Тод мэдээ
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Багануур дүүрэгт ажиллалаа.
Энэ үеэр өмчлөлийн асуудлаар “Хэрлэн” төвд ажиллаж, тус төвийн 51 хувийг эзэмшдэг удирдлагуудтай уулзсан юм. Дүүргийн төвд байрлалтай тус байгууламжийн 34 хувийг нийслэл эзэмшдэг. Гэвч үйл ажиллагаа явуулж буй “Хишиг-Уул” ХК нь нийслэлд ноогдол ашиг өгдөггүй, хувьцаа эзэмшигчдээ хуралдуулдаггүй, баримт бичгийн материалаа нуун дарагдуулдаг юм.
Тодруулбал, тус байгууламж нь 1984 онд ашиглалтад орсон бөгөөд 1986 оноос “Багануур дүүргийн худалдаа удирдах газар”-ыг байгуулсан. 1993 онд “Багануур дүүргийн худалдаа удирдах газар”-ыг Худалдааны төвийн хамт төрийн өмч давамгайлсан худалдаа, үйлчилгээний “Хишиг-Уул” Хувьцаат компани болгон шинэчлэн байгуулсан юм. “Хишиг-Уул” ХК-ийн 51 хувийг Я.Нэргүй, 34 хувийг нийслэл, үлдсэн хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. Тус компанийн зарим хувьцаа эзэмшигчид ноогдол ашигтай холбоотойгоор шүүхийн байгууллагад ч нэхэмжлэл гаргаж байсан удаатай.
1984 оны барилга учир дээврийн засварын ажлыг 4 удаа хийсэн. Засвар үйлчилгээний зардлыг хасаад энэ жил цэвэр орлого 9 сая төгрөг. Засварын ажилд орлогын ихэнх хувийг зарцуулдаг. Энэ жилийн цэвэр ашиг болох 9 сая төгрөгнөөс 34 хувийн ноогдол ашгийг нийслэлд өгнө гэдгийг Я.Нэргүй хэлж байв.
2020 онд нийслэлийн Өмчийн харилцаанааы газраас “Хишиг-Уул” компанид хяналт, шалгалт хийсэн бөгөөд энэ үед санхүүгийн асуудалтай гэж дүгнэсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Хэрлэн төв бол маш том байгууламж, байнгын болон жижиг түрээслэгчид ихтэй. Гэхдээ олон жилийн турш нийслэлд ноогдол ашиг өгөөгүй. Одоо өмч хувьчлалын асуудлыг буруутгаж ярихгүй. 34 хувийн ноогдол ашгаа хуулийн дагуу авах ёстой. Тус компанид аудитын шалгалт оруулж, үүний дагуу иргэний шүүхэд хандаж, ноогдол ашгаа нэхэмжилнэ. Товчхондоо, Төв цэнгэлдэх хүрээлэнд үүссэн асуудал энд бас бугшсан байна. Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд:
- Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан.
- Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж, ил тод байлгах зохицуулалтыг тусгасан. Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42-р зүйлийн 42.2 буюу захиалагчийн эрх үүрэгт судалгааны ажлыг ил тод байлгах үүргийг тусгах байдлаар, ингэхдээ энэхүү үүргээ ШУТ сангийн цахим хуудаст байршуулах, шинээр MORI платформ үүсгэх, tendergov.mn сайтад байршуулах, эсхүл www.sudalgaa.gov.mn үндэсний судалгааны нэгдсэн платформд байршуулах замаар шилэн болгох зохицуулалтыг тусгажээ.
- Хуулийн 18-р зүйлийн 18.2.2-ийг “Дээд боловсролын тухай хуулийн 4.1.4-т заасан судалгааны их сургууль” гэж өөрчилсөн.
- Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс “Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн” гэсэн агуулгыг хасах тухай заалтыг оруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.