийг усаа хэмнэхийг хүсжээ. Энэ хугацаанд хэрэглээг усан цамхагт нөөцөлсөн усаар хангасан бөгөөд усны чанарт асуудал гараагүй байна.
Харин 80 мянга орчим хүн амтай Плимут хотод усан хангамжийн дэд бүтцийн холбоо тасарсан ч ажилтнууд системийг хэвийн ажиллуулжээ. Холбоог долоодугаар сарын 28-ны мягмар гарагийн үдээс хойш сэргээсэн бөгөөд усны түвшин болон чанарт өөрчлөлт гараагүй байна.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Кибер аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдлын агентлаг болон бусад байгууллага өнгөрсөн долоо хоногт Ирантай холбоотой хакерууд ус, бохир усны систем болон чухал дэд бүтцийн удирдлагын төхөөрөмжүүдийг онилж байгааг анхааруулжээ. Гэхдээ Миннесота мужид гарсан халдлагыг Ирантай холбоотой этгээдүүд үйлдсэн гэх албан ёсны нотолгоо одоогоор гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
